Зөрчлийн тухай хуулийг УИХ-ын үдээс хойшхи чуулганаар үргэлжлүүлэн хэлэлцлээ. Хэргийн эзэн, хэнгэрэгийн дохиур болсон Ц.Гарамжав гишүүн энэ үеэр торгууль нэмэх шийтгэлээ албан ёсоор татаж авч, протколд тэмдэглүүлж байгаагаа дуулгав. Зөрчлийн хуулийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэх явцад Ц.Гарамжав гишүүний зарчмын зөрүүтэй саналаар гүтгэсэн тохиолдолд хувь хүнийг 10 сая, аж ахуйн нэгжийг 100 сая төгрөгөөр торгохыг гишүүд дэмжсэн юм. Яагаад ийм шийдвэр гаргах болсоноо тэрбээр ийнхүү тайлбарлав.
-Эрүүгийн хуулийн гэмт хэрэг гэсэн зүйл Зөрчлийн хуульд хөнгөвчлөгдөж орж ирж байгаа. Гүтгэлэг гэдэг нийгмийг хамарсан гамшиг гэж би боддог. Би энэ үзэл бодлоо Эрүүгийн хуульд ч илэрхийлж байсан. Сая Зөрчлийн хууль дээр илэрхийлсэн. Ер нь энэ хууль нэг салбарт чиглэгдсэн гэж хэвлэн нийтлэх салбарынхан, сэтгүүлчид маань үзэх нь буруу. Яагаад гэвэл нэг салбар руу чиглэсэн бодлого энд байхгүй. Нийгэмд тархсан гүтгэх доромжлох, бие биедээ хүнлэг бусаар хандах, ёс суртахуунгүй байдлыг зогсоох гэж энэ хуульд санал оруулж, торгох гэсэн үндэслэлийг нэмсэн юм. Ер нь бол сэтгүүлч хэвлэл мэдээллийнхнийг үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн мэдээлэх эрх чөлөөнд нь халдахаас хамгаалсан маш чухал зүйл ангиуд Эрүүгийн тухай хуулийн 14.2, 13.2-т тусгасан байгаа. Хэвлэн нийтлэх байгууллага, сэтгүүлчийн эсрэг ямар нэг иргэн эсэргүүцэл үзүүлэх, хүч хэрэглэх, зохисгүй байдал үзүүлэх аваас дөрвөн төрлийн баривчлах ял өгнө, торгож шийтгэхээр оруулсан юм билээ. Хэвлэл мэдээллээр мэдээлэл авах, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө нээлттэй байгаа. Үүнийг Эрүүгийн хуулиар бид хамгаалж өгсөн юм. Та бүхэн маань Эрүүгийн хуулиа үзээрэй. Олон иргэн, хэвлэл мэдээллийнхэн маань надтай уулзлаа. Би эхний хэлэлцүүлэгийн үеэр санал гаргасан. Үүний дараа өчигдөр орон даяар зурагтыг хааж, өнөөдрийн сонингоо харлуулж байхын оронд ирж уулзаад учир байдлаа сайхан хэлэлцэхийг би хүссэн юм. Үүний дагуу цөөхөн хүн ирж уулзсан. Иргэд ирж уулзсан. Тэднийхээ хүсэлтийн дагуу “Торгуулийн хэмжээ өндөр байна” гэсэн саналыг би хүлээж аваад, саналаа албан ёсоор татаж авч байгаагаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр өчигдөр орой 21 цагийн үед тараасан. Торгууль нэмэх саналаа би албан ёсоор татаж авч байгаа гэдгээ УИХ-ын даргад уламжилж, протколд тусгуулж байна гэв.
С.Бямбацогт: 1400 гүтгэх гэмт хэрэгт Эрүүгийн хэрэг үүсгэсэн байдаг
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт сайд “Бид анхаарах ёстой асуудал. Одоогийн хуульд гүтгэх гэмт хэрэг байгаа. Үүнийг зөрчил болгож оруулж ирсэн. Зөрчил болгосноор тодорхой хэмжээнд гүтгэсэн нь тогтоогдоод, торгуульна. Түүний дараа гүтгэгдээд, нэр хүнд, амь нас, эрүүл мэндэд нь хохирол учирсан бол иргэний журмаар нэхэмжлээд, шүүхээр шийдвэр гаргуулаад хохирлоо барагдуулах заалт Иргэний хуульд нээлттэй байгаа. Гүтгэхтэй холбоотой асуудал Монгол Улс даяар сэдэв өнөөдрийн сэдэв болоод зөв үү, буруу юу гэж яригдаж байна. Нэг талаар гүтгэхийг хэтэрхий хатуу хариуцлагатай болгох нь буруу гэж байгаа. Бас хүний нэр хүнд алдар гавьяа, эрүүл мэнд, амь насанд нь хохирол учиртал нь гүтгэдэг, үүнээсээ болж ард иргэд хохирдог. Торгууль өндөр байх нь зөв ш дээ гэсэн талцал хуваагдал явж байгаа. Гүтгэх үйлдэлтэй холбоотойгоор олон нийт ойлголттой болох нь зөв байх аа. Гүтгэх үйлдэл Зөрчлийн хуулиндаа торгуулийн шийтгэлтэй. 2 саяас 20 сая, хохирол учирсан нь тогтоогдсон тохиолдолд иргэний журмаар нэхэмжлээд, нэр төр алдар хүнд, хохирлоо барагдуулах бололцоотой. Хэвлэл мэдээллийн хэрэгслийг шийтгэх гэж байна гэж ойлгоод байх шиг байгаа юм. Үгүй ээ. 1997-2015 оныг хүртэл хугацаанд нийт 1400 орчим гүтгэх гэмт хэргээр Эрүүгийн хэрэг үүсгэсэн байдаг юм билээ. Үүний тал нь хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хамаарна. Үлдсэн хэсэг нь аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийн хоорондын бие биенээ гүтгэсэн гэх маргаан байдаг. Зөвхөн хэвлэл мэдээллийн байгууллагатай холбоотой заалт биш шүү” гэлээ.
Б.Эгшиглэн