Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Элбэгдорж: Монгол Улс дэлхий дахины энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд үүрэг, хариуцлага хүлээж хувь нэмрээ оруулсаар байна

Монгол Улсын Зэвсэгт хүчнээс олон улсын Зэвсэгт хүчинтэй хамтран зохион байгуулдаг “Khaan quest-2015” олон улсын энхийг дэмжих ажиллагааны 9 дэх удаагийн хээрийн сургалт, дадлагыг энэ 6 дугаар сарын 20-ноос Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн сургалтын төвд зохион байгуулж өнөөдөр хаалтаа хийлээ. Энэ удаагийн сургуульд Монгол Улс, АНУ, ОХУ, БНХАУ, БНСУ, ХБНГУ, Франц, Бүгд Найрамдах Чех Улс, Австрали, Бангладеш, Беларусь, Канад, Бүгд Найрамдах Энэтхэг улс, Индонези, Япон, Пакистан, Польш, Тажикстан, Турк, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс зэрэг 23 орны Зэвсэгт хүчний 1200 гаруй алба хаагч оролцов. Сургуулийн нэг чухал арга хэмжээ нь хүмүүнлэгийн тусламж бөгөөд энэ үүргээ ч дайчид биелүүлжээ.

“Khaan quest-2015” олон улсын энхийг дэмжих ажиллагааны хээрийн сургалт, дадлагын хаалтын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж оролцож үг хэлэв.

Тэрээр хэлсэн үгэндээ “Эрхэм генерал, офицер, ахлагч нар, энхийг сахиулагчид аа!

Эрхэм хүндэт зочид, хатагтай, ноёд оо!

Юуны өмнө дэлхий дахины энхийн үйлст зорилго нэгдэж “KHAAN QUEST-2015” энхийг дэмжих ажиллагааны сургалт дадлагад цэргийн алба хаагчид, энхийг сахиулагчдаа илгээн оролцуулсан бүх улс орнууд, түүнчлэн энх тайвны үйл хэрэгт өөрсдийн хувь нэмрээ оруулахаар манай сайхан оронд морилон саатсан эрхэм та бүхэнд чин сэтгэлийн талархал дэвшүүлж даян дэлхийд энхийг сахиулах нэр хүндтэй үйлсэд Тань өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Улс орнуудын хөгжлийн хурд, түвшин улам бүр ялгарч, буурай, эмзэг эдийн засагтай улсуудад ажилгүйдэл, ядуурал буурахгүй байгаагийн зэрэгцээ үүнийг дагасан олон сөрөг үзэгдлүүд сүүдэр мэт оршиж, уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны бохирдол, экологийн сүйрэл, олон улсын терроризм, хүний болон хар тамхины наймаа, гоц халдварт өвчний тархалт зэрэг аюул занал, гамшигт үзэгдлүүд бид бүхний санааг зовоосон асуудал хэвээр байна.

Ойрхи Дорнодод үүссэн хямралт байдал, зэвсэгт мөргөлдөөнийг намжаах, хяналтдаа авах зорилгоор НҮБ-ын Аюулгүйн зөвлөл анхны энхийг сахиулах ажиллагааг тус бүс нутагт зохион байгуулахаар 1948 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар шийдвэрлэснээс хойш НҮБ-ын мандат дор дэлхийн янз бүрийн бүс нутагт нийт 71 ажиллагаа явуулсан бөгөөд өнөөдрийн байдлаар 16 ажиллагаанд 100 мянга гаруй цэнхэр дуулгатан үүрэг гүйцэтгэж байгаа билээ.

Монгол Улс дэлхийн хамтын нийгэмлэгийн гишүүн орны хувьд дэлхий дахины энх тайван аюулгүй байдлыг бэхжүүлэх үйлсэд тодорхой үүрэг, хариуцлага хүлээж өөрийн хувь нэмрээ оруулсаар байна.

Монгол Улс ардчилал, шударга ёс, хүний эрх, эрх чөлөөг дээдлэн, эдийн засгийн чадавхиа нэмэгдүүлэн хөгжихийн зэрэгцээ дэлхийн бусад орнуудтай гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд идэвхтэй оролцож, даян дэлхийн шударга улс түмнүүдтэй харилцан эрх тэгш, энх тайвнаар зэрэгцэн оршиж, энхийг эрхэмлэсэн олон тулгуурт нээлттэй гадаад бодлогыг баримтлаж ирсэн. Бид дэлхий нийтийн энх тайван, аюулгүй байдлын асуудлаар хөндлөнгөөс байр сууриа илэрхийлдэг улс биш, харин хэцүү, хатуу гэж шантралгүйгээр энхийн үйлсэд гар бие оролцож, чадах бүхнээ хийхийг чухалчилдаг билээ.

Монгол Улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүний хувьд дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ гүнээ ухамсарлан, энхийг эрхэмлэгч улс гэдгээ нотлон харуулж, даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах үйл ажиллагааг тууштай дэмжин, нэгэн үзүүрт сэтгэлээр хүчин зүтгэж ирсэн, цаашид ч энэхүү бодлого, чиглэлийг тууштай баримтлах болно.

“Зэвсэгт хүчний тухай” Монгол Улсын хуульд зааснаар Зэвсэгт хүчний тайван цагт гүйцэтгэх үүргүүдийн нэг бол энхийг дэмжих ажиллагаанд оролцох явдал бөгөөд улс орныхоо аюулгүй байдлыг улс төр, дипломатын аргаар хангах төрийн бодлогын илэрхийлэл болсон энэхүү арга хэмжээ нь манай улсын хувьд чухал ач холбогдолтой билээ.

Монгол Улсын Зэвсэгт хүчин хүн төрөлхтөний энх амгалан амьдралын төлөө дэлхийн олон орны зорилго нэгт цэрэг эрстэй мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэх болсон 10 гаруй жилийн хугацаанд манай 12000 орчим цэргийн алба хаагчид НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаа болон дайны дараах сэргээн босголтын ажиллагаанд мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаа, тэсвэр хатуужил, сахилга зохион байгуулалт, үүрэг гүйцэтгэлтээр нилээдгүй туршлага хуримтлууллаа.

Энэ жил 9 дэх удаагаа зохион байгуулагдсан “KHAAN QUEST” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургалт дадлага нь НҮБ-ын цэнхэр дуулгатны эгнээг өргөтгөх, оролцогч улс орнуудын энхийг дэмжих ажиллагаанд оролцох чадамжийг нэмэгдүүлэх, Ази, Номхон далайн бүс нутагт цэргийн итгэлцэл, аюулгүй байдлыг бэхжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулж байгаа, нэр хүнд, ач холбогдол, хамрах цар хүрээ нь жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа бүс нутгийн хэмжээний нэр хүндтэй, томоохон арга хэмжээний нэг болж чадсан билээ.

Энэхүү сургуульд оролцсоноор НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэхэд шаардлагатай мэдлэг, дадлага, чадвараа нэмэгдүүлэх, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлээ дээшлүүлэх, энхийг дэмжих ажиллагааны туршлага, сургамжаа солилцох, хамтран ажиллах, харилцан ойлголцох зэрэг үйл ажиллагааны эерэг үр дүнд хүрсэн гэдэгт итгэл төгс байна.

Түүнчлэн Энхийг сахиулагч та бүхэн цаг агаарын хүндрэлтэй нөхцөлд, эрүүл мэнд, амь насанд аюултай орчинд даалгасан үүргээ хариуцлагатай биелүүлж, эрсдэл дагуулсан шинэ шинэ сорилт, шалгууртай байнга нүүр тулж байдгийг бид мэднэ. Энэ бол хүн бүхний хийж чадах хялбар ажил биш. Гагцхүү цэрэг хүний цог жавхаа, хийморь золбоо, нугаршгүй хатан зориг, мятрашгүй хичээл зүтгэлээр л биелэлээ олдог учраас би та бүхний шударга ариун үйл хэргээр ямагт бахархаж байдгаа энэ дашрамд хэлэхийг хүсч байна.

“KHAAN QUEST-2015” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургалт дадлагыг хамтран зохион байгуулж, энхийг сахиулагчдын мэдлэг туршлагаа хуваалцах, харилцан суралцах боломжийг бүрдүүлэн, даян дэлхийд энх тайвныг бэхжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа оролцогч улс орнууд, энхийг сахиулагчид Та бүхэнд дахин талархал илэрхийлж, аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

ХҮЖ ДЭЛХИЙ АМАР АМГАЛАН БАЙЖ, ХҮН ЗОН НЬ ТАЙВАН ЖАРГАХ БОЛТУГАЙ!” гэлээ.





Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *