Categories
мэдээ улс-төр

Ц.Элбэгдорж: Европын болоод Азийн хэмжээнд Монгол улсыг хүлээн зөвшөөрч, итгэж байгаагийн илрэл юм

Италийн Милан хотноо Ази Европын дээд түвшний уулзалт /АСЕМ/ болж өндөрлөлөө. Монгол Улс дараагийн уулзалтыг зохион байгуулах эрхийг авлаа. Эрх гардан авах үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж дагалдан яваа хэвлэл мэдээллийн бүрэлдэхүүнд яридцлага өглөө.

-Ази Европын 11 дүгээр уулзалтыг зохион байгуулагч орноор Монгол Улс сонгогдлоо. Энэ талаарх сэтгэгдлээ хуваалцаач?

-Энэ бол их том, тун сайхан үйл явдал боллоо. Ази Европын уулзалтыг зохион байгуулах эрхийг авна гэдэг Монгол Улсын нэр хүнд ямар өндөр түвшинд хүрснийг харуулж байна. Ард иргэддээ баярлах хэрэгтэй. Монгол Улсын нэр хүндийг өндөрт авч явахын тулд иргэн бүр хувь нэмрээ оруулсан гэж боддог. Энэ амжилт нь Европын болоод Азийн хэмжээнд Монгол улсыг хүлээн зөвшөөрч, итгэж байгаагийн илрэл юм.

Европ Азийн дээд хэмжээний уулзалтад 53 орон нэгдэн ороод байна. Энэ удаагийн уулзалтад 53 орны 43 нь тухайн улсынхаа ерөнхийлөгч, эсвэл ерөнхий сайдыг оролцуулсан байна. АСЕМ буюу Европ Азийн уулзалтын хүрээг нь тодорхойлбол дэлхийн нийт худалдааны 60 гаруй хувийг эзэлж байна. 2016 онд энэ том хэмжээний уулзалтыг зохион байгуулна гэдэг чухал хариуцлага. Мөн дээрээс нь АСЕМ-ийн 20 жилийн ой давхцаж байгаагаараа илүү ач холбогдолтой болж байгаа.

-Хэдийд зохион байгуулах бол?

-Хугацаа, товын талаар Европын болоод Азийн орнуудын удирдлагуудтай ярилцсан. Намрын хугацаанд НҮБ-аас эхлээд олон улсын томоохон уулзалт болж, идэвхи сэргэдэг. Монголын хувьд ч хамгийн тохиромжтой сар нь долдугаар сарын сүүлээр таарч байна. Ингээд 2016 оны долдугаар сарын сүүлийн долоо хоногт энэ уулзалтыг зохион байгуулцгаая хэмээн товлоод байна.

-Зохион байгуулалтын асуудлыг хүмүүс илүүтэй сонирхох байх?

-Энэ уулзалт зөвхөн төр засгийн тэргүүнүүдийн хувьд болдоггүй. Мөн өмнө нь парламентын хүрээний уулзалт, бизнесийнхний уулзалт, иргэд олон нийтийн байгууллагын уулзалтууд тус тусдаа болж, тодорхой шийдвэр, бичиг баримтууд гардаг. Бэлтгэл ажлыг хангахын тулд маргаашнаас эхлээд яам, засгийн газар дээрээ ажлын хэсэг гаргаад ажиллана. Ерөнхий сайд, УИХ-ын дарга гээд олон хүн монголоос утасдаж асууж байна. Олимпын эрх, хөлбөмбөгийн дэлхийн аварга зохион байгуулах эрх авсан мэт хүлээн авцгааж байна. Хамгийн сайхан нь 53 орны төр засгийн тэргүүнүүд бүгдээрээ ямар нэгэн татгалзах зүйлгүйгээр монголыг хүлээн зөвшөөрч, дэмжсэн явдал байлаа.

Хоёр тивийг холбосон энэ нэр хүндтэй уулзалтыг давахын тулд бүгдээрээ хамтдаа зүтгэхээс өөр арга байхгүй. Ер нь бид чинь энэ хоёр тивийг холбож явсан түүхтэй улс. Найман зуун жилийн өмнө Их Монгол гүрнээ байгуулж, хоёр тивд шинэ дэг журам тогтоож явсан шүү дээ. Одоо найман зуун жилийн дараа энэ боломж нь гарч байна. Ганц хоёр ерөнхийлөгч, ерөнхий сайдыг авчрах тухай биш тавин хэдээр нь авч ирээд дэлхийн асуудлыг ярих түүхэн боломж гарч ирлээ.

-Амар зүйл биш байх даа?

-Энэ уулзалтыг зохион байгуулах амаргүй. Ганц орны Ерөнхийлөгч ирэхэд л зохион байгуулалттай холбоотой олон зүйл болдгийг бид мэднэ. Ийм том хэмжээний уулзалтыг зохион байгуулах амаргүй учир Европын холбоотой хамтран ажиллах, бусад улс оронтой туршлага судлах, бүс нутгийн улсуудын бүлэгтэй хамтрах зүйлс бий. Бид чадна. Зоригтой хүсэлт гаргасан, ийм мундаг дэмжлэг хүлээн авна гэж бодоогүй. Олон улсын энэ их итгэлийг бид зүтгэлээр хариулах ёстой. Засгийн газар, бизнесийнхэн, ард иргэдтэйгээ ярилцаад хийвэл болох ёстой.

-Яагаад Монголд зохион байгуулах эрхийг өгсөн гэж бодож байна, энэ том уулзалтыг эх орондоо хийх нь бидэнд тусаа өгөх үү?

-Эрх авах хүсэл Азийн бүсийн өөр улсуудад мэдээж байсан. Гол нь энэ тухай яриа, шийд гэнэтийн зүйл биш. Олон жилийн хугацаан дахь гадаад бодлогын ажлын үр дүн, ажлын хэсгийнхний зүтгэл. Мөн энэ нь бидэнд хэмжүүр тогтоож байгаа юм. Ази Европын хэмжээний ийм том хурлыг зохион байгуулах эрхийг авч чадаж байгаа юм чинь дараа дараагаар нь соёл спортын том арга хэмжээ, улс төр эдийн засгийн томоохон уулзалт зөвлөгөөнийг зохион байгуулах боломжууд улам нэмэгдэнэ гэсэн үг. Энэ бүхэн нь цааш нь тухайн улсын төр засгийн тэргүүнүүдийн хүрээнээс гадна, улсынх нь ард иргэд, бизнесийнхэнийх нь итгэл мөн л нэмэгдэнэ. Ингэхээр энэ бүхний ач холбогдол тун өндөр юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *