“Өнөр бүл”-ийн Цэрмаатай уулзахаар СУИС-ийг зорив. Гавьяат Ц.Чулуунцэцэг энд Хөгжмийн урлагийн сургуулийн Дуулах урлагийн тэнхимийн эрхлэгч хийдэг. СУИС-ийн хүүхнүүд наадмын гоёогоо ярьцгааж байна. Дээл хувцас, өнгө, даавуу материалын тухай бүсгүйчүүдийн ярианаас наадам айсуйг илүүтэй мэдрэв. Бидний яриа ч наадмын гоёоноос эхэллээ.
-Нутгийн эгч нар дээл хувцсаа оёно, гоёогоо бэлтгэнэ гэдэг наадмын уур амьсгалын нэг хэсэг байж дээ. Ингэхэд та наадмаар ямар хувцсаар гангарах вэ?
-Одоо АСЕМ гэж том үйл явдал болох гээд байна шүү дээ. Манай сургууль энэ том арга хэмжээнд их үүрэг гүйцэтгэх юм. Олон орны төрийн тэргүүн, Ерөнхийлөгч нарт зориулж монгол гэрүүд барьж байгаа. Тэр монгол гэрт манай залуу багш нар, хүүхдүүд маань дуулж хуурдаж, Монгол үндэснийхээ урлагийг сурталчлах учиртай. Тэр үеэр хэдүүлээ энгийн мөртлөө гоёмсог, нимгэн хөнгөн монгол хувцсаа тохируулж өмсөх гээд ярьж байна. Монгол хүүхнүүдийн хамгийн их гоёдог баяр наадам, цагаан сар шүү дээ. Ижилхэн дээл өмсч, ижил зүсмийн морио унасан гоё ганган хосууд гэдэг монголчуудын том өв соёл, бахархал. Би бол энэ жил нэлээд өнгөлөг хувцас сонгож байгаа. Хүн нас ахих тусмаа даруухан, бүдэгхэн юм өмсөхөөр галгүй харагдах гээд байдаг. Тийм учраас хурц тод өнгөтэй хувцас өмсөх юм.
-Та наадмын үеэр дуу хуураа өргөх үү?
-Цэнгэлдэх хүрээлэнд нээлтийн үеэр уртын дуучид оролцдог юм. Энэ жил ямар арга хэмжээ болох юм. Манай СУИС-ийн төгсөх ангийн оюутнууд “Хүй долоон худаг”-т Соёлын наадмаар ардын урлагийн цогц хөтөлбөр толилуулдаг. Энэ бэлтгэл эхэлсэн байна. Залгуулаад болох АСЕМ-ын үйл ажиллагаанд ч бэлтгэж байна.
-Та багшлахаас гадна хувийн уран бүтээлдээ цаг гаргаж байгаа юу?
-Сургалт гээд өөртөө зарцуулах цаг багасчихдаг юм байна. Манай аав 87 настай өөд болсон. Эгч дүү бид гурав аавдаа зориулж “Хан тэнгэр аав минь” гэж сайхан дуу бүтээлгэсэн. Ноднин зун манай нутагт их сайхан зун болсон доо. Цагаан суварга, Өөш манхны элс, Их газрын чулуу гээд нутгийнхаа сайхан байгальтай газруудаар явж, аавдаа зориулж, кино концерт хийсэн юм. Бас ээждээ зориулаад “Ээж минь” дууг сэргээж дуулсан. Нутагтаа дүү нар дээрээ очиж сайхан амарсан л даа. Ямаагаа холбож сааж, аргаа үүрч, аргалаа түүн, сүүгээ хөөрүүлээд монгол ахуйдаа багадаа хийж байсан ажлаа хийсэн юм. Дүү нар маань бас унага уячихсан байсан. Хэдэн гүү шувтраад айраг уусан шигээ сайхан амраад ирсэн дээ. Энэ жил ч бас цаг сайхан байна гэнэ. Бас л тиймэрхүү маягаар амрах санаатай. Ер нь хөдөө амрах сайхан. Дундговьдоо, төрж өссөн Өлзийт сумын Буянт бригаддаа очих дуртай.
-Танаас гадна хоёр ч дүү тань дуучин. Дуучин төрүүлдэг нутаг ус байх нь ээ дээ?
-Яг Буянтын хонхроос төрсөн гэвэл Монгол Улсын ардын жүжигчин А.Дашпэлжээ, Ардын жүжигчин А.Нэргүй, Монгол Улсын гавьяат жүжигчин Дүнжмаа, Даариймаа гээд ЦДБЭЧ-ын дуучин байна. Ц.Туяацэцэг, Ц.Отгонцэцэг бид гурав байна. Бид бүгдээрээ төрлүүд. А.Дашпэлжээ гуай бол манай аавын эгчийнх нь хүүхэд. Тэгээд бодохоор тэр нутаг ус байгаль их нөлөөлдөг шиг байгаа юм. Хоёрдугаарт, ахуй орчин зан заншил нь бас их нөлөөтэй. Унагаа уяад “Цөөн цөд” гэж дуулна. Уг нь “Цэгээнд цад” гэсэн үг юм гэнэ лээ. Тэр нь “Цөөн цөд” гэж сонсогддог. Хонь мал тойглох, ингэ хөөслөх гэх мэт ахуй нь нөлөөлдөг. Түүнээс дуучин болно гээд гэртээ хангинуулаад сууна гэж үгүй. Би маш олон хонь тойглож байсан. Тэмээг ч их хөөслөж байлаа. Одоо бидний тэр зан үйлийг мэдэх хүн ховор болж дээ.
-Таны дүү нар бас тантай нүүр царай төрх, дуу хоолой төстэй дуучид санагддаг?
-Би дороо долоон дүүтэй, нэг эгчтэй. Хоёр эмэгтэй дүү дуучин, бусад нь янз бүрийн л мэргэжилтэй хүмүүс. Бид гурав “Дуунд уярах хорвоо”, “Эхийн ач”, “Дуу хотолсон тал”, “Говь сайхан нутаг минь” гээд хамтарсан тоглолт хийсэн. Хүмүүс маш халуун дотно хүлээж авдаг. Энэ жил миний удаахь дүү өвдлөө. Чадахаараа гурвуулаа тоглолт хийгээд, эмчилгээний зардал босгохоор болсон. Гэхдээ би хандивын тоглолт гэж хашгирсангүй. “Эндүүрмээр гэнэ ээ, би ээжтэйгээ” гээд гурвуулаа тоглочихъё гэж шийдсэн юм. Мартын үе ч таарсан. Их санаа зовж байлаа. Дүүгээ хагалгаанд оруулна гэж шийдээд л арав хоногийн өмнө зарлаад “Бөхийн өргөө”-нд тоглочихсон. Манай ард түмэн ямар ч сайхан юм. Бөхийн өргөө дүүрэн хүн үзлээ. Бид хэдийг саначихсан байна. Уйлах нь уйлаад, дуулах нь дуулаад, олон хүн талархал дэвшүүлсэн. Сайхан аав ээж, нутаг усандаа л баярлаж байлаа.
-Таныг дуучин гэж мэддэг ч хүмүүс “Өнөр бүл”-ийн Цэрмаа гэж тодотгох дуртай. Та ер нь өөр кинонд тоглосон уу?
-Би сая бурхан болсон О.Машбат болон жүжигчин Н.Батцэцэг нарын “Би мартахгүй” гээд кинонд тоглосон юм. Тэр кино гараагүй. Уг нь хөөрхөн кино болсон. Хэд хэдэн кинонд тоглох урилга авч л байлаа. Миний ажил төрөл ч болоогүй. Дахиж кинонд тоглосон ч “Өнөр бүл”-ийнхээ Цэрмаагаас давж тоглохгүй байсан байх. Би гурван хүүхэдтэй, зургаан ачтай. Амьдрал дээрээ ч би “Өнөр бүл”-тэй. Өнөр бүлийн Цэрмаа мөн үү, биш үү гэж хүмүүс их ирдэг байсан. Цэргийн ангиудад тоглоно. Тэр үедээ хүмүүс таньдаг л байсан. Би хөдөө сэтгэхүйтэй байсан болохоор “Өнөр бүл”-д тоглосон Цэрмаа гээд намайг таньж л байна гэж бодохоос биш өөр юм бодсонгүй. Яахав, “Өнөр бүл”-ийн Цэрмаа мартагдаагүй. Насан туршид маань энэ тодотгол намайг дагалаа. Дуучин, багш болсон. Их л өлзийтэй сайхан зам.
-Та кинонд тоглосныхоо дараа ханьтайгаа танилцсан уу?
-Олны танил болсон хүнд хүн болгон хайртай болно гэвэл хэцүү биз дээ. Амьдралын эрхээр нүдэнд нь өртсөн юм байгаа биз. Нэг нь биш хоёулаа бие биедээ таалагдаж байж сууна биз дээ. Ханилж сууснаас хойш сайн ч өдөр байна саар ч өдөр байна. Хувь заяатайгаа эвлэрэх ч өдөр байна, эвтэй сайхан явах ч өдөр байна. Хорвоогийн хоног өдөр өнгөрч эмгэн өвгөн болж байна. Үр ач олон болж хэрэлдэх ч завгүй болжээ.
-Саяхан “Өнөр бүл өнөө цагт” гээд танай киноны шинэ хувилбар гарсан байна лээ, үзсэн үү?
-Би үзээгүй. Залуучуудын хийж байгаа юманд бид хориг саад тавиад ч яах вэ. Нээлтэд нь намайг урьсан ч ер зав гараагүй. Тэр киног сонирхоо ч үгүй, дургүйцээ ч үгүй. Залуу хүмүүс хийх ёстой юмаа л хийж байгаа байлгүй дээ. Бид тухайн үедээ хийх юмаа хийгээд явсан юм чинь.
-Та саяхан доктор хамгаалсан гэсэн. Ямар сэдвээр судалгаа хийв?
-“Монгол Улс дахь уртын дуу, дуучдын тархалтын судалгаа” гэсэн сэдвээр доктор хамгаалсан. Би 2007 онд докторантад элссэн. Яг есөн жилийн дараа хамгааллаа. Маш сайн судалгаа хийсэн. Миний удирдагч багш маш сайн хүн байсан. Генетикч доктор Ж.Батсуурь судалгааны ажлын арга зүйн талаас удирдсан. Урлаг судлал талаас нь хөгжим судлаач доктор С.Соронзонболд ажилласан. Шүүмжлэгч багшаар Н.Жанцанноров, Н.Уртнасан гээд уртын дууг ЮНЕСКО-д бүртгүүлсэн хүн ажилласан. Хийсэн ажилдаа би сэтгэл хангалуун байгаа. Эхний гурван жил докторантынхаа сургалтыг авсан. Дараагийн гурван жил судалгаа хийсэн. Дараагийн гурван жил хийсэн судалгаагаа бөөгнүүлж зангидсан. Уртын дууг олон жил заахаар хүүхдүүд хаанаас ирж байна, ямар хоолойтой байна гэдгийг мэдэх сэдэл төрүүлээд байсан.
-Тэгэхээр уртын дуучин төрөхөд нутаг ус ген нөлөөлдөг байх нь уу?
– Цээл, баргил, тунгалаг гэх мэтээр 576 дуучны хоолойн төрлийг тогтоосон. Радиод 1962-2014 оны хооронд дуугаа бичүүлсэн дуучдыг судалсан. Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнтэй хамтарч 2008-2014 оны хооронд Өмнөд Монголын болон өөрийнхөө орны 182 дуучин, ардын авьяастнуудыг судаллаа. СУИС-д 1991-2014 он хүртэлх 231 оюутан дээр судалгаа хийж хоолойн цараа, төрлийг тогтоосон. Эрэгтэй дуучид Өвөрхангай аймагт элбэг юм байна. Эмэгтэй дуучид нь Дундговь аймагт илүү олон юм байна. Хөвсгөл аймгаас бас олон эмэгтэй дуучин төржээ. Баргил цээл хоолой Дундговь, Өвөрхангай, Архангай, Завхан гэх мэтээр тархсан байна. Бэсрэг уртын дуу Ховд, Увс гэж төвлөрчээ. Урлаг судлалд математик статистикийн аргаар хийсэн судалгаа байдаггүй. Шинэ уур амьсгал оруулж ирсэн гээд миний ажил нэлээд үнэлэгдсэн. Зүтгэсээр байгаад ард нь гарав. Амаргүй ажил байлаа.
-Та ер нь их хүртээмжтэй хүн шиг санагдсан. Жаран хар, арван цагаан гэж нэрлэгддэг ахмад дуучдаа орхидоггүй уулзалт, арга хэмжээг нь зохион байгуулж явдаг гэж таныг ахмадууд үнэлж байсан?
-Би дороо долоон дүүтэй. Эргээд харахад маш их ачаа үүрч өдий хүрч дээ. Дүү нараа, хүүхдүүдээ сургаад, байшингаа барьсан. Ажлынхаа хажуугаар арван жил хуушуур хийлээ, өөрийнхөө, хүүхдүүдийнхээ, дүү нарынхаа хувцсыг оёлоо. Шөнөдөө л нэг хувцас оёод хонодог хүн шүү дээ. Дуулах урлагийн тэнхимийн эрхлэгч болоод А.Долгор багштай хамтарч “Учиртай гурван толгой” дуурь тавилаа. Хувцсыг нь бүгдийг нь хийлээ. “Хүрээ хорвоо” гээд дуулалт жүжиг тавьсан. Түүнийхээ бүх хувцсыг тайзтай нь хийлээ. Багадаа цэргийн ансамбльд дуучин байлаа. Арван цагаан маань ч хөгширсөн. Юм зохион байгуулах бол “Чулуунцэцэг ээ” гэцгээнэ. Зохицуулна, холбоно, уулзана. Нэг тийм байдалтай байдаг. Ар гэр, дүү нар хүүхдүүдээ бас “базаж” явна. Дуулах урлагийн тэнхим гэдэг бас том ажил. 500-гаад оюутан 50 гаруй багш хариуцдаг.
-Их ачаа үүрэхээр өөртөө цаг гаргаж чадахгүй, бусдын төлөө амьдарч байгаа юм шиг санагдаж, ядрах үе байдаг уу?
-Би ачаа үүрэх гээд хүсээд байсан юм алга. Гэхдээ л над руу байнга л ажил орж ирээд байдаг болохоор хийх л ёстой юм байлгүй гэж боддог. Энэ бүх ажлын хажуугаар доктор хамгаална гэхээр надад маш их хүнд байсан. Ядрах үе зөндөө. Өдөржингөө хүүхдүүд оволзоод, арван амтай болоосой гэмээр үе бий. Нэг мэдэхэд орой болчихдог. 18-19 цаг хүртэл хичээлээ заана, хүүхдүүдтэйгээ ажиллана. Тэнхимийн ажил барагдахгүй, хурал хуйд сууна. Зун нь судалгаагаа хийчихээд, орой 19 цагаас хойш хаалгаа түгжиж аваад сууна. Өнгөрсөн өвөл шөнө хоёр, гурван цаг гэж л гэрийн бараа хардаг байлаа. Өглөө тав хүртэл суух ч үе гарна. Ухрах газаргүй болчихож байгаа юм. Заримдаа доктор болж үхэх үү, докторгүй амьд явж байх уу гэж бодогдох үе ч байлаа. Их ажлын ард гараад одоо л нэг юм амарч байна. Үүнээс хойш тэнхимийн ажил бол сахлын будаа л гэж бодож байна (инээв). Уртын дууны талаар хүнд зайлшгүй юм хэлэх үүрэгтэй болчихож байгаа юм. Энэ миний хамгийн дээд амжилт байх аа. “Доктор болоод доошоо бууна” гэж наргиа болгодог юм. Үүнээс илүү чадахгүй.
-Та яагаад хуушуур хийхээр болсон юм бэ?
-Хүүхэд залуучуудын паркт “Түмэн эх” чуулгын дуучин байлаа. Ерэн хэдэн онд урлагаа хаяад үүргэвч үүрээд наймаа хийгээд явах уу гэдэг сонголт тулгарсан. Хүүхдүүд маань ч бага байв. Хүүхдийн парк түрээслүүлдэг хөөрхөн байруудтай. Тийм байранд хуушуур хийхээр болоод охин, хүү, нөхөртэйгөө гэр бүлээрээ тэнд арван жил хуушуур хайрсан. Өдөр шөнө, өглөө оройгүй зүтгэж тэндээс амьдралаа цэцэглүүлсэн. Тэнд байхдаа байртай, машинтай болсон. Дүү нараа сургууль соёлд сургалаа. Хүн үнэнчээр зөв бодолтой хөдөлмөрлөж явбал идэж байгаа хоол ч амттай. Бурхан тэнгэр ч хүнийг ивээдэг гэж боддог. Миний дуучин болсон охин нэгдүгээр ангид байхдаа л хуушуурын гурил элдсэн. Аравдугаар анги төгстөл нь хуушуурын гурил элдүүлсэн. Миний том хүү арван жил хуушуур хайрсан. Хөдөөнөөс дүү нартаа мах шөлөө захиж авчруулдаг. Энэ зун нэг дүүгийнхээ байрны урьдчилгаа хийнэ гэх маягаар л зүтгэсэн. Сайхан газар авсан. Кино үйлдвэрийн тэнд сайхан байр барьсан. Хүүхдүүд, дүү нартаа бүгдэд нь хүрз бариулж, тоосго үүрүүлсэн дээ. Хөлс хүчээ гаргаж байж зургаан давхар байшин барьсан юм. Эхлээд гараашаа, нэг давхартайгаа барьсан. Дараагийн жил хоёр, гурван давхраа барьсан. Боломжийнхоо хэрээр дээр дээрээс нь овоолоод л байлаа. Нэг хүүхэд тусдаа гарна гэхээр байраа дээшээ овоолчихно. Нэг их гоё биш ч амьдралын хэрэгцээг сайн хангадаг, дулаахан, устай, 00-той. Түүнээс илүүг хүсээд яахав.
-Таныг их л амар амьдарч ирсэн болов уу гэж бодсон юм?
-Би портер бариад, саравчтай малгай өмсөөд нүдний шил зүүгээд Гурвалжингийн гүүр, 100 айлд их очсон. “Өнөр бүл”-ийн Цэрмаа юм уу даа гэхээр нь “Адилхан байна уу” гэчихээд явчихдаг байлаа. Хуушуураа зарж суухад “Өнөр бүл”-ийн Цэрмаа юм уу гэхээр нь “Мөн ч байж магадгүй биш ч байж магадгүй” гээд л өнгөрөөнө. Хөдөлмөр хийж байхдаа би хүнээс ичиж байгаагүй. Шаардлагатай бол шал угаагаад ч амьдарна.
-Таны яриаг сонсоод зориг орж байна шүү. Хүн юу ч хийгээд амьдарч болох юм байна?
-Манай аав намайг “Миний хүү сайн малчин болно” гэдэг байсан. Багш нь малчин байсан бол өдийд хөдөлмөрийн баатар биш юм аа гэхэд улсын аварга малчин болсон байна гэж хүүхдүүддээ хэлдэг юм. Сая зуслан дээрээ гэр барьсан. Өрхөө гоё болгоно гээд оосор бүчээ өөрөө томж, оёлоо. Анх би тэмээчин байлаа. Тэмээчин байхдаа “Өнөр бүл” кинонд тоглосон хүн шүү дээ. Ингээ саагаад, тэмээгээ услаад явж байсан бор бүсгүй кинонд тоглохоор ирж байлаа. Тэмээчин охин байхад Д.Жигжид гуай намайг олж авсан юм.