Categories
мэдээ цаг-үе

Ц.Буянбаатар: “Хүн живлээ” гэж орилолдоход найзууд маань бүгд над руу зэрэг харсан

Чингэлтэй дүүргийн аврах гал унтраах 10 дугаар ангийн гал сөнөөгч, сумын начин Ц.Буянбаатар хэмээх залуу энэ сарын 13-ны өдөр Туул голд живж байсан гурван хүний амь насыг аварч, үүргээ нэр төртэй биелүүлжээ. Түүнтэй ярилцлаа.


-Та наадмын үеэр голд живж байсан гурван хүнийг аварчээ. Тухайн үед юу болсон юм бэ?

-Найзуудтайгаа энэ сарын 13-нд Хар усан тохой орчим, голын эргээр амарч явсан юм. Усанд сэлж байтал “Хүн живж байна” гээд хүмүүс сандралдаад гүйлдсэн. Харсан чинь дээрээс гурван хүн живсэн байдалтай урсаад ирж байсан. Урдаас нь сэлээд очих гэхээр цаг алдахаар байсан тул эрэг рүү гарч гүйгээд харалдаа очиж ус руу орсон. Эхний хүн усанд орж, гараад сарвалзаж байсан юм. Тэр хүнийг эрэг рүү гаргаад, хоёр дахь хүн рүү сэлсэн. Тухайн хүний цээж, их бие ус руу живсэн, хөл нь усны мандал руу гарсан байдалтай байсан. Амарч явсан хоёр залуу надад тусалж, эрэг рүү гаргасан. Сүүлийн хүнийг хийлдэг гудастай очиж гаргаж ирсэн. Хүмүүс шоконд орсон, ус залгисан байсан. Би ч бас их сандарсан шүү. Гол гүнзгий. Дээрээс нь аварч байгаа хүн доошоо зулгаагаад хэцүү. Тиймээс би эрсдэлд орох боломжтой байсан. Нэлээн зүтгэж байж гаргаж ирсэн дээ.

-Хар усан тохой орчим гүн цүнхээл ихтэй гэж сонссон. Усны түвшин хэр хэмжээтэй байсан бэ?

-Ер нь гүнзгий хэсэг байсан. Голын дунд төмөр зоосон. Тэр хэсэгт ойртож үзэх хүсэл байсан ч аврах хантааз, олс байхгүй тул дэмий гээд ороогүй. Наагуур нь сэлж байсан. Тэгэхэд л ус намайг давж байсан. Тэгэхээр цаагуураа их гүнзгий байсан нь ойлгомжтой байх. Живж байсан гурван хүнийг тухайн хэсэг рүү орохын даваан дээр л барьж, сэлж гаргасан. Хэрэв тэр хэсэг рүү орсон бол маш аюултай байх байлаа. Би өөрөө ч хөлгүй усанд эрсдэх аюултай шүү дээ. Тэр гурван хүний хоёр нь 20-25, нөгөөх нь 40-45 насны эрэгтэй байсан. Ахын хувьд согтууруулах ундаа бага зэрэг хэрэглэсэн нь анзаарагдсан. Тэд усанд урссан хийлдэг гудасны араас явж байгаад живсэн байсан.

-Голын эргээр олон хүн байсан уу. Усанд сэлж чадах хүн чамаас өөр байгаагүй юм уу?

-Мэдээж наадмын өдрүүд байсан тул голын эрэг дагуу хөл хөдөлгөөн ихтэй байсан. Ихэнх хүн хийлдэг гудас, цагираг, аврах хантаазтай усанд сэлж байсан. Цөөхөн хүн л голын гүнзгий хэсгээр усанд шумбаж байлаа. Тиймээс сэлж чаддаг хүн цөөхөн байсан болов уу. Тухайн үед би найзуудтайгаа явж байсан юм. Хүмүүс “Хүн живлээ” гэж орилолдоход найзууд маань бүгд над руу зэрэг харсан. Би онцгой байдлын аврагч. Иймд намайг аврах ёстой гэж шууд бодсон болов уу.

-Гал сөнөөгч хүн усанд сэлэх дадлага, чадварыг хэрхэн олж авсан бэ?

-Бидний мэргэжлийн онцлог бол ямар ч гамшиг ослын үед бусдын амь насыг аврах чадвартай байхыг шаарддаг гэж боддог. Би гал сөнөөгч гээд усанд живж байгаа хүнийг аврахгүй гэж болохгүй. Ус руу ч орно. Гал руу ч орно. Би Архангай аймгийн унаган хүүхэд. Манай нутаг гол ус ихтэй. Хар багаасаа голд шумбаж өссөн. Мэдээж үүнийгээ хүн аврах хэмжээний чадвартай хэмээн үнэлж болохгүй. Сургуульдаа сэлэх техник заалгаж, онцгой байдлын албанд зүтгэснээс хойш хүн аврах хэмжээний мэргэжлийн чадварыг багш нараасаа мэдэж сурч авсан. Гэхдээ гал, усны аль нь ч барьцгүй. Ус руу ороод барьж авах, татаж чангаах зүйл байхгүй. Тэгээд л хөл алддаг. Сэлэх хэмжээний чадвартай байх нэг хэрэг. Яг хүн аврах хэмжээнд дадлага туршлагатай болно гэвэл хэцүү. Сэлдэг хүмүүс ойрхон байсан ч гэсэн тэдэнд найдаад ус руу орж болохгүй. Тухайн хүн өөрийнхөө амийг аваад сэлээд гарчихаж чадах ч бусдыг аварна гэдэг амаргүй. Тиймээс хаана, хаанаа анхаарахгүй бол өөрийн болон өрөөлийн амь насыг ч эрсдэлд оруулах боломжтой.

-Мэргэжлийн онцлогоос хамаарч аврагч хүн сэрэмж өндөртэй байдаг байх. Энэ албанд хэр удаан ажиллаж байна вэ?

-Би Чингэлтэй дүүргийн аврах, гал унтраах 10 дугаар ангид энэ оны гуравдугаар сард томилогдсон. Ажиллаад дөрвөн сар гаруй болж байна. Залуу, шинэ алба хаагч. Энэ хугацаанд хамтран зүтгэгч ах нараасаа олон зүйлийг мэдэж, сурч байгаа. Ах нар маань “Бид өргөсөн тангарагтай. Ард түмний аюулгүй байдлын төлөө байнгын бэлэн байдалд байдаг учир хүн эрсдэж болох газарт сонор сэрэмжтэй байх хэрэгтэй” гэж хэлдэг. Хонх дуугарлаа, машинд суугаад галын обьект руу хөдөлнө. Очиход том хэмжээний гал байвал ах нараас суралцах зүйл их. Усаа яаж шүрших, галын дөлийг хэрхэн дарах, утаатай нөхцөлд яаж ажиллах, эрэл хайгуул хийхэд юу анхаарах зэргээр туршлагаас нь суралцаж байна. Би тэдний заавар зөвлөгөөг дагаж, ажил үүрэгтээ хэрэгжүүлэх ёстой. Ажлаа сайн хийж, өргөсөн тангарагтаа үнэнч байж, үүргээ нэр төртэй биелүүлж явна гэсэн зорилготой.

-Гал сөнөөгч мэргэжлийг сонгох болсон шалтгаан юу вэ?

-Миний аав Архангай аймгийн онцгой байдалд 25 жил ажиллаж гавьяаны амралтаа авсан Н.Цэндбазар гэж хүн бий. Цэрэгт 1976 онд явж, албаа гурван жил хааж ирээд онцгой байдалд шүхэрчин, гал сөнөөгчөөр ажиллаж байгаад 1999 онд тэтгэвэртээ гарсан. Энэ албанд 25 жил ажиллахдаа ой хээрийн түймэрт 600 гаруй удаа явсан гэж сонссон. Ер нь намайг бага байхад ой хээрийн түймэрт их явдаг байсан. Өдөр бүр дадлага сургуулилт хийнэ. Шүхрээр их бууна. Хээрээр гэр хийдэг гэж ярьдаг шүү дээ, тийм л хүн байсан. Тиймээс ааваараа бахархаж, энэ албанд аав шигээ мундаг, нэр төртэй зүтгэх хүсэлдээ хөтлөгдөж гал сөнөөгч болсон. Мэргэжилдээ дурлаж сонгосон доо.

-Онцгой байдлын алба хаагч байна гэдэг амаргүй. Халуунд халж, хүйтэнд хөрч, зарим үед амь насаа эрсдэлд оруулах хүнд даалгаврыг гүйцэтгэдэг. Аавынхаа мэргэжлийг өвлөж авахдаа энэ бүхнийг тооцож, шантраагүй юу?

-Бага байхдаа аавынхаа ажлын хүнд хэцүүг ойлгодоггүй байлаа. Аав маань ч гэртээ ирээд тэгж ядарлаа, энэ нь хэцүү байлаа гэж ярьдаггүй байсан. Энэ бол эцэг хүний гэр бүлээ гэх сэтгэл юм. Ажил дээрээ үүргээ гүйцэтгэнэ. Гэртээ ирээд аавынхаа үүргийг гүйцэтгэж, анхаарал халамж тавина. Тиймээс аавынхаа ажлын хүнд хэцүүг мэдрэлгүй өссөн юм болов уу гэж боддог. Харин одоо энэ албанд зүтгээд амаргүй болохыг мэдрээд явж байна. Миний аав ямар хүнд хэцүү бүхнийг туулж, бидний төлөө зүтгэж ирсэн юм бэ гэдгийг ойлгож байгаа.

-Удам дамжсан гал сөнөөгч юм байна. Мэдээж аавын туршлага, зөвлөгөө чухал байх нь гарцаагүй. Юуг хамгийн их захидаг вэ?

-Өглөө ажилдаа ирээд аав, ээжтэй утсаар ярьдаг. Ер нь байнга шүү. Аав өглөө бүр тэгж ажиллана шүү гэж захиас даалгавар өгнө. Сонор сэрэмжтэй байна шүү гэж хэлдэг. Ганцаараа явж болохгүй. Аливаа зүйлийг олны хүчээр, хамтын хөдөлмөрөөр шийддэг гэж захидаг. Ганцаараа зүтгэж байж өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулж болохгүй. Энэ үгийг л байнга хэлдэг дээ. Тухайлбал, гал гарч байгаа нэг том обьект руу ганцаараа орлоо гэхэд өөрөө эрсдэл үүрээд зогсохгүй, намайг хайж орж ирсэн бусдыгаа эрсдэлд оруулах магадлалтай. Тиймээс хамтын ажиллагаа гэдэг хамгийн чухал.

-Үндэсний бөхийн спорт сонирхдог гэж сонссон. Ямар цолтой вэ?

-Үндэсний бөхөд маш их сонирхолтой. Архангай аймгийн Өндөр Улаан суманд 2017 онд зодоглож сумын начин цол хүртсэн.

Г.БАТ

One reply on “Ц.Буянбаатар: “Хүн живлээ” гэж орилолдоход найзууд маань бүгд над руу зэрэг харсан”

Арматура диаметром 32 мм, изготовленная из стали марки А500С, является одним из самых востребованных видов металлопроката в строительстве. Она применяется при возведении фундаментов, армировании стен и перемычек. https://armatura32.ru

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *