Малын өсөлтөөс шалтгаалан газар тариалан, бэлчээрийн мал аж ахуйтай зөрчилдөж, улмаар ургацын гарц, хэмжээ, технологийн мөрдөлтөд нөлөөлж эхэлсэн. Мөн хөрсний үржил шим, элэгдэл, эвдрэлд орох, экологийн тэнцвэрт байдал алдагдах зэрэг сөрөг үр дагавар гарах болсон. Иймээс саяхан Засгийн газраас Газар тариалангийн бүс нутгийг нийтэд зарласан. Энэ талаар Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуунтай ярилцлаа.
-Манай улс газар тариалангийн бүс нутгаа зарлалаа. Тогтоогдсон бүс нутгийг хэрхэн сонгож авсан юм бэ?
-Газар тариалангийн төвийн бүс нутгуудад үйлдвэрлэл явуулж байгаа аж ахуйн нэгж, иргэд, тэнд суурьшиж буй малчдын хооронд зөрчилтэй байдал их үүсч эхэлсэн. Энэ зөрчил юунаас үүссэн бэ гэдгийг эхлээд тайлбарлая. 1990 оны сүүлээс алслагдсан бүсийн аймгуудаас газар тариалангийн бүс нутгуудад малчид шилжин суурьших болсон. Ингэснээр хүн амын тоо нэмэгдэхийн зэрэгцээ бэлчээрийн тоо толгой огцом өсөх шалтгаан болсон. Тухайлбал, 1990 оны мал тооллогын дүнг 2017 онтой харьцуулахад Сэлэнгэ, Төв аймгуудад гурав дахин өссөн тооцоо гарсан байна. Улсын хэмжээнд нийт тариалангийн талбайн тал хувь Сэлэнгэ аймагт байдаг. Тухайн үед энэ аймаг 500 мянган толгой малтай байсан бол өнөөдөр нэг сая 300 мянган толгой малтай болтлоо өсчээ. Газар тариалангийн бүс нутагт бэлчээрийн мал аж ахуй огцом өснө гэдэг хаана хаанаа сөрөг үр дагавартай. Тийм учраас газар тариалангийн бүс нутгуудыг тодорхой болгож, батлагдсан хууль, дүрмийн хүрээнд энэ асуудлыг шийдвэрлэх ёстой гэсэн зарчмаар саяхан Газар тариалангийн бүс нутгийг тогтоолоо. Хэрэв ингэж шийдээгүйсэн бол манай улс дотоодынхоо үйлдвэрлэлийг хангах нөхцөл багасах, цаашлаад тогтвортой ургац авах асуудал улам хэцүү болох асуудал тулгарч ирэх байсан болов уу. Газар тариалангийн тухай хуулиар Засгийн газраас газар тариалангийн бүс нутгийг тогтооно гэсэн заалттай. Энэхүү хуулийн хүрээнд аль аймаг, сумын нутгийг энэхүү бүсэд оруулах уу гэдгээ тухайн нутгийн ИТХ-ын шийдвэрээр тогтоож өгсөн байгаа. Өөрөөр хэлбэл тухайн орон нутгийн иргэдийн төлөөл болсон хүмүүсийн шийдвэрийг үндэслэж, түүнийгээ Засгийн газраар оруулснаар энэхүү бүс нутагт хамааруулж өгсөн.
-Газар тариалангийн бүс нутгийг тогтоосноор ямар ач холбогдолтой гэж үзэж байгаа вэ?
-Ач холбогдлын тухайд яриад дуусахгүй олон зүйл бий. Гэхдээ гол бөгөөд товчхон хэдэн зүйл хэлье. Бэлчээрийн даац их байгаа учраас намар тариа хурааж дуусаагүй байтал малчид өвөлжөө рүүгээ ирдэг. Өөрөөр хэлбэл тариалангийн бүс нутаг руу малаа оруулчихдаг гэсэн үг. Ингэснээр малын хөлөөр тариалангийн талбай талхлагдаж, дагтаршдаг. Мөн үндэс, үрийг нь мал идчихдэг. Ийм болсон тариалангийн талбайд технологи нэвтрүүлэх ямар ч боломж байдаггүй. Бүс нутгаа тогтоож, цаг уурын өөрчлөлт, технологийн дэвшилтүүдийг нэвтрүүлснээр газар тариаланг тогтвортой хөгжүүлэх, га-гаас авах ургацын хэмжээг тогтвортой болгох зэрэг эерэг өөрчлөлтүүд олон гарч ирнэ. Цаашлаад ургацын хэмжээгээ нэмэгдүүлж экспортод гаргах зэрэг эдийн засгийн болоод байгаль орчны олон эерэг үзүүлэлтүүд гарч ирэх юм.
-Газар тариалангийн бүс нутгийг тогтоосонтой холбоотойгоор тухайн бүсэд амьдарч байгаа малчдыг өөр нутаг руу нүүлгэх ажил явагдах уу?
-Бүс нутгийг тогтоосноор тэрхүү нутагт зөвхөн эрчимжсэн мал аж ахуй эрхэлж болно гэсэн заалт хуулинд бий. Энэ нь арван малаас авах ашиг шимийг таван малаас авна л гэсэн үг шүү дээ. Ийм байдлаар малаа эрчимжүүлээд энэ бүс нутагт маллаж болох юм. Өөрөөр хэлбэл тоонд биш, чанарт нь анхаарч мал аж ахуй эрхэлнэ гэж ойлгож болно. Ингэхээр тэр бүс нутаг дахь мал эрүүлжиж, улмаар мах, махан бүтээгдэхүүн экспортлох боломж бүрдэнэ. Эрчимжсэн мал аж ахуйг явуулахын тулд малдаа шим тэжээлтэй өвс, ургамлыг тариалах шаардлагатай болно. Тийм учраас тариалангийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуй эрхлэх бүрэн боломжтой гэсэн үг. Нөгөөтэйгүүр өнөөдөр газар тариалангийн бүс нутгийг тогтоолоо гээд тэнд байгаа малчдыг хөөгөөд гаргахгүй. Энэ асуудал тодорхой цаг хугацааны дараа шийдвэрлэгдэх байх. Ер нь малчдад энэ бол газар тариалангийн бүс нутаг, тийм болохоор зөвхөн эрчимжсэн мал аж ахуй хөгжих боломжтой гэсэн шаардлагыг тавьж байгаа. Харин бэлчээрийн мал аж ахуйгаа өсгөнө гэсэн малчдыг бид өөр бүс нутаг руу нүүлгэн шилжүүлэх ажлыг зохицуулж болно.
-Тогтоогдчихсон бүс нутгийн тариалангийн талбай руу мал орж, тариалалтын талбайг сүйтгэх асуудлыг хэрхэн зохицуулсан бэ?
-Тариалангийн талбайд мал орсны улмаас үүссэн хохирлыг тооцох аргачлалыг саяхан гурван сайдын тушаалаар батлуулж байгаа. Өмнө нь сум, орон нутгаас ажлын хэсэг гарч, хохирол учирсан талбайд очиж, практик аргаар асуудлыг шийдвэрлэдэг байсан. Тухайлбал, ногооны талбайг адуу орж сүйтгэлээ гэхэд тухайн адууны эзний азарга адуу тутмаас нэгийг нь авч хохирлоо барагдуулдаг байсан. Харин энэхүү бүс нутгийг тогтоосонтой холбоотойгоор хохирол тооцох талаар тодорхой аргачлал боловсруулсан. Энэхүү аргачлалаа эдийн засгийн томьёоллоор тооцож, гаргасан хохирлыг буруутай этгээд бүрэн төлөх зохицуулалтыг баталж гаргасан байгаа. Өөрөөр хэлбэл тариалангийн бүс нутаг дахь тариалалтын талбайд учруулсан хохирлыг тухайн хохирол үүсгэсэн этгээдээр бүрэн төлүүлнэ. Тийм учраас энэ бүс нутагт амьдарч буй иргэд, малчид дор бүрнээ хариуцлагатай байж, бусдын хөдөлмөрийг хүндэтгэх хэрэгтэй.
-Газар тариалан өндөр хөгжсөн орнуудад тариалалтын талбайгаа хашаалсан байдаг шүү дээ…
-Эхний ээлжинд бид газар тариалангийн бүс нутгаа тодорхой болгож, олон нийтэд зарлалаа. Ингэж зарласантай холбоотойгоор тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ. Газар тариалан өндөр хөгжсөн орнуудын туршлагыг харахад ойн зурвастай болсон байдаг. Тэр тариалангийн талбайд ойн зурвас байна гэдэг нь ус, чийгийг өөртөө байнга татаж байдаг. Мөн хөрсний элэгдлээс хамгаалж байдаг. Улмаар га-гаас авах ургацын хэмжээг тогтвортой болгож, нэмэгдүүлдэг ач холбогдолтой. Тэгэхээр манайх шиг бэлчээрийн мал аж ахуй голлосон оронд ойн зурвас бий болгохын тулд эхний ээлжинд хашаажуулах зайлшгүй шаардлагатай. Хашаажуулсныхаа дараа ойн зурвас байгуулах нь зүйтэй гэсэн эрдэмтдийн санал, судалгаа гарсан. Үүнийг үндэслэж энэ жил төсөвлөсөн дөрвөн тэрбум төгрөгөөр зарласан бүс нутгаасаа эхэлж хашаажуулах ажлыг орон даяар өрнүүлэх болно. Үүний дараа ойн зурвас байгуулах ажлыг эхлүүлнэ. Одоогоор ойн зурвастай болох асуудлаар тендер зарлагдчихсан байгаа.
-Зарим аймаг, сумдын нутгийг газар тариалангийн бүс нутаг болгон зарласантай холбоотойгоор малчид, иргэдээс гомдол ирсэн үү?
-Тариалангийн тухай хуулийн дагуу албан зохицуулалт хийж өгсөн. Энэхүү хуулинд тариалангийн талбайгаас гадагшаа 500 метрийн дотор өвөлжөө, хаваржаа байхыг хориглоно гэж заасан байдаг. Тийм учраас энэхүү хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллана. Бүс нутгийг зарлахаас өмнө бид тухайн бүс нутагт хамрагдаж буй малчид, иргэдийн төлөөлөгчтэй уулзаж, хэд хэдэн удаа хэлэлцүүлэг зохион байгуулсан. Улмаар тухайн орон нутгийн ИТХ-ын шийдвэрээр зарласан бүс нутагт хамруулсан байгаа. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэр гэдэг малчид, иргэдийн шийдвэр байдаг. Тийм болохоор ямар нэгэн малчин, иргэнээс манай бэлчээрийг тариалангийн бүс нутагт оруулчихлаа гэсэн шүүмжлэл, гомдол санал ирээгүй. Яг газар дээрээ ганц хоёр хүний буруу, зөв ойлголтоос үүссэн хэл ам, маргаан гарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ шийдвэр бол олон нийтийн гаргасан шийдвэр. Ер нь манай малчид энэхүү шийдвэрийг ойлгож байгаа. Мал гэдэг бол малчдын хөрөнгө. Тариалангийн талбай гэдэг тариаланчдын хөрөнгө. Тэд талбайдаа өөрийнхөө хөрөнгийг зарж, үр ашгийг нь хүртэж байгаа. Мэдээж хүний тарьсан талбай руу малаа оруулдаг монгол хүн гэж байхгүй. Тийм болохоор тариаланчид, малчид маань хоорондоо маш сайн ойлголцож, энэхүү бүс нутагт оршиж байгаа.
-Зарласан тариалангийн бүс нутгийн хүрээг цаашид тэлэх үү?
-Мэдээж хэрэг тэлж болно. Тухайн аймаг, орон нутгийн Иргэдийн хурлын шийдвэр гарч, бидэнд хүсэлт ирүүлбэл түүнийг нь Засгийн газарт оруулж, шийдвэрлүүлэх боломжтой.
-Энэ жил бүс нутгаа зарлалаа. Үүний хүрээнд газар тариалангийн салбарт тодорхой ажлуудыг хэрэгжүүлнэ гэнэ. Тэгэхээр өнөө жилийн ургац хураалт өнгөрсөн жилүүдийнхээс нэмэгдэх боломж гарч ирэх үү?
-Энэ жилийн тухайд зарлагдлаа гээд өмнөх жилүүдээс илүү ургац авна гэсэн зүйл байхгүй. Юутай ч зарласан бүс нутгаа иргэддээ ойлгуулах, хашаажуулах ажлыг эхлүүлэх зэрэг ажлуудыг хийнэ. Цаашид ач холбогдол нь өргөжиж, ургац хураалт нэмэгдэх боломжтой болно.
One reply on “Ц.Болорчулуун: Тариалангийн бүс нутагт учруулсан хохирлыг тухайн хохирол үүсгэсэн этгээдээр бүрэн төлүүлнэ”
Ямар ч мал орох нөхцөлгүй байхад Санаатай хашааны хаалга онгойлгоод хамаг ургац идүүлчихлээ…Хаана хандах вэ