Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх болон М.Тулга, Э.Төмөрбаатар,
Г.Батхуяг нарыг өнгөрсөн сарын 29-нд АТГ-аас саатуулсан билээ. УИХ-ын гишүүн асан Л.Гансүхийг Төв аймаг дахь урьдчилан хорих төвд хориод байгаа.
Түүнийг Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ мөнгө завшсан
байж болзошгүй гэх хэргээр шалгаж байгаа юм. Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж АТГ, болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын
алба хаагч нар удаа дараа хууль зөрчин, өмгөөлөл үзүүлэх эрхийг хаан боогдуулж байгаад
гомдолтой байна гэв. Энэ талаар түүнтэй ярилцлаа.
үйлчлүүлэгч Л.Гансүхтэй уулзсан уу. Өмгөөлөл үзүүлэх эрхийг тань АТГ-аас хааж хууль зөрчөөд байгаа гэсэн. Энэ талаар яриагаа
эхлэх үү?
-Л.Гансүхтэй гурван ч удаа уулзаад байна. Түүнийг АТГ-аас долдугаар сарын 29-нд цагдан хорьсон
байгаа. Л.Гансүхэд хууль ёсны дагуу өмгөөлөл үзүүлж байгаа энэ хугацаанд АТГ-ын
хууль бус үйлдэл хэрээс хэтэрч байна. Тэднийг шалгадаг газар алга байгааг хэлмээр
байна. Анх Л.Гансүхийг цагдан хорьсны дараа Төв аймгийн цагдан хорих төвд очсон.
Гэтэл хорих ангийн дарга болоод албан хаагч нар “АТГ-аас өмгөөлөгчтэй нь битгий
уулзуул гэсэн албан бичиг өгсөн. Үүний дагуу бид уулзуулж болохгүй” гэх утга бүхий
тайлбарыг өгч уулзуулаагүй. Өмгөөлөгчтэй уулзуулаагүй нь хууль бус.
Эрүүгийн байцаан
шийтгэх хуульд зааснаар сэжигтэн, яллагдагч өмгөөлөгчтэйгөө уулзах эрхтэй гэж заасан
байдаг юм. Өмгөөлөгч хорих байранд үнэмлэхээ үзүүлээд л нэвтрэх эрхтэй. Мөн хоригдож
байгаа этгээд өөрийнхөө өмгөөлөгчтэй уулзах эрхтэй. Бүр хуулинд тов тодорхой заагаад
өгчихсөн байдаг. Тухайлбал Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 35 дугаар зүйлийн
35.2.8, 36 дугаар зүйлийн 36.3.4-т заасны дагуу сэжигтэн яллагдагч нь өмгөөлөгч
авах, өмгөөлөгчтэйгөө ганцаарчлан уулзах эрхтэй, 41 дүгээр зүйлийн 41.3.1-т өмгөөлөгч
нь сэжигтэн, яллагдагч шүүгдэгчтэй уулзах эрхтэй, 17 зүйлийн 17.1.4-т хоригдсон этгээд өмгөөлөгчтэйгөө уулзах эрхтэй,
11 дүгээр зүйлийн 11.2-т хоригдсон этгээдийн өмгөөлөгч үнэмлэхээ үзүүлж хорих байранд
нэвтрэх эрхтэй гэж тус тус заасан байдаг. Гэтэл хуулиар оногдсон эрхийнхээ хүрээнд
өөрийнхөө үйлчлүүлэгчтэй уулзах эрхийг авах гэтэл ШШГЕГ, АТГ хоёр ч удаа зөрчсөн. Мөрдөн байцаагч ямар
эрх үүрэгтэйг хуулинд мөн л заагаад өгчихсөн байгаа. Өөрөөр хэлбэл өмгөөлөгч үйлчлүүлэгч
хоёр уулзах нь АТГ-т ямар ч хамаагүй. АТГ-ын
байцаагч н.Золжаргалд сэжигтэнг өмгөөлөгчтэй уулзах зөвшөөрөл өгөх ямар ч эрх байхгүй.
Гэтэл АТГ өөрсдийгөө хэн нэгэнд уулзах эрхийг нь өгдөг гээд ойлгочихсон. Тэгээд
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар руу бичиг явуулсан. Өмгөөлөгчтэй уулзуулж болохгүй,
АТГ-аас зөвшөөрөл өгнө тэгэхээр уулзуул гээд. Энэ нь хууль зөрчсөн асуудал. Хэрэв
мөрдөн байцаагч сэжигтэн, яллагдагчийг өмгөөлөгчтэй уулзуулахыг мэддэг байсан юм
бол цагдаа, тагнуул зэрэг бусад хууль хяналтынхан ч гэсэн адилхан эрхтэй байна биз
дээ. Адилхан л мөрдөн байцаагч нар. Тэгсэн АТГ-аас хууль зөрчин ШШГЕГ-ын зарим хорих
ангиудад бичиг өгүүлсэн. Өөрсдийнхөө эрх үүргийг хэт ихээр үнэлж, хуулийг гажуудуулах
гэж оролдож байгаагийн нэг хэлбэр юм. Өмнө нь мөрдөн байцаагч нарын хууль бус үйлдлийг
хянаж, шалгадаг Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах газар татан буугдсан. Үүнээс
болж АТГ-ын мөрдөн байцаагч нарын хууль бус үйлдэл хэрээс хэтэрч байна. Тэднийг
хянаж шалгадаг газар ч алга.
-Та
АТГ-ын мөрдөн байцаагч нарын хууль бус үйлдлийн талаар Хүний эрхийн комисс зэрэг
байгууллагад хандсан. Танд ямар нэгэн хариу өгсөн үү?
-Миний бие өөрийн үйлчлүүлэгч Л.Гансүхийг Нийслэлийн прокурорын
газар болон ШШГЕГ-ын дарга, хурандаа С.Баяндалай болон Хүний эрхийн комисст хандан
гомдол гаргасан. Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг
ноцтойгоор зөрчиж байгаад гомдолтой байгаагаа илэрхийлсэн. Монгол Улсын Үндсэн хуульд
хүн өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхтэй хэмээн заасан бол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн
35 дугаар зүйлд “сэжигтэн, яллагдагч нь өмгөөлөгч авах, өмгөөлөгчтэйгөө ганцаарчилж
уулзах” эрхтэй хэмээн заасан байдаг. Энэ талаар албан бичиг хүргүүлсэн. Удахгүй
хариу нь ирэх байх. ШШГЕГ-аас хууль зөрчсөн асуудалтай холбоотойгоор эхнээсээ арга
хэмжээ авч эхэлж байна. Хүний эрхийн комисс энэ долоо хоногтоо багтаагаад хүний
эрхийг зөрчсөн үү үгүй юу гэдгийг шийдвэрлээд хариуг нь өгөх байх. Үүний дараа АТГ-ын
мөрдөн байцаагч нарт хариуцлага тооцох асуудал яригдана.
-Төв
аймгийн цагдан хорих газрын албан хаагч таны хөтөлж байсан тэмдэглэлийг булааж авч
байрнаасаа хөөн гаргасан гэсэн. Та тийм ноцтой зүйл бичиж авч байсан юм уу?
-2014 оны наймдугаар сарын 5-нд өглөө 09:00 цагт Төв аймгийн цагдан хорих төв орж Л.Гансүхтэй уулзах
гэтэл ээлжийн дарга Баярмагнай, тоо бүртгэгч н.Гандолгор нар АТГ-аас уулзуулж болохгүй
гэсэн бичиг дахин ирчихсэн. Уулзуулахгүй гээд оруулаагүй. 12:00 цагийн алдад албаны
дарга нь ирээд уулзуулсан юм. Тэгээд үйлчлүүлэгч Л.Гансүхтэй уулзаад түүний бичсэн
өргөдлөөс тэмдэглэл хөтөлж байтал ээлжийн ахлагч “Та тэмдэглэл хөтөлж болохгүй,
бид таныг энд юм бичүүлэхгүй” гээд булаагаад авчихсан. Бүр та эндээс зайл гэж хүртэл
хэлсэн. Энэхүү үйлдэл нь мөн л хууль зөрчсөн
зүйл болсон. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар дээрх албан тушаалтан
өмгөөллийн, яллагдагчийн уулзах, ярилцах, тэмдэглэл хөтлөх эрхийг хязгаарлаж хууль
бус үйлдэл гаргасан тул арга хэмжээ авч өгнө үү гэсэн гомдол гаргаад байгаа. Л.Гансүх
болон түүний ар гэрийнхний тавьсан хүсэлтийн дагуу миний бие өмгөөлөл үзүүлж байгаа.
Өмгөөлөл үзүүлэхдээ ямар нэгэн хууль зөрчсөн зүйл байхгүй. Гэтэл удаа дараагийн
үйлдлээр АТГ, Төв аймгийн цагдан хорих төвийн албан хаагч нар хууль зөрчиж өмгөөлөл
үзүүлэх эрхэд саад болж байна. Үүний эсрэг баттай зогсож тэмцэнэ.
-Таны
өмгөөлж байгаа Зөвлөх Л.Гансүхийг өнгөрсөн сарын 29-нд саатуулсан. Өмгөөлөгчдийн
зүгээс АТГ хууль бусаар саатуулсан гэсэн мэдээлэл хийсэн. Яагаад хууль бусаар хорьсон
юм бэ?
-Л.Гансүхийг 29-ний өдөр цагдан хорьсон. Ингэж цагдан хорихдоо АТГ-аас
Л.Гансүхийг нэг юман дээр гарын үсэг зураадхаач
гэж дуудсан байгаа юм. Ингээд дуудсан өрөөнд нь үдийн 13.00 цагийн үед яваад ороход
нь шууд гавлаад суулгачихсан, яах гэж байгаа нь мэдэгдэхгүй. Тэр өрөөнд Л.Гансүх
5,6 цаг гавтай суусан юм билээ. Сүүлдээ Л.Гансүх уурлаад гараад явахад АТГ-ынхан
гудамж талбайд чирж, гулдчиж хүнлэг бусаар
харьцсан байсан. Тэгж байхад хажуугаар нь УИХ-ын нэр бүхий гишүүд явж таарсан. Мөн
ард түмний нүдэн дээр нэр төрийг нь гутаан
доромжилсон байна. Тэгээд оройны 18.00 цагийн
үед АТГ-ын байцаагч Золжаргал захирамжаа үзүүлж цагдан хорьсон. Мөн л цагдан
хорихдоо өөрт нь мэдэгдэхгүйгээр дуудаж авчирч хууран, мэхлэх замаар саатуулсан.
Э.ХҮРЭЛБААТАР