Хүн өлссөнөөр биед ямар сөрөг нөлөө үзүүлэх талаар Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн амбулаторийн эмч Ц.Ариунаатай ярилцлаа.
-Хаврын цагт өлссөнөөр хүний биед ямар сөрөг нөлөө үзүүлэх вэ?
-Хүний бие витамин, эрдсийн дутагдалд орж дархлаа маш хурдан унана. Дархлаагүй болсон бие маш хурдан өвчилдөг. Ямар нэгэн хууч өвчтэй бол өвчин нь хурдан сэдэрнэ. Эргэн тойронд байгаа мөөгөнцөр, бактер, вирусээр өвчлөх гэх мэт сөрөг нөлөө үзүүлнэ. Өдөрт хэрэгцээт шим тэжээлээ авч чадахгүй бол бие өөрөө түүнийгээ нэхэж эхэлдэг.
Хүн найман цаг хоолгүй явбал хүний бие хуримтлагдсан өөх тосыг энерги болгон ашиглаж эхэлнэ. 24 цаг юм идэхгүй бол хүний биед хуримтлагдсан өөх тосыг ашиглан эрчим хүчийг бий болгоно. Харин удаан хугацаагаар өлсөж байх үед өлсөх мэдрэмж аяндаа алга болдог.
-Нэг хоног өлсгөлөн байхад биед ямар өөрчлөлт гарах бол?
-Хүн нэг хоног юм идэж, уухгүй байх нь өдөрт авах ёстой уураг, эрдэс бодисоо авч чадахгүйд хүрнэ. Гэхдээ нэг хоног өлсөхөд хүний биед тийм ч их муу сөрөг нөлөө үзүүлэхгүй. Харин ч бага зэргийн өлсгөлөн ашиг тустай гэдэг.
Ерөнхийдөө дотоод эрхтний үйл ажиллагаа нэг өдөр амарч байна гэсэн үг юм. Хоол боловсруулахад ашиглагдаж байсан эрч хүчийг өлсгөлөнгийн үеэр өвчин анагаахад бие эрхтэн өөрөө зохицуулалт хийж байдаг. Мөн хүний биед байгаа хорт бодисоо гадагшлуулах үйл явцыг хурдасгадаг.
Нэг өдрийн өлсгөлөн хүний биеийг гурван сараар ч залуужуулдаг гэсэн судалгаа байдаг. Нэг өдрийн өлсгөлөнгийн үед хоногт 1.5-2 литр усыг заавал уух ёстой. Ямар улиралд яаж өлсөх вэ? гэдэг маш чухал. Улирлын онцлогтой гэсэн үг. Олон хоног хүний бие өлсвөл сөрөг нөлөөгөө үзүүлж эхэлнэ.
-Талбай дээр өлсгөлөн зарлаад байгаа гишүүдийн үйлдлийг та юу гэж харж байна?
-Үнэхээр л шударга үнэний төлөө бол тэмцэх нь зөв зүйл байх гэж харж байна.
-Ер нь жилийн аль улиралд хэдий хугацаагаар өлсвөл зохистой вэ?
-Хамгийн тохиромжгүй улирал бол хавар байдаг. Энэ үед хүний эрчим энерги гадагшилж байдаг учиртай. Харин намрын улиралд өлсөх, мацаг барих тохиолдолд хамгийн тохиромжтой гэж үздэг.
Ер нь огт юм идэж уухгүй байж бас болохгүй. Жимс хүнсний ногоог тодорхой хэмжээнд хэрэглээд махнаас татгалзвал хүний биед шим тэжээл хуримтлагдана. Долоо хоногтоо нэг эсвэл сардаа нэг удаа хүнсний ногоог тодорхой хэмжээнд хэрэглээд хоолыг хязгаарлахад тохиромжтой.
–Өлсгөлөн зарлаад байгаа гишүүдийн нүд нь хавдсан харагдсан. Энэ юуны шинж тэмдэг вэ?
-Нойтон өлсгөлөн зарлаад долоо хонох гэж байгаа гишүүдийн энэ байдал цаашид үргэлжилбэл ямар байдалд хүрэх вэ?
-Цаашдаа өлсгөлөн зарласан хэвээр байх юм бол нэгдүгээрт хоол тэжээлийн гүн дутагдалд орно.
Цусаар эд эрхтэнд очих ёстой хоол тэжээл зогсоно. Хоол идэхгүй зөвхөн шингэн юм уугаад байвал бодисын солилцоо муудна. Ухаан санаанд өөрчлөлт орно. Толгой эргэх ухаан алдаж унах нь хэвийн үзэгдэл болно. Бүр цаашилбал зүрх судасны цохилт удааширна гэх мэт хүндрэлүүд үүснэ.
-Өлсгөлөн зогссоны дараа яаж, хэрхэн хэвийн байдалдаа орох вэ?
-Эмчийн хяналтад маш бага багаар зутан, шөл зэргийг хэрэглэх хэрэгтэй. Ходоодыг дасгах хэрэгтэй. Шууд хүнд хоол идэж болохгүй. Бага багаар биед хэрэгтэй шим бодисыг өгснөөр хүний бие дор хаяж долоон хоногийн дараа хэвийн байдалдаа ордог. Давхар зүрх судасны цохилтыг хянах нь зүйтэй.
Н.ЦОГЗОЛМАА