Хэнтий аймгийн Баянхутаг сум өнгөрсөн онд 450 орчим мянган мал тоолуулжээ. Өнгөрсөн өдрүүдэд тохиосон цасан шуурганаас 30 орчим мянга нь хорогдсон байна. 700 орчим өрхтэй Баянхутаг сумын нэг өрх багадаа 40-50 бог малаа цасанд даруулжээ. Дөрвөөс таван өрхийн 200-300 адуу ганц шөнийн шуурганаар үрэгдсэн гэх мэдээллийг Баянхутаг сумын Засаг дарга Б.Амгаланбат хэлж байна. Малчин Ц.Алдартай холбогдож газар дээрх нөхцөл байдлыг тодрууллаа.
-Баянхутаг сум дахь нөхцөл байдал одоо ямар байна вэ?
-Ойрын хэдэн жилд үзэгдээгүй гамшиг тохиолоо. Шуурганд бог, бодоо алдаагүй айл өрх гэж алга. Сум даяараа л хор хохирол амслаа. Олон жилийн хөлс хөдөлмөр маань ганцхан шөнийн дотор л үрэгдчихлээ.Дотор харанхуйлаад дуу ч гарахад хэцүү юм. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу туйлын хүнд өдрүүд л үргэлжилж байна даа, энд. Одоо бол гамшиг арилсан.
-Ер нь танай суманд хаваржилт ямар болов. Мал хэрхэн онд оров?
-Онцгой хүйтэн өвөл боллоо. Арваннэгдүгээр сараас л хүйтний эрч эрс чангарсан. Идэх өвс ховор ядруухан онд орсон хэдэн малыг маань цасан шуурга ганцхан шөнийн дотор л аваад явчихлаа. Хэдэн жилийн өмнө бол манай суманд халиурсан өвс ургадаг, хадлан хаддаг байсан юм. Сүүлийн 10-аад жил хадлан хадахаар өвс гарсангүй. Энэ нь малчид малаа зах замбараагүй өсгөх болсонтой холбоотой гэж харж байна. Мянгат болно гэж л хөөрцөглөөд малаа тал дүүрэн өсгөчихнө. Бэлчээрийн даац хэтрээд тэр олон мал нь эхнээсээ үрэгдээд эхэллээ. Үүнд төрөөс тодорхой хэмжээний зохицуулалт хэрэгтэй гэж хардаг юм. Мянгат малчин, аварга малчин гэх мэтийн шагналуудаа үүлдэрлэг байдал, чанар харж өгөх хэрэгтэй. Олон малтай л бол мундаг малчин гэх хоцрогдсон ойлголт л ийм зүйлд хүргэж байна. Ерөнхийдөө хөдөөд мал нь, хотод хүн нь багталцахаа больжээ.
-Сая Баянхутагт гамшигт үзэгдэл болжээ. Тухайн өдөр нөхцөл байдал ямар байв. Цасан шуурга хэдий хугацаанд үргэлжлэв?
-Өглөө 09:00 цагийн үед л хүчтэй салхи боссон юм. Төд удалгүй цасаар шуурч эхэлсэн. Юу юугүй харанхуйлаад л малын хашаагаа ч эргэх боломжгүй болсон доо. Таван алхмын газар л харагдахгүй. Хүчтэй салхинд уруудчих гээд баримжаа алдагдаад тун хэцүү байсан. Бид тэр хүчтэй шуурганы үеэр бог малаа л амжиж хашаалсан. Адуугаа хурааж амжаагүй. Ингээд л хэдэн богтойгоо л зууралдсан. Өдий олон жил малын араас явахдаа ийм хүчтэй цасан шуурга анх удаа л үзлээ. Мал ядруу хаврын цагт тэр шүү. Ийм шуурганд мал үнэхээр тэсдэггүй юм байна. Өглөө болоход хашсан бог малаас маань 300 гаруй нь хорогдсоныг хараад нүдэндээ ч итгэсэнгүй. Олон жилийн тууштай хөдөлмөр шүү дээ. Яг одоогоор бол манай голоор л нэг сэг, зэм байна даа. Хашаатай адуу нь хотоороо хорогдсон жишээ ч энд байна. Үүнд нь хурдан удмын адуу ч олон байлаа. Малчин ард шар махтайгаа хатаж байна. Манай Баянхутаг чинь хурдан адууны арвин баялаг түүхтэй газар шүү дээ.
-Та уруудсан адуугаа олж чадав уу?
-Сүүлийн хэд хоног эрэлд хатлаа. Энд тэнд жалга, шуудуунд азарга, азаргаараа үхчихсэн байна л гэх юм. Манай хэд хэдэн адууны сэг олдсон. Үлдсэн хэдийг нь хайж л байна. Олдох болов уу л гэж найдаж эрэлд хатаж байна даа.
-Аймаг, сумын удирдлагууд газар дээрх нөхцөл байдалтай танилцав уу?
-Яг одоогоор ирээгүй байна. Бараг айл бүр бог, бодын хорогдол амссан. Эхнээсээ танилцаад явж байгаа болов уу. Манай багийн дарга л ирж мэдээлэл аваад цааш нь дамжуулсан. Эхнээсээ нөхцөл байдалтай танилцаад явж байгаа гэх мэдээлэл бий. Манай хавийн малчид одоогоор бог малын сэг зэмээ зайлуулж, суваг шуудуу руу хаях ажил хийж байна.
-Та цаашид яах төлөвлөгөөтэй байна вэ?
-Яахаа мэдэхгүй юм. Бид ч өөрсдийхөө төлөө л мал малладаг улс хэндээ ялархах билээ. Гэхдээ мал сүрэг улсын баялаг. Байгалийн давагдашгүй хүчин зүйлд нэрвэгдсэн малчдаа харж үзэх болов уу л гэж битүүхэн горьдож байна. Хот нь харлаж, сэг зэмдээ дарагдсан малчид галзуурах дээрээ л тулж байна. Амьдралын баталгаа нь буянт мал сүрэг шүү дээ. Төрийн зүгээс ганц л зүйл хүсэхэд өнөө жил тэжээл үнэтэй байлаа. Малчид бүгд зээл аваад малын тэжээл авчихсан. Бүгд л зээлтэй. Ийм эгзэгтэй үед мал нь үй олноороо үрэгдчихлээ. Ийм гамшгийн нөхцөл байдлыг харгалзаж зээлийн нөхцөлийг уян хатан болгох хэрэгтэй байна. Зээлээ төлөх чадваргүй малчид аавынд морилох дээрээ л тулж байх шиг. Салбар яам, аймаг орон нутгийн удирдлагууд маань харгалзаж үзэх байх аа. Бидний амьжиргааны эх үүсвэр бол эрдэнэт мал сүрэг. Ноолуураа самнаад л таван төгрөгтэй болж амьжиргаагаа залгуулдаг улс бол малчид шүү дээ. Цаашид бид тооноос илүү чанарт анхаарах хэрэгтэй нь энэ үйл явдлаас харагдлаа. Зах замбараагүй мал өсөхөөр малын мах, дайвар бүтээгдэхүүн ч үнэгүйдэж гүйцлээ. Үүлдэрлэг байдалд анхаарч, чанарын төлөө ажиллах цаг болжээ. Ганц Баянхутагт ч биш, хаа сайгүй л нөхцөл байдал амар биш байгаа нь мэдээнээс харагддаг. Бид л гэхэд энэ хавар төл хүлээж авч бараг чадсангүй. Хүйтэнд гараад л хорогдож байна.