УИХ-ын ээлжит бус чуулган энэ долоо хоногт хуралдаад өндөрлөнө. Уг чуулганаар Засгийн газар парламентад мөрийн хөтөлбөрөө танилцуулж, хэлэлцүүлж байгаа. Улмаар Улсын төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэн батлах учиртай. Энэ чуулганы эхнээс Засгийн газрын тэргүүн танхимаа цаашид хэрхэн удирдаж явах болон гишүүд, сайд нарт хандан эрх ашгийн эрэмбэ гэх зүйлийг онцлон хэлсэн. Ингэхдээ Монголын улс төрийн тод өнгө, ардчилсан хувьсгалыг манлайлагч, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зоригийн хэлсэн үгнээс ишлэн энэ цаг үед хүргэж байгааг олон нийт тийм ч итгэлтэйгээр хүлээн авсангүй. Юуны өмнө С.Зоригийн хэлсэн ямар үгийг өнөөгийн эрх баригч намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд чуулганы индрээс онцлон хэлэв гэдгийг тодруулъя.
Тэрээр “Энэхүү нийгмийн хүлээлтийг хүндэтгэн Ерөнхий сайдын хувьд сонгуулийн холимог тогтолцоог хамтран шийдвэрлэсэн Ардчилсан нам, ХҮН намд Засгийн газрыг хамтарч байгуулах санал тавьж, бусад намын мөрийн хөтөлбөрийн онцлох заалтуудыг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусган сонгогчдын санал бүхэнд хүндэтгэлтэй хандахыг эрмэлзлээ. Ардчилсан хувьсгалын удирдагч Санжаасүрэнгийн Зориг агсны хэлсэн Улсын эрх ашиг нэгдүгээрт, улс төрийн намын эрх ашиг хоёрдугаарт, хувийн эрх ашиг эцэст нь байх тухай хэлсэн үгийг суурь зарчим болгож, “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” гэрээг гурван нам байгуулж, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг Улсын Их Хуралд өргөн барьж байна” гэв. Мөн Ерөнхий сайд хэлсэн үгнийхээ төгсгөлд Монгол Улсын хөгжлийн шинэ 30 жил эхэлж байна гэдгээ дахин дахин хэлсэн. Энэхүү хэлсэн үгэнд нь Монголын ард түмэн төдийлөн сэтгэл нь огшиж, итгэж хүлээн авсангүй бололтой.
Учир нь Засгийн газрын тэргүүн төрийн хүний эрх ашгийн эрэмбэ нэгд, улсаа хоёрт, намаа гуравт буюу сүүлд нь өөрийнхөө эрх ашгийг бодох ёстой гэж тайлбарласан. Ингэхийн тулд л энэхүү 126 гишүүн ард түмнийхээ саналыг авч төрд гарч ирсэн шүү гэдгийг анхааруулж хэлж байна лээ. Ерөнхий сайд, эрх баригч намын дарга хүн ингэж хэлж, бодож, бусдыг уриалж байгаа нь сайн ч энэ хэлсэн үг нь ард түмний чихэнд огт наалдсангүйд л учир байна. Үнэхээр улстөрчид нэгдүгээрт улс орныхоо эрх ашгийг боддог байсан бол юутай сайхан бэ. Ерөнхий сайдын хэлсэн үг чуулганы танхимд цугларсан хүн бүхний сэтгэлийг хөдөлгөсөн бололтой нижигнүүлэн алга ташин омогшиж байгаа нь харагдсан. Үүнийг нь харсан зарим иргэд манай төр түшилцэж байгаа эрхэм гишүүд маань яасан ч уужуу сэтгэлтэй улсууд байдаг юм дээ хэмээн хүлцэнгүй шүүрс алдах шиг болсон байх. Заримд нь ч Ерөнхий сайд маань гэгээн дүрийг олсон хутагт, хувилгаан мэтээр л харагдсан болов уу.
Үнэндээ Ерөнхий сайдын ишлэл болгон авсан тэрхүү С.Зоригийн хэлсэн үг зүгээр л онолын үг байсан гэдгийг Монголын ард түмэн мэддэг. Онол, амьдрал хоёр тэс өөр гэдгийг манай улстөрчид мэддэг баймаар. Мэдсэн ч тэд олон нийтэд таалагдахын тулд онолоор ярьж, онолоор хуурах гэж оролддог болоод удаж байна. Тэгвэл энэхүү эрх ашгийн эрэмбэ амьдралд дээр ямар байдлаар үйлчилдэг вэ. Үнэхээр хүний эрх ашгийн эрэмбэ гэж ярих гэж байгаа бол тэр нь ямар байх боломжтой вэ. Энэ бол маш тодорхой асуудал. Мэдээж хүн хэмээх бодьгал төрсөн цагаасаа эхлээд үхэх хүртлээ нэгдүгээрт хувийн эрх ашгаа л боддог. Энэ бол хүн төрөлхтний мөн чанарын хэмжигдэхүүнд илэрдэг бичигдээгүй хууль. Хүн үүссэн цагаас эхлээд л энэхүү хууль үйлчилж ирснийг дэлхийн түүх бидэнд нотолж байгаа. Эхлээд хүн өлсөж үхэхгүйн тулд өөрийгөө хооллох ёстой байдаг. Өөрөө гэдэс цатгалан, айх аюулгүй болсныхоо дараа бусдадаа туслах, бусдыгаа аюулаас хамгаалах тухай бодож эхэлнэ. Дараа нь овог, аймгаараа нэгдэн нийлээд хамгаалж явъя гэнэ. Үүнээс харвал хүн эхлээд өөрийнхөө нэн тэргүүний хэрэгцээ шаардлагыг хангаж байж дараа нь бусадтайгаа нийлж, бусдын тухай бодож эхэлж байна. Бидэнтэй цуг үүссэн энэхүү суурь эрх ашиг одоо ч хэвээрээ гэдгийг дэлхийн алдартай түүхчид, эрдэмтэд, судлаачид шинжлэх ухааны баримт, үндэслэлтэйгээр нотолчихсон. Энэ цаг үед хүмүүс бид яг энэ зарчмаараа эхлээд өөрийнхөө амьдралыг эмх цэгцэнд оруулах буюу хөл дээрээ босгохын төлөө зүтгэнэ. Өөрийнхөө амьдралд санаа зовох зүйлгүй болсон хойно бусдын амьдралд санаа тавьж эхэлнэ. Гэхдээ заавал бусдад санаа тавих шаардлага тэдэнд бас байхгүй. Хүн хэмээх бодьгалын хувьд энэ бол үүрэг огт биш. Өөрөөр хэлбэл, заавал бусдын төлөө санаа тавьж явах ёстой гэсэн үүрэг хүнд байхгүй гэсэн үг.
Тэртээ 300 жилийн өмнө Адам Смитын хэлсэн үг байдаг. Тэрбээр “Талхчин хүн бусдын төлөө талх барьдаггүй, ашиг олохын төлөө талх барьдаг. Энэ нь нийгэмдээ эргээд сайнаар нөлөөлдөг” гэж. Ерөөсөө зах зээлийн нийгэм ийм л зарчим дээр тогтдог. Хүний амьдрал энэхүү зарчмаа дагаад л явдаг. Адам Смитийн хэлсэн үг Ерөнхий сайдын үгтэй эсрэг ухагдахуунтай байгааг үүнээс тодорхой харж болно. Ерөнхий сайд маань амьдрал дээр хэзээ ч биелэгдэх боломжгүйн дээр хүний үндсэн зарчимтай зөрчилдсөн хийсвэр онолын үгээр шинэ гучин жилээ эхлүүллээ. Нэг талаасаа үнэхээр бурханлаг, нигүүлсэнгүйгээр эхэлж байна уу гэж бодогдохоор. Нөгөө талдаа Ерөнхий сайдын хэлсэн энэхүү үгийг “ард түмнийхээ чихэн дээр ёстой нэг цэцэг ургууллаа” гэж ойлгох иргэд олон байна. Монгол Улсын хөгжлийн шинэ гучин жил ийм худлаа хоосон үгээр эхэлж байгаад нь тэд дургүйцэж байх шиг. Үнэхээр үнэмшил багатай ийм үгийг сонгон УИХ-ын чуулганы хүндэт индэрээс цээж дүүрэн омогшилтойгоор хэлж байгааг нь сонссон сонгогчдын урам нь хугарлаа. Хэн ч хэзээд ч эхлээд өөрийгөө болон гэр бүл, үр хүүхдээ бодно. Үүнийг нь чи хувийн эрх ашгаа нэн тэргүүнд бодлоо гэж шийтгэх үү. Яахав, нийтийн эрх ашгийн төлөө явдаг хүмүүс цөөнгүй. Тэр хүмүүсийн урмыг нь бодоод бусдын төлөө хийсэн зүтгэсэн гавьяаг нь үнэлээд төрөөс шагнаж, урамшуулдаг системгүй л бол Ерөнхий сайдын хэлсэн улсын эрх ашгаа нэгдүгээрт боддог, бусдыг өөрөөсөө илүүд үздэг хүн олшрохгүй л болов уу. Олсон талхаа олон нийтийнхээ төлөө зүтгэх ёстой гээд бусдад хувааж өгөх нь хэцүү. Өнгөрсөн гуч гаруй жилийн Монголын улс төрийн түүхэнд хэн ч энэхүү хоосон онолын эсрэг үг хэлж үзээгүй. Харин энэ цагийн улстөрчдөөс тэр дундаа анхны 126 гишүүнээр сонгогдсон УИХ-ын гишүүн Нара-Нарантуяа “Би гэр бүлээ эхлээд тэжээдэг юм байгаа биз дээ” гэж хэлсэн. Түүнийг зарим хүмүүс төрийн хүн болчихоод хувийн эрх ашгаа бодож, лайв хийж УИХ-ын гишүүний нэр хүндийг ашиглан бизнесээ явуулж байна гэж шүүмжилсэн. Энэхүү шүүмжлэлийнх нь эсрэг тэрбээр дээрх үгийг хэлсэн байгаа юм. Үнэнгээ л хэлж гэж өмөөрөх, дэмжих хүмүүс ч олон байна. Ардчиллын удирдагч С.Зориг агсны хэлсэн үг бол цэвэр ШУК-ын онол.
Тэрбээр 1980-1985 онд Ломоносовын нэрэмжит Москвагийн улсын их сургуулийн философийн ангид сурч төгсөөд, 1985-1990 онд МУИС-д Шинжлэх ухааны Коммунизмын онолын багшаар ажиллаж байсан хүн гэдгийг бид мэднэ. Тиймээс түүний хэлсэн нэгдүгээрт, улс орны, хоёрдугаарт, намын, гуравдугаарт хувийн эрх ашгийг бодох ёстой гэдэг үг бол цэвэр ШУК-ын онол. Энэ үг амьдралд нийцэхгүй. Учир нь коммунизм амьдралд нийцээгүйг монголчууд өнгөрсөн түүхээсээ тодорхой харсан.
One reply on “Төрийн хүний эрх ашгийн эрэмбэ энгийн биднээс тэнгэр газар шиг ялгаатай аж DNN.mn”
Төрийн албанд орсон л бол хүний төлөө, нийгмийн төлөө өөрийн эрх ашгаа 2 т тавьж зүтгэх үүрэгтэй, тангараг тавьж ажилладаг биздээ