АНУ-ын Ерөнхийлөгч Парисын цаг уурын өөрчлөлтийн гэрээнээс гарч буйгаа зарлалаа.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Парисын Цаг уурын өөрчлөлтийн гэрээ”-нээс Америкийг гаргаж буйгаа мэдэгдлээ. Тэрбээр сонгуульд өрсөлдөж байхдаа л “Хэрвээ би Цагаан ордны тэргүүн болбол хамгийн эхэнд АНУ-ыг “Парисын Цаг уурын өөрчлөлтийн гэрээ”-нээс гаргана. Бид хэтэрхий их мөнгийг зүгээр л салхинд хийсгэж байна. Байгаль орчныг жинхэнэ утгаар нь хордуулж буй улс бол БНХАУ” гэж мэдэгджээ.
Ерөнхийлөгч Трамп энэ оны эхээр өмнөх төрийн тэргүүн Барак Обамагийн баталсан “Цаг уурын өөрчлөлтийн эсрэг гэрээ”-г хүчингүй болгосон.
Трамп, Обамагийн санаачилсан зарим зарлигийг цуцлахаас гадна нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудыг хязгаарлах “Цэвэр эрчим хүч” төлөвлөгөөг нягтлан үзэхээ илэрхийлсэн. Харин нүүрс олборлохыг хязгаарласан захирамжийг хүчингүй болгосон юм. “Өмнөх Цагаан ордны тэргүүний хийсэн журмууд хэт нэг талыг барьсан болохыг судалгааны явцад олж мэдлээ. Тиймээс зарим журмыг цуцлахаар өөр аргагүй байна. Мөн зарим журмыг цуцлахгүйгээр илүү сайжруулах болно. Америкийн эрчим хүчний салбарт хийсэн хязгаарлалт олон өрхийг орлоггүй болгосон. Олон хүн өнөөг хүртэл ажлын байргүй байна” өмнө нь Трамп мэдэгдсэн.
“Парисын цаг уурын өөрчлөлтийн гэрээ”-нд өнгөрсөн 2015 оны арванхоёрдугаар сард дэлхийн 195 орон нэгдэж буйгаа зарласан билээ. Гэрээний дагуу олон улс цаг уурын дулаарлыг аж үйлдвэржилтийн өмнөх үеийн агаарын хэмээс нэмж Цельсийн 1.5 хэмээр хэтрүүлэхгүй байх зорилт тавьсан юм. Тус гэрээнд иргэний дайн дэгдээд буй Сири, Никарагуа улс нэгдэхээс татгалзсан аж.
Трамп өчигдөр “Парисын хэлэлцээр нь АНУ-ын тусгаар тогтнолд хохирол учруулах дараа дараагийн үйл явцын эхлэл. Парисын хэлэлцээрээс гарах цаг нь болжээ” гэж мэдэгджээ. Цагаан ордны шийдвэрийг НҮБ-ын харъяа Цаг уурын ногоон сан эрс буруутгаж “Ерөнхийлөгч Трамп олон улсаас нүүр бурууллаа” гэж мэдэгдэв.
Америк улс хүлэмжийн хий ялгаруулалтаараа дэлхийд хоёрдугаарт бичигддэг билээ. “Парисын хэлэлцээр”-ийн хүрээнд нийт хүлэмжийн хийн ялгаралтыг 48 хувь хүртэл бууруулсан бол зөвхөн Америкийн хүлэмжийн хийн ялгаралтыг 20 орчим хувиар бууруулжээ. “Цэнхэр дэлхийгээ хамгаалах” үйл хэрэгт эргэлзэнгүй хандаж буй Трампийг Европын холбооны удирдлагууд шүүмжилсэн байна.
НҮБ “Трамп хүлэмжийн хийг бууруулахгүйгээр дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй хэрхэн тэмцэх гэж байгаа юм бол” хэмээн мэдэгдэж, Трампийг өмнөх Ерөнхийлөгч Обамагийн санаачилсан шийдвэрүүдийг цуцлахгүй байхыг уриалсан аж. “Трамп өмнөх удирдлагуудын хийсэн ажлыг зөвхөн баллаж байна. Мөн түүний шийдвэр АНУ-ыг дэлхийн тэргүүлэгч гүрэн гэх статусыг үгүй хийлээ” хэмээн “CNN” агентлагийн тоймч ийнхүү жиргэжээ.
Обама “Трамп америкчуудад хайртай бол уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх ёстой” гэв.