Categories
мэдээ нийгэм цаг-үе

Товчоогоор торгуультай жолоочийг бус оношилгоонд ороогүй тээврийн хэрэгслийн бичиг баримтыг нь хурааж, торгож байна DNN.mn

Энэ сарын эхнээс буюу өчигдрөөс Замын хөдөлгөөнийг зохицуулах журам, Зөрчлийн тухай хуулийн шинэчлэгдсэн өөрчлөлт хэрэгжиж эхэлж байгаа юм. Тодруулбал, торгууль, татвараа төлөөгүй жолооч, тээврийн хэрэгслийг Улаанбаатар руу орох товчоодоор нэвтрүүлэхгүй байхаар журамлагдсан. Энэхүү журмын үйлчлэл ямар байгааг нийслэлээс баруун аймгууд руу гардаг төлбөр хураах, шалган нэвтрүүлэх товчоо дээр очиж, зорчих хөдөлгөөнийг сурвалжиллаа. Биднийг очиход товчоогоор гарч, орж байгаа тээврийн хэрэгслийн ачаалал гэх зүйлгүй, хаалт нээгдэх, хаагдах, төлбөр авч байгаа үйл явц ажиглагдсангүй. Бүх орох гарах гарцыг нээж, камержуулж, зөрчлийн мэдээллийг цахимжуулсан байна. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хот орчмын Эмээлт, Налайх-Тэрэлж, Түргэний төлбөр авах цэгүүдийн үйл ажиллагаа бүрэн цахимжсан ажээ. Ингэснээр нэг машинаас төлбөр авахад 30 секунд зарцуулдаг байсныг гурван секунд болгож, тухайн төлбөр авах цэгүүдээр тээврийн хэрэгсэл дамжин өнгөрөхөд ямар нэгэн байдлаар зогсох, бэлэн мөнгө, банкны карт зэргийг ашиглаж төлбөр тооцоо хийх шаардлагагүй болгожээ. Энэ дагуу өчигдрөөс эхлэн Улаанбаатар хот руу торгууль, татвар төлөөгүй, оношилгоонд ороогүй машин нэвтрэх боломжгүй болж байгаа аж. Арван жолооч дутмын найм нь торгуультай гэх тоон судалгааг Тээврийн цагдаагийн албанаас гаргасан байдаг. Тэгвэл хот руу орох гэж буй жолооч нарын ихэнх нь торгуультай байгаа гэсэн үг. Энэ утгаараа товчоо дээр торгуулиа төлөөгүйн улмаас орж чадахгүй тээврийн хэрэгслийн урт дараалал үүсэх нөхцөл бүрдэх байсан. Гэвч Тээврийн цагдаагийн албанаас одоохондоо торгууль, татвар төлөөгүй жолоочийг нэвтрүүлэхгүй гэхээс илүү оношилгоонд ороогүй тээврийн хэрэгслийн бичиг баримтыг хурааж, тавин мянган төгрөгөөр торгоод явуулж байлаа. Цаашид торгууль, татвараа төлөх шаардлагатайг холбогдох албаныхан онцлон ярилаа. Төлбөр авах цэгүүдийг ийнхүү цахимжуулснаар нэвтрэх хөдөлгөөний ачаалал эрс багасна гэдгийг ч албаныхан хэллээ. Нийслэлийн зах, ойр орчимд болдог томоохон баяр, арга хэмжээний эхлэх, тарах үед энэхүү төлбөр авах цэгүүдийн ачаалал нэмэгдэж, иргэд, жолооч нарын бухимдлыг ихээхэн төрүүлдэг байсан. Энэхүү байдал өчигдрөөс эхэлж засагдаж байгаад иргэд, тээвэрчид, жолооч нар баяртай байгаагаа илэрхийлж байв.



ТОРГУУЛИА ТӨЛӨӨГҮЙ ЖОЛООЧ ОГТ НЭВТРЭХГҮЙ ГЭЖ ОЙЛГОЖ БОЛОХГҮЙ ГЭВ


Тээврийн цагдаагийн алба: -Торгуулийн тухайд хэлье. Торгуулиа төлөөгүй автомашинуудын тухайд тусгай журмыг НИТХаар хэлэлцэх батлах ёстой. Иймд журам батлагдах хүртэл энэ арга хэмжээнд торгууль багтахгүй. Оношилгоо, татварын тухайд гэвэл өчигдрөөс эхлэн товчоогоор нэвтрэхээр ирсэн автомашинууд оношилгоондоо ороогүй, татвараа төлөөгүй байвал арга хэмжээ авна. Ингэхдээ торгууль оногдуулах уу гэдэг нь тодорхойгүй хэвээр байгаа. Харин огт нэвтрүүлэхгүй гэж ойлгож болохгүй.

Жолооч Б.Жаргалтулга: -Баянхонгороос орж ирж байна. Тийм мэдээлэл сонсоогүй л явна. Сая орж ирэхдээ төлбөрөө төлөх гээд мөнгөө бэлдчихсэн байсан. Хүн нь шууд яв гэхээр нь гайхаад гартал цагдаа зогсоолоо. Төлбөрийн систем нь цахимжсан юм байна. Их зүгээр зүйл юм болов уу гэж бодож байна. Оношилгоонд ороогүй байна гээд цагдаа зогсоосон. Маргаашаас оношилгоондоо орно. Торгуулиа ч бас төлнө дөө.


ЖОЛООЧ С.СОДНОМ: БҮХ ТОРГУУЛИЙГ ТЭГЛЭЧИХ ХЭРЭГТЭЙ. ДАРАА НЬ ТОРГУУЛЬСАН БОЛ ХАРИН НЭВТРҮҮЛЭХГҮЙ БАЙХ АРГА ХЭМЖЭЭГЭЭ ХАТУУ ШААРДАХ ЁСТОЙ


Жолооч С.Содном: -Эмээлтээс хот руу буцаж байна. Торгуулиа төлөөгүй оруулах болов уу яах бол гэсэн айдастай явж байлаа. Харин торгууль, татвараа төлөөрэй гээд анхааруулж байна. Нуулгүй хэлэхэд, 500 гаруй мянган төгрөгийн торгуультай. Өнөө маргаашийнхаа хоолыг яая даа гэж байгаа хүнд 500 мянган төгрөгийн торгууль ч чанга л байна. Иргэдийнхээ энэхүү нөхцөл байдлыг нь нэг удаадаа ойлгоод жолооч нарынхаа бүх торгуулийг тэглээд дахиад торгуультай жолооч нарыг ёстой оруулахгүй байх арга хэмжээ авч болохгүй юм болов уу гэсэн бодолтой байна. Тэгвэл энэхүү журам нь амьдралтай болохоос гадна иргэдийн хариуцлагыг өндөржүүлсэн төрийн алсын харааны бодлого болох боломжтой гэж үзэж байна.

Төлбөр авах цэгийн ажилтан: -Гарах хөдөлгөөнд хяналт тогтоох боломжгүй. Харин орж ирж байгаа хөдөлгөөнд хяналт тогтоож, зөрчлийг цагдаагийн байгууллага илрүүлж, холбогдох хариуцлагаа оногдуулж байгаа. Зарим жолооч нар төлбөрөө авахгүй юм уу гэж их асууж байна. Тиймээс төлбөр бэлнээр авдаггүй болсон талаар сайн мэдээлэл өгөх хэрэгтэй байна. Таны автомашины улсын дугаар камерт уншигдаж, төлбөрийн мэдээлэл, нэхэмжлэх тодорхой төрлөөр дамжин хүрдэг болсон. Тиймээс ачаалал үүсгэхгүйн тулд болгоомжтой, тогтсон хурдаар товчоог нэвтрэх шаардлагатай гэдгийг анхааруулж байна. Камерт бичигдсэн улсын дугаар зөрчилтэй эсэх мэдээллийг цагдаагийн гар утсанд шууд хүрнэ. Улмаар цагдаа зөрчилтэй тээврийн хэрэгслийг зогсоож байгаа. Зарим жолооч нар тэрийг зогсоогоогүй байж намайг зогсоолоо гэж цагдаатай их маргалдаж харагддаг. Таны тээврийн хэрэгсэл, замын хөдөлгөөнд оролцож байгаа үйлдэлд ямар нэгэн зөрчил илэрсэн л бол цагдаа таныг зогсоож, шалгана шүү дээ. Одоогоор торгуультай жолооч нарын нэвтрэх хөдөлгөөнд шууд хязгаарлалт тогтоож болохгүй байгаа. Гэвч цаашдаа хязгаарлалт үйлчлээд явна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *