УДБЭТ-ын уран бүтээлчид энэ сарыг Гоцлол дуучдын сар болгон Ж.Пуччини “Тоска” дуурийг сонгодог урлаг сонирхогчдод зориулан толилуулахаар болжээ.
Дуурийн үзэсгэлэнт Тоскагийн дүрд БНБУ-ын “София” Үндэсний дуурийн театрын гоцлол дуучин Д.Баясгалан, Марио Каварадоссийн дүрд ОХУ-ын Буриад улсын театрын гоцлол дуучин М.Пирогов, Гүн Скарпьягийн дүрд Монгол Улсын Соёлын элч дуучин, МУГЖ Э.Амартүвшин нар дуулах бөгөөд удирдаачаар УГЗ Ж.Бүрэнбэх ажиллаж байна.
Гурван бүлэг, гурван үзэгдэлт энэхүү дуурь нь дэлхийн шилдэг дуучдын тоглолтын урын санд зайлшгүй багтдаг Ж.Пуччинигийн алдарт уянгын аринуудыг багтаасан бүтээл юм. Түүний гүн, өтгөн, бараан хөгжим болон Тоска, Каварадосси нарын төгс төгөлдөр хайрыг илэрхийлсэн уянгалаг аринууд нь энэхүү бүтээлийг 1900-гаад оны “хит” болгож хамгийн их тоглодог дууриудын тоонд зүй ёсоор багтсан байдаг.
Дуурийн нээлтийн анхны тоглолт 1900 оны 1 дүгээр сарын 14-нд Ром хотын “Театро Костанци”-д болж байсан бол Монголын тайзнаа анх 1982 оны 1 дүгээр сарын 9-нд тогложээ.
Тус дуурийн найруулагчаар УГЗ Л.Эрдэнэбулган, удирдаачаар УГЗ Ч.Жамсранжав, зураачаар арын зураач Ч.Гунгаасүх нар ажиллаж, гол дүрүүдэд Тоскад ардын жүжигчин Х.Уртнасан, Каварадоссид ардын жүжигчин Д.Банди, Скарпьяд ардын жүжигчин А.Хавлааш нар хоолойны цар хүрээ, авьяас чадлаараа тухайн үеийн сонгодог дуурь сонирхогчдын талархлыг хүлээж байсан юм.
УДБЭТ-ын тайзнаа энэ сарын 05-нд үзэгчдэд хүрэх тус дуурийн тасалбар суудлын зэрэглэлээс хамаарч 10, 15, 20 мянган төгрөгийн үнэтэй аж.