Монголын Үндэсний бөхийн холбоо, Допингийн эсрэг үндэсний төвтэй хамтарч “Допинггүй монгол бөх” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн оны сүүлээр бөхчүүдийг допингийн шинжилгээнд анх удаа хамруулж байв. Өмнө нь зөвхөн баяр наадмын үеэр л шинжилдэг байсан юм. Солонгос дахь итгэмжлэгдсэн допингийн лабораторид 39 бөхийг шинжлүүлэхэд улсын гарьд Ө.Бат-Орших, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын начин Э.Даш, аймгийн хурц арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбаяр нараас хориотой эмийн жагсаалтад багтах бодис илэрч байв.
Олон улсын жишигт хориотой эмийн жагсаалтад орсон бодис хэрэглэсэн тамирчны тэмцээн уралдаанд оролцох эрхийг тодорхой хугацаагаар хасч, шагнал урамшуулал, цол хэргэмийг нь хураах шийтгэл оногдуулдаг. Допингийн асуудлаас шалтгаалж дэлхийн том гүрэн болох ОХУ-ын баг тамирчдыг өвлийн олимпийн наадамд оролцуулаагүй тохиолдол ч бий. Монголын Үндэсний бөхийн холбооноос допинг хэрэглэсэн бөхчүүдэд дотоод журмаараа Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцож тус бүрийнх нь барилдах эрхийг хоёр жилээр хассан юм. Гэсэн ч допингийн шинжилгээнд бүдэрсэн бөхчүүд тухайн шийдвэрийг үл хүндэтгэж өнөөдрийг хүртэл барилдсаар байна.
Наад захын жишээ гэхэд улсын гарьд Ө.Бат-Орших өнөө жилийн “Увс нуур” галынхаа наадмын сорилго барилдаанд үзүүрлэсэн. Улсын гарьд ингээд зогсоогүй Налайх дүүргийн аймгийн цол чимэг олгох барилдаанд ч зодоглохоор очсон юм. Тэр наадамд зодоглосон бөхчүүд барилдах эрхээ хасуулсныг нь сануулахад Ө.Бат-Орших гарьд наадамчин олны өмнө “Би шоронд орох хэрэг хийгээгүй шүү. Хамтдаа олон наадамд барилдана гэдгээ мэдэж байгаа биз дээ” гэх мэтээр хашхичиж нэлээд юм болсныг батлах гэрчүүд бий. Гарьд бөхийн барилдааны нэгийн даваанд Увс аймгийн харьяат сумын заан Г.Түвшинжаргалд тахимаа өгөөд явсан юм. Мөн Налайхын наадамд Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат улсын заан Б.Соронзонболд барилдаж байгаа харагдсан. Түүний хувьд өнөө жилийн бөхийн чөлөөт барилдааны улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр допингийн шинжилгээнээс зугтаж хууль зөрчсөн тамирчин. Олон улсын допингийн тухай хуульд допингийн шинжилгээнээс татгалзсан тамирчинг допинг хэрэглэсэн гэж үздэгийг спорт сонирхогчид андахгүй. Чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр допингийн шинжилгээнд унасан аймгийн арслан Б.Гончигтавхай аймгийнхаа наадамд барилдаж хөлс хүчээрээ барилдсаар өнөөг хүрсэн залуусыг хохироосон жишээ бас бий. Харин аймгийнхаа цол чимэг олгох барилдаанд зодоглохоор очсон улсын начин Э.Дашийн хувьд барилдалгүй өнгөрсөн юм. Улсын начин ухамсраараа зодоглоогүй бол хууль журмаа дагасан жудагтай бөх гэж харагдах байлаа. Дундговь аймгийн удирдлагууд татгалзсан учраас зодоглоогүй гэсэн сураг дуулдсан. Тэгэхээр тэр бас л жудаггүй, ёс журамгүй загнасан бөхчүүдийн эгнээнд багтаж байна. Энэ жилийн үндэсний их баяр наадмын өмнө бөх сонирхогчдын дунд “Допинг хэрэглэсэн бөхчүүд наадмаар яах бол” гэсэн асуулт хөвөрсөн. Наадмаас өмнө допингоос болж эрхээ хасуулсан бөхчүүд хэд хэдэн барилдаанд зодоглоод явсан болохоор хэн ч ингэж бодно л доо. Ямартаа ч наадмын өмнө төрхгүйтэж, жудаггүйтээд явсан бөхчүүд төр түмнээ хүндэтгэж баяр наадмаар барилдана гэж эмх замбараагүй байдал үүсгэсэнгүй.
Харамсалтай нь, Засгийн газрын тогтоолоор зохион байгуулдаг бүсийн наадмуудад допинг хэрэглэсэн бөхчүүд бүгд шахуу гараад ирлээ. Сая жишээнд орсон гарьд Ө.Бат-Орших Хутагтын нутаг Дорноговь аймагт болсон Говийн бүсийн хурд наадамд барилдсаныг наадамчин олон нүдээрээ харав. Гарьд яг энэ наадмын өмнөхөн Өмнөд Монголд зодоглож түрүү бөхөөр тодорч, өндөр шагналын эзэн болсон юм. Мөн барилдах эрхээ хоёр жилээр хасуулсан Сүхбаатар аймгийн харьяат хурц арслан Б.Номиндалай Дарьганга суманд болсон Алтан-Овооны тахилга Зүүн бүсийн хурд даншиг наадамд зодоглож Монголын үндэсний бөхийн холбооны шийдвэрийг үл хүндэтгэлээ. Сумын заан С.Майнбаяр ч овооны наадмуудад зодоглож түрүүлж яваа талаар нутгийн бөх сонирхогчид гомдоллож байна лээ. Үндэсний бөхийнхөө баридааныг хоног тоолон хүлээдэг бөхийн хорхойтнуудыг шударга барилдаан л хөгжөөдөг.
БУРУУГАА УХАМСАРЛАДАГГҮЙ БӨХЧҮҮД
Допингийн тухай хуульд “Баяр наадмын үеэр сэргээш хэрэглэж шөвгөрсөн бөхийн цол чимгийг хураах, эсвэл барилдах эрхийг зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хасна” гэж заасан байдаг. Харин бусад үед допингийн шинжилгээнд бүдэрсэн тохиолдолд тухайн спортын байгууллага дотоод журмаараа шийдвэрлэх тухай Зөрчлийн тухай хуульд заасан. Монголын Үндэсний бөхийн холбоо тус хуулийн дагуу зохих шийтгэлийг бөхчүүддээ оногдуулсан юм. Олон улсын жишигтэй харьцуулахад харьцангүй зөөлөн шийтгэл л дээ. Гэсэн ч улсын гарьд Ө.Бат-Орших, улсын начин Э.Даш нарын “том толгой”-той бөхчүүд Монголын Үндэсний бөхийн холбооны шийдвэрийг хууль бус гэж эсэргүүцэж Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан бол улсын заан Б.Пүрэвсайхан буруугаа хүлээгээгүй. Тэр “Монголын допингийн эсрэг үндэсний төв”-ийг худал дүгнэлт гаргаж байна” гэсэн факсыг БНСУ-ын допингийн хяналтын лабораторид илгээсэн байна. Хариуд нь Допингийн эсрэг үндэсний төвөөс залуу зааныг Олон улсын ба Үндэсний арбитрийн шүүхэд шалгуулахаар өгсөн талаараа мэдээлсэн. Монгол бөхөөс өөр спортод допинг хэрэглэсэн тамирчид буруугаа хүлээгээд цол хэргэмээ хураалгаж, спорт хороодынхоо гаргасан шийдвэрт хүндэтгэлтэй ханддаг. Харин монгол бөхчүүдэд тийм ухамсар алга.
Допинг хэрэглэсэн ихэнх бөхчүүд “Би хүнд өвчтэй, дээрээс нь бэртэлтэй байсан. Мэдэлгүй хэрэглэчихлээ. Монголын Үндэсний бөхийн холбоо бөхчүүддээ допингийн талаар мэдлэг, мэдээлэл олгохгүй байна” гэх нийтлэг шалтаг хэлж өөрсдийгөө зөвтгөж, бөхийн холбоогоо зүхдэг. Мэдээллийн эрин зуунд амьдарч буй бөхчүүд хаанаас ч Допингийн эсрэг үндэсний төвийн сайт руу орж хориотой эмийн жагсаалтыг харах бүрэн боломжтой. Бэртэлдээ хэрэглэсэн эм бэлдмэлээ эмчийн бичиг тайлбарын хамт аваад очиход л өршөөгддөг талаар спортын анагаах ухааны мэргэжилтэн эмч нар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мөн ч олон хэлж байсан. Байнга шахуу хэлдэг сануулгыг чихнийхээ хажуугаар өнгөрөөнө гэж байхгүй.