Цөлжилт нь яг үнэндээ, монгол үндэстний хувьд маш ашигтай болсон том наймааны төлбөр билээ. Нэгдэлжих хөдөлгөөн 1959 онд ялснаар малчдад дөрвөн улиралд хаана байхыг нь хатуу зааж өгсөн. Ингэснээр улиралдаа тохируулан байгалийн бүс бүслүүрээр нүүдэг байсан нүүдлийн мал аж ахуйн уламжлалын мөн чанар бус хэлбэр нь үлдэж бэлчээр талхигдан цөлжилт эхлэсэн. Нэгдэлжих хөдөлгөөн ялснаас яг 15 жилийн дараа явагдсан бэлчээрийн хомсдолоос үүдэн, олон зуун мянган аргаль, угалз эх нутгаасаа дайжин нүүсэн их нүүдэл буюу 1974 оны долдугаар сарыг цөлжилт эрчимжиж эхэлсэн үе гэж үзэхэд буруутах зүйлгүй юм. Амьтдыг байгалийн индикатор гэдэг. Амьтан элбэг байвал ургамал, ус, агаар, хөрс экосистем хэвийн байна гэсэн үг. Гэтэл өнөөдөр монгол улс түүхэндээ байгаагүй цөөн амьтан, ургамлын нөөцтэй болжээ. Өөрөөр хэлбэл эх нутгийнхаа 77,8 хувийг цөлжүүлчихээд сууж байна. Энэ нь өнөөгийн монголчууд бид түүхэндээ байгаагүйгээр байгальдаа гай болж байна гэсэн үг. Гэхдээ цөлжилт нь монгол үндэстний хувьд маш ашигтай болсон том наймааны төлбөр гэдгийг мартаж болохгүй.
Манай ШУА төв байрандаа нэрт эрдэмтэн агсан Л.Н. Гумилёвын цээж хөшөөг хүндэтгэн залаад удаагүй байна. Энэ эрдэмтэн “Невскийн Александр чинь монголын Бат хааны өргөмөл хүү байсан учраас л германуудыг бут цохисон” гэх мэтээр түүхэн үнэнийг хамгаалж нэрд гарсан нэгэн. Л.Н.Гумилёв бас “Монголчууд 500 жилийн дараа мөхнө” гэж хэлсэн билээ. Хөгжлийнхөө өндөрлөгт хүрсэн аль ч үндэстэн 2000-2500 жилийн хугацаанд мөхсөн байдаг /мөхөх юу байхав бусаддаа уусдаг/ болохоор ийнхүү айлдсан байх магадлал өндөр. Хэрэв монголчууд тусгаар улс болоогүй бол тэгэх ч байсан биз.
Лев Гумилёв газар зүйч мэргэжилтэй нэгэн. Хэрэв биологч мэргэжилтэй түүхч байсан бол ингэж хэлэхгүй байлаа. Тодруулбал зүйлийн үүсэл, дэд зүйл, популяци гэдэг ойлголт мөн хамгийн гол нь сэргээн нутагшилт, шинээр нутагшилт гэдэг ойлголтыг огт мэдэхгүй учраас ийнхүү алдсан байх өндөр магадлалтай. Дэлхийнхэн Австрали тивд шинээр нутагшсан молтогчин туулай, динго нохой яасныг маш сайн мэднэ. Монголчууд манайд нутагшсан заарт харх, усны булгыг мэднэ. Эд нар бүгд шинэ орчинд маш сайн дасан зохицож зарим нь бүр хүмүүстэй дайсагнах болсон амьтад. Тэгвэл монголчууд шинэ орчин буюу суурьшмал ахуйд шинээр зохицон амьдарснаар бахархам түүхтэй цоо шинэ улс, үндэстэн болж байна гэдгийг энэ эрдэмтэн хараагүй хэрэг. Энэ утгаараа Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нар монголын түүхэнд маш том гавъяатай хүмүүс болж үлдэх нь маргаангүй. Учир нь шинэ орчинд дасан зохицсон амьтан төдийгүй үндэстэнг хөгжлийн маш сайхан ирээдүй хүлээж байдаг. Монголчуудыг генийн сангийн хувьд цаашид өсөн үржих маш их боломжтой гэдгийг доктор Ж.Батсуурь нэгэнт баталчихсан. Чухамхүү суурьшмал иргэншлийн ачаар монголчууд саяар тоологдох болсон билээ. Монголын сонгодог суурьшмал иргэншлийг 1960 оноос эхтэй гэж үзээд энэхүү шинэ улсын насыг хүнийхтэй жишин тогтоовол өнөөдрийн монгол улс 2,2 настай хүүхэдтэй адил юм байна гэсэн тооцоо гарч байна. Энэ бол үнэхээр баярламаар бас маш чухал зүйл шүү, Монголчууд аа.
Тэгвэл энэ бүхний төлбөр болоод байгаа цөлжилтийг яах вэ?
Өнөөдөр монголын нийт нутгийн 78 орчим хувь цөлжчихөөд байна. Үүний гол шалтгаан нь бог мал ялангуяа ямааг олноор бэлчээн бэлчээрээ доройтолд оруулан цөлжүүлж буй явдал. Үүнээс гарахын тулд 21 аймгийг хуучин шигээ хангай, хээр, говь хосолсон 3-4 аймаг болгож малчдыг байгалийн бүс бүслүүрээр чөлөөтэй нүүлгэн бэлчээрээ буцаан унаган төрхөнд нь оруулж болно. Энэ тохиолдолд малчдын эмнэлгийн болон соёл, урлагийн үйлчилгээ, мэдээлэл, холбоо, удирдлага, хүүхдийн сургууль, боловсрол гэх мэт асуудалд маш том бэрхшээл үүснэ. Шууд утгаараа хөгжлийн ухралт болно. Нөгөө нэг арга нь орон нутгийнханд малаас олж буйгаас олон арав дахин их орлогыг ан амьтан, ашигт ургамлаас олох боломж олгон бог малын тоог цөөлж бэлчээрээ доройтлоос гаргах явдал. Аргаль, янгир, хар сүүлт зээр гэх мэт тууртан амьтад бэлчихдээ махан идэшт амьтдаас сэргийлж хоорондоо зайтай бэлчдэг төдийгүй хөлийнхөө хооронд ургамал орхиж идээшилдэг тул бэлчээрийг доройтолд оруулдаггүй байна. Харин олон бог мал бэлчээрийн ашигт ургамлыг яг л сахлын хутгаар үс хусаж байгаа мэт юу ч үгүй болтол мөлжин цөлжилт үүсгэдэг. Иймээс одоо хэрэгжиж буй хуулийн дагуу ан амьтан, ашигт ургамлыг орон нутгийн малчдад нөхөрлөлөөр дамжуулан эзэмшүүлэх хэрэгтэй. Ингэвэл малчид өөрийн хариуцсан амьтан, ургамлаа ашиглах эрх нь нээгдэнэ. Тэгж гэмээ нь ан амьтан, ашигт ургамал өснө. Учир нь малчид малыг хамгаалах гэж бус ашиглах гэж өсгөдөг. Ер нь олон мянган жилийн түүхтэй өрх гэр, хот айлын зориулалттай нүүдлийн малыг бэлчээрт нь өсгөж үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглана гэдэг бухын “доодох”-ыг унаад ирэхийг хүлээхтэй адил бүтэшгүй ажил гэдгийг хаана хаанаа ойлгох цаг нэгэнт болжээ. Тэгээд ч өнөөдөр ан амьтан, ашигт ургамал дэлхийн зах зээлд малаас хэдэн арав дахин илүү үнэ хүрч байна. Тухайлбал, германчууд манайхаас цөөн зүйл амьтан, ургамалтай атал энэ баялгаа зөв ашиглан жилд хэдэн тэрбум еврогийн орлого олж үүнийхээ ихээхэн хэсгийг нөхөгддөг баялгаа хамгаалж арвижуулахад зарцуулж байгааг мартаж болохгүй. Ан амьтан, ашигт ургамлыг орон нутгийхан эзэмшин хангалттай орлоготой болсоноор үйлдвэрлэлийн бус өрх, хот айлын хэрэгцээг хангах зориулалттай уламжлалт мал аж ахуйгаа хадгалан малын тоо толгойг бэлчээртээ гай болохгүйгээр авч явах боломж бүрдэнэ.Сумын захиргаа болон орон нутгийн нөхөрлөл эзэмшиж буй нэг толгой угалз агнуулаад 20 000, нэг ирвэснээс 15 000 ам доллар авна гэж бодвол энэ нь 4000-5000 бог малтай малчны жилийн орлоготой тэнцэнэ. Гэтэл нөхөрлөл тэр нутагт байгаа бүх амьтан, ургамлаа зохистой ашиглана. Тэгээд ч эзэмшсэн амьтдаасаа жилд ганц ганц амьтан агнуулахгүй нь тодорхой. Бас арьс шир, ангийн махаа ашиглана. Ядаж л арьс нь хувалзны сорвигүй болохоор өндөр үнэ хүрнэ. Мөн амьтан, ургамал унаган төрхөндөө орвол аялал жуулчлал гэж том орлого бий. Зөвхөн эрвээхий үзэх, барих гэж олон мянган сонирхогч жуулчид гаднаас ирнэ. Амьтны гаралтай түүхий эд боловсруулах, ашигт ургамлаар эцсийн бүтээгдэхүүн хийх жижиг, дунд үйлдвэрийг оролцуулбал нөхөрлөлөөр дамжин манай улс жилд тэрбум, тэрбумаар тоологдох гадаад валютын орлоготой болно. Мөн 330 сумын захиргаа тусгай сан байгуулж энэхүү санд орох мөнгөө барьцаалж гэрээ хийн, улсын төсвөөс нэг ч төгрөг авахгүйгээр халуун, хүйтэн ус болон бохирын хоолой, цэвэрлэх байгууламжтай болох боломж бүрдэнэ.
Харин амьтан, ургамлаа эзэмших нөхөрлөл байгуулах ажлыг улсын төсвийн хөрөнгөөр хийж огт болохгүй. Учир нь үүнд маш их хөрөнгө, мөнгө хэрэгтэй. Хөрөнгө гаргалаа гэхэд тендер гээч нь зарлагдаж шалгарсан байгууллагууд нь нөхөрлөл байгуулсан тоо хөөгөөд гурилдаж орхино. Харин үүний оронд ан амьтан, ашигт ургамлыг зохистой ашиглах, хамгаалах талаар оюуны өмч авсан мэргэжлийн байгууллагууд хуулийн дагуу гэрээ хийж инноваци нэвтрүүлэн олсон орлогынхоо тодорхой хэсгээр энэ ажлыг санхүүжүүлэх хэрэгтэй. Үүний тулд Ерөнхий сайдын дэргэд цөлжилт хариуцсан Инновацийн орон тооны бус зөвлөл яаралтай байгуулах зайлшгүй шаардлага үүсээд байна. Учир нь БОАЖЯ цөлжилттэй тэмцэхэд үнэхээр хүчин мөхөсдөж байна. Ингэж гэмээ нь малын тоо цөөрч чанарын дэвшил гарна. Эх орны байгаль цөлжилтөөс ангижирч эргээд унаган төрхөндөө шилжинэ. Малыг малчид амьтныг байгаль өсгөдөг болохоор малчид завтай болно. Хангалттай орлоготой, бас завтай болсон малчид анх удаа өөрсдөө бие даан гадаадад очиж фермерийн болон амьтан, ургамал үржүүлэх тэргүүний аж ахуйн туршлагатай танилцах боломж бүрдэнэ. Хотоос хөдөөг зорих их нүүдэл эхлэнэ. Орон нутагт валютын орлоготой олон мянган ажлын байр бий болно. Малчид маань өнгөрсөн зууны бус энэ зууны малчид болно. Монголчуудын амьдрал эрс дээшлэх төдийгүй цөлжилтийг бүрэн ялж чадна.
Г.АМАРСАНАА