Categories
гадаад мэдээ

Толгой шилжүүлэн суулгах мэс заслыг анх удаагаа хийх гэнэ

Шинжлэх ухааны түүхэнд анх удаагаа хүний толгой шилжүүлэн суулгах мэс заслыг Италийн эмч Сержио Канаверо хийхээр зэхэж байна. Тэрбээр анх 2013 онд хүний толгойг шилжүүлэн суулгах боломжтой хэмээн мэдэгдэж байсан юм. Тухайн үед түүнийг ихэнх хүмүүс галзуурсан хэмээн үзэж байжээ. Гэвч тэрээр нуруу нугас, булчингийн өвчин, хорт хавдрын улмаас саажсан хүмүүст шинэ амьдрал бэлэглэхийн тулд толгой шилжүүлэн суулгах мэс заслыг хийхээр зориг шулууджээ.

Түүний анхны үйлчлүүлэгч нь генетикийн ховор өвчтэй Валерий Спиридонов гэх өвчтөн аж. Өдгөө 30 настай Валерий өдрөөс өдөрт биеийнх нь байдал улам муудсаар байгаа тул өндөр эрсдлийг үүрэхээр зориг шулууджээ.

Сержио Канаверо мэс заслыг Хятадад гүйцэтгэхээр төлөвлөжээ. Учир нь энэ төрлийн мэс засал АНУ, Европын холбоо, ОХУ зэрэг орнуудад хориотой аж. Түүний мэдээлснээр мэс заслын зардал 15 сая ам.доллар болох гэнэ. Өдгөө Сержио Канаверо мэс засалдаа бэлтгэн Турин хотын ойролцоох лабораторидоо усан гахай дээр туршилтаа үргэлжлүүлж байгаа эж.

Толгой шилжүүлэн суулгах мэс заслын хамгийн чухал асуудал бол донор биеийн дархлааны систем эсэргүүцэл үзүүлэхээс сэргийлэх, нугасыг залгах аж. Толгойг донорын биед шилжүүлэн суулгахын тулд Цельсийн 10-15 хэмд хөргөх бөгөөд мэс заслын дараа зохиомлоор нэг сарын хугацаанд комад оруулах гэнэ. Толгойг шилжүүлэн суулгаснаас 15 минутын дараа тархинд цусны эргэлт явагдах ажээ. Гэхдээ мэс засал хэтэрхий удвал хүчилтөрөгчийн дутагдлаас болж тархи үхжих эрсдэлтэй хэмээн мэдэгджээ.

Бусад мэргэжилтнүүд мэс засал ойролцоогоор 36 цаг үргэлжилнэ гэж үзэж байгаа бол Сержио Канаверо тэрнээс хурдан хугацаанд гүйцэтгэх итгэлтэй байна. Энэ мэс заслыг гүйцэтгэхэд олон орны сайн дурын эмч нар түүнтэй хамтарч ажиллах гэнэ. Барагцаалбал 150 нарийн мэргэшсэн эмч нарын баг толгой шилжүүлэн суулгах анхны мэс засалд ажиллах аж. Үүний зэрэгцээ маш олон тооны бизнесменүүд Сержио эмчийн мэс заслыг санхүүжүүлэх хүсэлтээ илэрхийлжээ.

Э.Номин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *