Коронавирусийн халдвараас сэргийлэхийн тулд “Токио 2020” зуны олимпийн наадамд түрүүлсэн тамирчид медалиа өөрсдөө зүүхээр болжээ.
Түрүүлсэн тамирчдын хүзүүнд медалийг хэн нэгэн өндөр албан тушаалтан зүүж өгдөг уламжлал өнөөдрийг хүртэл хадгалагдаж ирсэн юм. Уламжлалыг эвдсэн энэхүү өөрчлөлтийг өчигдөр Олон Улсын Олимпийн Хорооны (ОУОХ) ерөнхийлөгч Томас Бах зарлажээ.
“Медалийг тамирчдын хүзүүнд зүүж өгөхгүй. Медалийг тавиур дээрээс тамирчид өөрсдөө гардаж авна. Медалийг тавиур дээр ариутгасан бээлийтэй хүн анх байрлуулах тул тамирчид халдвараас бүрэн сэргийлэгдэх юм” гэж Токиод болсон хэвлэлийн хурлын үеэр Бах тайлбарласан байна. Мөн медаль гардуулах ёслолын үеэр гар барих, тэврэх үйлдлүүдийг хориглохоор болсныг тэр хэлжээ.
Өмнө нь ОУОХ медаль гардуулах ёслолд оролцогчид амны хаалт зүүх журам танилцуулж байсан бол энэ удаа журмаа улам чангалсан байна. Мөн медаль гардуулах үеэр хөгжөөн дэмжигчдийн уухай, алга ташилтын чимээг танхимд дуугаргахаар болжээ. Ийм дуу чимээг өмнөх олимпийн наадмын бичлэгнээс ашиглах юм байна.
Медаль авсан зарим тамирчдыг дараа нь гэр бүл, найз нөхөдтэй нь видео холбоогоор уулзуулахаар болжээ. Мөн хөгжөөн дэмжигчдийнх нь ирүүлсэн 6 секундын урттай видео мэндчилгээнүүдийг ёслолын үеэр том дэлгэцэн дээр тоглуулахаар төлөвлөсөн байна.
“Токио 2020” зуны олимпийн наадам долдугаар сарын 23-нд онц байдлын дэглэмд байгаа Япон улсын нийслэлд эхлэх юм.