Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Тойргоо зураад эхлэхээр л тойрохоо зуруулчихдаг юм даа

Өнөө жил сонгууль болно. Дөрвөн жил тутамд болдог сонгуулийн жилд эрх баригчид хоёр л ажил хийдэг. Тэдний хувьд амин чухал, дахиж сонгогдох эсэх нь шийдэгдэх жил учраас энэ хоёр ажил бол эрх баригчдын хувьд хамгийн чухал нь. Бүр эртнээс үүнд анхаарал хандуулж, санал санаачилга үүсгэж хийдэг. Энэ бол нэгд, Сонгуулийн хууль өөрчлөх, хоёрт, тойргоо өөрсдөдөө тааруулан зурах ажил юм. Өнөө жилийнхээ сонгуульд зориулсан ажлын талыг нь эрх баригчид хэдийнэ хийчихсэн. Өөрөөр хэлбэл, он солигдохын өмнөхөн Сонгуулийн хуулиа шинэчлэн баталж, сонгуулийн жилээ хундага тулгасан шигээ маадгархан угтсан юм, тэд. Сонгуулийг өөрсдөдөө таатай, хамгийн боломжтой хувилбараар хийхээр хуульчилж, дахин сонгогдох магадлалаа ихэсгэсэн хэмээн тооцсон болохоор ийн маадгар байгаа хэрэг. Ердөө түрүүчийн сонгуулийн өмнө шинэчлэн өөрчилсөн хуулийг Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу хэмээн тайлбар зүүж засч найруулж байгаа хэрэг шүү. Энэ удаагийн сонгуулийг олон мандаттай, томсгосон мажоритар тогтолцоогоор явагдахаар болгов. Нэг аймаг, нэг дүүрэг нэг тойрог болон хуваагдаж 26 тойрогт намууд, нэр дэвшигчид өрсөлдөхөөр болж байна.

Одоо дараагийн хийх гол ажил нь энэ сардаа багтаан тойргоо зурах. Урьдчилсан хар зургийг нь харвал хотоос мандат хасаж, хөдөөд нэмж байгаа бололтой. Арга ч үгүй юм, хотынхон мэдээлэлд ойр, бас ч гэж улсын нийслэл хойно, юмны учир мэддэг хүмүүс дийлэнх болохоор УИХ-д өнгөрсөн дөрвөн жил хэн ямар үүрэгтэй байв, хэн нь яаж булайгаа дэлгэв гэдгийг мэдэхтэйгээ байгаа. Тиймээс орон нутаг руу мандатын тоо нэмэхээр ярьж байна. Нутагтаа тэд ёстой авралын бурхан мэт залагдаж, арилгасан сонгино шиг цэвэр хүн харагдана гэж тооцжээ. Уг нь олны жишгийг харж байхад газар нутгийн хэмжээгээр биш, хүн амын тоогоор мандат тооцох нь зүйтэй юм. Харин манай хэд “хүн ам яахав ээ, газар нутгийн хэмжээгээр мандаттай байх нь эх орон эзгүйрэхээс хамгаална” гэсэн юм яриад хөдөө рүү зүтгэцгээж байгаагийн цаад зорилго нь ердөө дахин сонгогдох. Өмнөх туршлагаас харж байхад эрх баригчид Сонгуулийн хуулиа өөрчилж, тойргоо зураад эхлэхээр өөрсдөө тойрохоо зуруулдаг гэмтэй. “Тойрох зуруулах” гэдгийг ажлаас халагдсан хүн албан тушаалтан бүр дээр очиж гарын үсэг зуруулдаг хэллэг гэдгийг мэдэх байлгүй.

МАН энэ удаа АН-ыг гаргахгүй байх, М.Энхболдын фракцаас бүрмөсөн салах тохироотой тойрог зурж байгаа. Гэтэл М.Энхболдын фракц гэвэл энэ намын бараг тал нь гэхэд болно. Тэд их хуралд нэр дэвших боломжгүй болвол “Би яахав ээ, нам маань ялаг” гээд гараа эвхэн суухгүй нь ойлгомжтой. Харин ч бүр энэ засгийг тэр чигт нь унагаж, ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд өөрсдийн хүнээ сойх талаар төлөвлөх нь тодорхой. Өнгөрсөн түүхээс харахад эрх баригчдын энэ мэт хагарал өөрсдөд нь дандаа ялагдал авчирч байв.

1992 оноос 2004 онд явагдсан Улсын Их Хурлын дөрвөн удаагийн сонгуулийг 1992 онд баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиар явуулжээ. Мөн 2005, 2011, 2015, 2019 онд Сонгуулийн хуулийг өөрчилж, шинэ хуулиар сонгууль явуулж байсны үр дүнг товч харъя.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийг 1992 онд олон мандаттай томсгосон тойрог бүхий мажоритар тогтолцоогоор 1996, 2000 онуудад нэг мандаттай тойрог бүхий мажоритар тогтолцоогоор тус тус явуулсан байна.

1992 онд Улсын Их Хурлын анхдугаар сонгууль нь томсгосон 26 тойрогт явагдаж улс төрийн долоон нам, хоёр эвсэл, бие даагч нийт 293 хүн нэр дэвшжээ. Сонгуулийн үр дүнд МАХН (одоогийн МАН) 70 суудал авч, Ардчилсан хүчин нийтдээ таван суудал авсан байдаг.

1996 онд УИХ-ыг нэг мандаттай тойрог бүхий мажоритар тогтолцоогоор зохион байгууллаа. Жижигсгэсэн мажоритар систем буюу 76 тойрог тус бүрээс нэг хүн сонгогдсон 1996 оны УИХ-ын сонгуульд МҮАН, МСДН-ын “Ардчилсан Холбоо” эвсэл 50 суудал авснаар Засгийн газраа бүрдүүлэх эрхтэй болсон. Харин МАХН түүхэндээ анх удаа сөрөг хүчин болсон тус сонгуулиар 25 суудал авч, үлдсэн нэг суудлыг МУНН-аас Очирбатын Дашбалбар эзэлжээ. Энэ үеэс л Ерөнхий сайдыг ойр ойрхон огцруулдаг жишиг эхэлсэн билээ. М.Энхсайхан хоёр жил, Ц.Элбэгдорж хагас жил, Ж.Наранцацралт, Р.Амаржаргал нар жил хүрэхгүй хугацаанд Ерөнхий сайдаар ажиллав. Хэдийгээр М.Энхсайханы Засгийн газрын үед өмч хувьчилж, үнэ чөлөөлөх зэргээр эдийн засгийн шинэчлэл эхлүүлсэн гэдэг ч төрийн тогтворгүй байдал сонгогчдод таалагдсангүй.

2000 онд өмнөх сонгуультай адил жижигсгэсэн мажоритар систем буюу 76 тойрог тус бүрээс нэг хүн сонгогдсон. 72 суудал авч үнэмлэхүй олонх болсон МАХН-ын Ерөнхий сайд нь Н.Энхбаяр . Нэг нам хэт олонх болсон энэ үеэс л МАХН-ын дарангуйлал, нэг хүний ноёрхол гаарч эхэлсэн гэдэг. “Намбарын Энхбаяр Самбарын Энхбаяр” болтлоо зураг нь гудамж талбайгаар дүүрч байлаа. Хувьсгалт намын сонгуулийн цуглаан дээр хүн нас барахад зөвхөн “Өдрийн сонин” л мэдээлдэг байсан үе. Үүнийхээ төлөө, эрх баригчдыг шүүмжилсэнийхээ шанд шүүх цагдаад өдөр шөнөгүй дуудагдан, байцаагддаг байсан үе юм.

2004 оны сонгуульд МАХН 36, Ардчилсан Нам, Эх Орон Намын “Эх орон-Ардчилал” эвсэл 36, БНН нэг суудал авч, Ардчилсан Намын гурван гишүүн бие даан нэр дэвшиж сонгогдсон юм. МАХН, АН-ын аль нь ч олонхи болоогүй учраас хамтарсан Засгийн газар байгууллаа. Тэд энэ үеэр буюу 2005 онд Сонгуулийн тухай хуулийг өөрчлөн шинэчилсэн юм.

2008 онд шинэ хуулиар зохион байгуулагдсан УИХ-ын сонгуульд МАХН 45, Ардчилсан Нам 28, Ногоон Нам, Иргэний Хөдөлгөөний Намын “Иргэний эвсэл” нэг, ИЗН нэг, бие даагч Зоригийн Алтай сонгогджээ. Энэ сонгуулиар санал луйвардсан хэмээн дургүйцсэн иргэдийн жагсаал цуглаан болж, аймшигт “Долоон сарын 1”-ний гэх хэрэг гарсан билээ. . “Ардчилалд өгсөн ард түмний санал хаачив” хэмээн лоозон барьсан мянга мянган жагсагчид “санал луйвардсан” хэмээн маш их бухимдсан юм. Энэ үеэр таван хүн буудуулж нас барсан бөгөөд Онц байдал зарлаж, жагсагчдыг машин машинаар нь шорон руу ачиж байв. Хэдэн зуун хүн жагсаалд оролцсоныхоо төлөө ял сонссон билээ. Эрх баригчид мөн л сонгууль болохоор нэг жилийн өмнө буюу 2011 онд Сонгуулийн хуулийг өөрчлөн шинэчилсэн байдаг.

2012 онд шинэчилсэн Сонгуулийн хуулинд зааснаар УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явууллаа. Ардчилсан Нам 34, МАН 26, МАХН-МҮАН-ы Шударга ёс эвсэл 11, Иргэний Зориг Ногоон Нам хоёр суудал авч, гурван бие даагч сонгогдсон юм. Эрх баригчид Засгийн газраа унагаж, хоорондоо хэрхэн өрсөлдөж, дээр дороо орж байсныг хүмүүс мартаагүй байгаа байх. 2016 оны сонгуулийн өмнөхөн АН мөн л Сонгуулийн хуулийг өөрчилж, жижиг мажоритар буюу нэг тойрог 1-6 мандаттайгаар сонгууль явуулахаар болов. Эрх баригчид ингэж сонгууль явуулахад өөрсдийгөө ялна гэж тооцсон болохоор эсэргүүцсэн лийдэрүүдийнхээ үгийг тоогоогүй юм.

2016 оны УИХ-ын энэ сонгуульд МАН 65 суудал авч үнэмлэхүй ялалт байгуулсан. АН дөнгөж бүлэг байгуулах хэмжээний санал авсан юм. Тэдний шинэчилсэн хууль өөрсдөд нь ийм үр дүн авчиржээ. Өдгөө МАН нэг гишүүнээ шоронд илгээж одоо 64 суудалтай болсон. АН хоёр гишүүнээ хөөж бүлэггүй болсон. Харин их хуралд дахин нэг нам бий болжээ. Хэт олонх болсон МАН сонгуулийн дараагийн жил УИХ-ын дарга М.Энхболдыгоо огцруулж Г.Занданшатарыг дарга болгов. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг мөн л огцруулж У.Хүрэлсүх засаг тэргүүлж байна. Ялсан баатрууд Сонгуулийн хуулиа баталчихаад одоо тойргоо зурж байна. Яг л өмнөх дөрвөн жилийн дүр зураг харагдаж байгаа биз.

Дээр дурдсан сонгуулийн мажоритар тогтолцоо нь сонгогчдод ойлгомжтой, сонгогч болон нэр дэвшигч нүүр тулан уулздаг сайн талтай боловч түүнээс дутахгүй сөрөг үр дагавартай. Жишээ нь, нэг мандаттай тойрогт сонгогчдын өгсөн саналын харьцаа алдагдсан үр дүн гарах, сонгогчдын санал гээгддэг сул талтай. Өөрөөр хэлбэл, 40 гаруй хувийн санал авсан нэр дэвшигч ялагдаж байхад өөр нэг тойрогт 30 гаруй хувийн санал авсан нэр дэвшигч сонгогдож болдог. Мөн нийслэлийн тойргуудад нэр дэвшигч нь аймгуудын тойрогт нэр дэвшигчээс хэд дахин илүү сонгогчдын санал авч сонгогддог. Олон мандаттай томсгосон тойрогт явуулдаг мажоритар тогтолцооны хувьд сонгогчийн тэгш эрхийн зарчим алдагдахад хүргэдэг үр дагавартай. Тухайлбал, зарим тойрогт сонгогч 3-4 нэр дэвшигчийн төлөө санал өгч байхад өөр нэг тойрогт сонгогч 1-2 нэр дэвшигчийн төлөө санал өгч байх жишээтэй.

Уг нь улстөрчид маань Үндсэн хууль, өөрийн орны онцлог, улс төрийн намуудын төлөвшил зэрэгтээ анхаарч, сонгуулийн тогтолцооны сул тал, сөрөг үр дагаврыг нь багасган боловсронгуй болгох, засч залруулах, сайжруулах ажлыг хийж байх ёстойсон. Гэтэл манай хэд “хэн хаана нэр дэвшвэл ялах боломжтой вэ. Энийг энд дэвшүүлье, тэрийг тэндээс хасъя” гэдэгт толгойгоо гашилгаж байна. Яаж ч хамаагүй ялах тухай бодож, сонгогчдод таалагдах ажлуудыг л хийж байна. Олон жил энэ байдал давтагдаж байгаа учраас сонгогчид тойрохыг нь зурж чаддаг болжээ. Тойргоо зурж байгаа эрх баригчид маань тойрохоо зуруулчих вий дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *