Categories
гадаад мэдээ

Тогтворгүй үед чуулж буй Давосын уулзалт

Өчигдөр Швейцарьт Давосын эдийн засгийн чуулган эхэлсэн билээ. 47 дахь удаагаа болж буй чуулган “Найрсаг болон хариуцлагатай удирдагч” уриан дор болж өнгөрөх юм. Энэ удаад тус чуулган дэлхийн улс төр, эдийн засгийн байдал тогтворгүй, тодорхой бус үед болж байгаа гэдгийг ажиглагчид онцолсоор байгаа. Шинэ он гарахын өмнөхөн АНУ-д Ерөнхийлөгчийн сонгууль болж Бүгд Найрамдах намаас нэр дэвшсэн Д.Трамп ялалт байгуулсан. Энэ сарын 17-20-ны өдрүүдэд үргэлжлэх уг арга хэмжээнд АНУ-ын шинэ Ерөнхийлөгчийн засаг захиргаанд ажиллах хүмүүс ч оролцохгүй. Учир нь 20-нд Д.Трампын тангараг өргөх ёслол болох юм.

ХБНГУ-ын канцлер А.Меркель ажлын шахуу төлөвлөгөөний улмаас оролцох боломжгүй тул Германы Сангийн сайд В.Шойбл төлөөлж байгаа. Францын Ерөнхийлөгч Ф.Олланд ч энэ удаад Давост очсонгүй. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ч оролцох боломжгүй гэсэн. Харин БНХАУ-ын дарга Давосын эдийн засгийн чуулган эхлэхийн өмнөхөн тус улсад албан ёсоор айлчилж залгуулаад уг чуулганд оролцож байгаа. Хятадын тэргүүн хүрэлцэн ирсэн нь маш чухал гэдгийг ч зохион байгуулагчид дурдсан юм. Учир нь БНХАУ дэлхийн эдийн засагт улам бүр нөлөөгөө бэхжүүлсээр байгаа. Европын Холбооноос гарах асуудал нэлээд нухацтай тавиад буй Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй Давост байх хугацаандаа энэ талаар дэлхийн улс орнуудын удирдагчидтай ярилцахаар төлөвлөжээ. Тэрээр саяхан Лондон хотноо Их Британийн Европын холбооноос гаргах тусгай хөтөлбөр боловсруулан албан ёсоор танилцуулсан юм.

Энэ жилийн Давосын эдийн засгийн чуулганыг БНХАУ-ын дарга Си Жиньпин нээж үг хэлсэн нь тус улс өнөөдөр санхүүгийн ертөнцөд ямар байр суурь эзэлж байгаагийн илэрхийлэл болсон. Д.Трампын үед АНУ, БНХАУ-ын харилцаа ямар байх нь олны анхаарлын төвд байгаа асуудлыг нэг. Харин Си Жиньпин “Өнөө үед худалдааны дайнд ялагч гэж байхгүй” гэдгийг онцлоод дэлхийн эдийн засгийн глобалчлалыг сөрөхгүй харин ч түүнд дасан зохицохыг уриалсан юм. Тэрээр “Дэлхийн эдийн засгийн глобалчлал нь шинэ тулгамдсан асуудлууд үүсгэсэн. Гэхдээ түүнийг үгүй хийхийг зөвтгөх аргагүй. Харин ч эсрэгээрээ түүнд дасч сөрөг зүйлийг нь засах ёстой” гэжээ.

Энэ жилийн Давосын эдийн засгийн чуулганд 70 орны 3000-аад төлөөлөгчид оролцож байгаа. Үүнд дэлхийн 30 орны төр, засгийн тэргүүнээс гадна томоохон банк, олон улсын санхүүгийн байгууллагуудын төлөөлөгчид багтах юм. Чуулганы эхний өдрөөс төлөөлөгчид АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Трамп болон түүний засаг захиргаа хэрхэн ажиллах, ямар бодлого баримтлах талаар ярилцжээ. Төлөөлөгчдийн анхаарлыг татаж байгаа хоёр дахь том асуудал бол Их Британи Европын Холбооноос гаргахаар төлөвлөж байгаа явдал. Харин дараа дараагийн өдрүүдэд ямар асуудал хэлэлцэж, ямар шийдвэр гаргахыг хүлээх л үлдлээ.

Уг чуулганы санаачлан зохион байгуулагч Клаус Шваб “Биднийг хүрээлж буй дэлхий маш хурдтай өөрчлөгдөж байна. Уламжлалт зарчмуудыг зөв эсэх талаар мэтгэлцэж, маш олон хүн аюулгүй байдал үгүй болж, заналхийлж байгаа талаар ярьж байна” гэжээ.

Ю.ДЭЛГЭР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *