Categories
мэдээ эдийн-засаг

Тогтворгүй бодлого бизнес эрхлэгчдийг шатааж байна

ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГАН-2015


Тав дахь жилдээ уламжлал болон зохион байгуулагдаж буй “Эдийн засгийн форум-2015” арга хэмжээ Төрийн ордноо үргэлжилж байна.

“Институцын засаглал ба хамтын ажиллагаа” сэдвийн дор өрнөсөн хэлэлцүүлэгт оролцогсод төрийн тогтворгүй бодлого нь бизнес эрхлэгчдийг хөрөнгөөр нь шатааж итгэл эвдэж байгаа тухай хөндлөө.

Иргэний агаарын тээврийн салбарт амжилттай ажиллаж байсан “Изинис эйрвэйз” компани дампуурлаа зарласан нь төртэй холбоотой аж. 2012 он хүртэл МИАТ компани гадаад руу нислэг үйлддэг, жижиг компаниуд дотооддоо нислэг үйлддэг байсан ч шинэ сайд томилогдож зөвшөөрлийг нь цуцалснаар үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжгүй болжээ. Үүний улмаас тус компани 80 тэрбум төгрөгийн хохирол амссан тухай энэ үеэр хөндөгдлөө. Мөн төрийн буруугаас болж энэ мэтээр хэчнээн аж ахуйн нэгж хохирсныг хэлэх боломжгүйг ч хэлэлцүүлэгт оролцогчид хэлж байгаа юм.

Үүний зэрэгцээ Засгийн газар солигдох бүрийд яамдын ажил хариуцсан албан тушаалтнууд солигддог нь хувийн хэвшлийнхэнд улам дарамт учруулдаг аж. Ажил мэддэг хүн байдаггүй, эцэстээ сайдад хандахад хүргэдэг. Өмнө ажил хариуцаж байсан албан тушаалтан хаачсан бэ гэхээр намын даалгавраар явсан, оронд нь сайдын эхнэрийн дүү, сайдын хамаатан садан ирсэн гэдэг тайлбар л дагалддаг аж. Дээр нь татварын байгууллага байсхийгээд шалгалт хийдэг. Шалгалтын мөн чанарыг ойлгуулна гэхээсээ энэ компани заавал нэг төдий хэмжээний татвар нуусан байгаа, түүнийг нь илрүүлнэ гэсэн хандлагаар ханддаг. Энэ мэтээр төр нь иргэнийхээ, аж ахуйн нэгжийнхээ итгэлийг эвдэж, зарим үед багтрах ч багадмаар хүнд суртал, дарамт шахалт тулгадаг тогтолцоо хэвээр байгааг санууллаа.

Харин дээрх хэлэлцүүлэгт оролцсон Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтын хариултаар бол ардчилал тогтсон 25 жилийн хугацаанд 14 Засгийн газар солигджээ. Засгийн газар солигдох бүрийд яамдын бүтэц өөрчлөгддөг. Энэ нь эргээд төрийн тогтвортой бодлогод нөлөөлж байгаа учраас Монгол Улсын парламентын засаглалыг боловсронгуй болгох, Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага үүсч байгаа тухай онцолсон юм.

Харин УИХ-ын гишүүн М.Батчимэгийн хариултаар бол мөн л тогтолцоо нөлөөлж байна. Герман улс 1992 оноос хойш гурван Ерөнхий сайдыг томилсон бол Монголын хувьд 10 гаруй Ерөнхий сайдын нүүр үзсэн. Тиймээс УИХ нь Засгийн газраа байгуулдаг тогтолцоог өөрчилж, зөвхөн Ерөнхий сайдыг томилоод, Ерөнхий сайд нь Засгийн газраа бүрдүүлдэг тогтолцоо руу шилжих нь бодлого тогтвортой үргэлжлэх суурь болох аж. Нөгөө талдаа төрийн албаны маш сайн хууль баталж, улс төрийн намаас хамааралтай хийгдэж байгаа томилгоог зогсоож, зөвхөн ур чадварт түшиглэдэг болох. Үүний тулд намууд гэрээ байгуулаад, энэхүү Төрийн албаны тухай хууль нь сонгуулиас сонгууль хооронд өөрчлөгдөх ёсгүй гэдгийг баталгаажуулах нь чухал аж. Ингэж чадвал 10-15 жилийн дараа үр дүн гарна. Дээр нь Үндсэн хуулийн өөрчлөлт чухал болохыг онцоллоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *