Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Тодрон дүрэлзэх гэрэлт од СтивенХокинг

Хүн төрөлхтний түүхэнд төрөн гарсан суут эрдэмтэн, онолын физикийн тод од бол Стивен Уильям Хокинг билээ. Тэрбээр 1942 оны нэгдүгээр сарын 8-нд Их Британийн Оксфордод төржээ. Эцэг эх нь энгийн л амьдралтай, эрүүл мэндийн төвд ажилладаг хүмүүс. Эцэг нь түүнийг Анагаахын чиглэлээр сургахыг хүсэж байсан хэдий ч тэр математикийг илүүтэй сонирхож л дээ. Хокинг дөнгөж хорь гаруйхан наснаасаа эхлэн хүнд өвчний шинж тэмдэг илэрч, аажимдаа бүх бие нь саажжээ. Тухайн үед эмчилж байсан эмч нар түүнд сайндаа л 2-3 жилийн амьдрал байгаа хэмээж байсан боловч 76 насыг насалж чадсан юм. Британийн Урлагийн Нийгэмлэгийн Хүндэт Гишүүн, Папын Шинжлэх Ухааны Академийн Насан туршийн гишүүн, 2009 онд АНУ-ын Иргэдийн хамгийн дээд шагнал болох Ерөнхийлөгчийн Эрх Чөлөөний Медалийг хүртэж байжээ. Хокинг 1979-2009 он хүртэл 30 жилийн турш Кембрижийн их сургуулийн Лукасын нэрэмжит математикийн профессор байв. Тэрээр мөн Кембрижийн Гонвилл ба Каиус коллежийн Нөхөр, Онтарио мужийн Уотерлүү дахь Периметрийн Онолын физикийн институтийн Судалгааны Онцгой Тэргүүлэгч. Түүний космологи ба квант татах хүчний чиглэлүүдэд, хар нүхний талаарх судалгаагаараа дэлхий дахинд танигдсан билээ. Британийн “Сандэй Таймс”-н бестселлерийн жагсаалтад рекорд эвдэн 237 долоо хоногийн турш байсан Цаг хугацааны товч түүх (A Brief History of Time) ном нь түүнийг жинхэнэ алдрын оргилд аваачсан юм. Хокингийн түлхүүр шинжлэх ухааны бүтээлүүд нь Рожер Пенрөүзтэй хамт хийсэн харьцангуйн ерөнхий онолын тогтолцоо доторх татах хүчний сингуляр байдлын талаарх теоремууд, мөн өнөө үед Хокингийн цацраглал (Бекенстайн-Хокинкийн цацраглал) хэмээн нэрлэгдэх болсон хар нүх цацраг ялгаруулдаг гэж таамагласан онол юм. Хокингийн Шинжлэх ухаанд оруулсан түүний хувь нэмэр үнэлж баршгүй билээ.

Бага насандаа охидын сургуульд хүртэл сурч байсан Хокинг найман нас хүртлээ олигтой уншиж чаддаггүй, гаргаж уншихад тун түвэгтэй, муухай бичигтэй хүү байж л дээ. Багш нарынхаа заасан хичээлийг боломжийн ойлгоод байдаг хэрнээ буцааж илэрхийлж гаргахдаа бас муу байж. Ерөнхийдөө бага ангидаа тааруухан сурлагатай нөхөр байж л дээ. Харин дунд ангид орсноосоо хойш гайгүй хичээл зүтгэлтэй болж, багш нар нь түүний онцгой гэдгийг анзаарч эхэлж. Ихэнх хүмүүс түүнийг ерөөсөө л төрөлхийн саажилттай байсан гэж боддог байж. Үнэндээ тэрээр 20 гаран насандаа сэлүүрт завины багт хүртэл харьяалагддаг, тамирчин байсан юм. Мань эр коллежид суралцаж байхдаа танилцсан бүсгүйтэйгээ гэрлэж тунчиг аз жаргалтай байсан ч хамаг бие нь саажиж залуу насных нь хөөр баярыг хийсгэж орхисон ч эхнэр нь түүнийг хайр халамжаар хэзээ ч дутаасангүй. Элдэв саад бэрхшээлийг даван гарч, гурван ч хүүхдийн аав ээж болсон юм. Гэвч хүний амьдрал л болсон хойно тэд 1995 онд гэрлэлтээ цуцлуулж, өөр өөрийн замыг хөөцгөөжээ. Хокинг эхнэрээсээ салснаас хойш хэдхээн сарын дараа өөрийн сэтгэл зүйч Элайн Мэсонтой гэр бүл болсон боловч 2006 онд бас л салсан аж. 1985 онд Хокинг уушгины хүнд хэлбэрийн хатгалгаа туссанаас болж хоолойдоо гуурс тавиулан ярих чадвараа ч алдсан юм. Нэгэнт ярьж чадахаа больсон тэрээр нүүрний хөдөлгөөнөөр харьцдаг болсон бөгөөд үсэгнүүдийг харуулж, хэрэгтэй үсэг нь байвал хөмсгөө өргөх маягаар үг бүтээж харьцдаг болжээ. Суут эрдэмтний хувийн амьдрал нь нэг иймэрхүү.

Түүнийг алдрын оргилд аваачсан бүтээл нь өмнө дурдсан “Цаг хугацааны товч түүх” хэмээх ном билээ. Бүтэн дөрвөн жил хагасын турш бестселлер болсон гэхээр хүмүүст маш сайн хүрч чаджээ гэсэн үг. Бас 10 орчим сая хувь хэвлэгдэж, 40 гаран орны хэлээр орчуулагдан гарсан гээд бодохоор гарцаагүй супер бүтээл болсон байх нь. “Надад номд орсон томьёо бүр худалдан авагчдын тоог хоёр дахин бууруулна гэж хэлсэн. Тийм учраас би номдоо ямар ч томьёо оруулахгүй байхаар шийдсэн юм. Гэвч төгсгөл хэсэгт нь нэгэн тэгшитгэл оруулахгүй бол болохгүй нь ээ. Энэ бол агуу их Эйнштейний E=mc² хэмээх алдарт тэгшитгэл юм” гэсэн нь бий.

Хокинг харь гаригийнхан байдаг гэж үздэг төдийгүй хязгааргүй уудам сансар огторгуйнхаа нэгтээ хүн төрөлхтөнтэй адил амьд биет байх боломжтой гэж хэмээн дүгнэсэн байдаг. Хокингийн бас нэг шуугиан тарьсан үг нь бурхныг шууд үгүйсгэсэнд байлаа. Тэрбээр орчлон ертөнц бүрэлдэн бий болоход бурхан гэгчийн үүрэг огтхон байгаагүй гээд агуу их таталцлын хуулийн буянаар дэлхий хийгээд гариг эрхэс оргүй хоосноос өөрсдөө бүтсэн. Бурхан ямар ч хэрэггүй гэжээ. Тэрбээр мөн хүн гэгч бодгаль хувьслын оргил гэж үзэхийг үгүйсгэдэг. Шинжлэх ухаан, техник технологийн тусламжтайгаар илүү боловсронгуй болох шаардлагатай хэмээн үздэг байсан юм.

2007 онд Хокингийн сансарт нисэх хүслийг биелүүлж тусгай тоноглосон онгоцоор Атлантын далайн дээгүүр нисэж жингүйдлийн орчин үүсгэж аялуулжээ. Мөн Хокингийн дүр “Симпсоныхон” “Гриффинчүүд”, “Футурама” зэрэг олон ангит хүүхэлдэйн кинонд гардаг бөгөөд өөрийнхөө дүрд дуу оруулсан байна.

Мөн “Оддын зам: Дараагийн үе” цувралын зургаа болон 26 дугаар ангиудад, “Их тэсрэлтийн онол” цувралын 5, 21 дүгээр ангиудад Стивен Хокинг гардаг ажээ.

Хокингийн цахим дуу хоолой Pink Floyd хамтлагийн “The Division Bell” /1994 он./ “Keep Talking” цомгуудад бичигдсэн.

“Одоо цаг дээр бид өнгөрсний тухай ямар дурсамжийг санаж байгаагаас үл хамааран өнгөрсөн үе ч гэсэн сонголт боломжоор дүүрэн байдаг” гэж хэлсэн нь бий. Цөөн үгээр хэлбэл бид бүхэн оюун ухааны тусламжтайгаар ирээдүй болоод өнгөрснөө өөрчлөх боломжтой гэсэн үг. Бас л сонирхолтой онол л доо. Бид нэгэнт өнгөрснийг хэзээ ч өөрчилж болохгүй гэж үздэг бол Хокингийн хэлснээр өнгөрснийг өөрчилчихөж болмоор ч юм шиг байгаа биз.

Түүний хийсэн хар нүхний талаарх судалгаа тун сонирхолтой. Хийн нэгдлээр од үүсэж бий болно. Харин одны түлш дуусвал мөхдөг. Од мөхөхдөө дэлбэрч, эсвэл цагаан одой буюу мөсөн гариг, нейтрон од болж болно. Харин эдгээрээс тэс өөр нөхцөл үүсвэл хар нүх болно. Хар нүх нь маш их татах хүчний төвлөрөл бөгөөд гэрлийг хүртэл татна. Ер нь бол хар нүх рүү орсон л бол хэзээ ч гарч чадахгүй. Хар нүх дамжин өнгөрсөнд очих боломж байгаа гэж таамагладаг. Хэрэвзээ хар нүхээр цаг хугацаанд аялах боломж байгаа юм бол бид өнгөрсөнд очиж алдсан алдаагаа засахаас эхлээд бүхий л зүйлийг хийж болно. Мөн хэн нэгэн хар нүхэнд унавал хумигдаж байгаа ертөнцийн онол гэгчээр ирээдүйг харж болно гэх мэт таамгууд бий. Мэдээж эдгээр нь шинжлэх ухаанаар нотлогдсон зүйл биш. Таамаг төдий л дөө. Гэхдээ бас огт үгүйсгэж ч болохгүй.

Хар нүх гэхээр тас хар юм бий гэж төсөөлдөг. Хар нүхнээс бөөм цацардаг. Гэхдээ үйл явдлын хаяавч буюу хар нүхний таталцлын хүчинд орсон л бол юу ч гарч ирж чадахгүйгээр хар нүх рүү татагдан орно. Гэвч үйл явдлын хязгаарын гадна талд хоосон цэгээс виртуал бөөм ялгаран багахан гэрлийг үүсгэнэ гэж “Цаг хугацааны товч түүх” номд бий. Шинжлэх ухаанд Их тэсрэлтээс хойш бидний байгаа орчлон ертөнц тэлэн томорч байгаа гэж үздэг. Их тэсрэлтийн онолоор энэхүү тэсрэлт нэгэн онцгой цэгээс эхэлсэн гэх бөгөөд тогтмол тэлж байгаа гэх тооцоо бий. Орчлон ертөнц үнэхээр хязгааргүй тэлж байгаа бол тэр тэлэлт нь хэзээ нэгэн цагт зогсож, буцаж хумигдах уу. Буцаад эцсийн цэг хүртлээ хумигдсаны дараа дахин их тэсрэлт болох уу. Ер нь бидний мэдэх их тэсрэлтийн өмнө юу байсан бэ гэх мэт тайлагдашгүй олон асуултын хариуг Хокинг номондоо товч бөгөөд туйлын тодорхой тайлбарласан. Ер нь уг бүтээлийг олоод уншчихад гэмгүй. Танин мэдэхүйн асар их өгөөжийг уншигчдад өгөх юм. Суут эрдэмтэн Стивен Хокинг өөрийнхөө бүх л амьдралыг цаг хугацаа, орон зайг судалахад зориулсан бөгөөд харьцангуйн онол дээр үндэслэн орчлон ертөнц тэлдэг гэдгийг баталсан билээ. 1974 онд онолын хувьд ямарваа объект жингээ алдах боломжгүй, хар нүх долгион цацруулдаг гэдгийг нээсэн юм. Ер нь л судалгааных нь гол чиглэл нь сансар судлал, квантын таталцал гэдгийг онцлох хэрэгтэй. Түүний бичсэн номуудын талаар заавал дурдах хэрэгтэй л дээ. 2006 онд тэрээр өөрийн охин Льюситэй хамтран “Жорж ба орчлон ертөнцийн нууц” хэмээх хүүхдэд зориулсан ном гаргажээ.

Түүний гаргасан номуудыг тоочвол:

1973-“The Large Scale Structure of Spacetime” (Джорджем Эллис /G.F.R. Ellis/-тай хамтран)

1988-“Цаг хугацааны товч түүх”/”A Brief History of Time”

1993 -“Хар нүх ба залуухан орчлон ертөнц”/”Black Holes and Baby Universes and Other Essays”

1996-“Цаг хугацаа, орон зайн мөн чанар”/”The Nature of Space and Time” (Роджер Пенроуз /Roger Penrose/-тай хамтран,)

1996-“The Physics of Star Trek” (Лоуренс Краустай хамтран)

1997-” Хүний оюун санаа ба их багын тухайд “/”The Large, the Small, and the Human Mind” (Рожер Пенроуз, Абнер Шимони, Нэнси Картрайт нартай хамтран)

2001-“Самрын ясан доторх ертөнц”/”The Uni­verse in a Nutshell”

2005-“Цаг хугацааны товч түүх”/”A Briefer History of Time” ( Леонард Млодиновтай хамтран)

2005-“God Created the Integers: The Mathematical Breakthroughs That Changed History”

2005-“Information Loss in Black Holes”

2007 – ” Бүх зүйлсийн тухай онол. Орчлон ертөнцийн гарал үүсэл ба хувь заяа” /”The Theory of Everything: The Origin and Fate of the Universe”

2010-“Агуу төлөвлөгөө/”The Grand Design” (Леонард Млодиновтай хамтран)

2013 – Миний товч түүх. My Brief History


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *