Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын дөрвөн ажилтан өндөр хүчдэлд цохиулсан осол өчигдөр /2022.03.01/ гарчээ. Нөхцөл байдлын шалтгааныг цагдаагийн байгууллагаас тодруулахад “ТЭЦ-4 ТӨХК-ийн ажилтан өндөр хүчдэлд цохиулсан осол өчигдөр гарсан. Дуудлага мэдээллийн дагуу тусламж үзүүлэхээр алба хаагчид очсон. Хэргийн шалгалтын ажил үргэлжилж байгаа. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.
Өндөр хүчдэлд цохиулсан дөрвөн ажилтны нэг нь эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан байна. ТӨХК-ийн ажилтан хүчдэлд цохиулаад ухаан алдлаа гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад өчигдөр 09:00 цагийн үед иржээ.
Дуудлагын дагуу Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс очин, шалгахад Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын ээлжийн монтер ажилтай 31 настай Д нь ажлын байран дээрээ өндөр хүчдэлд цохиулж нас барсан байжээ. Одоогоор хэргийн талаар цагдаагийн байгууллагаас хяналт, шалгалт явуулж байна.