Нутгийн минь зун юутай сайхан. Тэр л сайхан зуныг үзэлгүй олон жилийг огоорсноо санаад би харуусч явлаа. Холын газраас бараатай Буга хайрхан уулынхаа амгалан цэнхэрлэх дүрийг Мухар асгатын хяраас шимтэн ширтэж, хүүхэд ахуйн хонгор цайлган сэтгэлдээ хайрлан мөрөөсөхийн амтыг сэм сэмхэн мэдэрч, баяр гуниг гэгч хорвоогийн хоёр өнгийг бяцхан алаг зүрхэндээ танин ядан явсан минь ховорхон олдох жаргал байж уу даа. Тэр цагт Буга хайрхан уул минь сүр хүчин төгөлдөр, идэрхэн эр шиг санагддаг байжээ. Ямагт мишээн байх шиг харагддаг дүмбэгэр ногоон зоонд нь үүлс хөшиглөн хуралдаж тэнгэр барайгаад цахилгаан цахилаад ирэхийн цагт мөнөөх сүрлэг эр хилэгнэн царай хувилгаж, хөмсгөө зангидан байх шиг санагдана. -Хайрхан хилэгнэж байна. Борооших нь ээ гэж хөгшчүүлийн хэлэх нь ёсоор болдогсон. Тэр зун манайх үхэр хариулан Хөх булгийн зусланд зусаж байлаа. Энэ бол ян их хөвчийн царам дахь сэрүүн зуслан агаад уулынхаа хярд морь тушим хур борог, үхэр ширгийн дэвсгэр дээр түмэн зүйлийн цэцэг найгаж, асга тагнай бүрээс нь тунгалаг уст булаг ундран байдаг нар ногоо тэгшхэн ус бэлчээр ойрхон ёстой л сарлагийн нутаг билээ.
Сарлаг асга хаданд авиран хярын зоо өөд асах тусмаа омогшин догширдог, сааль шим сайтай, сүр бараа ихтэй хиймортой ч мал юмсан. Уулын оройд гарч алсуурхан шүнгэнэтэл хэд дүүгүүрдээд л гүргийлэхэд хүр хүр мөөрөлдөн сүүл агсан их нүд гаргаснаа тонгочин тоглосоор асга хадан дундуур туруу шажигнуулан гэрийнхээ гадаа буучихдагсан. Тэгэхэд дүү нар маань тугалаа яаран зэллэж, ээж минь хувингаа барин гэрээсээ гарч ирж байгаа нь торойн харагдана. Манайх гэдэг айл идээ цагаагаар бялхаж, наранд борогшин борлосон хүний бор гэдсээ идээ цагааны дээдээр бордон байсан нь буянт ээжийн минь ач байжээ. Одоо үзэхэд гэрийн маань буйр, тугалын зэл эдгэрэн битүү ногоо ургаж гагцхүү үлджээ.
Би нутаг усандаа ирснийх гэж морь унан айл хунараар бууж уул усаа үзэж явлаа. Нутаг нугынхан минь хөгжин дэгжиж танигдахын аргагүй өөр болжээ. Гэвч юу юунаас илүү санаж сарвайж явдаг төрж өссөн газар нутгаа өөрийн нүдээр үзэж минийх гэж хайрлан бахархах сэтгэл төрөхийг мэдэрч суух сайхан байлаа. Сурагчийн цүнх үүрээд улсын хилийг алхсан дайтай бодож явсан Хөшөөтийн хөтөл дээр гарч, холбоо гурван нуурын толигор цэнхэр мандалд гүн цагаан хунгийн сүрэг хөвж, хөвөө цайдамд нь мал сүрэг багшран налайж билэг дэмбэрэл төгс нэртэй салаа зуслангуудад олон гэр бөмбийн байхыг харж таанын үзүүрт салхи амтлан, Хул морьтын хярд хоньчин хүүхэд жингэнэтэл дуулахыг сонсч суух юутай сайхан байсан гэж санана. Танил хүн шиг харагдах нутгийн минь хад чулуу, бяцхан харгуй, хээнцэрхэн цэцэг, авиа чимээ цөм л бага насны минь тухай хууч хөөрч байлаа. Тэр л хуучуудын дотроос сэтгэлд хамгийн тод үлдэж үе үехэн санаанд бууж сэм сэмхэн сүүрс алдуулдаг нэгэн дурдатгал санагдан аглаг хярын зоонд суудал саатан бодолхийлэхэд дэргэд минь таван дэлбээт турьхан ягаан цэцэг уяхан бүсгүй монгол биелгээ хийх шиг салхин аясаар найган бүжиж тэртээд Буга хайрхан уул тэр л цагийнхаасаа улам ч ханагар болсон юм шиг гудайх наран доогуур хөхөртөн суниаж байлаа. Аавын биеийг амрааж, хярын зоогоор үхэр эргүүлж явахдаа сав л хийвэл мориноос үсрэн бууж цэцэг түүдэг байсан нь ариун хонгор сэтгэлдээ сайн сайхны эмзэг бяцхан далийг өдлүүлж явсных байжээ. Энэ маань түргэн өсч эрийн дайтай эр болж, томчуулд тоогдохын хүслэн, армаг эмнэгийг олны өмнө уургалан тогтоогоод чарлан цамнахын нь ялдамд чихдэн байж мордоод булгиулан гуядахын завсар бахархан гайхах түмэн нүдийг сэмхэн харж, магтан ярилцах үгсийг хоромхон төдийд сонсохын мөрөөдөлтэй холбоотой байлаа. Тэр үед хурсан олны дундаас атаархан хөөрсөн хонин бор нүд нууцхан ширтэж, нүүрэнд нь ямар нэгэн үл мэдэгдэх баярын совин татан байгаасай гэж ямагт хүсдэгсэн.
Үхэр хариулж явахдаа хөхөмдөг цэнхэр манан дунд сүүмэлзэн байх Буга хайрхан уулыг харахад хол ч юм шиг, Бурмаа минь ядарч яваа болов уу гэж санахад ойр ч юм шиг атлаа хэнээсээ ч ичсэн юм бүү мэд, хээрийн хоймор ганц бие нүүр халуу оргидогсон. Бурмаа ээжийгээ өнгөрснөөс хойш өргөмөл ганц ахыгаа бараадсан хоньчин охин байлаа. Биднийг долдугаар ангид байхад ах нь нэг өдөр давхин ирж
-Царай зүс алдчихсан байна. Бие нь их дорой байна. Дэргэдээ аваачиж асарна тэтгэнэ гэж аргадах загнах хослуулсаар аваад явснаас хойш хоёр жил болоход бид уулзаагүй билээ. Харин тэр зун сумын наадам дээр тааралдахад Бурмаа минь өсч өндийсөн ч үгүй, турь муутай жижигхэн биедээ зохисон номхон бор нүд нь улам ч ичимхий, ялимгүй гунигтай тогтуун болж, нөхөөстэй муу ногоон дээл нь хуучивтар сатин дээлээр солигдсон байлаа. Би уулзмагц л -Сургуульдаа очихгүй яагаав гэж асуухад -Зүгээр л гэж аяархан хэлээд нүдэнд нь гийж байсан баярын совин бөхөж царай нь хувиран гунигтай бодлогошронгуй болоод хоншоор нь элэгдэн цоорох шахсан бахиал гутлынхаа ээтийсэн хошуугаар газар оролдон зогсов. Тэгэхэд нь би өрөвдөх сэтгэл төрж басхүү том эр болсноо үзүүлэх омог орж
-Явъя. Хоёулаа гуанзанд орж хоол идье гэх зуур би мөнгөтэй гэдгээ мэдэгдэн өврөө тэмтэрвэл нүдэнд нь баярын оч гялсхийх шиг болсноо унтарч -Ах харчих байх … гэхээр нь -За тэгвэл чи яг эндээ намайг хүлээж байгаарай гэж захиад их асрын ард орхин гүйсээр мухлагт очиж авмаар олон юмнаас харамлан хадгалж явсан арван төгрөгөөрөө чихэр боов тэргүүтэн авчирч өгөхөд баярлаж бас жаахан ичсэн бололтой хоёр гараа нийлүүлэн тосч аваад заримыг нь өвөртлөн заримыг нь амталж зогсохдоо -Ямар сайхан амттай юм бэ гэж чин сэтгэлээсээ хэлээд инээмсэглэхэд нь уулыг ч өргөчихмөөр мундаг эр болсон санагдан хоолой шахан бүдүүн дуугаар ярьж дээгүүр харан ташаа тулан ханхайж ч үзэв. Уг нь Бурмаа маань хөөрхөн хонин бор нүдтэйгээс биш эр хүн омог сүрээ үзүүлж ядах доожоотой ч охин биш, би ч гэсэн шалчгар бор банди л байсан шүү дээ.
Энэ өдөр Бурмаа бид хоёр их л ярив. -Ах маань амралтаараа ирээд авч явна, хотод сургуульд оруулна гэсэн гэж бардамнан ярихад Бурмаа -Нагац эгч захиа болгондоо намайг хотод ир гэж тавьсан байдаг юм. Сургуульд оруулж магадгүй гэсэн. Даанч … ах гээд үгээ таслан горьдонгуй намуун дуугаар хэлэв. Наадмаас ирсэн орой аав ээж хоёр -Дорж нөгөө муу Бурмаагаа наадамд дагуулаад очиж…
-Өө тэгээ юу? -Эх нь байхдаа ганц охиндоо гуйж гувшиж, үнэ хаяж байж авч өгсөн жороо халиун морийг нь Дорж сум сунгаад зарчихсан юм гэнэ. Бурмаа нь уйлж унжиж, явна гэж сүйд майд болсон юм байх. Тэгээд л сэтгэлийг нь хуурч хоёр өдөр хонь дагахаас нь холдуулж байгаа нь тэр биз. -Доржийн царай ч дээ, тэгж л таарна. Шагайгий нь мултартал зардаг мөртөө ганц өөдтэй дээл хийгээд өгчихдөггүй юм гэх чинь билээ. Тэгээд бас хар ус уучихаараа зодно. Ишш хөөрхий миний охин ч болоосой.
-Эхийнх нь үлдээсэн хэдэн малыг Дорж зарж үрээд авдартаа хийчихсэн юм байх. Тэгээд өөрийнхөө мал хөрөнгийг хоёр өрхийн нэр дээр тоолуулаад Бурмаа минь нэгдэлд яасан ч элсэхгүй гээд байх юм, ганц муу дүүгийнхээ аяыг дагахаас яахав гэж ярьж явах юм. -Тийм ч муухай амьтан байх гэж. Архи уучихаад нүцгэн улаан цээжээ ханхалзуулан улцан нүдээ эргэлдүүлээд л шүдээ хавирч суух нь мөн ч аймаар амьтан шүү дээ гэж ярилцахыг сонсоод сая л учрыг ухаарч өрөвдөх үзэн ядахыг харшуулан сууж билээ. Түүнээс хойш үхэр эргүүлэх бүрийдээ Буга хайрханыг дурандан мөөгний хүрээ шиг дугуйран цайрч харагдах олон хот хонины алины нь дэргэд Бурмаа минь яваа бол гэж боддог болов. Бурмаатай уулзан ямар нэгэн юм хэлмээр санагдавч хагас өртөө газар үхрийн бэлчээрээс холдох зүрх дутдаг байлаа. Тэгтэл нэгэн өдөр аав маань баруун хярын адуучингуудаас хоёр морь авчруулахаар намайг явуулахад баярласныг хэлэх юун. Нисэх мэт давхисаар Буга хайрханд гарч Бурмаагаа олж уулзав. Түүний баярлаж байх гэдэг учиргүй.
Наадмаас ирснээс хойш хонинд явсан, хайдаг бор гунжинд тийрүүлж хоёр хоног доголсон, саахалт айл нүүсэн, их ханан хаданд тошлой ургасан тухай шулганан ярьж ичсэн ч юм шиг хацар нь улаа бутравч өөрийн эрхгүй инээд алдаж байлаа. Харин нүцгэн хоёр хөлөө надаас нуух гэж хормойгоороо тунтравч тэр нь хүрэх биш. -Чи хот руу яваач гэж би түүнд шуудхан хэллээ. Бурмаагийн баяр хөөр ор сураггүй арилж нүдэнд нь гуниг тодрон хуруугаараа оролдон доош харж
-Харин ээ. Ах загнах болов уу … гэж аяархан хэлэхэд нь -Загнаж л байг. Яадаг юм, заавал явна гээд уйлаад суучихгүй юу. Тэгээд сургуульд орох хэрэгтэй шүү дээ гэж намайг баатарлан хэлэхэд нэлээд чимээгүй сууснаа -Тийм ээ, харин чи бид хоёр нэг сургуульд орох болов уу гэснээ яагаад ч улсхийж харцаа буруулаад
-Хотод том сам элбэг байдаг болов уу? гэж нэмж асуугаад үсээрээ оролдов. -Байлгүй яахав -Би явсан ч … гэснээ гэнэт царай нь хувиран нүд нь бүлтэгнээд -Ах ирлээ гэж бачимхан шивэгнүүт ухасхийн босч шилбүүрээ шүүрээд хоёр тавхайгаа гялалзуулан хонь руугаа жирийлгэв. Би ч яаран мордож омогтой шартай тэр эрээс буруулан давхив. Түүнээс хойш би өдөр бүхэн Буга хайрхны зүг дурандаж, Бурмаагаа хот яваасай гэж тэсгэлгүй хүсэн, зарим үед хэрэгтэй юмаа гээчихсэн юм шиг сэтгэл хагсрахын учрыг ухаарч ядан явдаг боллоо.
Тэр зун тэр ууланд хичнээн янзын цэцэг ургасныг бүү мэд. Үхэр хариулж явахдаа цэцэг түүж бяцхан дэвтрийн завсар хавчуулна. Дэвтэр минь ч төдөлгүй дүүрч би хамгийн гоё, хамгийн том ягаан цэцгийг шилж түүдэг болов. Түүнээ Бурмаадаа өгөхөөр шийдсэн агаад бүхнээс илүү нандигнан хадгалж хүн үзчих вий гэхээс айдас хүрдэг байв. Ямар номноос хэзээ уншсаныг бүү мэд, бүсгүй хүнд ягаан цэцэг бэлэглэдэг гэж бүүр түүрхэн тогтоосноос өөр мэдэх юм үгүй байлаа. Гэхдээ л энэ маань их ховорхон сонин бэлэг санагдан улам том улам сайхан ягаан цэцэг олохын шуналд автдаг байлаа. Тэр үед манайд нэгэн өнчин хар тугал байсныг сайн санаж байна. Тэр үнээдийг үргэлж хогшиж, эсвэл хувинтай сүү уух юм уу, гэрт орж цагаан идээ бусниулдаг болохоор ад үзэгдэх нь олонтой боловч манайхан бүгд л түүнд хайртай байдагсан. Би улам ч илүү хайртай. Бурмаатай адилхан өнчин юм биш үү гэж бодон ээжээс нуун сүү илүүчлэх, эсвэл бэлчээрт өвс түүж өгөх агаад үргэлж эрхлүүлж мааждагсан. Нэгэн өдөр эрх хар маань сэгсгэр даахиндаа үзэгдэж харагдаагүй сайхан гал ягаан цэцэг оролдуулсаар миний дэргэд ирж билээ. Би баярлахын эрхэнд номоо хаян ухасхийн бостол эрх хар надаас цочиж уруу газар сүүл годойлгон зугтав. Түүнийг би барих гэж ядаад арга зохиож дөрвөн хөллөөд толгойгоо хаялан тоглон наадахад эрх хар нүдээ бүлтийлгэн бөөрөө түнхэлзүүлэн алмайрсан юм шиг зогссоор л байв. Би ч байдаг чадлаараа жүжиглэн ойртсоор хүзүүвчинд нь хариугүй хүртэл үхэр орилолдон мөөрч миний тал бүрээс сүүл агсан дайрав. Айсан нүдэнд олон эвэр түмэн жад шиг сэрийлцэн харагдаж, хашгирах гэтэл хоолой тагжран дэмий л шороо чулуу самардан цацаж байж арай сүлбүүлчихсэнгүй гарав. Намайг чоно болгосныг ухаарч олон үнээдийн дунд маадгар нь аргагүй зогсож байгаа эрх хард уур хүрэх авч басхүү түүний хогшоо зан хөдлөхөд хавирга сүвээг нь цөмөртөл мөргөдөг хөгшин үнээд түүнд ийм хайртай байсанд баярлах сэтгэл төрж яагаад ч юм, Бурмаагаа санан хөнгөн сүүрс алдав.
Удалгүй ах ирж бид хоёр ч явах дөхлөө. Бурмаатай дахин уулзаж мөнөөх бэлгээ өгөхсөн гэж тэсгэлгүй яаравч эв таарахгүй тул нэгэн өдөр зориг шулуудан бяцхан дэвтрээ өвөртлөөд адууны эрэл сунгаж хонины нь дэргэд давхин очив. Бурмаагийн царай цонхийн турсан агаад нүд нь улам гунигтай тогтуун болж давхраа нь нэмэгджээ. Намайг үзээд баярласан боловч төдөлгүй уруу царайлж
-“Ах намайг хот руу яасан ч явуулахгүй, чиний заяа чинь энэ” гэсэн гээд нүдэнд нь нулимс мэлмэрэн доош харав. Миний омог бадарч -Ах бид хоёр нөгөөдрийн шуудангаар явна. Чи тэр үед сумын төвд яваад оч. Би ахад хэлнэ. Тэгээд хамт хотод очъё. Харин ах чинь хойноос хөөгөөд очвол сумын захиргаанд мэдүүлж байгаад аваад явна гэж ярихад түүний царайд горьдсон, эргэлзсэн, айсан байдал ээлж дараалан тодорч байв. Тэгэхэд нь:
-Чи айж байна уу? тэр муу ах чинь яаж ч чадахгүй гэхэд -Айгаагүй л дээ гээд аяархан сүүрс алдав. -Ах чинь зөвшөөрөх болов уу? -Миний ах уу? зөвшөөрөлгүй яахав гэж би сайн ахтайдаа баясан хэлэв. Бурмаа хэсэг чимээгүй сууснаа -Надад үүнээс өөр дээл ч байхгүй, бас мөнгө ч байхгүй гэж шивнэх төдий хэлээд уранхай дээлнийхээ хормойг имрэхэд би энэ тухай сая л санаж
-Аав надад мөнгө өгнө гэсэн. Хот ортол нэг хүний зардалд хэдэн төгрөг авдаг бол гэснээ дэмий юм асууснаа ухаарав.
-Харин … гээд горьдсон нүдээр өмнөөс ширтэхэд хэлэх үгээ олж ядан
-Зарим жолооч зардалгүй аваад явдаг юм гэнэ билээ гэхэд
-Нээрээ юу? гэж баясан дуу алдав.
-Тэгвэл ч болно шүү.
-Бас заавал зардал авна гээд байвал ахаас зээлж цалинтай болохоороо өгчихөж болно шүү дээ.
-Тэр ч болно л доо. Би хэсэг чимээгүй сууснаа нөгөө дэвтрээ сэмхэн гаргаж зүрх чангалан байж
-Бурмаа чи үүнийг үзээч гээд сарвайтал
-Яасан гоё дэвтэр вэ? Ах чинь авчирч өгөө юу? гэж асуун яаран авч эргүүлж тойруулан үзээд хавтсыг нээн цэцгүүдийг сонирхож эхлэхэд миний зүрх жигтэйхэн цохилж хагарчих гэж байгаа юм шиг санагдав. Бурмаа цэцгүүдийг дараалан үзэж гоё сайхныг нь магтан заримд нь хонь их дуртай байдаг юм гэж ярьж байснаа -Чи энэ цэцгүүдээр яах гэсэн юм бэ? гэж асуун сониуч нүдээр харахад нь чамд өгөх гэсэн юм гэж хэлж чадсангүй.-Зүгээр л гэвэл
-Зуны даалгавар чинь юм уу гэж асуув.
-Үгүй ээ,
-Тэгээд бас дандаа ягаан цэцэг гэхэд нь би түгдчин байж
-Ягаан цэцгийг чинь … хүнд өгдөг юм гэнэ лээ гэж арайхийн хэлэхэд
-Ямар хүнд? гэж асууснаа миний нүүр улайн хажуу тийш харахад сая л ойлгов бололтой -Аан гэж уртаар дуугараад чи тэгээд хэнд … гээд түгдрэн чимээгүй болж доош харахад хацар нь болсон алим шиг улаа бутарч байв. Би түүний хажуугаас тонгойн чихэнд нь ойртож -Би чамд. Бурмаа би чамд өгөх … гэтэл нэгэн хүчирхэг гар шилэн дээрээс базан авч өргөхийн хамт хоолой шахагдан амьсгаа бачимдахад -Ха ха … хаа хаа … гэж тавлан инээх хахирган бүдүүн дуу архирах мэт цууриатаад
-За ямар байна? Дахиад хэлээч, муу гөлөг чи л хүүхдийн толгой эргүүлж явдаг бий. Хайртай хоёр уу? … дутуу гарсан ишиг шиг та хоёр уу даа … ха, ха ха … хаа хирээ мэдэж яв гөлөг минь гэж хэлээд түлхэж орхив. Би газар мөргөн ойчив. Энэ үед -Ээж ээ гэж бачимдан чарлах Бурмаагийн дуу сонсогдох шиг болсноо чих шуугин нүд эрээлжлэн газар хөмрөх шиг болов. Төдөлгүй сэхээ орвол хайртай дэвтэр минь том гутлын хоншоорт салам өшиглүүлэн хийсэн одоод, турьхан ягаан цэцгүүд нь асгаран унаж дээрээс нь том палигар тавхай гялалзав. Чихний дүнгэнээ намдан дүлий оргиход -Бас цэцгэнд дуртай … нусгай хонгорууд минь ингээд уулзаж байгаарай гэж адгуус мэт занан бархирах нь тэртээ хол юм шиг сонсогдлоо. Хамраа бөглөсөөр өндийж харвал тоос татуулан хөөж яваа хонин дунд Бурмаагийн минь гандсан алчуур торолзож шилбүүрийн дуу тачигнан холдож явлаа. Нулимс, шороотой хутгалдсан би яаран босч уур хорсолдоо багтран -За муу … Дорж чамайг … гайгүй ээ Бурмаа явах юм чинь … гэж хамраа бөглөсөн тул гуншганан хашгирч загнасаар хоцорч билээ.
Түүнээс хойш газрын хөрсөнд нарийхан үндсээрээ зууралдан, турьхан ишээрээ тулж наран өөд тэмүүлэн ургадаг хээрийн сайхан цэцгүүдийг Дорж палигар том хөлөөрөө газартай наалдуулан бяц дэвсэлж -Ингээд та нар ургаж бай гэж бархиран байх нь нүдэнд харагдан чихэнд сонсогдох шиг болж, ханхар сайхан эр болж ирчихээд түүний булиа хүзүүн дээрээс атган тэнгэрт өргөж Бурмаадаа харуулаад -Чиний хүн дарлаж дээрэлхдэг чинь өнгөрөх нь энэ гэж хэлээд бяц шидэх юмсан гэж хорсон бодсоор байж билээ. Тэр зунаас хойш сайхан цэцэгс хоринтоо дэлгэрч, хорсол минь цагийн хэмэнд элэгдэн арилаад гагцхүү давжаа намхан биетэй, хонин бор нүдтэй охин бяцхан хоёр хөлөө нууж ядан суусан л тодоос тод үлджээ. Бурмаа бид хоёр дахиж уулзсангүй ээ. Хожим сонсвол амьтан ах дүүгийн туслалцаатайгаар саналаараа сангийн аж ахуйд явж, сайн ханийн заяа түшин сайхан амьдарч яваа дуулдсан. Тэрхэн үедээ Доржийн хөлд гишгэгдсэн мэт санагдаж байсан тэр зуны цэцэгс улам өнгөтэй, улам олон болон дэлгэрснийг бодоход харанхуй хар дотортой тэрхүү балмад эр уур хорондоо багтран хөлийнхөө тавгийг хорстол газар дэвсэлснээс биш, нэг ч цэцгийг гишгээгүй мэт санагддагсан. Харин тэрээр палигар том хөлөөрөө Бурмаа бид хоёрын гэнэн хонгор сэтгэл, хүсэл тэмүүллийг бяц дэвсэлж чадаагүйгээ ойлгосон эсэхийг бүү мэд ээ.
Төрийн шагналт зохиолч Далхаагийн НОРОВ