Нийслэлийн Халамжийн үйлчилгээний хэлтсээс Улаанбаатар хотын хэмжээнд орон гэргүй тэнэмэл амьдралтай иргэдийг бүртгэлжүүлэх ажлыг хоёр үе шаттай хэрэгжүүлж байна.
Нийслэлийн Нийгмийн халамжийн газраас Сүхбаатар дүүргийн Тамгын газрын байранд Гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэдийг нийгэмшүүлэх “Гэртээ харих зам” хөтөлбөрийг танилцуулав.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд орон гэргүй тэнэмэл амьдралтай 919 иргэн бүртгэгдээд байгааг Нийслэлийн Нийгмийн Халамжийн Газрын олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Ц.Энхжаргал онцоллоо.
Гэр оронтой хэдий ч өөрийн сонирхлоороо тэнэмэл амьдралаар амьдарч буй иргэд 6.3 хувийг эзэлж байгааг тэрээр дурдсан юм. Тус хөтөлбөрт нийслэлийн хэмжээнд жилд 2.6 тэрбум төгрөг төсөвлөснөөс одоогийн байдлаар нийслэлийн хоёр дүүрэгт 2017 оны төсвөөс санхүүжилт гаргахаар хуваарилжээ. Тодруулбал Сүхбаатар дүүрэг 10 сая төгрөг, Сонгинохайрхан дүүрэгт зургаан сая төгрөгийг Нийслэлийн Нийгмийн халамжийн газраас “Гэртээ харих зам” хөтөлбөрт зориулж олгосон байна. Сүхбаатар дүүргийн хэмжээнд 186 орон гэргүй, тэнэмэл амьдралтай иргэнийг бүртгэлжүүлсэнийг тус дүүргийн Засаг Даргын орлогч Л. Нармандах тодотгов. Тэнэмэл иргэдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч үзэхэд залуучуудын дунд бэлгийн замын халдварт өвчин их байгааг албаныхан хэлж байв.
“Гэртээ харих зам” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамгийн тулгамдсан асуудал бол хөрөнгө санхүү байгааг холбогдох албаныхан өгүүллээ. Тухайлбал орон гэргүй тэнэмэл амьдралтай нэг иргэнийг бичиг баримтжуулахад 18 мянган төгрөг зарцуулдаг байна.