Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх гэж байна. Хуулийг боловсруулах ажлын хүрээнд мэргэжлийн байгууллагууд, хувийн хэвшлийнхэнтэй хоёр, гурван ч удаагийн уулзалт хийж, тэдний саналыг сонссон. Энэ хуулиар тендерийг шуурхай зарлах боломжийг нээж өгч байгаа юм билээ. Хэлэлцүүлгийн үеэр хуулийн төсөл боловсруулагчид болон бизнес эрхлэгчид нэгэн дуугаар тендерийг цахимаар зарлана гэцгээж байсан. Тендерт оролцдог 980 гаруй иргэн, аж ахуйн нэгжийн 92 хувь нь сонгон шалгаруулалтын мэдээллийг цахим системээс авдаг гэнэ. Иймд тендерийг цаасан сонинд зарладаг процессыг өөрчлөх шаардлагатай гэж төсөл санаачлагчид ярина лээ.
Тендерийн зарыг зөвхөн цахимаар зарладаг болбол зардал мөнгө хэмнэх ач холбогдолтой гэж хараад байх шиг. Үнэн хэрэгтээ цаасан сониноос харамлаж, цахимд зориулсан мөнгө чинь Монголд үлддэггүй. Гадаадын компанид л орлого болж очдог. Дэлхий дахин хэвлэл мэдээллийн хоёрхон “байгууллага”-тай болсон. Тэр нь фэйсбүүк, твиттер сүлжээ. Цахимд онлайн байх минут, секунд бүрийн цаана тоолуур ажиллаж байдгийг бүгд мэднэ. Цахим орчинд зориулах мөнгө фэйсбүүк, твиттер компанийн эзэд рүү урсаж байдаг. Тэгэхээр цахимаар зарлаж байгаа мөнгө болгон энэ хоёр америк нөхрийг баяжуулдаг, ийм л энгийн логиктой. Үүнээс болж дэлхий даяар дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сөхөрч байгаа. Манай төр засгийнхан зарлаж байгаа тендерүүдээ дотоодын цахим вэб сайтууддаа байршуулна гэж өөрсдийгөө хаацайлцгаах байх л даа. Тэгсэн ч тэр вэб сайтуудад орж байгаа иргэн бүрийн интернэтэд төлж байгаа мөнгө том зургаараа дээрх хоёр америкийнх юм шүү дээ. Энэ байдлыг олон улс ойлгоод эхэлчихсэн. Тэгэхээр аль болох цахимаас татгалзаж, цаасан сонингоо түлхүү хэрэглэж байгаа.
Төр засгийн зүгээс нийгмийн хариуцлагынхаа хүрээнд дотоодын тогтмол хэвлэл мэдээллийн хэрэгслийг дэмжих үүрэгтэй. Энэ үүргээ ч биелүүлж, тэр дундаа цаасан хэвлэлээр тендерүүдээ тогтмол зарладаг байх ёстой. Гэтэл манай төр тендерийн зарыг цахим дээр байршуулахыг илүүд үзэж байх юм. Яагаад гэвэл цахим сонгон шалгаруулалт нь луйврын эх үүсвэр болдог талтай. Цахимын нэг онцлог нь тухайн зарлагдсан тендер тодорхой бүлэг, оноосон хүмүүст харагдахаар тохиргоо хийж болдог. Ийм аргаар тендерт өрсөлдөгчгүй ялах боломжтой. Дараа нь хэл ам гарангуут тендер зарласан уу гэвэл зарласан гэж хууль хяналтын байгууллагад үзүүлж харуулах ханатай байя гэдэг үүднээс цахимыг сонгоод байх шиг. Гэтэл цахимд байршуулсан мэдээллийг шүүх дээр нотлох баримтын хэмжээнд үздэггүй. Яагаад гэвэл тухайн баримтыг зөвхөн шүүх хуралд нь зориулаад яаж ч өөрчилчихөж болно. Эх хувийг нь тогтооход хүндрэлтэй байдаг болохоор цахим сул тал ийм. Тэгэхээр тендерийг үндэсний хэвлэлүүдэд зарладаг болох ёстой.