Categories
мэдээ нийгэм

Телевизийн мэдээ хүүхдийн амьдрах хэв маягт хор учруулахуйц байна

Хүүхдийн эрх, хамгааллын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хэрхэн мэдээлж, нийтэлж буйд хийсэн мониторингийн дүнг Хэвлэлийн Хүрээлэн, НҮБ-ын Хүүхдийн сан, Хүүхдийн төлөө үндэсний газар танилцууллаа. Таван телевиз, гурван сонин, нэг сайтыг судалгаандаа хамруулжээ.
Судалгаа үндсэн гурван хэсгээс бүрдэж байгаа аж. Үүнд:
-Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хүүхдийн асуудал ямар хэмжээгээр, хэрхэн тусгаж байна вэ?
-Хэвлэл мэдээлэлд хүүхдийн оролцоо ямар байна
-Эрсдэлтэй мэдээлэлээс хэрхэн хамгаалж байна вэ?
гэсэн хэсгүүд багтаж байна. Судалгаанд телевизийн 481, сонины 934, вебийн 76 нэгж мэдээллийг ашиглажээ. Ингэхдээ хүүхдийн хамгийн их телевиз үздэг цаг болох 15.00-22.00 цагийн мэдээллүүдийг хянажээ.
Телевизээр цацагдаж буй хүүхэдтэй холбоотой зарим мэдээлэл хүүхдийн ёс суртахуун, амьдрах хэв маягт хор хөнөөлтэй байж болохуйц байна
Өмнөх жилүүдийн судалгаатай харьцуулахад телевизэд хүүхдийн асуудлыг тусгасан байдал 23.7 хувь буюу өссөн, сонинд 4 хувь буюу буурсан үзүүлэлттэй байгааг Хэвлэлийн хүрээлэнгийн судалгааны ахлах ажилтан Н.Ганчимэг хэлсэн юм.
Телевизүүдээс “Боловсрол суваг” телевиз, сониноос “Зууны мэдээ” хүүхдийн асуудлаар илүүтэй дуугарч, асуудал хөндөж байна.
Харин сонин хүүхдийн эрүүл мэндийг асуудлыг, хүүхдийн хөгжилтэй холбоотой мэдээлэл телевиз, урлаг, спорт, сурлагын амжилтыг веб сайт түлхүү мэдээлдэг аж.
Сонинд хүүхдэд чиглэсэн мэдээллийн 52 хувь нь эерэг, 26 хувь нь сөрөг, телевизэд 70 хувь нь эерэг, есөн хувь нь сөрөг хандлагатай байна. Эрсдэлд орсон хүүхдийн тухай мэдээлэхдээ сэтгүүлч мэргэжлийн болон ёс зүйн алдаа гаргасан тохиолдол бүртгэгдээгүй нь сайшаалтай байгааг тэрээр онцолсон. Гэвч телевизээр цацагдаж буй хүүхэдтэй холбоотой зарим мэдээлэл хүүхдийн ёс суртахуун, амьдрах хэв маягт хор хөнөөлтэй байж болохуйц байгаа аж.
Мониторингийн дүнгээс үзэхэд, бүх насны хүүхдүүдийн оролцох бололцоог хангасан эрүүл ахуй, ахуй амьдралын тухай, хүүхдийн хүмүүжил, гэр бүлийн талаар сургалт танин мэдэхүйн чиглэлийн нийтлэл нэвтрүүлгийн тоог нэмэгдүүлэх, нийтлэлийн бодлогоо баяжуулах хэрэгтэй байгааг мэргэжилтнүүд онцоллоо. Мөн энэ чиглэлээр мэргэшсэн сэтгүүлчдийг бэлтгэх шаардлагатай байна гэж үзлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *