Categories
мэдээ нийгэм цаг-үе

Тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг ирэх сард нааж эхэлнэ DNN.mn

Тээврийн хэрэгслүүдийн RFID цахим гэрчилгээг улсын хэмжээнд 11 дүгээр сарын 1-нээс төв, зүүн, хангай, говь гэсэн бүсчилсэн байдлаар нааж эхэлнэ.

Эхний ээлжид хилийн боомтууд дээрх тээврийн хэрэгслүүдэд, орон нутгийн автотээврийн хэрэгслийн оношилгооны төвүүдээр наах юм. Ингэснээр татвар, даатгал, техникийн хяналтын үзлэг, оношилгоо, торгуультай холбоотой мэдээллийн нэгдсэн сан үүсгэнэ. Төрийн байгууллагууд дээрх мэдээллийг нэгтгэн харах боломжтой болно. Энэ нь ямар нэгэн чип, байршил тогтоогч биш бөгөөд тухайн радио долгионы давтамжтай цэгт, орон нутгийн төлбөр авах цэгүүдээр тээврийн хэрэгсэл зорчиж өнгөрсөн, татвар, даатгал, оношилгоо, техникийн хяналтын үзлэгтээ орсон эсэхийг мэдээлнэ. Татвар, даатгал, торгууль зэрэг ямар нэгэн төлбөр төлсөн байх ёстой гэсэн шаардлага тавихгүй аж.

Улаанбаатарт одоогоор 430 орчим цэгт RFID уншигч төхөөрөмж суурилуулсан бөгөөд цаашид олон улс, улсын чанартай 7500 км авто замд төлбөр авах 33 цэгт суурилуулахаар төлөвлөөд байгааг ЗТХЯ мэдээллээ.

Улсын бүртгэлийн санд өнгөрсөн онд 1.400.000 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байв. Шинэчилсэн бүртгэл хийснээр ашиглалтаас гарсан, сүүлийн таван жилд техникийн хяналтын үзлэгт ороогүй, татвар, даатгалаа төлөөгүй 250 мянган тээврийн хэрэгслийг хасжээ.

Монголд одоогоор 1.180.000 орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэйгээс орон нутагт 470 мянга орчим, нийслэлд 650 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа аж. Замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн 65 орчим хувь нь татвар, даатгалаа төлж, 60 орчим хувь нь техникийн хяналтын үзлэгт орж, 20 орчим хувь нь л торгуулиа төлөөд байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *