Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн
Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хууль бус шийдвэрийн дагуу
2013-2014 онд нийт 9230 тээврийн хэрэгслийг 70,000-80,000 төгрөгөөр зөөж
шилжүүлж, 647,710,000 төгрөг, 2015 оны 2 дугаар сарын 28-ны байдлаар
11746 тээврийн хэрэгслийн дугуйг түгжиж нийт 234,9 сая төгрөгний орлогыг
тус тус хууль бусаар төвлөрүүлж, иргэдийг хохироосон болохыг
байцаагчийн дүгнэлтээр тогтоогдсон талаар ШӨХТГ-аас өмнө нь мэдээлж
байсан. Улмаар иргэдийг энэ хохиролоо барагдуулахын тулд нэгдэн нийлж
шүүхэд хандаж болно гэх утгатай мэдээллийг ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан
хийсэн нь шүүмжлэл дагуулаад байсан.
Тэгвэл ШӨХТГ-аас энэ асуудлыг
шийдвэрлэхээр ажиллаж эхэлсэн талаараа өнөөдөр мэдээллэлээ. Тодруулбал
иргэд өөрт учирсан хохирлоо барагдуулахаар нэг нэгээрээ шүүхэд хандахад
зардал мөнгөнөөс эхлээд хүндрэлтэй тул Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн
төлөө газар иргэдийн эрх ашгийг хамгаалахын тулд “Шударга төрийн төлөө”
ТББ болон “Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбоо” ТББ-тай хамтран
ажиллах санамж бичиг байгуулж, тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлсэн
болон дугуй түгжсэний улмаас хохирсон иргэдэд стратегийн өмгөөлөл
үзүүлэх, нийтийн эрх ашгийг нэхэмжлэн хамгаалах, хохирлыг барагдуулах
ажлыг зохион байгуулж эхэлжээ.
Улмаар 2015 оны зургадугаар сарын 13-ны
өдөр Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны
зургадугаар сарын 26-ны өдрийн 98 дугаар тогтоолоор батлагдсан
“Зориулалтын дугуй түгжигч ашиглах журам”-ыг хүчингүй болгуулахаар
ШӨХТГ-аас Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд нэхэмжлэл
гаргасны дагуу захиргааны хэрэг үүссэн байна. Улмаар “Зориулалтын дугуй
түгжигч ашиглах журам”-ын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтийг маргааш шүүх
хуралдаанаар хэлэлцэх юм байна.
Мөн тээврийн хэрэгслийг зөөж, шилжүүлэх
үйл ажиллагааг явуулах, төлбөр хураамж авах үйл ажиллагааг
хэрэгжүүлэхийг “Замын хөдөлгөөний удирдлагын төв” НӨҮГ-т олгосон
Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/769 дугаар захирамжийг хүчингүй
болгуулах нэхэмжлэлийг Захиргааны хэргийн шүүхэд гаргах ажлыг зохион
байгуулж байгаагаа мэдэгдлээ.
Тиймээс 2013-2014 оны 11 дүгээр сарын
20-ны өдөр хүртэл тээврийн хэрэгслээ ачуулж хууль бусаар хураамж төлсөн,
2014 оноос өнөөдрийг хүртэл тээврийн хэрэгслийн дугуй түгжүүлсэн иргэд
өргөдөл болон холбогдох нотлох баримтуудаа бүрдүүлэн Шударга өрсөлдөөн,
хэрэглэгчийн төлөө газарт хандаж эрхээ хамгаалуулах боломжтой болохыг
дуулгалаа.