Categories
мэдээ цаг-үе

Тэд хамгийн сүүлд Малчин оргил дээрээс гэр бүлийнхэндээ энерги дамжуулжээ

-“Таван хүний амь яригдаж байхад мэдээ хҮлээж суухын оронд шууд нисдэг тэргээр хайсан бол аврах боломж байсан”-

Алтай таван богдод авирч байсан таван иргэн харамсалтайгаар амиа алдсан талаар манай сонин өмнөх дугаартаа мэдээлсэн. Онцгой байдлынхан талийгаачдын шарилыг өчигдөр нисдэг тэргээр Улаанбаатар хотод авчирсан юм. Цаг агаар муу, бороотой байсан учраас нисдэг тэрэг Баянхонгор аймагт хэсэг саатжээ.

Талийгаачид Хүйтний оргил орчимд осгож нас барсан байдалтай олдсон талаар эх сурвалж мэдээлсэн. Туршлагатай уулчид үүнийг тайлбарлахдаа “Онцгойгийнхон тэднийг дурангаар харж олсон гэсэн. Ил харагдаж байсныг бодоход нэг олсонд явсан багийнхан ангал руу унаж амиа алдаагүй. Мөн цасан нурангид ч дарагдаагүй. Ангал руу уналаа гэхэд бүгд өндөрлөг газар гарч ирсэн байна. Цаг алдалгүй хайсан бол талийгаачдыг эсэн мэнд олох боломж байсан. Эрлийнхэн цаг алдсан учраас тэр хүмүүс осгож амиа алдсан гэж таамаглаж байгаа юм.

Уулчид маш тэвчээртэй хүмүүс байдаг. Бага зэргийн гэмтлийг даагаад яваад байх чадвартай. Хэд хоногийн өл даах ч тэвчээртэй. Гурван хоногийн дараа тэдний цогцсыг оллоо шүү дээ. Тэгэхээр амь тавьтлаа эрлийн багийнхныг хүлээж, маш их зовсон байх. Үнэхээр харамсалтай байна. Туршлагатай, Монголд нэр алдартай уулчдын дэргэд явж байгаад амиа алдсанд, эрлийнхэн цаг алдсанд харамсаад барахгүй юм” гэлээ.

Наадмын өдрүүдэд Алтай таван богд руу авирах аялалыг “Mongolia expeditions” компани зохион байгуулсан. Гэхдээ тус компанийн захирал С.Алдархишиг “Манайхаас зохион байгуулсан, гавьяат тамирчин Г.Өсөхбаярын удирдсан аялалд 10 гаруй хүн бүртгүүлж авиралтад оролцсон. Тэнд манай багаас гадна Эрдэнэтийн баг, оросууд, судлаачдын баг очсон байсан. Сураггүй болсон хүмүүс манай багт бүртгэлгүй. Хамгийн гол нь тэд нэг олсноос бэхлэгдсэн, туршлага багатай гэдэг нь санаа зовоож байна” гэж мэдэгдсэн юм. Харин талийгаачдын ар гэрийнхэн, дотны хүмүүс нь Алтай таван богд руу аялуулах зар түгээж, хүмүүсийг уриалсан компанид гомдолтой байгаа бөгөөд, эрсдэлтэй замд зохион байгуулалтгүй олон хүнийг авч явсан гэж үзэж байгаа аж.

Тэд facebook дэх зараар нэгджээ

“Mongolia expeditions” аялал жуулчлалын компани өнгөрсөн зургадугаар сарын сүүлчээр facebook-ээр Алтай таван богдод аялах аялал зохион байгуулж байгаагаа зарлаж, аялагчдыг нэгдэхийг уриалж эхэлжээ. Анх Алтай таван богдын Хүйтний оргилд Оросын мөсөн гол судлаач, уулчин ах дүү Борис Владимирович, Михаил Владимирович Тронов нар 1915 оны долдугаар сарын 12-нд гарч байсан түүхтэй. Үүнийг Алтай таван богдод уулчин гарсны 100 жилийн ой гэж үзэж, тус компани аялал зохион байгуулахаар болжээ. “Mongolia expeditions” компани уулын авиралтыг 2006 оноос хойш зохион байгуулж, 200 гаруй уулчдыг аялуулж байсан түүхтэй. Алтай таван богдод хүн авирсны 100 жилийн ойд зориулсан аялал энэ сарын 8-15-ныг хүртэл үргэлжилжээ. Аяллын үнэ 720 мянган төгрөг бөгөөд энэ дүнд Улаанбаатар-Баян-Өлгий чиглэлийн онгоцны тасалбарын үнэ ороогүй аж.

Хүйтний оргилд уулчид аялах зараар талийгаачид нэгдэж, нэг баг болохоор ярилцсан талаар дотны хүмүүс нь ярьсан. Тэд аялал зохион байгуулагчидтай холбогдож, мэдээлэл авч байгаад нэг өдөр явсан гэнэ. Талийгаачдын гурав нь сайн танилууд бөгөөд өмнө нь хамт ууланд авирч, аялж байжээ. Харин хоёр нь уулын аялал сонирхдог бөгөөд, сонирхлынхоо дагуу нэгджээ. Талийгаачид энэ сарын 8-ны өдөр Баян-Өлгий аймгийн төвөөс Цэнгэл сумын Хар-Уул багийн нутаг Алтай таван богд руу хөдөлжээ. 200 гаруй км замыг туулж, Цагаан гол орчимд хоноглосон байна. Маргааш нь Таван богд уулын бааз руу явган аялжээ. Тэр өдрөө далайн түвшнээс дээш гурван мянга орчим метрийн өндөрт гарсан талаар хамт явсан уулчдын нэг нь ярьсан юм. Долдугаар сарын 10-ны өдөр уулчид далайн түвшнээс дээш 4050 метрийн өндөрт Малчин оргилд гараад отог руугаа буцжээ. Ингэхдээ тэд Хоног толгойд буюу 3600 орчим метрийн өндөрт хоножээ. Маргааш нь Хүйтний оргил руу хойд талаас нь авирсан байна. Хүйтний оргил дээр Алтай таван богд руу авирсан бүх хүмүүс цуглаж, амарсан бөгөөд буцах замд нэг олсонд холбоотой явсан таван хүн сураггүй болсон байна. Тэдний нэг нь унаж, хоёр эмэгтэй хүн орилохыг Эрдэнэтийн багт явсан уулчин сонссон аж. Түүнийг шокын байдалтай байгааг эх сурвалж хэлсэн юм.

Уулчид сураггүй болсон талаар “Mongolia expedi­tions” компанийн багийнхан отогтоо ирээд мэджээ. Өглөө нь гавьяат тамирчин, уулчин Г.Өсөхбаяр тэргүүтэй уулчид эрэлд гарсан ч сураггүй болсон хүмүүсийг олоогүй аж. Улмаар энэ сарын 12-ны 02.35 цагт Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газарт хэл дуулгажээ. Онцгой байдлын газрын долоон алба хаагч, Хилийн 0285 дугаар ангийн дөрвөн алба хаагч, уулын авиралтын дөрвөн тамирчин нийт 15 хүн, гурван машинтайгаар эрэн хайх, аврах ажиллагааг энэ сарын 13-наас эхлүүлжээ. Эрлийн баг энэ сарын 14-ний орой Хүйтний оргилоос таван хүний цогцос олсон бөгөөд маргааш нь нисдэг тэргээр Өлгий хотод авчирчээ.

Талийгаачдын нэг нь уулын спортын зэрэгтэй байжээ

Алтай таван богдод сураггүй болж, эндсэн таван хүний гурав нь ууланд авирч байсан туршлагатай байжээ. Тэднийг “Эрүүл монгол-хайкинг” клубын гишүүн Д.Гомбосүрэн ахалж явсан аж. Тэрээр 37 настай. Уулын спортын хоёрдугаар зэрэгтэй тэрбээр өмнө нь Сутай, Цамбагарав хайрхан, Алтай таван богдод авирч байжээ.

Түүнтэй хамт явсан О.Гантөмөр 49 настай. Сүхбаатар аймгийн Тохижилт үйлчилгээний нэгтгэлд ажилладаг байжээ. Дугуйн спортоор хичээллэдэг тэрбээр сонирхлоороо дотоодын хэд хэдэн ууланд авирч байсныг эх сурвалж хэлсэн юм.

Амиа алдсан хоёр эмэгтэйн нэг нь Б.Долгорханд. 57 настай тэрээр явган аяллын клубыг ахалдаг байжээ. 2011 онд явган аяллын улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж байсан тэрээр цэргийн байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэртээ гарчээ. Түүний ахалж байсан клубт цэргийн байгууллагад ажиллаж байсан хүмүүс байдаг бөгөөд жилд хоёроос гурван удаа уртын явган аялал зохион байгуулдаг аж.

Тэдэнтэй хамт явсан 21, 48 настай хоёр иргэн анх удаа ууланд аялж явсан гэдгийг эх сурвалж хэлсэн.

“Тэр ӨндӨрт, цасан дунд хэр удаан Үхэлтэй тэмцэж зовсон бол гэж бодохоос л…”

Талийгаачдын нэгийнх нь ар гэрийнхэнтэй холбогдож ярилцлаа.

-Танай гэр бүлийнхэнд уншигчдынхаа өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье.

-Бид хүнээ хүлээж аваагүй байна. Цаг агаараас шалтгаалж нисдэг тэрэг нь саатсан гэнэ. Үнэхээр юу ярьж, хэнд хандахаа мэдэхгүй байна. Шарилыг нь хараагүй болохоор ямар байдалтай нас барсныг нь ч таамаглаж чадахгүй юм. Тэр өндөрт, цасан дунд хэр удаан үхэлтэй тэмцэж зовсон бол гэж бодохоос л…

-Алтай таван богд руу авирахаар явах гэж байгааг нь хэзээ мэдсэн бэ. Хамт явах хүмүүсийнх нь талаар асууж, судалсан болов уу?

-Гэнэт л шийдчихсэн байсан. Алтай таван богдод хүн авиралт хийсний 100 жилийн ойн аялал зохион байгуулах талаар уулын спорт сонирхогчид бүгд шахам мэдэж байсан. Аяллын компани нэгдсэн журмаар зохион байгуулж байгаа гэж найдчихсан байсан юм. Гэтэл “Mongolia expeditions” компанийн захирал мөнгөө өгсөн арваад хүмүүсийг л хариуцаж явсан гэсэн утгаар ярьж байна лээ. Нэг хүнээс 1.5 сая орчим төгрөг авсан гэсэн. Тэр багт нь ороогүй ч хамт явсан хүмүүсийг нэгдсэн зохион байгуулалтад оруулсан бол гай тохиохгүй байсан болов уу гэж бодох юм. Миний сонссоноор 20-иод хүн л явсан юм билээ. “Mon­golia expeditions” компанийн багт гавьяат тамирчин Г.Өсөхбаяр, уулчин С.Бат-Эрдэнэ гээд туршлагатай хүмүүс явсан байна лээ. Нэгэнт л ой гэж нэгдсэн журмаар явж байгаагийнх явж болох, болохгүй газрыг нь тэмдэглээд бүх хүнийг зохион байгуулалтад оруулчих боломж байсан. Гэтэл “Зөвхөн мөнгө өгсөн нь манайх” гэдэг хандлагаар хандсан бололтой юм.

-Талийгаач хамгийн сүүлд хэзээ холбоо барьсан бэ?

-Сүлжээтэй газраас ярьж байсан. Хамгийн сүүлд “Малчин оргил дээрээс энерги дамжуулж байна шүү. Энерги тосоод аваарай” гээд инээгээд ярьж байсан. Тэр яриа нь одоо ч сонсогдоод байх юм. Тэгж яриад л сураггүй болсон.

-Онцгойгийнхонд мэдэгдэхээс өмнө уулчид бас эрэлд гарсан байна лээ?

-Нэг өдөр хайгаад, шөнө нь онцгойгийнхонд мэдэгдсэн гэсэн. Эрдэнэтийн багийн уулчдын төгсгөлд явсан эмэгтэй талийгаачдын нэгийг унахыг харсан гэсэн. Мөн хоёр эмэгтэй орилохыг сонссон гэсэн. Тэр даруйдаа тэнд байсан хүмүүс буцаад хайсан бол яах ч байсан юм билээ. Тэр дороо яагаад буцаагүй юм бол гээд сураглахаар “Шуургатай байсан учраас буцах боломж байгаагүй” гэж ярьсан гэсэн. Гэтэл тэр эмэгтэй харсныг бодоход нүдгүй шуураагүй байх. Алтай таван богд руу авирсан уулчид “Бид түрүүлээд буучихсан. Тэд уулан дээр удсан учраас биднээс хоцорсон” гэж ярьж байна гэсэн. Орой отогтоо цугласны дараа таван хүн байхгүй байгааг мэдээд өглөө нь эрэлд гарсан бололтой юм билээ. Нарийн учрыг нь мэдэхгүй юм.

-Талийгаачид ангалд унасан байж болох ч, дээшээ гарч чадсан. Осгож амиа алдсан. Тэгэхээр цаг алдаагүй бол аврах боломж байсан гэж туршлагатай уулчид таамаглаж байна лээ.

-Хүнээ хараагүй болохоор ямар байдалтай амиа алдсаныг нь хэлж чадахгүй байна. Гэхдээ яаж ч бодсон таван хүний амь нас яригдаж байхад фургоноор хайж, цаг алдсанд харамсч байна. Аймгаас Алтай таван богд хүртэл 200 гаруй км, зам муутай. Фургоноор хагас өдөр явж очсон байх. Очоод ууланд авирах бэлтгэл хангалттай байсан уу. Эрлийн багийнхан холбоо барьж, нэмэлт хүч нэхээгүй учраас нисдэг тэргээр хайхгүй гэдэг утгатай мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газрын хэлтсийн дарга өгч байна лээ. Үнэндээ эрэлд явж байсан хүмүүст ядаж иридиум утас байсан болов уу. Таван хүний амь яригдаж байхад мэдээ хүлээж суухын оронд шууд нисдэг тэргээр хайсан бол аврах боломж байсан болов уу гэж харамсах юм. Наадам таарч, хаа хаанаа алгуурласан болов уу гэж бас хардаж байгаа. Хэрвээ шууд нисдэг тэрэг гаргаж эрлийг эхлүүлсэн бол тэр хүмүүс осгож амиа алдахгүй байсан байх. Бид учрыг мэдэхгүй буруу ярьж байж ч магадгүй. Алдсан хүн арван тамтай гэж элдвээр л таамаглах юм.

-Талийгаачдыг ууланд авирах туршлагагүй байсан талаар мэдээлж байна.

-Хэдэн золбин нөхдүүд тэнэж явсан юм шиг ярьж, бичих юм. 20 гаруй оргилд авирч байсан туршлагатай уулчин тэр багт байсан юм билээ. Уулчид тэнгэр рүү тэмүүлсэн тэнгэрлэг хүмүүс байдаг. Хаа дуртай газраа тэнээд явдаг юм биш гэв.

Ц.ӨРНӨХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *