Categories
мэдээ улс-төр

ТБХ:Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ DNN.mn

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2024.06.04/ хуралдаан 11 цаг 50 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын дөрвөн гишүүнээс 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийн  эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед олонхын дэмжлэг авсан саналыг нэмж тусгасан эцсийн хувилбар болон танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Энэ талаарх Байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

Дараа нь “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед гишүүдээс хууль хоорондын нийцлийг хангах, өрийн удирдлагыг боловсронгуй болгох үүднээс тогтоолын төслийг боловсруулан батлуулах нь зүйтэй гэсэн санал дэмжигдсэн тул “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан байна.

Тогтоолын төсөлд Монгол Улсын зээл, тусламжийн нэгдсэн бодлогын хүрээнд төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн авсан зээл, тусламжийн мэдээлэлд шинжилгээ хийж, Өрийн удирдлагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасны дагуу Засгийн газрын гадаад зээлийн талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлох, Өрийн удирдлагын тухай хууль болон холбогдох бусад хуулийн өрийн удирдлагын эрх зүйн зохицуулалтын үр дүнд дүн шинжилгээ хийж, улсын нийт гадаад өр, улсын салбар, төрийн нийт өр, Засгийн газрын өр, орон нутгийн өр, төрийн болон орон нутгийн өмчит хувьцаат компанийн өрийн хамрах хүрээ, нэршил, тодорхойлолт, хязгаарлалтыг шинэчлэн боловсруулах, Засгийн газрын гадаад зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн, хэрэгжиж байгаа төслүүдийн үр дүн, үр ашигт дүн шинжилгээ хийх, төслүүдийн хүрээнд үүссэн хөрөнгийн өмчлөл, эргэн төлөлтийн харилцааг тодорхой болгох, санхүүгийн хөрөнгө, өр төлбөрийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх, үе шаттайгаар хөгжүүлэх, зээлийн хөрөнгийн зарцуулалтын үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор гадаад зээлийн хөрөнгөөр зөвлөх үйлчилгээ, төсөл хэрэгжүүлэх нэгжийн зардал зэрэг урсгал зарлагыг санхүүжүүлэхгүй байх чиглэлийг цаашид баримтлах, Засгийн газраас гадаад зээлийн гэрээ байгуулахдаа бодит эдийн засгийг дэмжсэн байх, үр ашигтай байх, дунд хугацааны хөгжлийн бодлого, улсын хөгжлийн төлөвлөгөөний баримт бичигт тусгасан байх шалгуурыг баримтлах, гадаад өр, улсын салбарын, төрийн өрийн болон олон улсын нэгдсэн бүртгэл, стандарт, аргачлалыг нэвтрүүлж, холбогдох дэд бүтэц, мэдээллийн системийг сайжруулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгахаар тусгасан байв.

Төслийн талаар асуулт асууж, үг хэлж, зарчмын зөрүүтэй санал гаргах гишүүн байсангүй. Иймд Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22-т заасны дагуу хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг гаргалаа. Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *