Өнөөдөр баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төвийн нутгийн зарим газраар, маргааш төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар, 6,7-нд зарим газраар хур тунадас болон цас орно. Салхи 4,5-нд ихэнх нутгаар, 6,7-нд нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурах төлөвтэй байна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир болон Туул, Тэрэлж, Онон, Халх голын саваар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус, Их нууруудын хотгор болон говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 8-13 градус дулаан байх тул малчид, ард иргэдэд сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Бaруун зүгийн нутгаар агaaрын темперaтурын сарын дундаж нь Алтай, Хангайн уулархаг нутгаар 5-9, Алтайн өвөр говиор 15-19, бусад хэсгээр 10-15 градус дулаан буюу Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтайн ихэнх нутаг, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим бaйх төлөвтэй байгаа аж. Төвийн нутгаар Хөвсгөл, Архангайн ихэнх нутаг, Өвөрхангайн баруун хойд, Төв аймгийн зүүн хэсгээр 4-9 градус , бусад хэсгээр 10-15 градус дулаан буюу ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим бaйнa. Зүүн зүгийн нутгаар агaaрын темперaтурын сарын дундаж нь бүх нутгаар 10-15 градус дулаан байх ба ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим байх болно. Харин Говийн нутгаар Өмнөговь, Дорноговийн өмнөд хэсгээр 15-19, бусад нутгаар 9-14 градус дулаан буюу ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна гэж Ус цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.
Баруун зүгийн нутаг
Энэ сар Баян-Өлгийн нутаг, Увс, Ховдын баруун, Говь-Алтайн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, Увсын зүүн, Баянхонгорын баруун хойд хэсэг, Завханы ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу, баруун аймгийн бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орно. Нэгдүгээр арав хоногийн эхэн ба дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхний хагаст баруун аймгийн ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох аж. Хоёр ба гуравдугаар арав хоногийн сүүлчээр баруун аймгийн зарим газраар, гуравдугаар арав хоногийн эхний хагаст ихэнх нутгаар бороо орох төлөвтэй байгаа юм. Дээрх үеүдэд зарим газраар салхи 12-14 м/с хүрч ширүүсэх ба ялангуяа нэг ба хоёр, гуравдугаар арав хоногийн эхээр баруун аймгуудын өмнөд хэсгээр 16-18 м/с, зарим үед 22 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй.
Төвийн нутаг
Хөвсгөлийн зүүн, Архангайн хойд хэсэг, Булган, Сэлэнгийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу, Төв аймгийн зүүн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас байх төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхний хагаст төвийн ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. Хоёр ба гуравдугаар арав хоногийн сүүлчээр төвийн нутгийн зарим газраар, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар дуу цахилгаантай хур тунадас орох төлөвтэй. Дээрх үеүдэд салхи нутгийн өмнөд хэсгээр 12-14 м/с, ялангуяа нэг ба хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим үед 16-18 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй. Дээрх үеүдэд салхи зарим газраар 12-14 м/с, нэгдүгээр арав хоногийн эхэн болон эцэс, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зарим үед 18-20 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна.
Зүүн зүгийн нутаг
Энэ сард Хэнтийн өмнөд, Сүхбаатарын баруун хил орчмын нутгаар олон жилийн дунджаас бага, Дорнодын нутаг, Сүхбаатарын зүүн хэсгээр олон жилийн дунджаас ахиу, зүүн зүгийн бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй Нэгдүгээр арав хоногийн эхэн ба сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр зүүн зүгийн ихэнх нутгаар хур тунадас, Хэнтэйн уулсаар нойтон цас орно. Гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар, сүүлчээр нь зарим газраар дуу цахилгаантай бороо орох төлөвтэй байна.
Говийн нутаг
Дундговь, Өмнөговийн зүүн, Говь-Сүмбэр, Дорноговийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага, Дундговийн баруун, Өмнөговийн баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, говийн бусад нутгаар дунджийн орчим байна Нэгдүгээр арав хоногийн эхэн ба дунд үеэр зарим газраар хур тунадас орно. Хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орох төлөвтэй байгаа аж. Нэгдүгээр арав хоногийн эхэн ба дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар 16-18 м/с, зарим үед 24 м/с хүртэл ширүүсч их төлөв шороон шуурга шуурах төлөвтэй байгаа аж.
С.Ариун