Categories
мэдээ эдийн-засаг

Тавантолгойд хөрөнгө оруулах хэлэлэцээ өнөөдөр эхэлнэ

Тавантолгойн ордод хөрөнгө оруулан, хамтран ажиллах сонгон шалгаруулалт шинэ оны өмнө дуусаж, Японы “Сүмитомо”, Хятадын “Шинхуа энержи”, Монголын “Энержи ресурс” компанийн хамтарсан консорциум ялагчаар тодорсон. Хөрөнгө оруулж, хамтран ажиллах хэлэлцээг Ажлын хэсгийнхэн өнөөдөр эхлүүлэх юм. Засгийн газрын төлөөлөл болон тус консорциумынхан Цагаан сараас өмнө хэлэлцээг дуусгахаар тохиролцоод байгаа аж. Тавантолгойн ордын лиценз төрийн мэдэлд үлдэх бол үйл ажиллагаа, менежментийг нь сонгогдсон консорциум хариуцан ажиллана. Сонгон шалгаруулах Ажлын хэсгийн ахлагч, Монгол Улсын сайд М.Энхсайхан “Сонгон шалгаруулалтад их боломжийн консорциум ялсан” гэж ярьсан.

Уг консорциум Тавантолгойн нүүрсний уурхайд нийт дөрвөн тэрбум ам.долларын хөр өнгө оруулах санал гаргаад буй. Тэднийх Тавантолгойн орд газарт нэмэлт хайгуул хийж нөөцийг нэмэгдүүлэх, төмөр зам барих, 2.5 жилд 30 сая тонн нүүрс боловсруулах хүчин чадалтай үйлдвэр байгуулах, Хятадын “Чалко” компанид тавьсан “Эрдэнэс Тавантолгой”-н өрийг барагдуулахад энэ хөрөнгийг зарцуулах аж.

Тус консорциум төмөр замын суурь бүтцийн 51 хувийг 30 жилийн дараа төрийн өмчид шилжүүлэн өгөх үүрэг хүлээхээ мэдэгдсэн. Мөн Монголын Засгийн газар хүсвэл эргэн суутгаж авах нөхцөлтэйгөөр 250-300 тэрбум төгрөгийн урьдчилгаа төлж болно гэжээ. Уг консорциумын санал нь Засгийн газрын шаардлагыг бүрэн хангасан юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *