Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Таван толгойн нүүрсийг үнэд хүргэх гарц

Урд хөршийн “Винсвэй интерпрайсес холдинг” компанийн урт хугацааны зээлжих зэрэглэл CCC-гээс SD болж буурсныг Standart & Poors зарлалаа. Нүүрсний зах зээлийн гол тоглогч гэгддэг энэ компанийн үнэлгээ эх орондоо ч сайн биш байна. Хятадад зээлжих зэрэглэл нь D гэсэн ангилалд багтчихаад буй. Шуудхан хэлэхэд “Винсвэй”-н дампуурал эхэлчихлээ. Өнгөрсөн сард бондын хүүгийн төлбөрт өгөх учиртай байсан 13.15 сая ам.доллараа төлж чадаагүй. Дараагийн нэг сарын боломжит хугацаанд ч төлбөрөө гүйцэтгээгүй компанийн хувьд дампуурал ойрхон ирсэн гэсэн үг.

Standart & Poors бол улс орон, компаниудын зээл­жих зэрэглэлийг тогтоо­дог, дэл­хийд хүлээн зөвшөөрөгдсөн гурван байгууллагын нэг. Хятад бол коксжих нүүрсний зах зээл дэх дэлхийн гол хэрэглэгч. Харин “Винсвэй” Монголын компаниудын нүүр­сийг авч цааш нь үнэ нэмж худалддаг “ченж” компани. Өмнийн говьд нүүрс олборлодог хэдийн маань гол түнш. Тэд боловсруулаагүй, шороотой нүүрсээ уурхайн аман дээрээсээ барьж очоод хэр таарсан үнээр нь “Винсвэй” мэтийн компанид өгчихдөг юм. Урд хөршийн “ченж” компаниудын хамгийн аварга нь. Монголчуудаас боловсруулаагүй нүүрсийг нь дажгүй үнээр авч цаашаа­­гаа овоо хэдэн юм нэмээд зарчихдаг ченжийн систем урд хөршийн зах зээл дээр төдийгөөс өдий хүртэл үйлчилсээр ирсэн. Одоо ч Өмнийн говьд нүүрс олборлодогтөрийн өмчтэй компани маань яг ийм системээр нүүрсээ борлуулж буй.

Өмнөговьд нүүрсээ угааж, нэмүү өртөг шингээж борлуулдаг ганцхан компани бий. Тэр нь “Энержи ресурс”. Өнөөдөртөө тэд нүүрсээ гавьтай борлуулж чадахгүй, өчнөөн тэрбумаар босгосон баяжуулах үйлдвэрээ бүрэн хүчин чадлаар нь ажиллуулж амжихгүй суугаа. Өдий хүртэл “ченжийн” тогтолцоо нүүрсний зах дээр хүчтэй оршсонучраас ийм дампуу дүр зураг өнөө болтол үргэлжилсэн хэрэг.

Харин одоо байдал өөрчлөгдөх нь “Винсвэй”-н дампуурлаас тов тодорхой харагдаж байна. Тодруулж хэлбэл урд хөршийн түүхий нүүрснээс татгалзаж эхэлсний нэг илрэл нь “Винсвэй”-нуруудалт болж байна. Хятад дэлхийн коксжих нүүрсний зах зээлийн үнийн удирдаач. Тэнд хэрэглээ ихэсвэл нүүрсний үнэ өснө. Хэрэглээ нь хумигдвал үнэ дагаад уруудна. Нүүрсний зах зээлд ийм хүчтэй нөлөөтэй улс түүхий нүүрснээс татгалз­саныг батлах шалтгаан ганц “Винсвэй”-н уруудалтаар зогсохгүй. Хятадын Эрчим хүчний үндэсний газар энэ сарын 5-нд Нүүрсний цэвэр хэрэглээ технологи нэвтрүүлэх таван жилийн төлөвлөгөө гаргаснаа өнгөрсөн долоо хоногт мэдэгдлээ. Түүхий нүүрснээс татгалзсан энэ хөтөлбөр өнөөдрөөс 2020 он хүртэл хэрэгжинэ. Уг нь шинэ юм биш л дээ. Урд хөрш аль эртнээс ногоон эдийн засгийг дэмжинэ гээд түүхий нүүрсийг зах зээлээс шахах агуулгатай заалт багтсан хөтөлбөр энэ тэрээ баталчихсан байсан. Тэр бодлогоо л хэрэгжүүлж эхэлсэн нь энэ.

Хятадын хувьд манайх шиг хөгжлийн хөтөлбөр гаргаад маргааш нь мартаж орхидог улс биш. Хэрэгжүүлнэ л гэсэн бол ямар ч хөтөлбөр амьдрал дээр буудаг. Төр нь дэмжинэ л гэвэл ямар ч компаниа босгоод ирдэг. Унагая гэвэл ямар ч том компани сүйрлээ зарлахад гайхаад байх юмгүй. Манай шороотой нүүрсийг хямд үнээр авч хил давуулаад баяжуулах үйлдвэрт угааж цааш нь ахиу үнээр зардаг “Винсвэй” шиг компаниудаа Хятадын төр өмнө нь дэмждэг байсан. Ийм компаниудыг нүүрсний салбарынхан “дундын” гэж тодотгодог. Төр нь дэмжиж байсан болохоор дундын компаниудын бизнес цэцэглэж байсан юм. Энэ удаа Хятадын төр “Винсвэй”-н түүхэн үүрэг дууссан гэж үзсэн учраас л нэгэн цагт нүүрсний зах зээл дээр мандаж явсан компани зээлээ төлж чадахгүйд хүрч шалдаа буусан хэрэг. Урд хөршид учир шалтгаангүй, бодлогогүй, санамсаргүй, тохиолдлын юм гэж ерөөс үгүй гэдгийг үүнээс гадна өчнөөн жишээгээр нотолж болно.

Товчхондоо нүүрсээ нийлүүлдэг урд хөрш маань “Түүхий нүүрс авахгүй шүү, та нар нүүрсээ угааж баяжуулаад зарвал зар, чадахгүй бол уучлаарай” гэчихлээ. Ирэх таван жилийн хугацаанд урд хөршид нүүрс баяжуулах, гүн боловсруулах үйлдвэр, цогцолбор олноор баригдах гэж байна. Хоёр жилийн дараа дотооддоо хэрэглэх нүүрснийхээ далан хувийг баяжуулж, 2020 онд бараг ихэнх нүүрсээ боловсруулж хэрэглэх нь тодорхой болжээ.

Тэгэхээр бидэнд одоо ганцхан зам байна. Таван толгойн нүүрсээ угааж баяжуулж байж л Хятад гэдэг аварга зах зээл дээр үнэ хүргэж борлуулах цор ганц зам байна. Нэг статистик хэлье. Уг нь Таван толгойн коксжих нүүрс дэлхийд гэж ярихаар чанартай. Гэтэл өнөөдөр бид урд хөршид коксжих нүүрс нийлүүлдэг бусад улсаас 1-3 дахин хямд үнээр нүүрсээ зарж байна. Боловсруулаагүй, эцсийн зах зээлд шууд хүрдэггүй, “ченж”-ийн дүрмээр ажилладаг захтай учраас Монголын нүүрс ийм үнээр зарагдаж байгаа хэрэг.

Манайд нүүрс угаах үйлдвэр барьсан нэг л компани байгаа, тэр нь “Энержи ресурс” гэж өмнө хэлсэн. Дорнын луу “Винсвэй” мэтийн дундын компаниудаа биш “Шинхуа” шиг боловсруулсан нүүрсийг эцсийн зах зээлд, далайн боомтод хүргэдэг аваргуудаа дэмжээд эхэлчихлээ. Тэгэхээр Таван толгойн саяхны хэлэлцээрээр за зүй болоод тохирчихсон “Энержи ресурс”, “Шинхуа”, “Сумитомо” гэсэн хослол урд хөршийн зах зээл дээр жинхэнэ тоглогч байж чадна гэсэн үг.

“Энержи ресурс”-ийн хувьд нүүрсний зах зээл дээр зөв тоглогч гэсэн эерэг имижтэй. “Винсвэй” мэтийн дундын компаниудад нүүрсээ ухаж гаргаад шороотой нь аваачаад өгчихдөггүй. Хөрөнгө оруулалт хийж үйлдвэрээ барьсан компани. Нүүрсээ үнэ хүргэж зарж чадаж байгаа үндэсний ганц маань. “Шинхуа” хилийн цаанаас эцсийн хэрэглэгч буюу далайн боомт хүрсэн өөрийн төмөр замтай. Манайд хөрөнгөө гаргаад төмөр зам барьж өгнө гээд дуугарчихсан. Эд хамтарвал Цогтцэцийд ажиллаж буй угаах үйлдвэрийг өргөтгөөд л асуудал шийдэгдэнэ. Монгол нүүрс дажгүй үнээр далайн боомтод хүрч Австралитай жинхэнэ утгаараа өрсөлдөж эхэлнэ. “Сумитомо”-гийн хувьд Таван толгойн нүүрсийг Япон, Солонгос, Энэтхэг зэрэг гуравдагч зах зээлд ахиу үнээр зарах менежментийг төвөггүй хийх туршлагатай компани. Японы зах зээлд менежмэнтээ хийгээд эхэлсэн гэх өөдрөг мэдээг “Сумитомо”-гийн төлөөлөгч Эдийн засгийн чуулганы үеэр дуулгасан нь ердөө саяхны үйл явдал. Тэнд цугласан баялаг бүтээгчидлав алга ташин хүлээж авсан. Дахин хэлэхэд “Винсвэй” дампуурсан нь, “Шинхуа” төмөр зам барьж, боловсруулсан нүүрсийг чинь далайн боомтод хүргэе гэж дуугарсан нь тохиолдлын зүйл биш. Хятад гэдэг аварга зах зээл боловсруулсан нүүрс авъя гэж байгаагийн л дохио. Өмнөх Ерөнхий сайдурд хөршид айлчлаад ирэхдээ “Тэд биднээс 20 жилийн хугацаанд нэг тэрбум тонн нүүрс авъя гэж байна” гэсэн гэгээтэй мэдээ дуулгаж байлаа. Тэд манай дарга нар шиг өнөөдөр хэлснээсээ маргааш буцдаг улс биш. Тэрбум байтугай тонныг хорин жилийн дотор өлхөн авчихаар хэрэглээтэй орон. Гэхдээ өнөөдрийнх шиг түүхий нүүрс гаргая гэвэл авахгүй л дээ. Боловсруулсан нүүрсийг бол асуудалгүй худалдаж авна гэдгээ сая гаргасан шийдвэрээрээ нотолчихлоо. Манай дарга нар шиг биш гэснээс сүүлийн үед дарга нарынхаа өмнөөс нүүр хийх газар олдохоо болилоо. Өмнөөс нь халгаад байх юм, заримдаа. Сүүлийн үед нэг нь “за” гэчихээр нөгөө нь “үгүй” гэж гэдийгээд ажил уядаг байдал хэрээс хэтэрснийг монголчууд бултаараа харж, сонсоод гундуухан аж төрцгөөж байна.

Өчнөөн судалгаа хийж байж, удтал ярилцаж хэлэлцсэний эцэст сая нэг “за” гэж дуугардаг, “за” гэвэл ёогүй Япончууд лав өдийд толгой сэгсэрч суугаа. Жишээ нь “Сумитомо” Таван толгой дээр хамтарна гэсэн шийдвэрээ өнөөдөр нь сонсоод маргааш нь гаргах компани биш. Таван толгойн хэлэлцээрт багтаж ажилласан хүмүүсийн өчнөөн хугацааны хөлс, хүч тэдний шийдвэрт нөлөөлсөн байж таарна. Төр төлөөлсөн гурав нь цугаараа очоод “за зүй” болсон нь ч барагтай зүйлд шийд гаргаад байдаггүй арлынханд итгэл өгсөн нь гарцаагүй. Асуудлыг энэ хүртэл нь явуулчихаад дэлхийд гэж яригдах том компанийнх нь урмыг хугалаад буцаачихдаг бодлогогүй улс дэлхий дээр Монголоос өөр байхгүй л болов уу. Дарга нарынхаа өмнөөс нүүр халуу оргиод байгаагийн учир энэ л дээ.

Ер нь тэгээд энэ дарга нарын хэлснээсээ буцдаг элдэв араншин, том төслүүдийг гацааж байгаа ойлгомгүй авирыг гэнэн, бодлогогүй, эв түнжингүй гэвэл хэт өнгөц дүгнэлт болно. Цаана нь арай л өөр дүр зураг харагдаад байгаа юм…

Удахгүй Энэтхэгийн Ерөнхий сайд ирнэ. Дарга нар маань бас юу гэж худлаа хэлэх бол гэхээс яс хавталзаж л байна. Хятад, Энэтхэг хоёр дэлхийн коксжих нүүрсний 80 хувийг хэрэглэдэг аварга зах зээл. Энэ хоёр улсын импорт 2016 он гэхэд 100 сая тонноор нэмэгдэнэ гэсэн статистик бий. Уг нь бидэнд “Сумитомо”-гоор дамжаад Энэтхэг гэсэн аварга зах дээр нүүрсээ нийлүүлэх боломж байгаа. УИХ дээр гацчихаад байгаа Таван толгойн гэрээ шийдлээ олж, Энержи ресурс, Сумитомо, Шинхуа гэсэн гурвал Таван толгойн ордыг хөдөлгөвөл Энэтхэгийн зах зээл үүдээ нээснээс ялгаагүй болно. Энэтхэгийн Ерөнхий сайдын айлчлалын үеэр Монголын коксжих нүүрс гуравдагч зах зээлд гарах асуудал сөхөгдөж таарна. Манай төрийн хэд өнгөн дээрээ “Бид танай улсад нүүрсээ гайгүй үнээр нийлүүлэх сонирхолтой байна. Ингэхийн тулд чадах бүхнээ хийнэ” гэж дуу нийлүүлчихээд явангуут нь маргасан дүр эсгэж асуудлыг замхруулж мэдэх л улс. Таван толгойн хэлэлцээний өнөөгийн дүр зураг ийм эргэлзээ төрүүлээд байна л даа. Ядаж Энэтхэгийн Ерөнхий сайдыг ирэхэд дуу нэгтэй байж, шийдэл дээрээ ч үзэл бодол нэгтэй зогсмоор байх юм. Тэгж байж л Монголын нүүрсийг ахиу үнээр авах сонирхол гуравдагч зах зээлд төрнө.

Урд хөршийн хувьд ганцхан коксжих нүүрсэн дээр өндөр шаардлага тавиагүй. Эрчим хүчний нүүрсэн дээрээ ч стандарт мөрдөж байгаа. Хятадын зургаан яам байгууллага хамтраад “Арилжаанд зориулагдсан нүүрсний чанарын хяналтын талаар мөрдөх түр журам” гэж баталжээ. Тэд агаарын бохирдлоо бууруулах гэж худалдаж авах нүүрснийхээ химийн элементийн агуулгад анхаараад эхэлчихэж. Зүгээр нэг угаасан нүүрс биш, доторх химийн элементийн агуулга нь хор багатай байх ёстой гэсэн өндөр босго Монголын нүүрсэнд ч мөрдөгдөх нь ойлгомжтой. Оны эхнээс мөрдөж эхэлсэн түр журам ёсоор Хятад Улс шаардлагад нийцээгүй нүүрсний импорт, борлуулалт, холын зайн тээврийг хориглоод байна. Он гарсаар манай нүүрс тээвэрлэгч жаран машиныг ийм шалтгаанаар хил дээрээс буцаасан гэсэн мэдээг Р.Жигжид сайд саяхан өгснийг бодоход тэдний шийдвэр хэрэгжээд эхэлсэн гэсэн үг. Урд хөрш маань бидний нүүрсийг ялгаж ангилж, зөвхөн шаардлагад нийцсэнийг ньшилж байгаад авдаг болжээ.

Дахин хэлье. Нүүрсээ угааж, боловсруулж, өндөр стандартыг нь хангаж байж Хятадын зах дээр гайгүй үнээр борлуулах нь тодорхой болсон энэ үед бидэнд нэг л гарц байна. Тэр нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн том компаниудтай түншилж, чанартай нүүрсийг эцсийн хэрэглэгчид нь дажгүй үнээр зарах. Ингэж чадах хослол нь өмнө хэлсэн “Энержи ресурс”, “Сумитомо”, “Шинхуа” гурав. Тэгж байж монгол нүүрс Хятадын зах зээл рүү ногоон гэрлээр гарч, гуравдагч зах зээл дээр үнэ хүрнэ.

Ц.БААСАНСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *