Нийслэлийн Өмч хувьчлах комиссын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.
Хуралдаанаар Нийслэлийн ИТХ-ын 2013 оны 13/48 дугаар тогтоолоор
шийдвэрлэсэн “Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлдвэрийн барилгыг
нээлттэй дуудлага худалдаагаар хувьчлах асуудал хуулийн дагуу хэрхэн
үргэлжилж байгаа талаар хэлэлцлээ.
“Улаанбаатар таймс”сонины хэвлэх үйлдвэрийн барилгын хувьчлалын талаар
нийслэлийн Өмчийн харилцааны газраас дараахь мэдээллийг өглөө.
Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2015 оны 10 сарын 27-ны өдрийн 29
дүгээр тогтоолоор хуучнаар “Улаанбаатар таймс” нийслэлийн өмчит
үйлдвэрийн газрын Хэвлэх үйлдвэрийн барилгыг 7 155 000 000 төгрөгөөр
хувьчлахаар шийдвэрлэж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарласны дагуу
нээлттэй дуудлага худалдааг 2015 оны 11 сарын 30-ны өдөр зохион
байгуулжээ.
Нээлттэй дуудлага худалдаанд:
-
Ваня овогтой Энхбаатар
-
Капитрон банк
-
Баасан овогт Батнягт
-
Занган овогтой Пүрэв-Очир
-
Забоонтариж овогтой Абдулкарим
-
Блью Мон ХХК
-
Бодь овогтой Отгонжаргал
-
Таван богд трейд ХХК
-
Ренчин овогтой Мандах нар оролцсон.
Дуудлага худалдаанаас хэвлэх үйлдвэрийн барилгыг 24 тэрбум төгрөгөөр
иргэн Ж.Абдулкарим худалдан авах эрхтэй болж, 2015 оны 11 сарын 30-ны
өдөр 12/2015 дугаартай гэрээ “Худалдах, худалдан авах гэрээ”-г
байгуулсан байна. Харин удаах үнийн саналыг Таван богд трейд ХХК 23
тэрбум 850 сая төгрөгөөр өгсөн.
Иргэн Ж.Абдулкарим нь дэнчингийн төлбөр болох 715,5 сая төгрөгийн
Төрийн санд тушаасан бөгөөд худалдан авсан барилгын үнийг хуульд заасан
хугацаанд буюу 2015 оны 12 сарын 14-ний өдрийн ажлын цагт багтаан төлөх
ёстой байсан. Гэвч 2015 оны 12 сарын 07-ны өдөр “Хүндэтгэн үзэх
шалтгааны улмаас энэхүү дуудлага худалдааны ялагчаас татгалзаж байна”
гэсэн өргөдлийг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт ирүүлжээ.
Иргэн Ж.Абдулкаримын худалдан авсан барилгын үнийг төлөх хуулийн
хугацаа 12 сарын 14-ний өдөр дууссан тул Төрийн болон орон нутгийн
өмчийн тухай хуулийн 43,6-д заасны дагуу удаах үнийн саналыг өгсөн /23
850 000 000 төгрөг/ Таван богд трейд ХХК-нд Нийслэлийн Өмчийн харилцааны
газраас тус барилгыг худалдан авах саналыг 2015 оны 12 сарын 15-ны
өдрийн 7/8531 тоотоор хүргүүлсэн байна.
Харин Таван богд трейд ХХК нь 2015 оны 12 сарын 18-ны өдөр дэнчин болох
715,5 сая төгрөгийн Төрийн сангийн дансанд төвлөрүүлж, 14/2015
“Худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулаад байна. Хуулийн дагуу Таван
богд трейд ХХК худалдан авах төлбөрөө 2016 оны 01 сарын 01-ний өдөр
Төрийн сангийн дансанд тушаах ёстой.
Хуралдааны үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын
Захирагч, Нийслэлийн Өмч хувьчлах комиссын дарга Э.Бат-Үүл “Хуулийн
дагуу Өмч хувьчлалын дуудлага худалдаанд оролцож худалдаж авахаар болж,
дэнчингийн төлбөрийг Төрийн санд байршуулсан ч худалдаж аваагүй бол
тухайн мөнгийг эргүүлэн олгодоггүй заалттай.Тиймээс хуулийн хугацаанд
санал болгосон үнийн дүн бүхий төлбөрөө тушаагаагүй тул Монгол Улсын
иргэн Ж.Адбулкарим Хэвлэх үйлдвэрийн барилгыг худалдаж авах хамтын гэрээ
хүчингүй болсон” гэлээ. Мөн иргэн Ж.Адбулкарим чухам юунаас болж
татгалзах шийдвэр гаргасан талаар тодруулахад Нийслэлийн Өмчийн
харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар “Бидэнд өгсөн өргөдөлд хүндэтгэн
үзэх шалтгаанаар гэсэн байсан. Харин өргөдлийг хүргүүлсэн бие төлөөлөгч
хэвлэл мэдээлэл, сошиал медиа болон бусад шугамаар дарамт учруулж хүнд
байдалд оруулсан гэж хэлсэн” гэлээ.
Нийслэлийн Засаг дарга “Монгол Улсын иргэн Ж.Адбулкарим татгалзах
өргөдөл өгсний дараа би түүнд Ил захидал хүргүүлсэн. Манай улс бол
Ардчилсан Монгол Улс. Тиймдээ ч манай иргэд хэвлэл мэдээлэл, сошиал
медиагаар жирийн иргэн битгий хэл Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий
сайд, Хотын даргаа шүүмжилдэг. Харин үүнээс болж татгалзаж байгаа бол
нийгэмд их буруу хандлага үүсгэж байна. Хэн нэгэн ирээд өмч хувьчлалаар
тоглоод байж болохгүй” хэмээн хэллээ. Мөн тэрээр Үндсэн хуулинд заасны
дагуу Монгол Улсын нутаг дэвсгэр дээр амьдарч буй хэн ч байсан хуулийн
хамгаалалтад байдаг. Тиймээс Монгол Улсын иргэн Ж.Абдулкарим санаатай
дарамталсан үйл явдал байгаа бол хууль хяналтын байгууллагад хандаж,
шалгуулах бүрэн эрхтэй гэдгийг зориуд анхааруулъя гэлээ.
Хуульд заасны дагуу Улаанбаатар таймс сонины хэвлэл үйлдвэрийн барилгыг
худалдаж авахаар дэнчингээ төвлөрүүлсэн Таван богд трейд ХХК нийт
төлбөрөө 2016 оны 01 сарын 01-ний өдрийн дотор Төрийн сангийн дансанд
байршуулснаар худалдах, худалдан авах гэрээний дагуу тус газрыг худалдан
авна. Газрын эзэмшлийг худалдан авсан иргэн, аж ахуйн нэгжид 60 жилийн
эрхтэйгээр олгоно.