Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дэх Тасганы овооны орчмыг бичил цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулж өнөөдөр нээлээ. Энд 1,7 га газарт зүлэг, мод тарин цэцэрлэгжүүлж оршин суугчдын амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх тухтай орчин болгожээ. Цэцэрлэгт хүрээлэнд усалгааны систем, замын гэрэлтүүлгийг холбож, 4000 гаруй мод, сөөг тарьжээ. Тасганы овооны орчмын газрын хөрс шаварлаг учир зүлэг мод тарихад тохиромжгүй байжээ. Гэсэн хэдий ч хөрсийг хуулж, 20 см орчим зузаан хөрс шинээр дэвсэн таван төрлийн мод, бут суулгасан байна. Мөн 1073 м.кв явган зам тавьж, ойр орчмын олон жижиг овоог нэгтгэн тохижуулсан нь амралт зугаалгын ногоон орчин болжээ.
Энэ цэцэрлэгт хүрээлэнг жилийн дөрвөн улиралд байнгын үйлчилгээтэй байлгах юм байна. Мөн жил бүр мод нэмж тарих, байнгын арчилж тордож байх нэгжийг Нийслэлийн нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн дэргэд байгуулжээ.
Нийслэлд 1,3 сая хүн ам оршин сууж байна. Хоёр жил орчмын өмнө нээгдсэнээр Үндэсний цэцэрлэгт хүрээлэн амралтын өдрүүдэд олны хөлийн газар болдог хэдий ч гэр хорооллоос уг хүрээлэнг зорих оршин суугчдад олон автобус дамжих, замын ачаалал, түгжрэлд орох зэрэг бэрхшээлтэй байдаг аж. Харин Тасганы овооны цэцэрлэгт хүрээлэн ажиллаж эхэлснээр нийслэлийн хойд хэсгийн гэр хорооллуудын оршин суугчид, мөн хотын төв, баруун хэсгийн оршин суугчид ч амарч зугаалахын тулд нийслэлийн зүүн урд захад байх Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг зорих шаардлагагүй болж байна. Нийслэлийн засаг захиргаа оршин суугчдынхаа эрүүл амьдрах нөхцөлийг бүрдүүлж ногоон байгууламжийг нэмэгдүүлэхээр 2020 он хүртэл 20 томоохон цэцэрлэгт хүрээлэн байгуулах төлөвлөгөөтэй байгаа тухай Нийслэлийн байгаль орчин, ногоон хөгжлийн газрын дарга Г.Болормаа энэ үеэр мэдээлэв. Тасганы овооны цэцэрлэгт хүрээнг байгуулахад 320 сая орчим төгрөг зарцуулсан гэв.
Дэлхийн банкны “Цэвэр агаар” сангаас хэрэгжүүлж буй төслөөр нийслэл хотын нөхцөлд хамгийн сайн тохирох ногоон байгууламжийн төрлийг тодорхойлох, тогтмол усалгаатай, усалгаагүй, бордоотой, бордоогүй гэх мэт өөр хоорондоо ялгаатай ногоон байгууламжийг нэмэгдүүлэх боломжтой эсэхийг судалж, туршилт хийж байгаа юм байна.
Гэрэл зургийг
Г.Лхагвадорж