Categories
мэдээ нийгэм

Таны гал тогоонд: Хонины шарсан хавирга

Орц:

-Хонины хавирга

-Чихэрлэг соус

Амтлагч:

-Урт сонгино

-Цагаан гаа 100 гр

-Карри 30 гр

-Нухсан сонгино

-Цагаан вино

-Давс

-Элсэн чихэр

Хийх арга:

Амтлагчуудаа хольж хавирган дээрээ түрхэнэ. Амталсан хавиргаа битүү баглаад 1-2 цаг байлгах эсвэл хөргөгчинд хийгээд хонуулбал бүр амттай болдог. Амталсан хавиргаа мөнгөлөг цаасаар битүүмжлээд (шарах зуухаа 200 градуст 15 мин халаасан байх ёстой) шарах зуухны 180 градуст 40 мин орчим шарна. Дараа нь гадна өнгийг шаргалтуулахын тулд мөнгөлөг цаасыг нээж 200 градуст 10 мин шарна. Ингэснээр шарсан хавирга бэлэн болно. Хачирт нь төмсний нухаш зохимжтой.

Улаан лоолийн зутан

Орц:

/Зургаан хүнийхээр/

-1.5 кг улаан лооль

-Хоёр ширхэг сонгино

-Гурван хумс сармис

-Чидун жимсний тос

-Сахар

-Давс, хар перец

-Гурван стакан тахианы эсвэл ногооны тунгалаг шөл

Бэлтгэх нь:

Зуухаа 220 градуст халаана. Улаан лоолио угаагаад голоор нь хоёр хуваагаад зүссэн талыг нь дээш нь харуулан тавцан дээр нэг эгнээ байрлуулна.

Сонгиноо арилгаад нимгэлэн хэрчинэ. Улаан лоолин дээрээ нимгэлэн хэрчсэн сонгиноо өрнө. Эцэст нь чидун жимсний тосоо тараан асгаад давс, сахар, хар перцээрээ амтлаад халаасан зуухандаа хийн улаан лоолио шаргалттал нь ойролцоогоор 30 минут шарна.

Шаргалтсан улаан лоолио ялгарсан шүүснийх нь хамтаар томхон саванд хийгээд дээрээс нь халуун тахиа эсвэл ногооны тунгалаг шөлөө нэмнэ. Галаа ширүүн дээр тавин буцалгаад галаа зөөллөн 10 минут буцалгана.

Болсон шөлөө няцалж зутан болгоод улаан лоолийн хальснаас салгаад дахин нэг няцал давс перецээр амтална.

Бууцайтай блинчик, махан ороомог

Блинчикний орц:

-Сүү-500 гр

-Өндөг-гурван ширхэг

-Гурил-280 гр

-Укроп-1 ц/х

-Давс-1 ц/х

-Масло-60 гр

-Бууцай-нэг атга

Шанзанд:

-Машиндсан мах,

-Сонгино,

-Сармис,

-Амтлагчууд

Хийх арга: Өндгөө задалж хутгаад сүү, давс, укроп, зөөлрүүлсэн масло зэргээ нэмээд сайтар холино. Үүн дээрээ гурилаа нэмж хийгээд бөөн гурилгүй болтол нь сайтар хутгана. Хайруулын тавгаа маслоор арчаад зуурмагнаасаа бага багаар тасалж авч хийгээд зуурмагаа өөрөөр нь эргүүлж тарааж хоёр талаар нь хайрна.

Махаа маслонд сонгино, сармисаар амталж хуураад, давс бусад амтлагчуудаар амтална. Шөлийг нь ширгэтэл хуурна.

Үүнийгээ блинчикэндээ ороож дээр нь майонез, кетчуп, сүмс зэргийг дусааж амталж болно. Энэ зуушийг хүүхдийн төрсөн өдрийн ширээнд тавибал илүү тохиромжтой.

БЭЛТГЭСЭН:

Д.САР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *