Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны дөрөвдүгээр сарын 5-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Олон улсын олимпын хорооны ивээл дор зохион байгуулагддаг тив, дэлхийн наадам болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах, мөнгөн шагнал олгох журамд өөрчлөлт орууллаа.
Биеийн тамир, спортын салбарт ёс зүй, сахилга хариуцлагыг сайжруулах үүднээс олимп, паралимпын наадам, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон бусад спортын наадам, тэмцээнд амжилт гаргасан тамирчин, түүний дасгалжуулагч нарт Засгийн газраас олгогддог мөнгөн шагнал, сар бүрийн урамшууллыг ёс зүйн дүрэм болон хуулийн хариуцлага хүлээсэн тамирчин, дасгалжуулагч нарт олгохгүй байх зохицуулалтыг шинээр тусгалаа.
Товч мэдээ
· Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг (2022-2023 оны зээлийн төлөвлөгөө) соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
· “Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт”-ыг Улаанбаатар хотноо 2023 оны зургадугаар сарын 26-29-нд зохион байгуулна. Швейцарь Улсын Женев хотноо төвтэй Олон улсын худалдааны төв болон Эдийн засаг, хөгжлийн яам хооронд Солилцох захидал болон Харилцан ойлголцлын санамж бичгийн төслийг хэлэлцээд уг төслүүдэд гарын үсэг зурах эрхийг Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарт олголоо.