Одоогоос 20 жилийн өмнө буюу 2001 оны сүүлээр Афганистаны Талибуудын удирдагчид ямар ч утгагүй үхлээр үрэгдэж байснаас ялагч АНУ-ын талд орох нь дээр хэмээн шийдэж, огтхон ч ичиж, эргэлзэхгүйгээр бууж өгч, дайснуудтайгаа нэгдсэн юм.
Гэвч энэ бол тэдний уугуул Паштун соёлд гүн сууж, 1996 онд талибуудыг эрх мэдэлд хүргэсэн Исламын Деобанди хөдөлгөөн өвдөг сөхөрсөн гэсэн үг биш байв. Тус хөдөлгөөн анх 1979 онд Зөвлөлтийн эзлэн түрэмгийллээс Пакистанд дүрвэсэн талибууд буюу Исламын сургуулиудын оюутнуудын дунд бий болон дэлгэрч эхэлсэн. Энэ хөдөлгөөн Арабын булангийн улсуудын мөнгө, Пакистаны тагнуулын байгууллагын санхүүжилтээр тэтгэгдсээр Исламын шашны талаарх талибуудын үзэл цэвэр ариун соёл болж хувирав.Мөн дайны хөлд сүйдэж, авлига, үзэн ядалтад баригдсан Афганистанд зарим хүмүүс талибуудын үзэл суртал, хатуу чанга хууль л хүнд хэцүү амьдралыг нь өөрчлөх гарц хэмээн харж байлаа. Удалгүй талибууд 1994 онд эх орондоо үйл ажиллагаа явуулж эхэлсэн агаад хоёрхон жилийн дотор Афганистаны ихэнх хэсгийг мэдэлдээ оруулж, засгийн эрхийг авч байсан түүхтэй. Өнөөдөр 25 жилийн дараа талибууд дахин төрийн эрхийг авч байна. Авлигад идэгдсэн Афганистаны засгийн газар сул дорой, оршин тогтнохын төлөө үргэлж гадаадын хүчнээс хамааралтай, дотоодын тэмцэл, цэргийн удирдагчдын завхралд баригдсан газар байлаа. Гэтэл АНУ болон түүний холбоотнууд энэ онд Афганистаны үндэсний армиас нүүр буруулахад Талибууд ялах нь ердөө цаг хугацааны асуудал
болоод байсан юм. Үнэндээ 2001 онд афганчууд дундад зууны үеийн харгис Шариатын хуулийг дагахаас залхаж, өмнөд паштунуудын эрх мэдэлд туйлдаж, ялангуяа маш их ашиг олдог хар тамхины наймааг нь устгасанд ихэд бухимдсан тул ихэнх овгийн удирдагчид АНУ-ын хүчтэй хамтран талибуудыг төрийн эрхээс буулгаж, хөөж явуулсан билээ.
Талибуудын мэдэлд байсан Афганистанд хар тамхины наймаа тухайн үед экспортын гол бүтээгдэхүүн болж, жилд дунджаар дөрвөн тэрбум ам.долларын ашиг олж байлаа. Энэ наймаанд бүлэглэлүүдийн удирдагч нар, цагдаа, цэрэг, Пакистаны тагнуул, мафиуд, Кабулын баячууд хутгалдаж байсан гэдэг. Тухайн үед талибууд “Аль Каида”-гийн алан хядагчдыг орогнуулж, барууны ертөнцөд төдийгүй дотооддоо маш олон дайсантай болсон байлаа. Удалгүй Осама Бин Ладен есдүгээр сарын 11-ний аймшигт халдлагыг зохион байгуулсан нь энэ бүхнийг туйлд нь хүргэж, АНУ цэргээ хөдөлгөсөн юм. Яг үнэндээ талибууд хэзээ ч олон улсын терроризмыг сонирхож байсангүй. Харин “Аль Каида” бүлэглэлд тусалсан нь тэдний түүхтэй холбоотой аж. Тухайлбал, Бин Ладен болон түүний ойр дотныхон 1979 оны Зөвлөлтийн эзлэн түрэмгийллийн үед Афганистаны талд хүч нэмэн байлдаж байсан түүхтэй. Иймд талибууд эртний анд нөхөртөө дайчид бэлтгэх бааз байгуулахыг зөвшөөрч, зочдыг хамгаалдаг Паштунвали соёлын дагуу орогнол олгосон юм.
НАТО, АНУ, Кабулын засгийн газрын бодлоор Пакистанаас дэмжлэг авдаг Талибан хөдөлгөөний удирдагч нар сүүлийн 20 жилийн туршХильменд мужид суурьшиж, гадаадын хүчнүүдээс гатлахад бэрх намгаар хамгаалагдаж байлаа. Энэ хугацаанд тэд утгагүй дайны төлөө асар их цус урсгаж, олны итгэлийг хөсөрдүүлсэн юм. Хильменд мужийг эзлэн авах, хар тамхины наймааг устгах Талибаны гол хоёр шийдвэрийн үр дагаварт газар тариалангаараа их ашиг олж, энх тунх оршиж байсан тус мужийг дайны талбар, гадаад цэргүүдийн оршуулгын газар болгон хувиргажээ. Түүнээс хойш талибууд НАТО-гийн эсрэг тулалдахдаа нутгийн хар тамхины бүлэглэлүүдэд ихэнх ажлаа даалгаж, хааяа тэдэнд тусалдаг болов. Удалгүй барууны хүчнүүд туйлдаж эхлэв. Иймд тухайн үед талибуудад зөвхөн хүлээх л үлдээд байсан аж. Барууны олон орны тагнуулын мэдээллээр талибууд зөвхөн хар тамхиар санхүүждэггүй аж. Тэд голдуу хууль бусаар ашигт малтмал олборлох, өөрсдийн мэдэл дэх нутгуудаас татвар хураах, Персийн булан дахь нууц ивээн тэтгэгчдээс тусламж авах замаар хөлжиж байжээ. Өдгөө тэд дахин төрийн эрхэнд гарсан нь эмэгтэйчүүдийн хувьд ертөнцийн төгсгөл гэмээр аймшигт хувь тавилан болж байна. Учир нь өмнө нь Афганистан талибуудын мэдэлд байхад эмэгтэйчүүд сургуульд сурч боловсрох хориотой байлаа. Тэр үед эмэгтэйчүүдийг албан шахалтаар бурка нөмрүүлж, гэрт нь хорьж, эр хүний өмч хэмээн үздэг байв. Хэдийгээр орчин үед афган эмэгтэйчүүд боловсрол эзэмших болсон ч талибууд дахин төрийн эрхэнд гарснаар түүх давтагдаж болзошгүй болоод байна. Уг нь орчин үеийн боловсролтой Кабул хотын бүсгүйчүүд бизнес эрхлэх, улс төрд оролцох, тэр байтугай мужийн засаг захиргаа, яамдыг удирдах эрх, боломж, чадвартай байсан юм. Тиймдээ ч нисэх онгоцнууд руу афганчууд чихэлдэн дайрч, амиа ч хайхралгүй онгоцноос зүүгдэн, зарим нь унаж үхэж байгаа нь гайхмаар зүйл огтоос биш аж. Өдгөө афган эмэгтэйчүүдэд үлдсэн сүүлийн найдвар бол Талибан түр хугацаанд эмэгтэйчүүдийн эрхийг хадгалж, үг хэлэх эрх чөлөөг нь үлдээх санал тавьж магадгүй юм.
CNN
Орчуулсан
Г.АМАРСАНАА