Гурван өдрийн турш Японы спортын томоохон байгууллагууд болох Спортын холбоодын нийгэмлэг, Биеийн тамирын их сургууль, Олимпийн музей, жүдогийн “Кодокан” дэвжээнд зочилсон бид Оита мужийн Үса хотын захиргааны танхимд энэ сарын 8-ны 14:15 цагт цуглацгаав. Бид гэдэг нь Япон улсын түүх, соёл, шинжлэх ухааны талаарх мэдээллийг түгээн дэлгэрүүлэх, хоёр улсын харилцааг өндөр түвшинд залгамжлах зорилго бүхий “Jenesys 2023” хөтөлбөрийн оролцогчид. Танхимд ахимаг насны зургаан хүн зэрэгцэн суугаа угтлаа. Тэд бол бидний “аав ээжүүд”. Гурван өдрийн турш япон хүн хэрхэн яаж амьдардаг, ямар соёл уламжлалтай болохыг харуулж хамт амьдрах гэр бүлийн гишүүд. Япончууд бол сахилга баттай, ёс зүйтэй үндэстэн байдаг тухай мянга уншиж, сонсож, энэ тухай лавшруулан сонирхох болсон миний хувьд аяллын гол хэсэг энэ байлаа. “Jenesys” хөтөлбөрийн гол үзэл санаа энэ хэсэгт агуулагдаж байгааг ч зохион байгуулагчид онцолж байв.
Манай багийн шинэ гэр бүл Masako Tokieda-гийнх. Masako Tokieda өндөр туранхай, япон эрчүүдийн царайны төрхийг илтгэх хавтгайдуу нүүртэй 60 гаруй настай болов уу гэмээр дуу цөөтэй хүн аж. Харин эхнэр нь том хүнхгэр нүдтэй европ төрхтэй нэгэн байв. Бид Masako Tokieda гуайтай альпард машинд суух зуур эхнэр нь амьжиргаа цагааны жолоо мушгиад бидний урд гаран сүнгэнэж одов. Оита муж бол Японы баруун урд хэсэгт байрладаг, халуун рашаанаараа алдартай бүс нутаг. Үса хот ч тэр. Уулын энгэр дагуу байршсан, ой мод, ногоон байгууламж ихтэй. Хүн амын олонх нь газар тариалан эрхэлдэг гэмээр дүр зурагтай угтсан юм. Арав гаруй минутын дотор уулын энгэр дагуух орон сууцнууд руу өгсөөд Masako Tokieda-гийн гэрийн гадна явж очлоо.
Эднийх Японы уламжлалт загвар бүхий гурван хэсгээс бүрдсэн, хоёр давхар орон сууцтай аж. Олон жил гадны зочид, жуулчдыг хүлээн авч заншжээ. Тайвань хүүхэд залуус байрлаж байгаад биднийг ирэхийн урьд өдөр нутаг буцсан гэнэ. Тиймээс ундуй сундуй байна гэж гэрийн эзэгтэй хүлцэл өчив. Гэрийн эзэд ярианы англи хэлтэй юм байна. Бид тэрүүхэндээ бичил танилцаж, цай уугаад ачаа бараагаа цэгцлэв.
Удалгүй Masako Tokieda дуудаж, мөөг түүхээр явцгаана гэв. Хоёр хүн дундаа нэг сагс аваад машинд суугаад зүүн тийш гүүр даваад тун удалгүй моддын зах руу ороод зогсоодохлоо. Ойн чөлөөнд нэлээд том тариалангийн талбай харагдах бөгөөд гэрийн эзэн түүнийг заан өөрийнх нь болохыг тайлбарлав. Сагсаа бариад алхсан бид 200 метр орчим явлаа. Метр орчим өндөртэй салаалж тавьсан моддоос мөөг ургажээ. Олон гар юу байхав, төд удалгүй том гэснүүдийг түүчихэв. Гэртээ ирээд хоолны нэг удаагийн саванд түүсэн мөөгөө багцалж савлалаа. Эднийх хүнсний бүх төрлийн ногоо тариалдаг, цагаан будаа ч тариалдаг айл юм байна. Түүнээс гадна гэрийн эзэгтэй олон янзын бялуу хийж худалдаалдаг аж. Тарьсан ногоогоо савлах бүх хэрэгсэл нь бэлэн байна. Бид савласан мөөгөө машинд ачаад ойролцоох хүнсний захад аваачин лангуун дээр худалдаалахаар тавив. Хоёр хоолныхоор савласан мөөг 200 йенээр үнэлэгдэх аж. Маргааш өдөр нь энэ дарааллаар төмс хурааж бэлтгээд, хагас килограммаар савлан өнөөх зах дээрээ ирсэн. Өчигдрийн тавьсан мөөгний ихэнх нь зарагдчихжээ. Masako Tokieda нэлээд урамшиж харагдана. Бидний адил савласан төмс лангуун дээр олон байлаа. Үнэ нь 250 йен гэж байхыг харсан Masako Tokieda гуай арай доогуур үнээр заръя гээд мушилзав. Ингээд захын үүдэн дэх автомат машинд мэдээллээ оруулаад 230 йен гэсэн тасалбар хэвлэж авлаа. Хагас килограммаар савласан 19 уут төмсөө шошго, үнийг нь наагаад лангуун дээрээ тавилаа. Төмс, мөөг, сонгино, огурцынээс эхлээд хэдэн арван төрлийн ногоо, жимс жимсгэнэ, далайн бүтээгдэхүүн, цэцгүүд гээд хүний гар дор хийж болох бүхий л хүнсний бүтээгдэхүүнийг Үса хотын иргэд тариалангийн талбайнаасаа шууд бэлтгээд худалдаалдаг ажээ. Цаг хүрэхгүй хугацаанд бэлтгэсэн бидний “их ажлын” үр дүнд 8000 гаруй йен дансанд орж ирснийг гэрийн эзэгтэй баяртайгаар дуулгана лээ. Газар тариалан, төмс хүнсний ногооны ургац хураалт, худалдаа наймаа бүтэн жил тойрдог монголчууд бидний хувьд энэ тогтолцоо сонирхол татахуйц.
Гэрийн эзэд хоёул хөнгөн шингэн хүмүүс байх аж. Японы уламжлалт оройн зоог барьсны дараа гэрийн эзэгтэй бидний дэргэд тухлав. Masako Tokieda гуайг бодвол гэрийн эзэгтэй нэлээд яриасаг болох нь илт. Монгол гэхээр Асашёорюү, Хакухо нарыг шууд нэрлэж байна. Биднийг нэг бүрчлэн ямар мэргэжилтэй, ямар ажил эрхэлдэг болох тухай тодруулна. Манай багт Хөвсгөл аймгийн Цагааннуур сумаас ирсэн өсвөрийн жүдо бөхийн дэлхийн мөнгөн медальт жижигхэн биетэй цаатан охин багтсан байв. Гэрийн эзэд тамирчин охиныг ихэд өхөөрдөж, хоол сайн идэхийг зөвлөж үе үе “Олимпийн аварга” гэж бэлгэшээнэ.
Гэрийн эзэгтэй орчин үеийн япон иргэдийн амьдралын талаар нэлээд нээлттэй хуваалцсан юм. Гэрлэлтийн нас 30 хол давчихсан. Тиймээс хүүхэд төрүүлэх нас ч 30 наснаас дээш гэнэ. Ээжүүд хүүхдээ нэг нас хүртэл гэртээ хараад ажилд ордог. Их хотын завгүй залуу гэр бүлүүд бэлэн голдуу хоол хүнс хэрэглэж хэвшжээ.
Тэд хамт амьдраад 50 орчим жилийг туулж байгаа гэнэ. Нас сүүдэр 70 хол гарчээ. Гэсэн хэдий ч түүртэлгүй хоёул машин барьж, тариа ногоогоо хурааж, зарж худалдаалахаас гадна гадны зочид, жуулчид хүлээж авч, үндэстнийхээ соёл уламжлалыг танилцуулах зэргээр энэ насан дээрээ хамгийн идэвхтэй амьдарч байгаа нь гайхал төрүүлэх аж. Энэ тухай гэрийн эзэгтэй хүүрнэхдээ “Гэр бүл гэдэг бие биенээ хүлээн зөвшөөрч ойлгож амьдрах ухаан юм. Бид 50 орчим жил хамт амьдарч байна. Хэн хэнийхээ онцлогийг үргэлж ярилцаж, нэгэндээ туслах зарчмаар явах ёстой” гэж байлаа.
Гадны орны хүүхэд залуусыг эх орондоо урьж авчран, Япон орны хөгжил цэцэглэлт, япон үндэстний соёл уламжлал, амьдралын хэв хаягийг элдэв хачиргүй харуулж ирсэн хөтөлбөр 30 орчим жил үргэлжилж байгаа гэнэ. Эднийх ч олон жил энэ хөтөлбөрт хамрагдаж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд 400 орчим гадны иргэдийг хүлээн авчээ. Харин монголчуудыг хүлээж авч байгаа нь анхны тохиолдол гэдгийг хэлж байв.
Гэрийн эзэн Masako Tokieda, хүүтэйгээ ээлжлэн эзэгтэйд туслах аж. Хуучин ойлголтоор япон эзэгтэйчүүд гэрийн ажил, үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх ажлыг бүрэн хариуцаж, эрчүүд нь гадуур ажлаа хариуцдаг гэсэн ойлголттой байв. Харин бидний зочилсон айлын хувьд эрчүүд гэрийн ажилд эн тэнцүүхэн оролцож байлаа. Япон гэр бүлийн зан харилцаа, ёс жаяг манайхтай нэлээд төстэй юм. Masako Tokieda гуайн бага хүү аав ээжтэйгээ хамт амьдардаг. Ажлын бус цагаар аав ээждээ тусалдаг нь илт. Аав, хүү хоёр ээжийн тушаалаар годосхийгээд л босох аж. Охин нь амралтын өдрөөр хүүгээ дагуулан аав ээж дээрээ зорин ирж, бидэнтэй дотночлон ярилцаж нэг оройг үднэ лээ.
Иргэд нь өөрсдийн амьдралдаа, өмнөх ажилдаа эзэн байж, аливаа зүйлд түүртэж, гомдоллохоос урьтаж хөдөлмөрлөх, улс орон, шийдвэр гаргагч хүмүүс сахилга баттай, иргэдийнхээ ажиллаж, амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлж өгсөн нийгэм өнөөдрийн энэ хөгжилтэй улсыг бүтээдэг юм байна гэсэн эргэцүүлэл Masako Tokieda гэх эгэл нэгэн япон айлд өнжихөд улам тодорч байлаа.
Бид явж, тэд үлдсэн. Тэд эх орныхоо үүрэг даалгавраар дараагийн өөр нэг улсын залуу үеийнхэнд улсаа сурталчилна, соёл уламжлалаа танилцуулна. Ногоогоо хураана, амттай хоолоор дайлна, халуун дулаан яриа өрнүүлнэ…
Б.ЭНХЗАЯА