Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Таксины жолооч нар үнээ буулгана гэв

Хаврын салхи хавирга нэвт үлээсэн жихүүн өдрийн ард нар ээсэн намуухан өглөө эхэллээ.

08:00 цагийн алдад л хотын төвийн хөдөлгөөн аль хэдийнэ бужигнаад эхэлжээ. Нэг удаагийн хөх өнгөтэй амны хаалтаар жигдэрсэн иргэд хотын гудамжаар түргэн алхална. Хаа нэг тийш яарсан иргэд ямар нэг зүйлд санаа зовсон, түгшсэн төрхтэй. Дэлхий нийтийг айдаст автуулаад буй тахал манайд ч дэгдэх аюул хажууханд байгааг иргэд ч ухамсарласан бололтой. Амны хаалтгүй гудамжаар алхах хүн нэг ч харагдсангүй. Дор бүрнээ л аюулт тахлаас урьдчилан сэргийлж амны хаалт зүүжээ. Саяхан “Сонгдо” эмнэлэгт сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн нь иргэдэд том анхааруулга өгсөн аж. Харин маскаа эрүүн дээгүүрээ тохож хамраа ил гаргасан ахмадууд олон тааралдсан. Маск зөв зүүх зөвлөмжийг Эрүүл мэндийн яамнаас хэвлэл мэдээллийн хэрэгслээр цаг тутам хүргүүлж байгаа. Харамсалтай нь иргэд мөрдөх тал дээр тааруу байгаа нь ажиглагдаж байсан. Улсын онцгой комиссоос халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр амны хаалт зүүгээгүй иргэдийг Зөрчлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15-ын нэг дэх хэсэгт зааснаар 150 мянган төгрөгөөр торгох шийдвэр гаргаад байгаа.

Шийдвэрийг хэрэгжүүлэхээр нийслэлийн 173 хорооны 1535 хэсгийн байцаагчийг сургалтад хамруулж, цагдаагийн үүргийг давхар гүйцэтгэх эрхийг олгоод байгаа юм. Шар хантааз өмссөн хэсгийн байцаагчдын ажил бага үдийн алдад эхэлж байна. Автобусны буудал, худалдааны төв зэрэг олон цугласан газруудаар явж маскаа буруу зүүсэн, бага насны хүүхэд дагуулсан иргэдэд анхааруулж явна лээ. Тэд юу юугүй ч шууд торгочихдоггүй бололтой. Маскаа авч бөөнөөрөө тамхи татах залуус руу очиж нөхөрсгөөр зөвлөгөө өгч байгаа харагдсан. Өнөө хэд нь ухамсартай хүлээж авч байна лээ. Торгохоо урьтал болгох бус сэрэмжлүүлэг өгч, аюул хажууханд байгааг анхааруулж байв.

Мөн эргүүлгээрээ маск тохож хамраа ил гаргасан ахмадуудад хэсгийн байцаагч нар зөвлөгөө өгч ажиллаж байсан юм. Ахмадуудын төлөөллөөс маскны ач холбогдлын талаар үзэл бодлыг нь сонслоо.


-Коронавирусээс таны хувьд өөрийгөө хэрхэн сэргийлж байна вэ?

-Эрүүл мэндийн яамнаас хийж буй мэдээллийг цаг тухайд нь үздэг. Гадуур явахад бол маск зүүж л халдвараас сэргийлж байна.

-Маск зүүхийн ач холбогдлыг та хэрхэн харж байна вэ. Найдвартай хамгаалалт мөн үү?

-Маск зүүгээд явж байхад хүний шүлс нүд ам руу үсэрчихгүй байх. Маск тогтмол зүүгээд явж байхад юу юугүй ханиад хүрчихгүй байлгүй дээ. Хүнд цаг удахгүй дуусах байх. Ер нь өвлийн улиралд маск зүүгээд хэвшчихвэл ханиаднаас сэргийлэх наад захын арга юм шиг санагдлаа” гэсэн юм. Аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэх ахмадуудын ойлголт ийм байна.

Хотын төв хэсгээр ажиллаж буй хэсгийн байцаагч нар ч зөвлөгөө өгөөд л анхааруулж сэрэмжлүүлээд өнгөрч байна. Харин гэр хорооллын бүс Баянхошуу орчимд бол нийслэлийн Онцгой комиссоос гаргасан шийдвэрийг дагаж мөрдөж амны хаалт зүүхгүй байх зөрчил нийтлэг ажиглагдсан. Шар хантааз өмссөн хэсгийн байцаагч нар шаардлага тавьдаг ч тоодоггүй аж. Зарим иргэдийг торгоод л төлбөрийн чадамжгүй, бүр оршин суугаа хаяг нь тодорхойгүй байдаг гэх мэт хэсгийн ахлагч нарт тулгардаг бэрхшээл их байгаа талаар тэд хэлж байлаа. Маск зүүхгүй тавьсан шаардлагыг биелүүлэхгүй үл тоож байгаа иргэд бусдынхаа эрүүл мэндэд заналхийлж байгааг онцолж байв.

Сонирхуулахад, Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт “Гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюул, гамшгийн эрсдэлийн талаар олон нийтийг төөрөгдүүлэх мэдээ, мэдээлэл түгээсэн, эсхүл эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэмийг зөрчсөн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байдаг юм.

Өдөр тутмын 11:00-12:00 цагийн хооронд Онцгой байдлын ерөнхий газраас хүн олноос цугласан автобусны буудал, зах худалдааны төвүүдийн орчмоор эргүүл явуулж коронавирусээс дор бүрнээ урьдчилан сэргийлэхийг анхааруулж байсан юм.

Өдрийн цагаар таксигаар үйлчлүүлэх иргэд олон харагдана лээ. Харин жолооч нар нь огт амны хаалт хэрэглэхгүй байгаа дутагдал ажиглагдсан.

Ер нь тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож буй иргэд амын хаалт хэрэглэхгүй байгаа явдал нийтлэг байсан юм.


Такси үйлчилгээнд явдаг иргэн О.Хишигбат: ТАКСИНААС БУУХДАА МАСКАА ЗҮҮЧИХДЭГ ЮМ

Бид таксины үйлчилгээнд явж буй иргэн О.Хишигбаттай цөөн хором хөөрөлдлөө.


-Коронавирус дэлхий нийтийг айдаст автуулаад байна. аюулт тахлаас хэрхэн урьдчилан сэргийлж байна вэ?

-Эрүүл мэндийн яамнаас гаргасан зөвлөмжийг л мөрдөж байгаа. Ер нь тэгээд онцын шаардлагагүй бол гэрээс гарахгүй л байна. Хүмүүс ч гэртээ л байна. такси барих иргэд тэр бүр байхаа больсон байна. Би ээлжийн ажилтай, амрахдаа таксинд хүн зөөдөг юм.

-Машиндаа маск зүүхгүй юм. Эрсдэлтэй юм биш үү?

-Буухдаа зүүчихдэг юм (Машины толиндоо маскаа тохсон байв). Машинд битүү орчинд даавуун маск зүүхэд хэцүү. Анхаарал ч бүрэн төвлөрч өгдөггүй. Олон хүн орж ирэхэд бол зүүчихдэг.

-Шатахууны үнэ 300 төгрөгөөр буурчээ. Таны хувьд таксины үнээ буулгасан уу?

-Километрийг нь мянган төгрөгөөр л явж байна. Бүх колонкууд үнээ жигдхэн буулгаагүй байна лээ. Хүмүүс ч гэр гэртээ байгаа болохоор тэр бүр такси барихгүй юм. Олдсон цөөхөн хүн нь 1000 төгрөг төлөөд л явж байна.

-Иргэд үнэ буулгахыг шаардаж байна уу?

-Одоогоор надад мэдэгдсэн юм алга.

-Гадуур шатахууны үнэ өсөөгүй байхад ямар ханштай байсан бэ?

-800 төгрөгөөр явдаг байсан. Шөнийн цагаар бол 1000 төгрөгөөр явдаг байсан байх. Колонкууд бензиний үнээ жигдхэн буулгахад жолооч нар ч таксины үнээ буулгах байх” гэв.

Шатахуун түгээх станцууд үнээ жигдхэн буулгажээ. Super 92 шатахуун түгээх станцын салбаруудад А92 шатахуун хамгийн хямд буюу 1440 төгрөгөөр худалдаалагдаж байлаа. Харин Петровис шатахуун түгээх станцын Энхтайвны гүүрний ойролцоох салбарт А92 шатахуун 1540 төгрөгийн ханштай худалдаалагдаж байна. “Сод Монгол” шатахуун түгээх станцын салбаруудад 1490 төгрөгийн ханштай байна. Түүнчлэн “Сод Монгол” шатахуун түгээх станцын зүгээс хөнгөлөлтийн карттай иргэдэд литр шатахууныг 1390 төгрөгөөр олгож байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *