Categories
мэдээ цаг-үе

Т.Санчир “Баянгол шонхрууд” багт 70 сая төгрөгөөр зарагджээ

Монголын спортын түүхэнд олимпийн топ дөрөв гэж нэрлэдэг чөлөөт бөх, жудо, бокс, буудлагаас өөр спорт байхгүй мэт их л удлаа. Гэтэл өнгөрөгч зууны 70-аад оны дунд үеэс эхлэн хүүхэд, залуусын дунд хөлбөмбөг болон сагсан бөмбөгийн спорт дэлгэрч өөрийн гэсэн хөгжөөн дэмжигчтэй болоод нэлээн хэдэн жил болсон шүү дээ. Үүнийг нь төрийн хэмжээнд нэг их анзаарч хараагүй л болохоос. Харин өнгөрсөн зун зохиогдсон зүүн Азийн наадам Монголд багийн спорт хөгжих боломжтой гэдгийг харуулав. Үүний тод томруун жишээ нь сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй багуудын гаргасан амжилт билээ. Тэд өчигдөр л огцом сайжирсан уу, эсвэл угийн л энэ амжилт руу дөхөж явсан уу, цаашид энэ амжилтаа хэрхэн бататгаж, илүү хөгжүүлэх вэ гэдэг асуудал багийн удирдлагуудын өмнө байгаа.

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохиодог супер лигийн тэмцээн эхлээд арав гаруйхан хонож байна. Тэмцээн эхлэхээс өмнө багуудын хооронд тамирчдын шилжилт хөдөлгөөн явагдсан. Нэг ёсондоо шилдэг тамирчдыг наймаалцсан гэсэн үг. Энэ жилийн хамгийн өндөр үнийг олон улсын хэмжээний мастер Т.Санчир тогтоолоо. Тэрээр өнгөрсөн жилийн лигийн тэмцээнд “SBL Хасын хүлгүүд” багт тоглож үнэ цэнэтэй тамирчнаар шалгарч байсан. “Хүлгүүд” багийн шилдэг тоглогч энэ жил “Баянгол шонхрууд” багт хүчээ өгч байгаа. Түүнийг лигийн улирал эхлэхийн өмнөхөн өөр багт тоглох эсэх тухай яриа сагсан бөмбөг сонирхогчдын дунд түгээд байлаа. Супер лигийн тэмцээн уг яриаг баталж Т.Санчир өөрийн хуучин багаа орхиж “Баянгол шонхрууд”-д хүчин зүтгэж байна. Тэрээр шинэ багтайгаа хоёр жилийн гэрээ байгуулсан бөгөөд 70 сая төгрөгөөр зарагджээ. Тамирчнаа зарсан баг тухайн мөнгөнөөс нэг ч төгрөг авахгүй. Татвар, шимтгэл ч өгөхгүйгээр тэр чигтээ Т.Санчирт очиж байгаа. Мөн түүнд Японы лигт тоглох урилга ирсэн гэх мэдээлэл бий. Энэхүү санал одоогоор аман яриа төдий байгаа бөгөөд тэдний санал, гэрээнийнөхцөл таалагдвал арлын орныг зорихыг үгүйсгэхгүй юм. Манайдаа л хамгийн үнэтэй зарагдсанд тооцогдож байгаа тэрээр шинэ багтаа ирснээс хойш супер лигийн тэмцээний гурван тоглолтод оролцсон. “Ирвэсүүд”-тэй хийсэн эхний тоглолтод 27, “Арслангууд”-тай тоглоход 26 оноо авсан. Харин “Төв ургац” багтай тоглоход 50 оноо авч энэ улирлын дээд амжилтаа тогтоосон билээ. Т.Санчирын тоглолтод багийн удирдлагууд сэтгэл хангалуун байгаа нь мэдээж. Гадаадаас өндөр үнэ цохиж авчирсан тамирчид ч одоогийн байдлаар нэг тоглолтод 50 оноо аваагүй байгаа юм. Багийн эзэд ч түүнийг иймэрхүү тоглолт гаргана гэсэн итгэл хүлээлгэн хоёр жилийн гэрээ байгуулсан нь оножээ.

Легионер тоглогчдын тухайд тэд манай улсад ирэхдээ сонгон шалгаруулалтад ордог болсон. Нэг үгээр хэлбэл хэн дуртай тамирчин манай улсын лигт тоглохгүй гэсэн үг. Лигт тоглож буй нэг багт гурваас илүү гадны тамирчин байхыг зөвшөөрдөггүй. Тиймээс одоогийн байдлаар баг тус бүр нэгээс хоёр легионертой байгаа юм. Гадны тамирчид зургаан сарын турш манай улсын лигт тоглохдоо сар бүр дунджаар 1500-3500 ам.долларын цалин авдаг. Дээрээс нь Монголд амьдрах байрны төлбөрийг тухайн багийн эзэн хариуцна. Өнгөрсөн жил “Дорнод танан гарьд” багт хүчин зүтгэсэн Вүүдс легионеруудаас хамгийн өндөр цалин буюу сард 3000 ам.доллар халаасалдаг байлаа. Түүний амжилтыг энэ жил “Бүргэдүүд” багт тоглохоор ирсэн Карлделл Жонсон эвджээ. Тэрээр багаасаа сар бүр 3500 ам.долларын цалин авч байгаа. Легионер тамирчид манай улсын лигт тоглох болсноос хойш тамирчдын ур чадвар нэмэгдэж байгаа гэдэгтэй олон хүн санаа нийлнэ. Дасгалжуулагч, багш нарын сургаагүйг гадны тамирчид зааж байгаа гэж хэлж болох юм. Нэг ёсондоо Монголын сагсан бөмбөгт бодитой хувь нэмрээ оруулж байгаа. Тэднийг хаа холын Америкаас, өндөр цалин амлан авчирч байгаа багийн эздэд талархах учиртай.

Харин манай тамирчид хэдэн төгрөг авдаг нь олны сонирхлыг татах нь баараггүй. Лигийн тэмцээнд өрсөлдөж буй багийн тамирчид дунджаар сар бүр нэг сая төгрөгийн цалин авч байгаа. Аль багт, ямар байрлалд, ямар үүрэгтэй тоглохоос хамаарч харилцан адилгүй байх нь ойлгомжтой. Зарим багийнхан зөвхөн тэмцээний үед тамирчдаа цалинжуулдаг бол гэрээнийхээ хугацаанд буюу бүтэн жилийн турш цалинжуулдаг баг ч бий. “SBL хасын хүлгүүд” багийн тамирчид тэмцээнтэй, тэмцээнгүй гэлтгүй жилийн дөрвөн улиралд сар бүр 1.2 сая төгрөгийн цалин авдаг гэнэ. Мөн тус багийн эзэн өнгөрсөн жил Б.Билгүүнтэй 15 сая төгрөгийн гэрээ хийж байжээ. Уг гэрээ нэг жилийн хугацаатай байсан. Тэгэхээр энэ жил мөн л иймэрхүү хэмжээний мөнгө халааслах биз. Тамирчдаа чамгүй өндөр үнээр үнэлдэг багийн тоонд “Дорнод танан гарьд” зүй ёсоор багтана. Хоёр жилийн өмнө л гэхэд багийнхаа гол тоглогч болох Ихбаяр, Ууганбаяр, Мөнхболд нарт хоёр өрөө орон сууц авч өгөн гэрээ хийж байлаа. Тамирчид ийн гэрээ хийхэд ямар нэгэн хуулийн зохицуулалт байхгүй учраас хөдөлмөрийн гэрээ төдийхөн зүйл дээр гарын үсэг зурдаг ажээ. Тиймээс өөр баг илүү мөнгө амалвал өмнөх гэрээгээ шууд цуцалчихдаг гэсэн. Ингэж багийн эздийнхээ итгэлийг алдах тохиолдол гардаг учраас сагсан бөмбөгт хөрөнгө оруулж буй хүмүүс хэдхэн жил болоод солигддог юм байна. Тэгвэл сагсан бөмбөгийн оргил ертөнц NBA-д бизнес хэрхэн эргэлддэг,сагсан бөмбөгчид багийн эзэд, арилжаа наймаа хэрхэн өрнөдөг вэ гэдгийг сонирхоё.

Жеймс Нейсмит 1891 онд сагсан бөмбөг хэмээх спортыг сэдэж оюутнуудын зугааг гаргаж байсан тэр үе ба өнөөгийн хооронд дүрмийн хувьд том ялгаа байхгүй ч арилжаа наймаа, цалин пүнлүү, зар сурталчилгааны хувьд асар өөр ертөнц болтлоо өөрчлөгджээ. Америкт сагсан бөмбөг мэргэжлийн гэдэг тодотголтой болж лиг байгуулагдаж байх үед тамирчид сардаа 970 ам.доллар буюу жилдээ 6-7 мянган ам.долларын цалинтай байсан бол өнөөдөр хамгийн бага цалинтай сагсчин хоёр сая ам.долларыг жилдээ халаасалж байх жишээтэй. Сагсан бөмбөгчдийн шилжилт хөдөлгөөн багаа солих, зодог тайлах зэрэг нь нарийн хууль дүрмийн дагуу үйлдвэрчний эвлэлтэйгээ зөвшилцсөн горимоор явагддаг. Ямар ч сагсан бөмбөгч бие даан ганцаараа “Би цалингаа нэмүүлье, би өөр баг руу явъя” гэж ярьдаггүй юм байна. Иймэрхүү үйлдлүүдийг зөвхөн итгэмжлэгдсэн агент нь хийдэг ажээ. Сагсан бөмбөгийн үйлдвэрчний эвлэлээс лиценз авсан хуулийн боловсролтой иймэрхүү агентууд өөрийнхөө үйлчүүлэгчийн бөмбөг тоглохоос бусад бүх асуудлыг шийддэг бөгөөд өвдвөл яах вэ, бэртвэл яах вэ, гэр орон, унаа тээвэр, авгай хүүхдийн ажил төрөл гээд бүхий л асуудлыг хариуцдаг. Ийм учраас тийм хүмүүс үйлчлүүлэгчийнхээ гэрээний 2-4 хувийг шимтгэл гэж авдаг юм байна. Мэдээж сагсан бөмбөгчид нэг багаас нөгөө баг руу явахдаа хэдэн ам.доллараар зарагддаг бол гэх асуудал гарч ирнэ. Гэхдээ сагсан бөмбөг хөлбөмбөгийг бодвол нэг онцлогтой. Учир нь сагсчид богино хугацаанд гэрээ байгуулдаг ба энэ гэрээнийхээ сүүлчийн жилийг худалдаж аваад өөр баг руу илүү өндөр цалинтайгаар явж болдог. Хөлбөмбөгчид нэг багт очсон даруй тэр багийнхаа амьд бараа болж өөрийн мэдэлгүй болдог бол сагсчдын хувьд арай өөр. Тэд дээд тал нь 3-4 жилийн гэрээ байгуулдаг тул өөр баг руу мөнгөөр зарагддаггүй, ихэвчлэн солилцоо маягаар өөр тамирчинтай ч юм уу, драфтын дугаараар ч юм уу арилжаалагддаг ажээ. Нэг жишээ татъя. Энэ жил Леброн Жеймс “Майами”-гаас төрөлх “Кливлэнд” рүүгээ буцлаа. Леброн анх “Майами”-д ирэхдээ цалин бодсонгүй, аваргын титэм л зүүдэлж ирсэн. Тийм ч учраас урьд авч байсан цалингаасаа хамаагүй бага мөнгөтэй гэрээ байгуулж байна. Учир нь түүний очсон баг олон сайн тоглогчтой. Тэд ч бас өндөр цалин авдаг байсан тул тэр их мөнгө нэхэж чадаагүй. Тийм боломж ч байхгүй. Учир нь NBA-гийн дүрэм ёсоор нэг багийн нийт сагсчдын цалин тодорхой нэгэн түвшингээс илүү гарах ёсгүй гэж байдаг тул яалтай ч билээ. Тэгээд тэр багтайгаа Леброн хоёр удаа аварга боллоо. Одоо29 настай Леброн амьдралаа бодох хэрэгтэй болсон тул хуучин баг руугаа хамгийн өндөр цалинтай гэрээ хийгээд буцаж байна. Хэдийгээр түүний “Майами”-тай хийсэн гэрээ дуусахад нэг жил дутуу байгаа ч гэлээ тэдний хуулиар сүүлчийн жилийнхээ гэрээг буцааж худалдаж авч болдог юм билээ. Ингээд л тэр чөлөөт сагсчин болжээ. Түүний агент “Кливлэнд”-ийг сайн шантаачилж хоёр жилийн хугацаатай 42.1 сая ам.долларын гэрээ байгуулсан байна лээ.

СУПЕР ЛИГ ХЭРХЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙГАА ВЭ

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй супер лигийн тэмцээнд долоон баг оролцож байгаа. “Баянгол шонхрууд”, “Монторх”, “Vаlvoline”, “Төв ургац”, “Чингис сити”, “Ирвэсүүд”, “Лидерүүд” багууд одоогийн байдлаар өрсөлдөж байна. “Баянгол шонхрууд”-ыг бодвол бусад нь тийм ч чанга өрсөлдөгч биш. “Монторх” гэхэд өнгөрсөн жилээс л лигийн тэмцээнд оролцож байгаа харьцангуй туршлага багатай баг. “Valvoline”-ы дасгалжуулагч мөн л туршлагатай муутай. “Төв Ургац”, “Чингис сити” багууд энэ жил анх удаа лигт толгож байна. “Ирвэсүүд” багийг харин Ц.Цэвэрбал гавьяат дасгалжуулж байгаа. Тэрээр багтаа “Баянзүрх Буллс”-ын зарим тоглогчдыг урьж авчирсан ч гэлээ одоогоор олигтой гар нийлж тоглолтдоо орж чадахгүй байна. “Лидерүүд”-ийн тухайд лигийн тэмцээнд гурван ч удаа аваргалж байсан. Энэ удаад харин дандаа шинэ залуу тоглогчдоор “цус сэлбэжээ”. Тэднийд О.Очирбат, Г.Чинбат, О.Дөлгөөн, О.Цэлмэг нарын залуус тоглож байгаа бөгөөд ирэх жилийн оюутны “Универсиад” наадамд оролцох юм.

Лигийн тэмцээнийг тун сонирхолтой болгох “Дорнод танан гарьд”, “SBL Хасын хүлгүүд”, “Харцага”, “Ригс”, “Аравтууд” багийнхан супер лигийн тэмцээнд оролцсонгүй. Хоёр холбооны үл ойлголцол, маргаанаас болоод лигийн тэмцээн хоёр хуваагдчихаад байгаа. МҮСБХ-ны зүгээс дээрх таван багийн эздэд хандан зөвшилцөх, улмаар супер лигт оролцохыг уриалж өчигдөр 18 цагт уулзалт хийхийг товлоод байсан. Гэвч аль ч багийн эзэн тэдний уулзалтыг тоож очсонгүй. Тиймээс ирэх сарын 21-нд эхлэх дээд лигт тоглохоор болжээ. Дээд лигийн тэмцээнийг Монголын сагсан бөмбөгийн холбооныхон 20 жилийн ойн өдрөө буюу арванхоёрдугаар сарын 21-нээс эхлүүлэхээр төлөвлөчихөөд байгаа. Харин заалны асуудал шийдэгдээгүй байгаа юм байна. Жил бүрийн лигийн тэмцээн зохиогдож ирсэн Спортын төв ордоны зүгээс ирэх оны түрээсийн гэрээг ямар нэгэн спортын холбоодтой байгуулаагүй байгаа ажээ.

Д.БАТЭРДЭНЭ

С.АЛТАНЦЭЦЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *