Categories
мэдээ цаг-үе

Т.Гантөмөр: Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл бүрэн хангагдсан

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөртэй нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл болон энэ онд хийж, хэрэгжүүлсэн ажлын талаар ярилцлаа.


-Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл байдал ямар байна вэ. Инженерийн шугам сүлжээний талаар ярихгүй юу?

-Өвөлжилтийн бэлтгэлийг хангахын тулд өмнөх оныхоо алдаа дутагдалд дүн шинжилгээ хийсэн. Үүнээс дараа жилийн өвөлжилтийн бэлтгэл ажилд юу хийх хэрэгтэй вэ гэдгээ Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар оруулж, Засаг даргын захирамж гарсан. Засаг дарга өөрийн харьяа 13 газарт өвөлжилтийн бэлтгэлд анхаарах үүрэг өгсөн. Үүний дагуу өнгөрсөн сарын 4-нд Засаг даргын зөвлөлийн хурлаар өвөлжилтийн бэлтгэл асуудал оруулж, 96.9 хувьтай дүгнүүлсэн. Нийслэлийн Засаг даргаар ахлуулсан баг зургадугаар сараас эхлэн нийслэлийн цэцэрлэг, сургууль, барилга байгууламжийн дээвэр, хийцэд үзлэг шалгалт хийсэн. Эхний ээлжинд 16 сургуулийн инженерийн шугам сүлжээнд шаардлагатай 409 сая төгрөгийн шийдсэн. Мөн дулааны шугам сүлжээнд нь акт өгсөн таван цэцэрлэг, сургуулийн дээвэр, инженерийн шугамын асуудлыг бүрэн зассан. Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд шаардлагатай бүх арга хэмжээг авч, 100 хувь бэлтгэл хангасан. 2016-2017 оны халаалтын улиралд сургууль, цэцэрлэгийн инженерийн шугам сүлжээнд 12 удаа гэмтэл, саатал гарсан байдаг. Өнгөрсөн жилээс эхлэн өвөлжилтийн бэлтгэлийг эртнээс хангаж, 28 сургууль, цэцэрлэгийн шугам сүлжээг зассаны үр дүнд нэг ч гэмтэл гараагүй. Яг үүн шиг энэ жил 863 сая төгрөгийн засвар үйлчилгээг хийсэн. Тиймээс энэ өвөлд бэлэн гэж ойлгож болно. ДЦС-2, ДЦС-3, ДЦС-4 болон Амгалангийн дулааны цахилгаан станц 20-24 хоногийн нүүрсний нөөцтэй, хэвийн үйл ажиллагаатай ажиллаж байна.

-Цас, мөс хайлуулдаг тусгай бодис, давсыг кг-ыг нь 61500 төгрөгөөр охУ-аас худалдаж авна гэх мэдээлэл цацагдсан. Ийм өндөр үнэтэй авдаг юм уу?

-Цас, мөсийг цэвэрлэхдээ тусгай бодис, эсвэл давс цацаж, хайлуулах замаар цэвэрлэдэг. 2012-2016 онд БНХАУ-аас тусгай бодис импортолдог байсан. Энэ бодисын концентраци бага учраас үр ашиг багатай. Өртгийн хувьд тонныг нь 300-350 мянгаар худалдаж авдаг байсан санхүүгийн баримт бий. Хэдийгээр энэ нь бага өртөгтэй боловч тус бодис нь Улаанбаатар хотын -30-40 хэмд тохиромжгүй байсан. Цас орсны дараа бодис цацахаар хайлдаг хэрнээ шөнөдөө хөлдөж, мөсөн толио үүсгэдэг. Улмаар халтираа, гулгаа болдог. Тиймээс 2016 оноос ОХУ-ын Иркутск, Новосибирьскээс -40 хэмд тохирсон тусгай бодис импортлохоор болсон юм. Өөрөөр хэлбэл, 96 хувийн процентын концентрацитай, хайлуулах, дулаанаа барих чадвартай тусгай зориулалтын бодисыг 2017 онд тонныг нь 470-550 мянган төгрөгийн хооронд байхаар тендер зарласан. Өнгөрсөн онд хоёр удаагийн тендерээр 1450 тонн тусгай зориулалтын бодисыг хамгийн бага үнээр импортолсон. Үүнийгээ одоо хэрэглэж байна. Энэ өвөл нийслэлийн төсвийн 550 сая төгрөгт тендерийн хамгийн бага үнэлгээ болох тонныг нь 470 мянган төгрөгөөр тооцож 750 тонн тусгай зориулалтын бодис ОХУ-аас оруулж ирэх болсон. Өнөөдрийн байдлаар хоёр воган бодис ирэх дутуу байна. Дээр нь өмнөх оны 111 тонн үлдэгдэл бодис бий. Энэ жилийн хувьд ойр ойрхон цас орох учраас Засаг даргын нөөц хөрөнгөнөөс 250 сая төгрөгөөр зөвхөн бодис худалдаж авахаар гэрээ хийж, тендер зарласан. Тендерт ирсэн материалаас үзвэл, тонн нь 550-590 мянган төгрөгөөр гэрээ хийх санал ирсэн байна. Өмнөх жилийнхээс өссөн шалтгаан нь валютын өсөлт болон ОХУ-аас Монгол руу тээвэрлэлт хийх вагоны хүрэлцээ тааруу байгаатай холбоотой. Урьд 750 тонн бодис авах үед валютын ханш бага байсан.

-Давсны хувьд дотоодоосоо 100 хувь хангадаг гэх юм?

-Тийм. Ховд, Увс аймгийн нуурын давс хэрэглэдэг. Тендерт шалгарсан аж ахуйн нэгжүүд нэг тонн давсыг 300-350 мянган төгрөгөөр тооцож, 250 тонн бодис нийлүүлсэн. Үүнийг нь Хот тохижилтын газрын агуулахад хураасан. Тэгэхээр нэг кг давс 300-350 төгрөг гэсэн үг. Гэтэл олон нийтийн сүлжээгээр ОХУ-аас нэг кг давсыг 61500 төгрөгөөр худалдаж авч байна гэх мэдээлэл цацагдсан. Үнэндээ энэ давс хоолны боловч хатуу талсттай, бор өнгөтэй. Нуураас шанагаар хутгаж авдаг. Өнөөдрийн байдлаар Хот тохижилтын газарт 2270 тонн давс, 1080 тонн тусгай бодис бий. Ингээд үзэхээр ойр ойрхон цас ороход боломжтой хэмжээний бэлтгэлтэй байна гэсэн үг. Өнгөрсөн жил 1950 тонн тусгай бодис, 2500 гаруй давсаар гол зам, орон сууцны замуудын цасыг арилгасан. Хамгийн гол нь давс, тусгай бодис нь нунтаг чанар, цацахад хийсэхгүй, замынхаа цасанд наалдаж хайлуулдаг байх ёстой.

-Ногоон байгууламжийн хэмжээг нэмнэ гэсэн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт ямар түвшинд байна вэ?

-2020 он гэхэд нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг таван метр.кв-т хүргэнэ гэсэн зорилттой ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, одоо байгаа ногоон байгууламжийн хэмжээг хоёр дахин нэмнэ. Тэгэхээр жил болгон доод тал нь 40-50 га-г шинээр ногоон байгууламж болгох хэрэгтэй гэсэн үг. Гэхдээ үүнд тавигдсан төсөв нь одоо байгаа ногоон байгууламжиндаа хүрэлцэхгүй байна. Бид одоо байгаа ногоон байгууламжийн талбайн ногоон массыг нэмэгдүүлэх буюу нягтралын хэмжээг сайжруулах шаардлагатай гэсэн бодлогоор явж байгаа. Нэг га талбайн ногоон байгууламжийн арчилгааны зардалд жилд 150-200 сая төгрөг шаардлагатай. Тэгэхээр жилд нийтдээ 20 тэрбум гэсэн үг.

-Энэ жил танай албанаас хийж хэрэгжүүлсэн ажлуудыг танилцуулбал?

-2016 оноос хойш 12 эмнэлгийн гадна зам талбайг иж бүрэн тохижуулсан. Амралтын талбай, машины зогсоол, хөдөлгөөний зохицуулалтыг бий болгосон. Мөн Гэмтэл согог судлалын үндэсний төв, ХСҮТ, ЭХЭМҮТ гэсэн үндэсний хэмжээний эмнэлгүүдэд нисдэг тэрэгний зогсоолыг шийдэж өгсөн. Ирэх онд зургаан эмнэлгийн цогц тохижилтыг хийнэ. Түүнчлэн стандартад нийцсэн явган замыг бий болгосон. Стандарт гэдэгт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зам орчихож байгаа юм. 2019 онд явган замын сүлжээг бий болгоно.

Э.ЯНЖМАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *