-Танхимаас улстөр, популизм, карьеризм хол байх ёстой. Энэ бол олон нийтийн ажил-
МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэнтэй ярилцлаа.
-МҮХАҮТ-ын XXI ээлжит их хуралхувийн хэвшил төдийгүй олон нийтийн анхаарлыг ихээхэн татаж байна. Хэчнээн нэр дэвшигч тодорсон бэ, та бас өрсөлдөж байгаа. Хурлын бэлтгэл ажил хэр хангагдаж байна вэ?
-МҮХАҮТ-ын одоогийн удирдлагын баг 2019 онд сонгогдсон. Танхимын түүхэнд анх удаа удирдлагын баг нь 100% бизнесээс сонгогдсон гэдгээрээ онцлог.Их хуралд оролцох гишүүдийн нэрс9 сарын 15-наар тодорхой болж, 18-нд өчигдөр Танхимын шинэ удирдлага, ерөнхийлөгчид нэр дэвшигчид хүсэлт, бичиг баримтаа өгч, өнөөдөр буюу 19-ний орой компаниуд мандатаа авч дууссан байх ёстой. Ингээд 20-ны өглөө нэр дэвшсэн хүмүүсийн дугтуй задарч, хэн хэн нэр дэвшиж байгаа нь тодорхой болно.
Миний хувьд, одоогийн удирдлагын баг ажлаа үргэлжлүүлж, цар тахлын үед алдсан хоёр жилийн хугацаагаа нөхөж эхэлсэн ажлуудаа гүйцээх нь зөв гэсэн хатуу байр суурьтай байгаа. Яагаад гэвэл дараа жил шинэ сонгууль, Үндсэн хууль өөрчлөгдсөн цоо шинэ нөхцөл байдал биднийг угтаж байна. Улс төрийн нөхцөл байдал юу болох, хаашаа явахыг бид мэдэхгүй. 126 гишүүнтэй анх удаа бид амьдарч үзэх гэж байна. Хувийн хэвшилд ажиллаж, орлогоо залгуулан амьдарч буй нэг сая хүний амьдралд нөлөөлөх нөхцөл байдал, тиймээс МҮХАҮТ-ын одоогийн удирдлагын баг залгамж халааны зарчмаа хадгалж, төрийн ой санамж нь болж, туршлага мэдлэгээ шинэ гарч ирэх Засгийн газарт, шийдвэр гаргагч нарт уламжилж, энэ хугацаанд ямар зүйлсийг туулж, юу юун дээр тохиролцоонд хүрч ойлголцсон, ямар бодлогыг үргэлжлүүлээд явах хэрэгтэй вэ гэдгийг зөв ойлгуулах чухал үүрэг бидэнд ногдож байгаа юм. Ийм л учраас бид үргэлжлүүлээд нэр дэвшиж, багаараа ажиллана гэсэн хатуу байр суурьтай байна.
-Танхимын ерөнхийлөгчийн сонгууль ямар зарчмаар явагдах вэ? Өнөөдөр МҮХАҮТ нийт хэчнээн гишүүнчлэлтэй болоод байгаа вэ?
-МҮХАҮТ нь сайн дурын үндсэн дээр гишүүнчлэлтэй, өөрөө удирдах ёсны байгууллага.5000 гаруй гишүүнтэй. Үүний 60 хувь буюу 3500 нь 21 аймгаас бүрддэг. Улаанбаатар хотод 2000 гаруй гишүүн байдаг. Гэхдээ тэр болгон үйл ажиллагаанд идэвхтэй оролцохгүй, мэдээллээ аваад, солилцоод явдаг. Харин яг идэвхтэй оролцоотой, татвараа төлөөд явдаг 2000 гаруй компани бий. Үүнээс 1200 гаруй нь их хуралдаа оролцохоор бүртгүүлсэн.
2019 онд баталсан МҮХАҮТ-ын дүрмээр бол бүх гишүүдийн хурлаас ерөнхийлөгч, Удирдах зөвлөлөө сонгоно. Танхимын Удирдах зөвлөлд 75 компани ордог. Үүнээс 21 нь хөдөө орон нутаг, 51 нь Улаанбаатар хотоос сонгогддог.
-Нэлээд өргөн оролцогчидтой болох юм байна. Ирээдүйн дөрвөн жилээ тодорхойлохын тулд өнгөрсөн хугацаанд яаж ажилласнаа дүгнэх ёстой байх. Хэрэв үнэлгээ сайн байвал Танхимын гишүүн байгууллагууд одоогийн удирдлагын багийг үргэлжлүүлэн сонгох боломжтой шүү дээ?
-Өнгөрсөн дөрвөн жил ажиллаад манай баг тайлангаа тавьж, хурлын зааланд дүгнүүлнэ.Даравч далдайна, булавч бултайна гэгчээр МҮХАҮТ-ын өнгөрсөн дөрвөн жилийн ажлыг ер нь нийгмээрээ мэдэрсэн байх. Танхимнөлөөллийн хүрээгээ нэлээд тэллээ, судалгааны хүчин чадлаа нэмэгдүүлж, сайжруулсан. Анхнаасаа бидний тавьсан зорилго бий. Нэгдүгээрт, Танхим гэдэг хувийн хэвшлийг төлөөлж байгаа байгууллага учраас ямар нэгэн улстөржилтөөс ангид байх ёстой. Хоёрдугаарт, төр засгийг юм л бол болсон болоогүй байнга шүүмжилдэг биш, харин төр засагт шийдвэр гаргахад нь судалгаагаар нотлогдсон, бодитой зөв мэдээллийг өгч, зөв шийдвэр гаргах, эдийн засгийн орчноо сайжруулах тал дээр нь ажиллаж, бизнесийн орчны бодлогыг тодорхойлж манлайлж хэрэгжүүлжявна гэсэн зорилго тавьсан. Энэ зорилгын дагуу иж бүрэн судалгаа өрнүүлж, 2019 оны төгсгөлд “ЭЗЭН 2020” хөтөлбөрийг боловсруулж, тухайн үеийн төр засгийн удирдлага болон 2020 оны УИХ-ын сонгуульд оролцох бүх намуудад танилцуулж мөрийн хөтөлбөрт нь тусгуулсан. Үндсэн санаа бол нэгж хүнд оногдох ДНБ-ийг 2026 он гэхэд 8000 ам долларт хүргэх, уул уурхайн бус экспортыг 3 дахин өсгөх боломжтой, түүнийг хэрэгжүүлэх, төр хувийн түншлэлийн төслүүдийг хөдөлгөх бодит орчныг бий болгох. Зорилгодоо тодорхой хэмжээнд хүрсэн гэж бодож байна.
Мэдээж энэ хугацаанд бүх зүйл амар байгаагүй. Ажлаа аваад хагас жил ч болоогүй байтал цар тахлын нөхцөл байдал үүсэж, хоёр жил хил хаалттай байдалд ажилласан. Энэ үед маш богино хугацаанд уян хатан нөхцөлд шилжиж, тухайн онцгой нөхцөлд тохирсон, төр засгийг зөв мэдээллээр хангах, цар тахлын үеийн судалгаануудаа эрчимжүүлж явсан. Ингээд цар тахал дуусах үед төр засаг вакцинд анхаарч, иргэдийн эрүүл мэнд л энэ үед чухал байлаа шүү дээ. Хэн ч цар тахлын дараа юу болох вэ, бид бэлэн үү гэдэг тухай бодох сөхөөгүй байсан. Тиймээс цар тахлын дараа яах вэ гэдэгт бэлдэж эхэлье гээд Танхим бусдаас түрүүлж дэлхийн эдийн засгийн хандлага, томоохон эдийн засагчдын хэлж байгаа судалгаа, дүгнэлтүүдэд үндэслээд, өөрсдийн гэсэн, Монгол Улсад зориулсан бодлогын бичиг баримтыг боловсруулж, төр засагт санал болгосон. Тэр нь өмнөх “ЭЗЭН 2020” хөтөлбөр дээр суурилсан, цар тахлын дараах онцлогийг тусгасан “Их Сэргэлт” санаачилга юм. Энэ санаачилгаа Танхим төр засгийн бүх шатанд уйгагүй танилцуулж, цар тахалд хямарсан эдийн засгаа богино хугацаанд хэрхэн яаж босгох вэ, ямар арга хэмжээ цаг алдалгүй авч болох талаар маш тодорхой, судалгаанд суурилсан саналыг дэвшүүлсэн.
-Цар тахлын үед нэлээд олон судалгаа хийж, түүнд суурилан санаачилгатай ажилласныг нийгмээрээ харсан гэдэгтэй санал нэг байна. Бизнес эрхлэгчдийн эрх ашиг, дуу хоолойг төр засагт хүргээд зогсохгүй эдийн засаг, бизнесийн орчныг бүхэлд нь сэргээх тухай эрчимтэй ажлууд өрнөж байсныг тод санаж байна…?
-Цар тахлын үеийн онцлог нэг ажлыг эш татмаар байна. Мэдээж анх бол “ЭЗЭН 2020” хөтөлбөрийн дагуу бид уул уурхайн бус экспорт буюу Монгол улсын ноолуур, мах, самрын экспортыг онцгой анхаарч, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн болгон боловсруулбал богино хугацаанд, илүү хурднаар өндөр орлоготой амьдрах юм байна гэж дүгнэж байсан. Ялангуяа, Монголын эдийн засгийг, иргэдийн орлогыг тэтгэдэг, дэмждэг байсан нэг салбар болох аялал жуулчлал цар тахлын улмаас 100 хувь унасан. Энэ тохиолдолд уул уурхайн бус экспортоо онцгой анхаарах нь цорын ганц гарц байсан. Яагаад гэвэл одоохондоо манай улсад уул уурхайн баялаг шударга бусаар цөөн хүнийг хөрөнгөжүүлж, иргэдийн халаасанд шууд хуваарилагдаж ордоггүй шүү дээ.
Ингээд хамгийн түрүүнд хил хааж, тухайн үедээ “гомдоосон”, манай Монголын уул уурхайн бус экспортын хамгийн гол худалдан авагч болох Хятад улсад “Нэг малчин өрхөөс нэг хонь бэлэглэе” гэдэг санаачилга буюу 300,000 малчин өрхтэй улсын хувьд 300,000 хонь бэлэглэе гэдэг санаачилгыг бид гаргаж, тухайн үеийн Монгол Улсын Ерөнхий сайд, эрх баригч намын дарга У.Хүрэлсүхэд хүргүүлсэн. Уг санаачилгыг богино хугацаанд Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлөөр хэлэлцээд, явцын дунд 30,000 болсон юм билээ. Гэхдээ энэ санаачилга бол цэвэр манай удирдлагын багаас 2020 оны хоёрдугаар сарын 17-нд гарч байсан нь Засгийн газарын Хэрэг эрхлэх газрын архивт бий. Цар тахлын асуудал өндөрлөнгүүт бид уул уурхайн бус экспортыг онцгой анхаарч эхэлсэн гэдгийн нэг том сонирхолтой нотолгоо бол энэ.
-Танхимбизнесийн байгууллагуудын маш том нэгдэл. Гэтэл улс төр, бизнес хоёр хэт хутгалдахаараа тэр дотор авлига бий болдог, том том хэргүүд ар араасаа гарлаа шүү дээ. Гэтэл нөгөө талд энэ хоёр яаж түншлэх ёстой юм бэ? Магадгүй төр зарим чиг үүргээ хувийн хэвшилд шилжүүлж, түншлэл маягаар ажиллана гэж байгаа. Тэгэхээр энэбалансыг яаж төрдөө ч хүндрэл учруулахгүй, бизнест ч дарамтгүй, ээлтэй байлгах боломжтой гэж Танхимын зүгээс үздэг вэ?
-Өнөөгийн нөхцөлд бидний өмнө тавигдаж буй хамгийн чухал асуудал бол энэ. 126 гишүүн байна уу, Үндсэн хуулийн өөрчлөлт байна уу, тэр бол яахав болчихно. Хамгийн гол асуудал нь бизнесийн салбарт төрийн оролцоо хэр хэмжээнд байх юм бэ гэдэг асуулт.
Бид социализм буюу төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг болохгүй, мухардалд ордог юм байна гэдгийг 70 жил амьдарч, ойлгоод татгалзчихсан. Ингээд зах зээлийн эдийн засгийг сонгоод явж ирсэн боловч өнөөдөр төрийн эрх мэдэл, төрийн оролцоо улам бүр томроод, сүүлдээ ойлгогдохоо байчихлаа. Бид социализм руугаа буцаж байгаа юм уу, Монголын ард түмэн энэ талаар мэдэж байгаа юм уу гэдэг дээрээ тулж ирлээ. Та ч мөн асууж байгаатай адил хүн бүрийн өмнө энэ асуулт гарч ирээд байгаа хэрэг. Хэрээс хэтэрч байгаа зүйлс ч их байна.
Төрийн оролцооны улаан шугам, зааг хаана байх юм бэ гэдгийг одоо тодорхойлж чадахгүй байгаад байна шүү дээ. Үүнийг тодорхойлоход хамгийн тогтвортой ажиллаж байгаа, 21 аймагт салбартай, залгамж халаа, ой санамжтай томоохон бүтэц гэвэл МҮХАҮТ яах аргагүй мөн. Монгол Улсын Засгийн газрын дундаж насжилтыг 1.8 жил байж ирсэн. Өнгөрч буй дөрвөн жилийн хугацаанд л гэхэд бид нэг сонгууль, гурван Засгийн газрын нүүр үзлээ, салбар болгонд гурван өөр сайдтай ажиллаж үзлээ. Шинэ сайд гарч ирэх болгонд бид нэг зүйлээ гурван удаа тайлбарлах хэрэг гарсан. Нөгөө хэд маань зөв ойлгож аваад дэвшилтэт, давуу тал, сул талыг нь ойлгох гэсээр байтал хамгийн багадаа гурван сар гэхээр есөн сар урсчхаж байгаа юм. Цар тахлын хоёр жилийг хасаад идэвхтэй ажилласан хоёр жилийнхээ талыг нь бид зөвхөн гурван өөр сайдад нэг л зүйлийг ингэж тайлбарлаж, ойлгуулах гэж алдсан гэсэн үг. Тэгэхээр өнөөдрийн энэ Танхимын их хурал ямар чухал вэ гэдэг нь эндээс харагдаж байгаа юм. Яагаад гэвэл дараа жил бид өмнөхөөсөө ч бүр ойлгомжгүй, хэн ч амьдарч үзээгүй цоо шинэ нөхцөлд очих гэж байна. Гэтэл тэр үед нь Танхимын сонгуулиар нэг популист юм уу, улс төрийн карьер хөөж яваа, эсвэл энийг карьерын нэг шат гэж бодоод, Танхимын нэр хүндийг ашиглах гэж байгаа хүн гараад ирвэл дараа жилийн ойлгомжгүй улс төрийг дагаад намирчих юм уу. Тэгвэл хувийн хэвшил маань яах вэ, бодлого хаана зангидагдах вэ гэдэг зүйл рүү очно.
Зах зээлийн эдийн засагт төр, хувийн хэвшлийн түншлэл гэдэг зарчим бий. Тэгэхээр төрийн оролцоо хаана байх гээд байна вэ гэдэг заагийг л бид дараа жил илүү сайн тодорхойлж өгч, шинээр гарч ирэх, шинэ бүрэлдэх 126 гишүүн, шинэ Үндсэн хуулиар амьдрах тэр орчинд МҮХАҮТ бодлогын гол манлайлагч, хамгаалагч болж оролцох ёстой.
Тэгэхээр бид албан тушаалтай зууралдах гээд юм уу, дулаан газраа үлдэх гээд байгаа юм биш. Яалт ч үгүй бид өнөөгийн хүрсэн дэвшил, ололтоо, сүүлийн дөрвөн жилд олсон судалгааны болон цар тахлын бүх сургамжаа дараагийн шинээр бүрэлдэх төр засагт зөв байр сууринаас, зөв хамгаалж, төрийн оролцох зааг хэтэрвэл ард түмний амьдрал улам дордоно гэдгийг томъёолж өгөх туршлагатай, мэдлэгтэй баг нь бууриа сахиж үлдээд, улс төрийн, яаж ч мэдэх эргэлзээтэй шуурганд автаж магадгүй, энэ үед ядаж нэг бүтэц нь тогтвортой байя гэдэг итгэл үнэмшлээр сонгуульдаа оролцож байна.
-Маш олон төрийн бус байгууллага, холбоод байдаг. Тэдэнтэй яаж уялдаж ажилладаг вэ. Эсвэл хэдэн хувийг нь гишүүнээр элсүүлчихсэн учраас тэднийг төлөөлөл гэж үзээд Танхим ажилладаг уу. Ер нь олон улсад Танхим гэдэг жишигямар байна вэ?
-Ер нь аливаа улс орны эрх зүйн тогтолцоо Англосакс ба Ром-Германы гэж үндсэн хоёр чиглэлд хөгжсөн байдаг. Түүнтэй адил төр, бизнесийн харилцаа ч бас тухайн орныхоо хуулиас хамаараад яг үндсэн хоёр зарчмаар хөгжсөн түүхтэй. Жишээ нь, Англосакс хуультай улс оронд ихэнхдээ Танхимын гишүүнчлэл нь сайн дурын үндсэн дээр, одоогийн манай Монголынх шиг явдаг. Гэхдээ тэнд төр нь үүсэхээс өмнө хувийн, бизнесийн харилцаа үүсчихсэн байсан. Эх газрын буюу илүү Ром-Германы тогтолцоонд суурилсан улсад ихэнхдээ тухайн улсад бүртгүүлсэн компани бүр автоматаар Танхим дээрээ бүртгэлтэй байдаг. Өөрөөр хэлбэл, шинээр үүсэж байгаа компаниудын төртэй харьцах гол гарц нь Танхимболж өгдөг.
Манай 1996 онд батлагдсан хуулиар бол сайн дурын үндсэн дээр гээд гарчихсан. Тухайн үед нэгдүгээрт, компани цөөхөн байсан. Хоёрдугаарт, Монголын хүн ам газар зүйгээрээ хөдөө орон нутагт жигд тархсан байсан. Одоо бол 30,000 компанитай, дийлэнх нь Улаанбаатартаа төвлөрчихсөн. Гэтэл 2000 гаруйхан нь л Танхимын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байна. Цаана нь байгаа 27,000 гаруй компани юу бодож, хаанаас мэдээллээ авч байгаа вэ гэдэг асуудал байгаа биз. Тэд байр сууриа илэрхийлмээр байгаа. Тэрийг нь төр сонсож чадаж байна уу. Төр олонхын төлөөллөөсөө саналыг нь сонсож чадахгүй учраас шийдвэр нь буруу гараад ч байгаа юм билүү. Төр засгийн буруудаа ч биш, мэдээллээ зөв авч чадахгүй, судалгаагаа зөв хийж чадахгүй байгаа учраас шийдвэрээ буруу гаргаад байж магадгүй шүү дээ.
Тэгвэл 2019 онд гарч ирсэн шинэ удирдлагууд бидний тавьсан зорилго бол ерөөсөө л тэр байсан, Танхимын нөлөөлөл, гишүүдийнхээ тоог нэмэгдүүлэх. Үүнийг хуулийн хүрээнд шинэчлэх ёстой юм байна. Өөрөөр хэлбэл, улсын бүртгэлд бүртгэгдсэн компанийн мэдээлэл буюу утасны дугаар, и-мэйл хаяг нь Танхим дээр автоматаар ирээд, ядаж төр засгаас гаргаж байгаа хууль, мэдээлэл, ямар өөрчлөлт орох гээд байгаа зэрэг мэдээллээ солилцдог болохоос гадна тэр компаниуд саналаа хэлж, бодлогод тусгуулдаг байх юм. Одоо бол ямар ч мэдээлэлгүй, алх цохьчихсон, өнгөрсөн хойно нь яагаад ийм болчхов гээд төр, бизнес хоёрын харилцаа улам л холдоод байна шүү дээ.
Дээр дурдсанчлан энэ байдлыг засахын тулд Танхимын тухай хуульд өөрчлөлт оруулах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Хуульд хоёр үндсэн зүйл бий. Нэгдүгээрт, Монгол Улсад бүртгэлтэй компаниТанхимаас ямар нэгэн байдлаар мэдээлэл авдаг байя. Төртэй харилцах тогтвортой суваг нь Танхим байя. Хоёрдугаарт, 1996 онд анх хууль гарч байх үеийг бодоход Улаанбаатар хот ДНБ-ий 80 хувийг үйлдвэрлэж, нийт хүн амын 70 хувь нь энд ажиллаж, амьдарч байна. Гэтэл нийслэлд ганцхан Танхим байна. Бүх асуудалд бид хүний нөөц, ачааллын хувьд хүрэлцэхгүй байгаа юм. Нэг талаас, байгалийн баялаг, хөдөө аж ахуй суурьтай хөдөө орон нутгийн хариуцсан танхимаа хүчирхэгжүүлэх ёстой, тэгж байж орон нутгийн Танхимууд онцлог асуудлаа төр засагтаа хүргэнэ. Хоёрдугаарт, Улаанбаатар хотод барилга, аялал жуулчлал гээд эдийн засгийн тусгай салбаруудыг хариуцсан төрөлжсөн Танхим байж, тус тусад нь ажиллахгүй бол 32 салбарын хурал, хэлэлцүүлэгт Танхимын ерөнхийлөгч ба Захирал хоёрхон хүн зэрэг сууж чадахгүй, хүрэлцэхгүй байгаа юм. Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын тогтоолоор янз бүрийн зөвлөл байгууллаа гэхэд тэнд Танхимын удирдлага л ордог, ажилтан орох боломжгүй болчихдог.
-Мэргэжлийн холбоод нь тэднийг төлөөлөхгүй юу?
-Мэдээж иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн холбоод нь байгаа. Тэр болгон өөрийн гэсэн зорилготой. Жишээ нь, Ноос ноолуур үйлдвэрлэгчдийн холбоо, Ноос экспортлогчдын холбоо, Ноос ноолуур бэлтгэн нийлүүлэгчдийн холбоо байлаа гэхэд бүгд өөр өөрийн зорилготой, өөр өөрийн байр суурийг л хамгаална. Харин ноос, ноолуурын салбар бүхэлдээ яах вэ гэдэг дээр нэгдсэн манлайлал, бодлого байх ёстой. Тэгэхээр эдийн засгийн салбарын танхим үүсгээд, ерөнхий асуудлыг нь ярилцдаг байя гэж байгаа. Энэ тохиолдолд Үндэсний Танхимнь салбар танхимуудаас бүрдэх ба зөвхөн Хөдөлмөрийн тухай хууль, Татварын ерөнхий хууль яах вэ гэдэг ерөнхий зүйл дээрээ илүү төвлөрөх юм. Энэ нь хамгийн зөв сонголт юм гэдгийг бид ойлгосон. Үүнийг бид зүгээр нэг бодож олчихоогүй, төр засагтай ярилцсан, УИХ-ын төлөөлөл, эрх барьж байгаа болон бусад нам, эвслүүдтэй ярилцсан. Төрийн туршлагатай, салбарыг төлөөлж байгаа Яам, Тамгын газар ч хамгийн боломжит хувилбар нь энэ юм гэдэг сонголтыг хийсэн. Үүнээс гадна Герман, Австри гээд олон улс, хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан 15 орон, хуучин соц бүтэцтэй байсан улс орны танхимууд яаж хуулиа өөрчилсөн талаар зөвлөх үйлчилгээ авсны дүнд тэр бүх туршлагыг нэгтгээд, социалист нийгмээс зах зээлийн эдийн засагт шилжээд, хөгжиж буй одоогийн Монгол Улсын хувьд ямар тогтолцоо нь зөв юм бэ гэдэг хуулийн үндсэн өөрчлөлтийг санаачилсан. Хуулийн өөрчлөлт маань энэ ондоо багтаад батлагдах байх гэж найдаж байна.
Ирэх жил шинэ Үндсэн хууль хэрэгжихээс өмнө бид түрүүлээд хөрс сууриа бэлдчихсэн байх зорилгоор хуулиа боловсруулсан. Үүнийг төр засгийн одоогийн эрх барьж байгаа нам, төрийн удирдлага ойлгож байгаа.
Эцэст нь хэлэхэд, энэ бүх ололтоо төр засгийн өмнө, шинэҮндсэн хуулийн өөрчлөлтийн нөхцөлд шинээр бүрэлдэх төр засагт зөвөөр ойлгуулах гэж бууриа сахиж үлдээд, тайван сайхан тайлбарлаад өгье гэж байгаа юм. Яагаад үүнийг дахин дахин хэлээд байна вэ гэвэл анх орж ирээд, энэ нөхцөл байдлыг ойлгохын тулд бид дор хаяж есөн сарыг зарцуулж байгаа шүү дээ. Тэгэхэд дараагийн цоо шинэ нэг хүн орж ирээд, дахиад жил зарцуулах хооронд сонгууль болоод, Засаг бүрэлдээд өнгөрчихсөн, хувийн хэвшил яахыг хэн ч мэдэхгүй болчихсон сууж байх вий гэдэг асуудал байгаа юм. Ийм нөхцөлд улс төрийн карьер хөөсөн, эсвэл Танхимаар нэр хүндээ өсгөх гэсэн, эсвэл цаашдын карьерын шат гэж бодсон хүн санамсаргүй байдлаар Танхимын сонгуулиар гараад ирвэлхарамсалтай. Энэ олон нийтийн байгууллага, нэг том компанийн өмчбиш, улстөрчдийн тоглоом биш. Хувийн хэвшилд бизнес хийж, цалин авч буй 1 саяхүний асуудал. Хоёрдугаарт, улс орны ирээдүйд ч гэсэн. Бид ойлгомжгүй байдал руу орох гэж байна шүү дээ.Тэгэхээр энэ бол маш чухал сонгууль. Бизнесийнхний өөрсдийнх нь шийдэх асуудал.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
One reply on “Т.Дүүрэн: Ядаж Танхим тогтвортой байх ёстой DNN.mn”
amjilt