Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Т.Доржханд: Зарим улстөрчид, “хулгайчид” Таван толгойн хувьцаанаас ногдол ашиг тараах замаар иргэдээс оноо авах тоглолтоо хийгээд эхэлчихэж DNN.mn

УИХ-ын гишүүн Т.Доржхандтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Төрийн ордонд өнгөрсөн лхагва гаригт “Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл – нийгмийн зөвшилцөл” чуулга уулзалтыг зохион байгууллаа. Тус чуулганы уур амьсгал, үр дүн ямар болж өнгөрсөн бэ?

-Улс төрийн нам, төрийн бус байгууллага , иргэд , жагсагчдын төлөөлөл оролцсон зөвлөлдөх уулзалт болсон. Тус уулзалтын гол асуудал бол эдийн засаг, улс орон, нийгмийн өмнө тулгамдаад байгаа асуудлыг яаж шийдэх вэ гэдгийг хэлэлцлээ. Ингэхдээ үндсээр нь буюу тогтолцооны өөрчлөлт хийх үү, үүнийг хийхийн тулд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах эсэх, оруулбал ямар түвшинд өөрчлөлтүүдийг хийх вэ гэдэг чиглэлээр Ерөнхий сайд танилцуулга хийсэн. Танилцуулга, сэдэвтэй холбоотойгоор чуулганд хүрэлцэн ирсэн зочид өөрсдийн үзэл бодол, санал санаачилгаа тодорхой хэлсэн. УИХ-ын гишүүний хувьд ч ХҮНнамын удирдлагын хувьд ч сүүлийн хоёр жилийн хугацаанд энэ тогтолцооны өөрчлөлтийг хийх хэрэгтэй гэдэг байр суурьтай байгаа. Өмнөх гучин жилийнхээ алдааг засах , оноогоо баталгаажуулах зарчмаар ажиллаж ирсэн.

-Чуулганд оролцогчдоос гарч ирж байгаа санаа, хандлага ер нь ямар байсан бэ?

-Өглөө есөн цагаас эхлээд орой есөн цаг хүртэл сууж, 160 орчим иргэдийн саналыг нэгд нэгэнгүй бичиж, өөрийн асуудлаа мөн дэвшүүлж, санал солилцсон. Үр дүнд юу болов гэдгийг базаж дүгнэж хэлье. Чуулганд оролцогчид бүгд өнөөгийн системболохгүй байна, хулгайдаа баригдчихлаа, тиймээс Үндсэн хуулиа өөрчилье гэж байна. Үүнд бүгд санал нэгдэж байгаа нь их олзуурхууштай байлаа. Харин ялгаатай саналууд гарч ирсэн. Үүнээс Үндсэн хуулийг өөрчлөхдөө бүр цоо шинэ Үндсэн хуулийг хийх ёстой гэдэг асуудлыг дийлэнх олонх нь гаргаж тавьсан. Зарим хэсэг нь Үндсэн хуулийг нэмэлт, өөрчлөлтийн түвшинд хийх нь зүйтэй гэж байна. Өөрөөр хэлбэл, парламентын гишүүдийн тоо, сонгуулийн тогтолцоог өөрчлөх гэх мэт. Зарим нэг хэсэг нь Үндсэн хуульдаа огт гар хүрч болохгүй ээ гэдгийг хэлж байна. Учир нь нэг нам давамгайлж байгаа ийм парламентын үед Үндсэн хуулийг өөрчилж болохгүй гэж байна. Түүнээс биш өөрчлөх нь бол зүйтэй гэв. Иймэрхүү гурван том санаа гарч ирлээ.

– Таны хувьд ҮХНӨ- ийн асуудалд ямар байр суурьтай байна вэ?

– Бага ард түмэн буюу парламентаа илүү бэхжүүлсэн, төгөлдөржүүлсэн тогтолцоог бий болгож, цааш явах ёстой.

Өөрөөр хэлбэл, төлөөллийн зарчмыг маш сайн бүрдүүлж өгөх шаардлагатай. Өнөөдөр нийт ард түмний 42 хувийн саналыг авсан нам парламентад олонх болж байгаа нь өөрөө төлөөллийн зарчим алдагдсан, төлөөлөл хангагдаж чадаагүйн илрэл. Тэгэхээр цаашдаа парламентын тогтолцоог бэхжүүлэхийн тулд сонгуулийн системийг өөрчлөх буюу пропорциональ тогтолцоотой болох ёстой. Олон бүлэглэлүүдийн төлөөллийг оруулж ирэх шаардлагатай. Хоёрдугаарт, парламентын гишүүдийн тоог өсгөх хэрэгтэй. Манайх дэндүү давжаа парламент. 19-хөн гишүүний саналаар хуулийн асуудал яригддаг. Хамгийн чухал нь мэргэжлийн парламент гэдэг бол мэргэжлийн байнгын хороонуудтай байдаг. Байнгын хороод нь 19 гишүүнээр хязгаарлагддаг. Үүнээс 10 гишүүн ирсэн бол ирц бүрдэж хуралдах боломжтой болдог. Өнөөгийн парламентын бодит үнэн бол энэ. Арван хүний ирцтэй хуралдаж, зургаан хүний дэмжлэгээр хуулийн асуудал явагдаж байна. Мэргэжлийн байнгын хороонуудад асуудал хэлэлцэгдээд дэмжигдсэн юм чинь чуулганы хуралд бид юу хэлэх вэ гээд тухайн хуулийн төслийг батлаад л явдаг. Угтаа УИХ-ын гишүүн мэргэжлийнхээ хүрээнд нэг л Байнгын хороонд харьяалагдах ёстой. Гэтэл 3-4 байнгын хороонд орчихсон явж байна. Миний хувьд жишээ нь гурван байнгын хороонд харьяалагддаг. Уг нь мэргэжлийнхээ дагуу ганцхан Эдийн засгийн Байнгын хороонд л байх ёстой шүү дээ. Гэтэл тийм биш байна. Энэ бол төлөөлөл хангагдаагүйн дээр парламент дэндүү давжаа байгаагийн бодит жишээ.

-Хэлэлцүүлгийн үеэр цөөнгүй хүмүүс хоёр танхимтай парламенттай болох тухай хөндөж байсан. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

-Нуулгүй хэлэхэд, миний хувьд хоёр танхимтай парламент байгуулахыг дэмждэггүй. Нөгөөтэйгүүр шинэчилсэн найруулга хийх хууль зүйн боломж байхгүй. Харин нэмэлт өөрчлөлтийг гучин хувьд хийх л асуудал байгаа. Хоёр танхим гэдэг бол 1992 оных шиг биш ээ. Өмнө нь сум нэгдлийн дарга нар байсан байх, шударга хүмүүс ч байсан л байх. Одоо яг өмнөхөөрөө төсөөлөөд яриад байгаа. Яг өмнөх шигээ ингээд хүмүүсийг сум болгоноос авчихвал юу болох вэ. Нутаг усандаа хамгийн нэр нөлөөтэй, мөнгөтэй, хамаатан садантай, эсвэл дош болгоны хамгийн попууд нь цугларна шүү дээ. Ийм хүмүүс парламентыг бүрдүүлнэ гэхээр зөв тогтолцоог авчрахгүй. Нөгөөтэйгүүр, дээд танхимаараа төсвөө батална гэж яриад байх юм. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр 76 тойрог руу урсаад алга болоод байгаа төсвийг нэг болгоё гэж яриагүй бил үү. 21 аймгаас 76 хүний төлөөлөл ирж, тойрог болгондоо төсөв батлуулж байгаа. Гэтэл үүнийг бүх сумдын төлөөлөл болгон ирүүлэх гээд яриад байна. Ингэхээр аймаг биш бүр сумынхаа төсвийг батлуулах гэж явна биз дээ. Нөгөө төсвөө нэг болгоё гэдэг зарчим хаана байна. Улам задаргаанд оруулах гэж байгаа биз. Ийм байдлаар хандах юм бол уучлаарай, тэгвэл Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийж болохгүй.

-Татварын асуудлыг хэн хүнгүй л хөндөж байх шиг байна. Эрх баригч нам татвар нэмэхгүй гэсэн зүйл нэмчихлээ. Эсвэл татварын бодлогоор иргэдээ ялгаварлаж байна. Татварын шинэ бодлогоос болж далд эдийн засаг гаарах вий дээ гэсэн шүүмжлэлүүдийг олон талаас ярьж байна. Таны хувьд энэхүү шаталсан татварын тогтолцоог юу гэж харж байна вэ?

-Ковидын үед татвар нэмсэн нь буруу. Эрх баригчдын мөрийн хөтөлбөр, сонгогчдоо хайр зарлаж, татвар нэмэхгүй гэж гарч ирсэн асуудал бол тусдаа зүйл. Энэ огт хамаагүй. Дэлхий даяар бизнесүүд маш хэцүү байгаа. Энэ үед татвар нэмэх бус харин ч хөнгөлөлт чөлөөлөлтийг зарим улс оронд авч хэрэгжүүлж байна. Татвар нэмж байгаа нь зарчмын хувьд буруу. Гэхдээ бас тэмээ, ямаа хоёрыг харьцуулаад байж болохгүй. Дэлхийн 200 орчим улс орнуудын 40 гаруй нь хөгжсөн улсууд байна. Үлдсэн 160 орчим нь хөгжих учраа олохгүй байгаа орнууд гэж хоёр хуваадаг. Манайх учраа олохгүй байгаа орнуудын тоонд орж байгаа. Мөн баялагтай улс баялаггүй улс гэж хоёр хуваадаг. Манайх баялагтай улс. Баялаг гэдэг бол өнгөрсөн, одоо, ирээдүйн өмч. Тэр баялгийг авч ашигласан хүн 10 хувийн татвар төлдөг. Харин энд нэг ТҮЦ ажиллуулсан хүн мөн адил 10 хувийн татвар төлнө гэдэг шударга биш. Тэгэхээр баялагтай, нөөцтэй улс орны хувьд энэхүү шаталсан татварын бодлого байх нь зөв. Эдийн засгийн онолоороо ийм. Тиймээс их орлоготой хүмүүсээс өндөр, бага орлоготой иргэдээс таарсан татвар авах тогтолцоо зайлшгүй шаардлагатай. Энэ систем Монгол Улсад хэрэгтэй. Монгол Улсын хүн амын гуравхан хувьд нь нийт баялгийн 97 хувь оногдож байгаа нь өөрөө эмгэнэл. Африкт бол 99 хувь байдаг. Ийм нийгэм рүү ормооргүй байгаа учраас бидэнд шаталсан татварын тогтолцоо хэрэгтэй. Үүнийг одоохондоо манай иргэд сайн ойлгохгүй байна. Тиймээс би ярьдаггүй юм. Хэзээ ярих вэ гэхээр эдийн засаг сэргэсний дараа яривал иргэд маш сайн ойлгох байх. Шаталсан татварын дарамт гэж зүйл бараг байхгүй дээ. Үүнээс болоод далд эдийн засаг улам нэмэгдэнэ гэсэн зүйл ч байх боломжгүй.

-Иргэдийн дансанд 10 сая болон түүнээс дээш төгрөгийн гүйлгээ, орлого орж ирэхэд л татвар авна гэж зарим хүмүүс ойлгоод байгаа. Үүнд та эдийн засагч хүний хувьд тайлбар өгөхгүй юү?

-10 сая төгрөгийн өндөр цалинтай, орлоготой 1300 орчим иргэн байдаг гэж сонссон. Дансаар биш ээ. Хүн амын орлогын албан татвар гэж байгаа шүү дээ. Та сард хэдэн төгрөгийн орлоготой вэ. Тэр орлогоос тань л татвар авна гэсэн үг. Түүнээс биш дансанд орж ирсэн гүйлгээ болгоноос гээд буруу мэдээлэл иргэдэд өгчихсөн байна лээ. Энэ талаараа Засгийн газар илүү тодорхой мэдээллийг олон нийтэд өгөхгүй бол болохгүй.

-Ногдол ашиг олгох хуулийн төслийг зарим гишүүд санаачилж байх шиг байна. Улмаар ирэх хавраас ногдол ашиг иргэдэд тараана гэж байна. Энэ асуудлаар таны байр суурь ямар байна вэ?

-Төрийн нууцад оруулж хулгай хийсэн оффтейк гэрээний санхүүжилтийг зогсоо. Шаардлагатай бол хөндлөнгийн аудит оруулж бодит зардлыг тогтоо. ЭТТ ирээдүйн орлого болох 19 их наяд төгрөгөөр мухар төмөр зам зэргийг барьж өрөнд оруулчихаад, хулгайгаа баллуурдахын тулд ард түмэндээ хувьцааг нь тараана гэж попрохоо больцгоо. Жинхэнэ хулгайчдаа зарлана гэсэн МАН гишүүд одоо зарла, тэгвэл дэмжье гэдэг байр суурийг чуулганы хуралд хэлсэн. Таван толгойн ногдол ашгийг тараа гэдэг санаачилга УИХ-ын зарим гишүүдээс гарч байгаа. Тухайлбал, 34 хувийг тараа гэж байна. Энэ бол ард түмэнд таалагдах нь мэдээж. Хамгийн сонирхолтой нь АТГ-аас зарлагдсан таван гишүүн үүнийг 40 хувь байх ёстой гээд л явж байна. Ш.Раднаасэд гишүүн жинхэнэ хулгайчдыг зарлана гэсэн. Гэтэл одоо 40 хувийг иргэддээ өгнө гэж хэлээд сууж байна. Ярьсныхаа эсрэг үйлдэл хийж байна гэсэн үг. Эрдэнэс таван толгойн хувьцаагаар иргэдээс оноо авах тоглолтоо улстөрчид, хулгайчид хийгээд эхэлчихэж. Тэд саяхан Т.Аюурсайхан мэтийн нөхдүүдийг зарласан. Жинхэнэ хулгайчид нь гарч ирснээ 40 биш, бүр 100 хувийн ногдол ашиг өгнө гэж ярьж байна. Эрх баригчид сонгуулийн өмнө нэг сая төгрөг нөгөө нам нь 1.5 сая төгрөг өгч, иргэдээ худлаа халамжилсан. Үүнтэйгээ адилхан одоо хувьцааг ногдол ашиг мэтээр бүх хүнд тараагаад дуусах нь л дээ. Ийм байж болохгүй. Нөгөөтэйгүүр Оюу толгойн 34 хувийг ард түмэн авлаа гээд алгаа ташиж байсан. Өнөөдөр тэрхүү 34 хувийн ногдол ашгийг бид авсан бил үү. Эсрэгээрээ 34 хувьд ногдох санхүүжилтээ та нар хий гэсэн. Үүнийг хийх гэж өндөр хүүтэй зээл авсан. Сүүлдээ бид 2040 он гэхэд 20 тэрбум ам.долларын өртэй болоод үлдэх түүх чинь саяхных биз дээ. Юун ногдол ашиг. Яг үүнтэй адилхан жишээ Таван толгой компани дээр болох гэж байна. За яах вэ 30 ч байна уу 40 хувийг нь өглөө. Хамаг орлогыг нь авчихсан ийм компанийн хувьцааг өглөө гээд та өнөөдөр ногдол ашгаа авч чадахгүй. Тийм боломж байхгүй. Иймэрхүү иргэдэд таалагдах гэсэн худлаа попролуудаа болих хэрэгтэй.

-Бид ногдол ашиг авах нь угтаа зөв биз дээ. Харин үүнийг ямар системээр явуулах ёстой юм бэ?

-Иргэдийн өмч байх ёстой юу гэвэл, тийм л дээ. Гэхдээ уучлаарай, зөвхөн өнөөдөр амьдарч байгаа бидний үе биш үү. Ирээдүйд мөн иргэд амьдарна. Тэдний хувь ч үүнд байх ч ёстой. Бид өвлүүлэх ёстой. Тэгэхээр өнөөдөр амьдарч байгаа хүмүүст бүгдийг нь тараагаад өгчихөж болохгүй. Бид л өнөөдөр үүнээс ашиг аваад байна гэдэг зөв зүйл биш. Хамгийн түрүүнд баялгийнхаа үнэ цэнийг өсгөх шаардлагатай, ашигтай ажиллуулах ёстой. Ингэхийн тулд үүнд хувийн хэвшил оролцох хэрэгтэй. Улмаар аль хэсгийг нь иргэдэд өгөх вэ гэдгээ маш сайн судлах шаардлагатай. Хэн хүн нь дур зоргоороо 30, 40, 50, 100 хувийг нь өгнө гэж болохгүй. Ногдол ашгийн нэг хэсгийг бид авч болно, нөгөө хэсгийг нь ирээдүйн үр хүүхдүүддээ өвлүүлэх, хуримтлуулах хэрэгтэй. Хамгийн гол зарчим бол энэ. Тэгэхээр судалгаагаа сайн хийе. Хэн нэгний хэлсэн, эсвэл олон нийтийн таалагдсан зүйлд шийдвэр гаргаад явж болохгүй. Мэргэжлийн судалгаа, тооцоолол, урт хугацааны бодлого л чухал.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *