Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Т.Доржханд: Хар тамгатай улстөрчдийг улс төрийн намууд нэр дэвшүүлдэггүй, иргэд сонгодоггүй байвал бодит үр дүн гарна

УИХ-ын гишүүн Т.Доржхандтай ярилцлаа.


-УИХ-ЫН ГИШҮҮН БОЛЧИХООД ХҮМҮҮСИЙГ ЗАГНААД, БЭЛДЧИХСЭН ТӨСЛИЙГ БАТЛУУЛАХАА ХУУЛЬБОЛОВСРУУЛАХ ГЭДЭГГҮЙЮМ ШҮҮ –


-ХҮН-аас улс төрийн хоёрдогч хүчин болсноо зарласан. Өнөөгийн түвшинд бидэнд улс төрийн сөрөг хүчний манлайлал их чухал болчихлоо. Хөгжлийн банкны асуудалд та болон ХҮН ямар манлайлал үзүүлж яаж ажиллах бол?

-ХҮН-ын даргын хувьд, Зөв хүн электорат эвслийг УИХ-д төлөөлж буй гишүүний хувьд Хөгжлийн банкнаас зээл аваад төлөөгүй байгаа нөхдүүдэд хатуу хариуцлага ногдуулах ёстой гэсэн байр суурьтай байгаа.

Нэгдүгээрт, хуулийн хариуцлага тооцох. Хоёрдугаарт, улс төрийн хариуцлага тооцох. Хуулийн хариуцлага нь их ойлгомжтой. Улсын хөрөнгийг шамшигдуулдаг, хууль шүүхийн байгууллагад захиалга өгч байгаад хэрэгсэхгүй болгож хариуцлагаас мултардаг, авсан зээлээ төлөхгүй байж болдог гэсэн “жишгийг” таслан зогсоомоор байгаа юм. Тиймээс эрүүгийн хариуцлага тооцож, барьцаа хөрөнгийг нь хураах, төрийн мөнгийг бүхэлд нь төлүүлэх ёстой гэсэн байр суурьтай байна. Ингэхдээ улсын төсөв болон Засгийн газрын зүгээс ямар нэгэн байдлаар хариуцлагыг нь үүрдэг байж болохгүй. Банкууд дампуурсан л бол түүнийг нь татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжүүлдэг буруу жишиг өмнө нь олон байсан. Ингэж болохгүй. Харин улс төрийн хариуцлагыг МАН, АН хоёр эхлүүлмээр байна. Энэ хоёр намын аль алиных нь нөлөө бүхий улс төрчид Хөгжлийн банкнаас бага хүүтэй, их хэмжээний мөнгө авсан, дийлэнх нь төлөөгүй. Энгийнээр хулгай хийсэн бас нэг л жишээ. Үүнийгээ ч аль аль нам нь хүлээн зөвшөөрч мэдэгдэл хийсэн. Хоёр сарын өмнө МАН 30 дугаар их хурлаа хийсэн. Тэр үед авлига албан тушаалын хэрэгт холбогдсон гишүүдтэй хатуу тэмцэнэ, намаасаа хөөнө гэдгээ зарласан. Үүнийгээ дүрэмдээ тусгасан гэж ойлгосон.

Тиймээс дүрмээ хэрэгжүүлж, намаасаа хөөж ёс зүйн хариуцлага хүлээлгэ гэж байгаа. Мөн МАН-аас сонгуульд дахиж нэр дэвшүүлэхгүй байх хязгаарлалтыг хийж өгөх шаардлагатай. АН ч ялгаагүй ийм хязгаарлалтыг хийх хэрэгтэй. Энэ санаачилгыг ХҮН-аас дэмжиж ажиллана. МАН, АН-аас чөлөөлөгдсөн нөхдүүдийг бусад намууд хүлээн авч улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх чиглэлд бусад бүх намууд тууштай зогсох хэрэгтэй. Тэр хүний улс төрийн карьерийг нь ингэж зогсоож, дахиж эрх мэдэлтэй байх боломжийг нь хязгаарлаж байж л энэ бүхэн сая бодитой ажил болно.

Муу зээлийн түүхтэй хүмүүст хар тамга дардаг. Тухайн улсад гэмт хэрэг зөрчилд холбогдсон эсвэл хууль бус үйл ажиллагаанд холбогдож байсан иргэдэд виз олгодоггүй, паспорт дээр нь хар тамга дардаг шүү дээ. Үүнтэй адил улс төрчдөд хар жагсаалт гаргаж, хар тамга дарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, хар тамгатай улстөрчийг бусад намууд хүлээж авдаггүй байх ёстой. Мөн иргэд нь сонгодоггүй байх хэрэгтэй. “Уучлаарай, та хулгай хийсэн. Худлаа ярьдаг улстөрч” гэсэн хар тамгыг нийтээрээ дардаг байх ёстой. Үүнийг улс төрийн намууд, тэр дундаа МАН АН энэ хэрэгт нэр нь холбогдсон намын гишүүддээ улс төрийн, ёс зүйн хариуцлага тооцож манлайлал үзүүлэх хэрэгтэй байна.

-Хөгжлийн банкны зээлдэгч дотор барьцаа хөрөнгөгүй зээл авсан этгээд байна гэж ч байгаа шүү дээ. Дүрэм журам нь тийм сул юм уу. Та анх байгуулагдахад нь төсөл дээр ажиллаж байсан байх аа?

-Хөгжлийн банк анх 2010 онд байгуулагдсан. Анх байгуулагдахад би Сангийн яаманд ажиллаж байсан. Хөгжлийн банк ямар байдлаар явах ёстой вэ гэдэг анхных нь дизайныг Японы Хөгжлийн банк болон Экзим банктай хамтарч хийж байсан. Хөгжлийн банкийг байгуулах санаачилгыг тухайн үеийн Засгийн газар, УИХ дэмжсэн. Ингээд Хөгжлийн банкийг байгуулсан. Дизайныг гаргахдаа яагаад япончуудыг сонгосон бэ гэхээр тэд Солонгос, Сингапур, Хятад, Энэтхэгийн Хөгжлийн банкны дизайныг хийж өөрсдөө менежмэнтийг нь хийх байдлаар хөл дээр нь босгож ирсэн байдаг. Тэдгээр банкууд ч амжилттай ажиллаж байгаа. Хөгжиж байгаа манайх шиг улсын хувьд дэд бүтэц болон бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг санхүүжүүлдэг ийм платформ хэрэгтэй байдаг. Ийм санхүүгийн платформыг үүсгэх гэж л бид Хөгжлийн банкийг байгуулсан. Түүнээс гаднаас мөнгө босгоод хөөрхий улстөрчиддөө тараагаад өгье гэж байгуулаагүй. Анхны үндсэн концепци нь Засгийн газар баталгаа гаргах замаар гадагшаа бондоо зарж урт хугацааны хямд эх үүсвэр татан түүгээрээ эргэж орлого олох төслүүдийг санхүүжүүлэх.

Мөн бусад арилжааны банкуудын эх үүсвэртэй хольж төр, хувийн хэвшлийн хамтарсан төслүүдийг санхүүжүүлэх зэрэг олон хувилбараар тооцсон. Тухайлбал, Монгол Улсад хэрэгтэй өнөөх төмөр зам, цахилгаан станцууд, хил гааль, боомтууд, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын төслүүдийг санхүүжүүлэхэд мөнгө хэрэгтэй байна. Энэ мөнгө төсөвт алга. Төсвийнхөө мөнгийг 76 тийшээ цацчихаад байна. Өөр санхүүжилтийн эх үүсвэр хэрэгтэй байна гээд гадныхантай ярьж байгаад байгуулсан. Энэ санаачилгыг үндсэндээ Сангийн яам гаргаж Японы Хөгжлийн банкны менежмэнтийг оруулахаар ажилласан. Харамсалтай нь Японы баг ирж чадаагүй. Солонгосын баг ирсэн. Бүр харамсалтай нь Солонгосын багаа хоёр жилийн дараа хөөж явуулаад, нэг дарга нь өөрийнхөө туслахыг банкны захирлаар тавьчихсан. Ингээд л Ардчилсан намынхан баахан бонд босгож түүнийгээ үргүй цацсан. Дараа нь Ардын намын ээлж ирсэн. Мөн адилхан бие биедээ өгсөн, цацсан. Хулгай нь өнөөдөр ил гарч байгаа нь сайн. Гэхдээ хариуцлага заавал ногдуулах ёстой.

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд МАН, АН хоёр улс төрийн гол тоглогч байж ачаагаа үүрсэн гэдэг. Тэгвэл мөн олон ч хулгайг хамтарч хийсэн нь ил болж байна. Өнөөдрийн Хөгжлийн банк, өчигдрийн сангуудын хөрөнгө гээд ухвал олон.

-Нэг талаас нэгнээ хянаж, цэгнэж ярих нам хоёрхон байгаа болохоор энэ мэт асуудал гаардаг байх тийм үү. Ер нь улс төрд бусад намуудыг яагаад оруулдаггүй юм бол. Бусад намуудын улс төрийн оролцоог яаж нэмэгдүүлэх вэ?

-Сүүлийн 30 жилийн хугацаанд хоёр засагласан. Энэ хоёр нам улс төрийн хувьд өрсөлдөгч гэхээсээ илүү үеэрээ нийлж хулгай хийдэг хамтрагчид болчихлоо шүү дээ. ЖДҮ, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сан, Хөгжлийн банк гээд цаашаа төрийн нууцад орсон бүр том хулгайнууд байна байна. Нууцалсан болохоос биш ил гаргавал өнөөдрийн Хөгжлийн банкны хулгай ч жижигт орохоор юм билээ. Энэ хоёр нам 30 жил засаглахдаа гуравдагч шинэ хүчин гарч ирэхээр нийлээд намначихдаг. Хоёулаа мөнхийн засаглана, хувааж иднэ, хулгай хийнэ гэсэн байдлаар явж ирсэн. Энгийн логикоор бодоход хамтарч хулгай хийсэн хоёр бие биендээ хариуцлага тооцох уу?! Гурав дахь этгээд хариуцлага тооцвол арай бодитой биз дээ. Ийм учраас л өнөөдрийг хүртэл шинэ намуудыг хамтарч намнадаг байсан юм билээ. Тухайлбал, 2016 онд ХҮН тэр намналтанд нь орж сонгуульд орж чадаагүй шүү дээ. Саяхан 2020 оны орон нутгийн сонгуульд оруулахгүй гээд хуучин ерөнхийлөгч нь хуулийн байгууллагаа ажиллуулаад бараагүй л дээ. Өнөөдөр ХҮН сүхээр цохиод ч унахааргүй бат бөх суурьтай буюу бодитой дэмжигчидтэй болчихсон. Сонгуулиар авсан саналаар дүгнэвэл нийт монголчуудын 20 хувийн дэмжлэг авсан улс төрийн бодитой хүчин болсон. Сүүлийн хоёр сонгуулиар дандаа хоёрт эрэмбэлэгдлээ.

Энэ хулгай, авлига, шударга бус шүүхийн асуудлыг шийдэхгүй бол Монгол Улс хөгжихгүй. Иймээс энэ хулгайтай тэмцэхэд улс төрийн гуравдагч хүчин маш чухал. Үүнийг ХҮН-ынхан бидний үүрэг гэж харж байгаа. Тиймээс хулгайчуудтай тэмцэнэ, хариуцлагыг нь тооцно. Хэрвээ ХҮН-ын нөхөр ийм хулгайд оролцсон байна гэвэл бид шууд намын гишүүнчлэлээс нь чөлөөлж, АТГ, хуулийн байгууллагад өөрсдөө хүргэж өгнө гэсэн дүрмийн зохицуулалттай. Үүнийгээ ч бид биелүүлээд явна. Гэхдээ өнөөдрийг хүртэл ХҮН-ынхны хувьд хулгайд оролцсон үүх түүх байхгүй. Бид оролцохгүй. Эсрэгээрээ энэ цэвэрлэгээг улс төрд хийнэ. Болж бүтэхгүй байгаа системийн гажуудлуудыг засна. Тогтолцооны өөрчлөлт нь зарим иргэдэд таалагддаггүй юм шиг байна. Таалагдахгүй байсан ч улс оронд хэрэгтэй өөрчлөлтүүдийг хэн нэг нь хийх л ёстой. Ирээдүйн Монголд хэрэгтэй өөрчлөлтийг ХҮН хойшоо суухгүйгээр, рейтинг маань уначих вий гэж санаа зовохгүйгээр эр зоригтойгоор, нэр төртэйгөөр хийнэ, хулгайтай тэмцэнэ.

-Ээлжит бус чуулганы үеэр Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар та хөндсөн. Зарим гишүүд эгдүүцэж байх шиг байсан. Та яг ямар заалт оруулахаар санаачилж байгаа юм бэ?

-Тойргийн иргэдэд бэлэг сэлт тараадгийг хязгаарлах асуудал юм. Гишүүд өөрийнхөө тойрогт ямар нэгэн баяр тохиолдуулж бэлэг тарааж байна гэдэг нь ахмадуудаа хүндэлж байна гэсэн үг биш. Энэ бол ердөө санал худалдан авалт, авлига шүү дээ. МАН ч тэр, АН ч тэр 30 жил тарааж ирсэн. Зарим гишүүд маань мөнгө тараасан нь дээр ээ л гэж байна. Тулаад асуухаар сонгуулийн тогтолцоо ийм юм чинь яах билээ л гэж үнэнээ хэлж байна. Тэгэхээр шалтгаан нь тойргийн систем. 76 тийшээ жижигхэн төсвөө тараачихдаг. Шавар бурхнаас авахуулаад соёлын төв баахан цемент зуурдаг. Сонгууль дөхөөд ирэхээр баяр далимдуулж янз янзын бэлэг тараадаг. Иргэдэд нэг удаагийн бэлэг хэрэгтэй юм уу, эсвэл тогтвортой орлого, ажлын байр хэрэгтэй юм уу. Нэг Цагаан сарын өмнө тэтгэвэр нэмэх нь хэрэгтэй юм уу тэтгэврийн шинэчлэлээ хийж, мөнгө нь өсөж үрждэг, үржсэн мөнгө нь Цагаан сараа хийхэд хангалттай байх ёстой юу. Хүүхдийн мөнгөнөөс авахуулаад янз янзын халамжаа хавтгайруулж тараадаг. Тухайн хүнд тогтвортой орлого, ажлын байр, ажлын хамт олон, ажил хийх хүсэл зорилго, итгэл үнэмшил байх ёстой юм уу, аль эсвэл халамжлуулаад тойргийнхоо гишүүнийг бараадаад өгсөн юмыг нь ноёны хишиг шиг авдаг, түүнийгээ уламжлал, ёс заншлаар хаацайлаад явах юм уу. Үүнээс болоод л Монгол Улс хөгжихгүй байгаа шүү дээ. Тиймээс С.Одонтуяа гишүүнтэй хамтраад үүнийг халах хуулийн төсөл өргөн барина. Одоогийн Сонгуулийн хуульд зөвхөн тухайн сонгуулийн жилд ямар нэгэн бэлэг сэлт, эд өлгийн зүйл тарааж болохгүй гэсэн зохицуулалттай. Өөрөөр хэлбэл, 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш юм тарааж болохгүй. Бусад хугацаанд нь болно гэсэн зохицуулалттай. Тиймээс УИХ-ын гишүүн байх дөрвөн жилийн хугацаандаа ямар нэгэн эд зүйлс тараадаггүй болгоё. Ул боов, гурил, нүүрс зэрэг тараахгүй. Энэ бол нэг талаас иргэдийнхээ саналыг худалдаж авч байна. Нөгөө талдаа иргэдийнхээ улс төрийн боловсролыг нь дээшлүүлэх, улс төрийн идэвхтэй иргэн байх, сонголтоо өөрөө хийж, өөрийнхөө сонгогдсон гишүүнээр дамжуулж төрөө засагладаг ардчилал гэдэг зүйлийг устгаад байгаа юм. Тиймээс боов бус бодлого ярьдаг парламенттай байя л гэсэн. Цаашдаа аливаа хүн улстөрч болъё гэвэл бодлогоороо, хийсэн ажил, өмнөх үүх түүхээрээ, ирээдүйд хийх хөтөлбөрөөрөө өрсөлдөхгүй бол мөнгөтэй нь юм тараагаад гарчихаад байвал бодлого боловсруулагч биш, хамгийн их мөнгөтэй хүмүүс төрд сууна шүү дээ. Хамгийн их мөнгөтэй хүмүүс бидний үнэлэмжээр өөрийнхөө хүчээр амжилтад хүрсэн, үгүй бол төрөөс буюу “Хөгжлийн банкнаас” хулгай хийсэн хүмүүс байгаа шүү дээ. Ингээд харвал өөрсдөө мөнгөө олсон хүн УИХ-д их цөөхөн байгаа биз дээ. Бид төрд төвлөрүүлсэн мөнгөө хэдэн хулгайч нарт өгчихөөд, тэр хулгайч нарынхаа тараасан зүйлийг нь авчихаад уламжлал ярьж тэр хүмүүсээ толгой дээрээ залаад байвал энэ улсад яаж хөгжил ирэх билээ. Ажил хийдэггүй, бодлого ярьдаггүй, эсрэгээрээ ард түмэнд таалагдсан популизм хийдэг, ярьдаг, хулгай хийдэг, худлаа ярьдаг хүмүүсийг төрд гаргачихвал иргэд төрдөө итгэхгүй. Парламентын нэр хүнд унавал төр засаг тогтвортой байх уу. Эмзэг болчихвол бусад улсуудын хувьд бид хөнгөхөн зууш төдий болно.

-Н.Учрал гишүүн таныг нэг ч хуулийн төсөл дээр гар бие оролцож үзээгүй гэж хэлсэн. Та өнгөрсөн хугацаанд ямар хуулийн төсөл дээр ажиллав?

-Н.Учрал гишүүн маань өөрөө жаахан судалгаатай ярих хэрэгтэй болов уу. Би холбогдох мэдээллээ сошиалаар тавьсан. Сүүлийн 23 жил цаастай л ноцолдлоо. 1999 онд анх Сангийн яаманд орсноосоо авахуулаад худалч хүнд бараг сар болгон нэг хуулийн төсөл боловсруулдаг байлаа. Хуультай ноцолдоно гэдэг бол ажлын хэсгийг ахалж, ажлын хэсгийн гишүүдийг өрөөндөө дуудаж загнадаг, тэдний авч ирсэн төслийг батлуулахыг хууль боловсруулах гэдэггүй юм. Манай зарим нөхдүүд андуураад байх шиг байна. Хууль боловсруулна гэдэг эхлээд судалгаагаа хийнэ. Түүн дээрээ үндэслэж хуулийнхаа үзэл баримтлалыг өөрсдөө боловсруулдаг. Өөрсдөө боловсруулсныхаа дараа хуулийнхаа драфт хар зургаа гаргана. Энэ бүхнийг өөрсдөө хийдэг юм шүү дээ. Үүнийхээ дараа ХЗДХЯ-ны холбогдох хуульчдаас ажлын хэсэг гаргаж, хуулийн үг үсгийг нь засуулж, хянуулдаг. Ингээд хуулийн төсөл хэлэлцүүлэгт бэлтгэгддэг. Би энэ ажлыг 23 жил хийсэн. Жил бүрийн улсын төсвийн хуулийн төсөв дээр нь суудаг байлаа. Татварын маш олон хуулийн өөрчлөлтүүдийг хийж байлаа.

Баялгийн сан, Өрийн удирдлагын хуулийг санаачилж байлаа. Тендерийн тухай хуулийг 2000 онд хамт хийж, төсвийн тухай хууль болон тогтвортой байдлын тухай чухал хуулиуд дээр ажилласан. Үүгээрээ бахархдаг юм. Зөвхөн Монгол төдийгүй ОУВС-д ажиллаж байхдаа хөгжиж байгаа орнуудын өрийн удирдлага журам нь ямар байх, тогтолцоо нь ямар байх вэ гэдэг судалгааг нь хийж журмыг нь гаргаж байсан л даа. Түүнээс УИХ-ын гишүүн гэхээрээ хүмүүсийг загнаад, Засгийн газрын бэлдсэн төслийг өөрийн нэр дээр батлуулж өөрөөрөө овоглох нь буруу л даа. Ер нь гишүүд хууль шинээр хийхээсээ илүү хуулийн хэрэгжилт дээр түлхүү анхаармаар байгаа юм. Мөн сайн хуулийг гишүүд биш, институци буюу Засгийн газар хийдэг, тэр нь ч зөв. Чанартай, чанаргүй хуулийн тоогоор өрсөлдөх нь буруу хандлага гэж тэмдэглэмээр байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *