Categories
мэдээ цаг-үе

Т.Дорждагва: Соёл хэмээх үзэгдэл бол хүн байх шалгуур үзүүлэлт юм

МУИС-ийн Филисофи шашин судлалын тэнхимийн зөвлөх профессор, доктор Т.Дорждагватай ярилцлаа.


-Удахгүй соёл, урлагийн ажилтны улсын зөвлөгөөн болно. Энэ арга хэмжээний талаар та ямар бодолтой байна?

-Их олон юм яримаар байна. Эдгээр салбарын зарим нэр томьёо, тэдгээрийн хэрэглээ, ойлголтын зөрүү, сургалт, судалгааны ажлын доголдол яривал их юм бий. Монгол ярианы хэлэнд юмыг холбоо, хоршоо үгээр илэрхийлэх юм. Ердийн ухамсрын түвшинд бол яая гэхэв ээ, харин онолын хүрээнд, шинжлэх ухааны утгаар ингэж болохгүй.

-Тэгэхээр соёл, урлаг гэдэг нэр томьёоны хувьд та шүүмжлэлтэй хандаж байгаа хэрэг үү?

-Шинжлэх ухаан бол үнэнийг хайдаг, илрүүлдэг. Гэтэл өгзөг, тохой хоёроо нэгэн зэрэг тавьж суудаг эд хогшлыг би л лав мэдэхгүй. Эсвэл гэдийгээд тохойгоо тулж болох вандан сандлыг яриад байгаа юм уу (инээв). Хүмүүс “Соёл урлаг” гэж л яриад байх юм. Соёл урлаг гэдэг үзэгдэл ертөнцөд байхгүй.

-Яагаад?

-Соёл, урлаг гэдэг өөр, өөр агуулгатай үзэгдлүүд, тэдгээрийг илэрхийлсэн тусдаа ойлголтууд бий. Нэг жишээ хэлье. “Соёл иргэншил” гэж бид ч нэг хэсэгтээ буруу бичиж байсан. Соёл иргэншил гэдэг үзэгдэл бас байхгүй. Харин “соёл”, “иргэншил” гэсэн тусдаа тодорхойлолт бүхий ойлголтууд байдаг. Манай нэг эрдэмтэн гадаад хүнтэй ярихдаа соёл иргэншил гээд л яриад байж, орчуулагч нь англиар “culture and civiliza­tion” гээд л орчуулаад байж. Сүүлдээ мань хоёр эрдэмтэн ер ойлголцохгүй болжээ. Шалтгаан нь болохоор монгол эрдэмтэн civilization гэдэг үгийг соёл иргэншил гэж буруу хэрэглэснийг шинэхэн орчуулагч хоёр үг болгож орчуулснаас хэрэг мандаж. “Соёл урлаг” гэх нь яг л тийм зүйл.

-Монголчууд бүгд л соёл урлаг гэдэг үгийг хамтад нь хэлдэг шүү дээ. Ингэж нэрших болсон шалтгаан нь юу юм бол?

-Энэ бол үндсэндээ улс төр, эдийн засгийн салбарыг дэмжих, тэдгээрийн ололтыг мандуулах үзэл суртлын илүү боломжит хэрэгсэл урлаг байна гэж үзэж, түүнийгээ соёл гэдэг томьёололтой нийлүүлсэн. Утга хутгаж, онол, аргазүйн хувьд будлиулсан өмнөх үеийн хуучин сэтгэлгээ, ажлын арга барилтай холбоотой байх.

-Соёл, урлаг хоёр холбоотой биз дээ?

-Холбоотой. Урлаг бол оюуны соёлын онцгой нэгэн илрэл. Харин “Соёл” хэмээх үзэгдэл бол угтаа хүмүүний хүн байх шалгуур үзүүлэлт мөн. Гагцхүү соёл гэдэг үзэгдлийн утгаар хүн төрөлхтөн амьтай, амьгүй бусад ертөнцийн аливаа илрэлээс ялгагдаж байдаг. Орчин цагт соёлын тухай зөв цэгцтэй ойлголт хэвшихгүй байна. Үнэндээ энд олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд холбогдох асуудал байдаг.

-Энэ талаар та олон жил судлав уу?

-1998 онд гарын авлага, 2010 онд“Соёл судлал” сурах бичгээ гаргаж, “Монголын соёл судлалын холбоо” төрийн бус байгууллага байгуулан соёл судлаачдын үндэсний 10 семинарыг зохион байгуулахад оролцлоо.

-Соёлын байгууллагын талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Бүх яам үнэндээ бүгдээрээ соёлын яам. Учир нь хүний буй болгосон аливаа зохион байгуулалт хүний төлөө байдаг шүү дээ. Харин практик дээр урлагийн байгууллага, музей, номын сангийн гэх мэт асуудлыг соёлын гэж тодотгон авч үзэх нь бий. Тэгэхдээ энд урлагийн байгууллагаа төлөөлж, музей, номын сангаа шоовдорлох нь лав л манайд ужгирсан дутагдлын нэг. Харин зах зээлд орсноор музейнүүд үзмэрээ гадаадад түрээсээр аялуулж бас ч хөөрхөн юм олоод байна. Харин номын сан хэцүү байна. Угтаа номын сан бол ёстой буянтай салбар шүү дээ. Оюуны салбарын үнэлэмж бүхэлдээ дээшилж чадахгүй байгаагийн нэг жишээ, бас нэг шалтгаан бол монгол төр, засгаас бага анхаарч байгаатай холбоотой.

-Таныхаар урлагийн байгууллагууд нь ямар байна?

-Ядаж зах зээлд хөлөө олоод байх нь дээр юм. Гэхдээ урлагийн байгууллагууд янз янз л байгаа. Яамдын өмнөх бүтцийн үед төв театруудын орчны стандарт, орон нутгийн клуб, соёлын ордны орчны стандартын асуудлыг ярьж байсан, санхүүжилт их хэрэгтэй юм билээ. Энэ их улстөржилт, халаа сэлгээ ажлыг цалгардуулж, хийх гэхээсээ илүү нэг юмаа дахин дахин ярьсаар цаг хугацаа алддаг. Шулуухан хэлэхэд угтаа соёлын тухай хууль байх боломжгүй. Хүний хүн шиг байх чадварыг, хүмүүнлэг чанарыг хуульчлаад барагдах уу. Угаасаа бүх хууль тийм л зорилготой биз дээ. Манай “Соёлын тухай” хууль нэг үзэл сурталт хуучин нийгмийн үлдэгдэл, соёл хэмээх үзэгдлийг андуу ухаарч ирсний гэрч юм. Тэнд яригдаж байгаа санааны дийлэнх нь урлагийн ертөнцтэй холбоотой байдаг. Түүний оронд харин “Урлагийн тухай” хууль, бүр нарийвчлаад “Киноны тухай”, “Дүрслэх урлагийн тухай”, “Орон нутгийн клуб, соёлын ордны тухай” хууль гэх зэргээр тодорхой хууль байж болно. Хоосон деклераци хэнд ч хэрэггүй шүү дээ. ОХУ “Соёлын тухай хууль” батлах гээд чадалгүй хэдэн парламент дамжууллаа. Казахстанд нэг тийм хууль байна лээ. Интернет ухаад үзээрэй.

-Ингэхэд та Төрийн соёлын бодлогын талаар ямар бодолтой байдаг вэ?

-Тэр чинь бас л урлагийн асуудалд голлон чиглэгдсэн юм билээ. Угтаа соёлын тухай бодлого бол их даацтай, холч бодлого. Хар хайрцагны бодлого гэж ярьдаг даа. Соёлын бодлогод холбогдох хоёр чухал салбар байдаг нь боловсролын болон шашны салбар. Дашрамд хэлэхэд хүүхдийн сургуулийн өмнөх үеийн хөгжлөөс эхлээд докторын сургалт хүртэлх асуудлыг хариуцсан төрийн захиргааны төв байгууллага энд маш чухал функци гүйцэтгэх ёстой. Энд би боловсролоор дамжуулж соёлтой амьтан буй болгох, хүнээр хүн хийх асуудлыг хөндөж байна л даа.

-Урлагийн талаарх манай судалгаа шинжилгээ аль түвшинд яваа бол?

-Урлаг судлал гэдэг нэр томьёо бол урлагийн тусгаар төрөл жанруудын тухай судалгааг багтаасан ерөнхий нэр. Манайд тодорхой салбарын судалгаанууд бий. Урлаг гэдэг үзэгдлийг судалдаг өөр салбарууд, тухайлбал урлагийн философи, урлагийн социологи, урлагийн сэтгэл судлал, бас урлагийн шүүмжээр түлхүү ажилламаар байна. Бас нэг чухал юм бол судалгааны онол, арга зүйн түвшинд онцгой анхаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл эстетикийг шинэчлэх хэрэгтэй. СУИС-ийн магистрын сургалтанд зориулан бэлтгэсэн “Урлагийн философи” нэртэй товхимолдоо дээрх асуудлыг хөндөж оруулсан.

-Та гоо зүй гэж нэрлэхгүй байна уу даа…

-Тиймээ, тэгэж нэрлэмгүй байна гэсэн санаагаа зарим илтгэлдээ хэлж, бас дээрх товхимолдоо тусган оруулсан байгаа. Бид физик, хими, философи, социологи, компьютер, интернет гэж ярьж болоод байгаа биз дээ. Түүн шиг эстетик гээд ярьж яагаад болохгүй гэж. Ингэхэд бидний яриа сунжраад байна. Багш хүн нуршуу ярьж байгаагаа мэддэггүй юм. Үүнийг яривал хэд хэдэн лекц болно доо. Товчхон хэлэхэд, эстетикийн категориуд болох муухай, адгийн, эмгэнэлт, шог зэрэг нь гоо сайхны тухай асуудал.

-Уламжлалт эстетик, орчин үеийн эстетик хоёр ямар ялгаатай вэ?

-Уламжлалт эстетик нь үндсэндээ тухайн үеийнхээ мэдлэг, мэдээллийн нөхцөл бололцоонд тулгуурлаж, тэр үеийнхээ голлох үзэл санаанд баригдмал, хэвшмэл байдалтай оршиж ирсэн бол орчин үеийн эстетик нь илүү чөлөөтэй, олон ургальч үзлийг эрхэмлэсэн байдгаараа түүнээс эрс ялгагддаг.Уламжлалт эстетик голчлон “сонгодог” гэх үеийн урлагтай холбоотой байж, “сайхан”-ыг үндсэн категорио болгодог нь түүний нэг онцлог. Орчин үеийн эстетик нь өнөө үеийн мэдээллийн эрин, урлагийн шинэ төрөл зүйлүүдтэй холбоотой байж, “сайхан”-ыг бусад категориудын зиндаанд тавьж, олон категорийг шинээр нэмжээ. Ерөнхийдөө эстетик бол философийн нэг салбар гэдэг харьцангуй тогтсон ойлголт байдаг. Тэгээд л эстетикийг урлагийн философи гээд байдаг юм. Гэтэл бид наад зах нь хоёр нэр томьёо байсаар байтал үл тоомсорлоод байж болохгүй биз дээ.

Э.Мөнх-Отгон

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *