Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Т.Доржханд: Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүнийг улс төрийн аливаа үйл ажиллагаанд оролцохыг хориглох хэрэгтэй DNN.mn

УИХ-ын гишүүн, ХҮН намын дарга Т.Доржхандтай Хөрөнгө оруулалтын тухай хууль болон Ерөнхийлөгчийн тухай хуулийн талаар ярилцлаа.

-Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэж байна. Уг хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд болон Засгийн газрын гишүүдийн байр суурь адилгүй байна. Таны хувьд уг хуулийн төслийг дэмжиж байгаа юу?

-Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг маш яаралтай батлах шаардлагатай. Нэг удаа хойшилсон. Дахиж хойшлуулж болохгүй хууль бол энэ. Учир нь УИХ уг хуулийг дахин дахин хойшлуулаад байвал гадаадын хөрөнгө оруулагчдад буруу мэдээлэл очих болно. Энэ бол Монголын эдийн засгийн хамгийн том аюул. Эдийн засаг талаасаа уг хуулийг яагаад нэн даруй батлах ёстой юм бэ гэхээр маш ойлгомжтой хэдэн зүйл хэлье. Монгол Улсын эдийн засаг бол хөгжиж байгаа эдийн засаг.

Гэхдээ сүүлийн арван жил гаднын хөрөнгө оруулалт гэдэг зүйл зогссон. Хөгжиж байгаа манайх шиг улсад нэг чухал онцлог байгаа. Тэр нь асар их дэд бүтцийн санхүүжилтийн хэрэгцээ байдаг. Үүнийг хийхийн тулд гурван хүчин зүйл бий. Нэгдүгээрт, улсын төсөв. Хоёрдугаарт, зээл, тусламж. Гуравдугаарт, гадна дотнын хөрөнгө оруулагчид. Үүнээс тодорхойлж хэлбэл гадна дотнын хөрөнгө оруулалтаар дээрх санхүүжилтийг шийдэх нь олон давуу талыг бий болгодог. Хөрөнгө оруулалтын эрсдэлээ хөрөнгө оруулагч тал өөрсдөө үүрдэг. Давуу тал нь гэвэл ажлын байр бий болно. Эдийн засаг тэлнэ. Шинээр зах зээл бий болдог. Дагаад шинэ технологи, менежментийн ноу хау орж ирдэг. Хөрөнгө оруулалтын энэхүү давуу талын хүчээр дэлхийн 200 гаруй улс орны 40 орчим нь хөгжингүй улс болсон.

-Тухайлбал гаднын хөрөнгө оруулалтаар хөгжсөн ямар орон байна вэ?

-Хамгийн их хөгжсөн орон бол мэдээж АНУ. Өөрөөр хэлбэл хамгийн их хөрөнгө оруулалт буюу таван их наяд ам.долларыг энэ улс дангаараа татаж байна гэсэн үг. Түүнээс гадна хамгийн их хөрөнгө оруулалт татсан 10 улс гээд харвал бүгд л хөгжсөн орнууд байдаг. Тэр утгаараа хөрөнгө оруулалт гэдэг бол хаана хамгийн таатай орчин байна тэнд очиж цуглардаг. Харин манайх шиг татварын өндөр орчинтой, байгалийн саад бэрхшээл ихтэй улс руу ирэх нь ховор. Миний хувьд Африкийн олон улсаар явж үзсэн. Тэнд ч гэсэн хөрөнгө оруулалт очдоггүй. Учир нь байгаль цаг уурын хувьд маш халуун. Нэмээд засаглал нь сул. Засгийн газар нь тогтворгүй байдаг. Үүнээсээ болоод хөрөнгө оруулагчдыг зүгээр л мөнгө гэж хардаг. Үр дүнд нь Африкийн улс орнууд огт хөгжихгүй байна шүү дээ. Тэгэхээр бид энэ саад, бэрхшээлийг аль болох багасгах зорилгоор хөрөнгө оруулалтыг татах ёстой.

-Тийм учраас энэхүү Хөрөнгө оруулалтын тухай хуулийг яаралтай батлах нь зөв гэж үү?

-Бүр нэн яаралтай батлах ёстой. Хөрөнгө оруулагчдыг татахын тулд татварын болон татварын бус аргаар татдаг. Энэ хууль бол татварын бус аргаар хөрөнгө оруулагчдыг татъя гэдэг зохицуулалтаар орж ирж байгаа гэж ойлгосон. Тэгэхээр манайхан нэг зүйлийг сайн мэдэх хэрэгтэй. Монгол Улсын хаалганы гадна хөрөнгө оруулагчид бол байхгүй шүү. Тэр утгаараа уг хууль батлагдлаа ч хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэж байхгүй. Гэхдээ бидний хувьд ийм эрх зүйн орчин бүрдүүлж чадаж байна гэдэг маань өөрөө хөрөнгө оруулагчдад эерэг зөв сигнал болж очих ёстой юм аа. Өөрөөр хэлбэл энэ хууль бол гаднын хөрөнгө оруулагчдыг эх орондоо дуудсан нэг ёсны урилга гэж хэлж болно.

-Та бол гуравдагч хүчний төлөөлөл. УИХ-ын гишүүн хүн. Тэр утгаараа уг хуулийг эсэргүүцэж байгаа улс төрийн нам, гишүүдийн байр суурийг ямар байдлаар дүгнэн харж байгаа вэ?

-Юуны өмнө сонгууль дөхчихлөө. Тэр утгаараа улс төржих гэсэн санаархал их байна. Нөгөөтэйгүүр уг хуулийн зүйл заалтад огт дурдаагүй асуудлыг зарим улстөрчид гарган ирж, олон нийтэд ор үндэсгүй зүйлийг сэвж байна. Өөрөөр хэлбэл огт байхгүй зүйл заалтыг энэ хуулийн хүрээнд байгаа мэтээр дурдаж улстөржиж байна гэсэн үг. Урд хөршөөр дамжин танктай цэргүүд орж ирнэ. Тиймээс төмөр зам барьж болохгүй гээд элс цоолж олон нийтийн тархийг угаасан нэг хүн бий. Энэ үлгэрт итгэж Монголын хөгжил хэдэн арван жилээр хойшоо ухарсан. Харин өнөөдөр энэ хуулийг эсэргүүцэж байгаа хүмүүс уг үлгэрийнхээ хоёрдугаар ангийг эхлүүллээ гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл “танктай цэргүүд” хэмээх киноны хоёр дахь анги гарч эхэллээ гэсэн үг.

Уг хуулиар гаднын хөрөнгө оруулагчид хөрөнгийн ямар ч босгогүйгээр орж ирэхээр байгаа нь аюул гэж хараад байгаа хүмүүс байна шүү дээ?

-Энэ хууль батлагдвал гадаадын иргэд маш олноороо орж ирээд Монгол Улсыг эзэлчихнэ гэсэн үлгэрийг зохиож байна. Энэ бол сонгуульд зориулагдсан үлгэр зохиодог бүлэг хүмүүсийн хийдэг л ажил. Яг энэ үлгэрийн ард Монголын топ гэгдэх улстөрчид бүгд бий. Топуудад энэ бол маш том боломж. Учир нь тэдний зохиосон үлгэрт иргэд үнэмшвэл дахин сонгуульд ялах боломжтой гэж харж байгаа. 1930-аад онд Гитлер яаж гарч ирсэн юм бэ гэхээр яг ийм үлгэр зохиож бүх эрх мэдлийг авч байсан. Эцэст нь улс орондоо дэлхий нийтэд асар их хүний цусыг урсгасан их дайныг үүсгэсэн биз дээ. Энэ бол том түүхэн сургамж. Түүнтэй адил Монгол ялна гэж гарч ирсэн хүн Монголыг ялагдуулсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаал бол Монголын ард түмний эв нэгдлийн манаанд зогсох хүндэт харуул. Ийм хүн албан тушаалаа өгсөн ч гэсэн Ерөнхийлөгч хэмээх нэр сүртэйгээ явж байна. Үүнийгээ улс төрийн зорилгоор ашиглаж байгаа нь бүр харамсалтай. Бүр улс төрийн намын дарга шиг Төрийн ордонд орж ирээд акц өрнүүлж байгаа нь өөрөө улс төрийн зорилготойгоос гадна гаднын улсын нөлөөллөөр явж байгаа юм болов уу гэж хардсан. Хүн бол хардах эрхтэй.

-Засгийн газрын гишүүд хоорондоо зөрчилтэй байгааг та юу гэж ойлгож байна. Энэ кабинет нэгдсэн бодлогоор явах боломжгүй болсны шинж үү?

-Тэгж харж болно. 2023 оны зургадугаар сард Засгийн газар энэхүү хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан байдаг. Долдугаар сард нь Эдийн засгийн байнгын хорооны гишүүний хувьд уг хуулийн төсөлд саналаа өгөөд ажиллаж байсан. Тэр үед уг хуулийн төслийн агуулга бол Засгийн газрын нэгдмэл байр суурь шүү гэж хэлж байсныг санаж байна. Гэтэл өнөөдөр энэхүү хуулийн төслийг Засгийн газрын хоёр ч гишүүн нь эсэргүүцсэн байр суурьтай байна. Тэгэхээр тухайн үед нэгдмэл байр суурь илэрхийлж байсан Засгийн газрын кабинетийн зарчим өнөөдөр алдагдсан байгаа нь тодорхой харагдаж байна л даа. Кабинет гэдэг бол Ерөнхий сайдаа дэмжиж ажилладаг бүтэц. Нэг баг гэж Үндсэн хуулиар эрхийг нь Ерөнхий сайдад бүрэн олгосон. Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд кабинетийн зарчмыг алдагдуулж байгаа сайд нартаа хариуцлага тооцох эрхтэй. Эл хариуцлага нь мэдээж чөлөөлөх, томилох шүү дээ.

-Тэгэхээр өнөөгийн Засгийн газар кабинетийнхаа зарчмыг алдсан учраас Ерөнхий сайд зарим сайд нараа чөлөөлнө гэж үзээд байна уу?

-Чөлөөлөх л ёстой шүү дээ. Тэр эрх нь Л.Оюун-Эрдэнэд бий. Миний хувьд бол кабинетийн зарчмаас ухарч байгаа сайд нарт хариуцлага тооцох нь зүйтэй гэсэн байр суурьтай байна.

-Та чуулганы хурал дээр Ерөнхийлөгчийн тухай хуулийг УИХ дахин харах шаардлагатай талаар ярьсан. Энэ хуульд яг ямар өөрчлөлт оруулах саналтай байгаа юм бэ. Уг хуулийг УИХ хэлэлцэх үү?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулиар зохицуулалт нь дэндүү ерөнхий байдаг. Ерөнхийлөгч юу хийх вэ, ямар эрх, үүрэгтэй вэ гэдэг нь тодорхой байдаг ч ерөнхийлөгчөөс буусан хүний эрх, үүргийг огт тусгаж өгөөгүй байгаа. Тиймээс ерөнхийлөгчөөс буусан хүн эрх зүйн хувьд ямар зохицуулалтад багтан явах вэ гэдгийг тусгайлан зааж өгөх цаг болж. Ийм заалт байхгүйгээс болоод өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн Төрийн ордонд улс төрийн намын гишүүдийг дагуулан УИХ-ын даргатай уулзаж, олон нийтэд буруу мэдээллийг хүргэж байна. Хүргэж байгаа мэдээлэл бол улс орон, ард түмний хувьд асар их сөрөг нөлөө үзүүлж байна. Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн улс төрийн акц өрнүүлж, УИХ-ын даргад шаардлага хүргүүлж байгаа нь хэр зохистой үйлдэл вэ. Дараа дараагийн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүс үүнээс илүү улс төрийн акц өрнүүлбэл энэ улс орны хөгжил хаашаа эргэх вэ.

-Ерөнхийлөгчөөс буусан хүн юу хийх нь өөрөө ардчилсан зарчмаараа явах ёстой юм биш үү?

-Тийм биш шүү дээ. Мэдээж хүний эрх талаас нь нэг ч зүйл хорихгүй нь тодорхой. Харин улстөрчийнх нь хувьд хориглох, хүлээх үүргийг нь зааж өгөх ёстой юм. Улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүнийг нэг хэсэгтээ гадагшаа зорчихыг нь хориглодог. Учир нь тэр хүн Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын тэргүүн гэдэг утгаараа улсын нууцтай холбоотой бүх мэдээллийг авсан гэж үздэг. Тиймээс үүнийг гадагшаа задруулахгүй нь тулд тухайн хүнийг хил гаргах, улс төрийн аливаа уулзалт, арга хэмжээнд оролцохыг хориглодог. Гэтэл энэ хүн өнөөдөр улс төрийн маш том акц өрнүүлэн УИХ-ын даргад шаардлага хүргүүлж байгаа нь өөрөө ёс зүйгүй үйлдэл. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүн тангараг өргөдөг. Тэрхүү тангарагтаа үндэсний эв нэгдлийг хангана, хамгаална, улс төрийн намаас татгалзана гэдэг. Өөрөөр хэлбэл, ерөнхийлөгч болсоноороо дахин улс төрд оролцохгүй гэдэг. Гэтэл тэр хүн сонгууль дөхсөн биш гэнэт гарч ирээд улс төр хийж байна. Яах гээд байгаа юм. Дахиад УИХ-д орж ирэх гээд байгаа юм уу. Дахиад Засгийн газрын гишүүн, сайд дарга болох гээд байгаа юм уу. Тиймээс энэ бүгдийг Ерөнхийлөгчийн тухай хуульд тодорхой зааж өгөх шаардлага үүслээ гэж үзэж байна. Ард түмний эв нэгдлийн бэлгэдэл төрийн тэргүүнээр ажиллаж байсан хүнийг улс төрийн аливаа үйл ажиллагаанд оролцохыг хориглох хэрэгтэй. Бусад орны төрийн тэргүүн байсан хүмүүс хэзээ ч улс төрийн үйл явцад оролцдоггүй. Энэ нь нэг талдаа ёс зүйн өндөр үүрэг хариуцлага. Зарим улс орны Ерөнхийлөгчийн тухай хуульд ч үүнийг хориглосон заалтууд байдаг. Монгол Улс бол хөгжиж байгаа орон. Тиймээс бид цаашид парламент нь парламент шиг, ерөнхийлөгч нь ерөнхийлөгч шиг л байх хэрэгтэй.

Э.МӨНХТҮВШИН

 

6 replies on “Т.Доржханд: Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүнийг улс төрийн аливаа үйл ажиллагаанд оролцохыг хориглох хэрэгтэй DNN.mn”

МАНгасын угаадасны нохой чин зорилгоо ил болгож дээ…

Донгосдог гар шүү, хөрөнгө оруулалтын хуулийг батлуулах гээд улаан цайм дайрч байх шив, энэ хүнд хятадуудыг монголд оруулах, монголын газар нутгийг бусдад 40+60 жилээр ашиглуулах гээд зүтгээд байгаа ямар сонирхол байна … ???

байж байгаагийн нь харахаар дургүй хүргэмээр, харах царайны сэжгийн новш шүү …

Монгол хамгийн хэрэггүй, хөрөнгө мөнгө үрсэн, хийх ажилгүй албан тушаал бол ерөнхийлөгчийн албан тушаал мөн. иймд түүнийг устгах ёстой.

Маш зөв. Элбэгдорж, Н.Энхбаяр нар гадаадад элдэв арга хэмжээнд монголыг төлөөлөөд яваад байдаг, тэнд хувийн үзэл бодлоо илэрхийлэхэд нь гадныхан монголчуудын үзэл бодол хэмээн андуурахад хүрч улс төрийн харилцаанд үл ойлгогдох байдал үүсэх урхаг үр дагавартай.

Энэ Доржхандад өөрийн гэсэн бодол байдаггүй байх, байсан ч түүнийгээ илэрхийлж чаддагүй байх, утсан хүүхэлдэй гэж боддог. Энэ ярилцлагаас харахад ч яг л ийм сэтгэгдэл төрүүлж байна. Хариултууд хоорондоо авцалдаагүй, тайлбарлавал үсгийн фонд хүрэлцэхгүй. Ерөнхийлөгч байсан хүний эрхийг хязгаарлах тухай саналыг дэмжихгүй. НҮБ-ын Иргэний болон улстөрийн нэгдсэн тунхаглалд харшилна. Ер нь бол Хөрөнгө оруулалтын босгыг устгах нь ч буруу. Монгол улсын Ерөнхийлөгчийн албан тушаал Монголын ард түмэнд хэрэгтэй. Хэн нэгэн хувь хүнд таалагдах албан тушаал биш. Хүрэлсүх бол мундаг ерөнхийлөгч, түүний эхлүүлсэн, хийсэн олон үйл хэрэг монголын ард түмэнд таалагддаг гэдэгт би огт эргэлздэггүй. Бусад ерөнхийлөгч нар мөн адил.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *