Индонези улсад пауэрлифтингийн насанд хүрэгчид, залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Энэ сарын 6-нд өндөрлөх уг тэмцээнд Монголын пауэрлифтингийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баттулгын удирдлага дор манай 14 тамирчин оролцож буй.
Тэгвэл өнөөдөр мастер ангиллын 74 кг-ын жинд Т.Чахар гурван төрөлд аваргалж Азийн аварга боллоо. Тодруулбал, тэрээр суултын төрөлд 195.5, хэвтээ шахалтын төрөлд 147.5, газраас таталтын төрөлд 170 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртжээ. Үүнээс өмнө насанд хүрэгчдийн газраас таталтын 66 кг-д Д.Батсайхан мөнгө, залуучуудын хэвтээ шахалтын 59 кг-д А.Эрдэнэцогт мөнгөн медаль хүртсэн байна.