Авлигатай тэмцэх газрын сар бүрийн 25-ны өдөр тухайн сардаа хийсэн ажлынхаа талаар мэдээлдэг. Тэгвэл өнөөдөр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү нар мэдээлэл хийлээ. Авлигын эсрэг хуульд зааснаар нийтийн албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийн АТГ-ын цахим мэдээллийн сүлжээн байршуулах ёстой. Цахим мэдээллийн сүлжээгээр дамжуулан мэдээлэл өгөх журмыг АТГ батлах хуулийн зориулалттай.
Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог ярихдаа: “Жаст” компани олон улсын “Стандарт” банкнаас зээл авсан асуудалд “Эрдэнэт” үйлдвэр баталгаа гаргасан гэх хэрэгт 2013 оноос хойш эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. АТГ дээр мөрдөн шалгах ажиллагаа явж байна. Анх гэрээ байгуулах үед Монгол Улсын Ерөнхий сайд хэн байсан, Төрийн өмчийн хорооны дарга хэн байсан, Монгол-Оросын советын хэсгийн дарга нар нь хэн байсан, “Эрдэнэт” үйлдвэрийн шийдвэр гаргах түвшний албан тушаалтнууд хэн байсан гэх мэт бүгдийг нарийвчлан шалгаж байгаа. Нэлээд гүнзгий, анхаарал татахуйц асуудлууд байгаа. Энэ асуудал дээр хэрэг үүсээд одоо хүчин төгөлдөр мөрдөж буй Эрүүгийн хуулиар Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баярыг гэрчээр байцаасан. Одоогоор яллагдагчаар татаагүй. “Жаст” компани, Ш.Батхүү гэдэг хүн хэзээнээс ямар бизнес хийж эхэлсэн, хэдэн төрлийн үйл ажиллагаа явуулж, хэдэн компани, аж ахуйн нэгж үүсгэн байгуулсан бэ, “Стандарт” банкнаас ямар хэмжээний зээл, ямар дансаар, ямар зориулалтаар Монгол Улсад орж ирсэн бэ гэдгийг нэг бүрчлэн шалгаж байна. Шалгах ажиллагаанд эдийн засгийн тусгай мэдлэг бүхий эдийн засагч, аудитын эрхтэй хүмүүс оролцуулж байна. Нарийвчилсан шалгалт явагдаж байна гэв.т
Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү ярихдаа: Өнгөрсөн сард 1055 нийтийн албан тушаалтан авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх сургалтанд хамрагдсан. АТГ-т ирж буй өргөдөл, гомдол, мэдээлэл, АТГ-т шалгагдаж байгаа хэргүүдийг сүүлийн гурван жилийн нэгдүгээр улирлын байдлаар харьцуулахад сүүлийн жилд мөрдөн шалгах хэргийн ачаалал гурав дахин өссөн гэж хэлж болно. 2017 онынэгдүгээр улиралд 114 хэрэг шалгагдаж байсан бол энэ жилийн мөн үед 374 хэрэг шалгагдсан байна. Өмнөх жилүүдэд байнгын ажиллагаанд 50-60 хэрэг шалгагддаг байсан бол энэ онд 270-300 хэрэг шалгагдаж байна. Үүнтэй холбоотойгоор шалгагдсан хэргийн тоо тав дахин өссөн, мөрдөгч нарын ачаалал нэмэгдсэнээс хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажилтай холбоотой зарим хүндрэлүүд гарч байгаа. Хөдөө орон нутгаас ирүүлж буй өргөдөл, гомдол, мэдээллийн тоо ч өссөн. Тэр бүр манай мөрдөгч нар хүрч ажиллаж чадахгүй байна гэв.
Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар, ярихдаа: Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 101-ээр нэмэгдсэн оффшор бүс дэх данс эзэмших, аж ахуйн үйл ажиллагаа явуулах, үл хөдлөх хөрөнгө эзэмшихийг хориглоно гэсэн заалтын хүрээнд гурван сарын хугацаанд нийтийн албан тушаалтнууд эдгээрийг цэгцлэх ёстой байсан. Энэ хүрээнд АТГ-т аж ахуйн нэгжээ бусдад шилжүүлсэн гурван албан тушаалтан мэдэгдсэн. Үүнээс хоёр нь УИХ-ын гишүүн, нэг Монголбанкны ажилтан. Оффшор бүсэд эмчлүүлэх, суралцах, ажиллах хугацаандаа данс, үл хөдлөх хөрөнгө эзэмшсэн тухайгаа 18 албан тушаалтан мэдэгдсэн.
Төрийн өндөр болон тэдгээртэй адилтгах албан тушаалтнуудын ХОМ /хөрөнгө оруулалтын мэдүүлэг/-ийг гурав дугаар сарын 28-ны өдөр гаргана. Мөн 40071 албан тушаалтны ХОМ-ийг Хувь хүний нууцын тухай хуульд заасан зохицуулалттай уялдуулан хураангуй хэлбэрээр төрийн өндөр тушаалтнуудынхтай адил хэлбэрээр нийтэд мэдээлэхээр хуваарь гаргасан байгаа. Тавдугаар сар хүртэлх хугацаанд 40 мянга гаруй албан тушаалтны ХОМ-ийг нийтэд хураангуй хэлбэрээр зарлана гэлээ.
Б.НОМИН-ЭРДЭНЭ