Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн Т.Болдхуягтай намынх нь асуудлаар ярилцлаа.
-Яг тэдний өдөр хурал болно гэсэн албан ёсны шийдвэр бидэнд хараахан ирээгүй байна. Хоёрдугаарт хурал боллоо гэхэд зөвхөн нэг талын ҮБХ-ны гишүүдийг оролцуулж ирсэн шударга бус тогтолцоо хэвээр байгаа юу гэдэг нь өөрөө том асуудал. Үнэхээр нийт ҮБХ-ны гишүүдийг уг хуралдаа оролцуулах уу.
Надад лав одоогоор тийм хурал болно гэсэн шийдвэр ирээгүй. Тиймээс миний хувьд өмнөх шигээ хэн нэгний эрх ашигт тулгуурласан хурал болох нь уу даа гэсэн хардалттай байгаа. Үнэхээр Ардчилсан намын ҮБХ-ны хурал нийт гишүүдээ оролцуулсан хурал болж чадвал энэ намын эв нэгдэл, дотоод асуудал үнэхээр дууссан гэж ойлгоно. Тиймээс дүрмийнхээ дагуу хурлаа хийх эсэхээс манай намын асуудал цаашид цэгцрэх эсвэл дахин бутрах уу гэдэг нь тодорхой болох байх аа.
-Яагаад зарим гишүүдийг оролцуулахгүй гэж. Өмнө нь та бүхнийг оролцуулахгүйгээр хуралдаж байсан гэж үү?
-2016 оноос эхлээд л АН-ын хурал дүрмийн бус явж ирсэн. Нэг талдаа албан ёсны хурал болдог ч нэг хэсэг нь түүнийг үгүйсгэдэг. Ийм гажиг систем бий болж улам тод илэрснээр АН-ын задрал бүрэн зургаараа олон нийтэд мэдэгдэж эхэлсэн гэж ойлгодог. Бид энэ оны нэгдүгээр сард намын даргаа сонгож, Улсын дээд шүүхээр бүртгүүлсэн. Мэдээж энэ хурал албан ёсны, нийт гишүүд оролцсон учраас хүчин төгөлдөр болсон. Гэвч хаана, ямар тохиролцоо явсан бэ гэдгийг бид бүгд мэдэж байгаа. Тиймээс энэ сарын 28-нд зарлагдах хурлыг хүчин төгөлдөр болгоё л гэж бодож байгаа бол АН-ын үе үеийн ҮБХ-ны гишүүдийг бүгдийг нь оролцуулах шаардлагатай.
-Танай намын даргын хувьд сонгогдсоноосоо хойш долоон сар өнгөрч. Энэ хугацаанд угтаа намын бүтэц, өөрийн баг бүрэлдэхүүнээ хэдийнэ сонгочих ёстой байсан гэдэг. Гэтэл яагаад ингэж удсан шалтгааныг та юу гэж харж байна вэ?
-Би түрүү нь хэллээ. Намын даргыг сонгох асуудал зуун хувь АН-ын гишүүдийн үзэл бодол, дэмжлэгээр явсан зүйл байгаагүй.
Өөрөөр хэлбэл АН-ын лидер гэгдэх хэсэг нөхдийн улс төрийн тохиролцооны үр дүнд Лу.Гантөмөр гэх хүн гарч ирсэн. Тиймээс тохиролцоогоор гарч ирсэн намын дарга багаа бүрдүүлэхэд бодох, тохиролцох асуудал олон байсан байх. Тиймээс л хагас гаруй жилийн хугацаанд чимээгүй суусан болов уу. Миний хувьд хичнээн тохиролцоогоор гарч ирсэн намын дарга байлаа ч Улсын дээд шүүх түүнийг бүртгэж авсныг нь хүндэтгэдэг. Нөгөөтэйгүүр намын асуудал дэндүү ёроолдоо унасан цаг үед намын дарга ямар ч байдлаар гарч ирсэн дэмжинэ гэсэн байр суурьтай байсан. Тэр утгаараа Лу.Гантөмөр яаж ч гарч ирсэн, түүнийг дэмжихээс өөр аргагүй үе байлаа. Одоо ч дэмжиж явна. Бидэнд одоо хагарал, маргаан хэрэггүй. Бидэнд шийдэл, хүчтэй сөрөг хүчин болох бодлого хэрэгтэй. Тэр утгаараа аль ч шатны намын их хурлыг зохих ёсных нь дагуу дүрэм журмаар нь зохион байгуулаасай л гэж хүсч байна. Нэг л дүрэм зөрчсөн үйлдэл гаргавал АН-ын хувь заяа дахиад л хоёр, гурван жилийн өмнөх рүүгээ буцна. Тэгвэл бидэнд ирэх 2024 оны сонгууль ёстой үлгэрийн далай болно доо. Ирэх сонгуульд бид ялалт авчрахгүй л бол АН дахин босоход хүнд болно. Тиймээс бид одоогоос дүрмээ Үндсэн хууль шиг л дагах шаардлагатай.
-Танай намын дэд дарга, генсект амбицлаж байгаа хүмүүс эхнээсээ тодорч байх шиг байна. Тэр хүмүүсийг таны хувьд дэмжиж байгаа юу. Ер нь дэд дарга, генсекээ яаж сонгож гаргадаг дүрэмтэй юм бэ?
-Намын жагсаалтаар парламент руу орох үүд хаалга эрх зүйн хувьд бүрэн нээгдсэн. Тиймээс намын дэд даргад амбицлах манай намын гишүүд цөөнгүй байна. Зарим нь намынхаа гишүүдтэй эртнээс уулзаж, тохиролцоогоо хийж байгаа сураг ч дуулдсан. Миний хувьд хэнийг нь ч дэмжихгүй. Учир нь тэд бүгд намыг хагалж, буталсан лидер гэх увайгүй улстөрчдийн цүнх баригчид. Хэн нь хэн бэ гэдгийг угаасаа намын гишүүд бид бүгд мэднэ. Тиймээс тэдний амбиц яаж явагдах, хэнтэй тохиролцох, хэнээр өргүүлэх нь бидэнд хамаагүй. Угаасаа намын асуудлыг дан ганц дарга шийддэг зүйл огт биш. Ардчилсан нам юуны төлөө ардчилсан нэртэй юм бэ. Тэр утгаараа аливаа асуудлыг дандаа олонхын саналаар шийддэг. Энэ л бидний үзэл баримтлал, зарчим. Ерөнхий дүрмээрээ намын дарга өөрийн томилохыг хүссэн хүний нэрийг ҮБХ-нд өгнө. Түүнийг нь ҮБХ хуралдаж, олонхынхоо саналаар асуудлыг шийддэг. Тиймээс манай намын дэд дарга, генсек тэр болно гэж хэлэхэд арай эрт байна. Арай эрт ч гэж угаасаа хурлын шийдвэрийн дараа энэ асуудал тодорхой болно. Түүнээс өмнө тодорхой болох ямар ч боломжгүй. Мэдээж амбицлах хүн олон л гарна. Гэхдээ өөрийнхөө нэрийг дэвшүүллээ гээд дарга болчихдог зүйл гэж үгүй.
-Тэгвэл танай нам бүтэц, бүрэлдэхүүн, удирдлагын багаа бүрдүүлэх гэж дахиад л хагаралдах юм биш үү дээ…?
-Үгүй ээ гээд шууд хэлж чадахгүй. Учир нь манай намд олон фракц, бүлэглэл, клуб бий. Тэр бүгд нийлнэ гэхэд хэцүү л дээ. Гэхдээ Улсын дээд шүүхээр батлагдсан дүрэм гэж бидэнд байгаа. Тэрхүү дүрмийнхээ хүрээнд асуудлыг шийдээд явах учиртай. Тиймээс л би дүрмийн дагуу аливаа үйл ажиллагаагаа нямбай, алдаа хийдэлгүй зохион байгуулах ёстой гэж анхааруулаад байгаа хэрэг. Дүрэм дагаагүйгээсээ болоод манай нам уналтад орсон. Хуваагдсан, задарсан. Нэгдэх гэж олон жил болсон. Тиймээс хүн болгон, АН-ын гишүүн бүр намынхаа батлагдсан дүрмийг дахин нэг сөхөөд харчихаасай гэж хүсч байна.
-Хэрэв хурал зохион байгуулалт муутай, мөн таны хэлж байгаа шиг дүрмийн бус болбол АН-ын даргыг огцруулах асуудал яригдах болов уу?
-Тэр мэдээж шүү дээ. Гэхдээ асуудал тэгж битгий хүндрээсэй. Анхнаасаа дүрмийнхээ дагуу явчихвал асуудал бүхнээ шийдээд явчихна. Анхнаасаа дүрмээ зөрчөөд эхэлбэл асуудал хүндэрнэ. Гэхдээ энд би нэг зүйлийг хэлье. Манай намын дүрмийг хамгийн их зөрчдөг хүмүүс бол намын лидерүүд. Түүнээс биш дунд, анхан шатны намын гишүүд хэзээ ч дүрмээ зөрчиж байгаагүй. Тэд намын дүрмээ Үндсэн хууль мэт дээдэлдэг. Харин намын дарга, удирдлагууд буюу лидерүүд намын дүрмийг шалны алчуур шиг гишгэлдэг. Үүнийг манай намын гишүүд намынхаа лидерүүдээс олон удаа харсан. Тиймээс дүрмийнхээ дагуу асуудалд хандаарай гэж намын лидерүүдээсээ хүсье, бас шаардаж байна. Та нар намын эзэд биш шүү. Ардчилсан нам бол хувь хүний байгууллага биш шүү. Энэ бол үндэсний нам. Тэр утгаараа Монголын нийт ардчилсан үзэл санаатай хүн бүхний нам шүү. Үүнийг та бүхэн битгий мартаарай